sonin.mn
Баялгийн эзэн-Ард түмэнд эрхийг нь олгоё
 
Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдөр нэр бүхий 64 гишүүний санаачилсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийг хэлэлцэхээр тогтсонтой холбогдуулан Иргэний Зориг Ногоон Нам Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хандан ШААРДЛАГА гаргажээ.
Уг шаардлагад,
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь бүх ард иргэдийн санал асуулгын үндсэн дээр, улс төрийн хүчин, иргэний байгууллагуудын зөвшилцлөөр хийгдэх ард түмний язгуур ашиг сонирхолд тулгуурлах хариуцлагатай үйл ажиллагаа юм.
 
УИХ-ын 64 гишүүний санаачилсан “Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал” нь эрх тушаал, эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдсөн бүлэглэл эрх ямба, явцуу эрх ашгаа улам баталгаажуулж, ядуурсан ард иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг ханган, сайн сайханд хүргэхэд чиглэгдсэнгүй.
 
Ядуу иргэд, баян төртэй байх бодлогоо үргэлжүүлэхээр тэд шийджээ. Угтаа иргэн нь баян байж Улс нь баян гэж хэлэгдэх учиртай. Ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүдийн аливаа санал, санаачлага нь Монгол хүн ардынхаа баялгийн эзэн байх эрхийг баталгаажуулан, эдийн засгийн эрх чөлөөг нь хангаж өгөхөд чиглэгдэх ёстой билээ. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх бичиг баримтад нам, бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх улайрал л нэвт шувт шингэж, харин ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан байна.
Эрх баригчид Үндсэн хуулийн 6.2 дахь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт дээр нэмэлтээр “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулахаар төсөлдөө тусгажээ. Ийм нэмэлтээрээ Монголын ард түмнийг туйлдуулж, баялгийн эздийн хөрөнгийг завшигч луйврын тогтолцоог хэвээр хадгалж үлдэх сонирхолтой гэдгээ тэд батлан харууллаа.
 
Төрийн өмч нэрэн дор байгалийн баялаг нь мөнгө угаалт, авилга хээл хахуулийн эх үндэс, эдийн засгийн алуурчдын хүсэл шуналын бааз суурь болж, Монголчуудыг гадныхан“Алтан дээрээ суусан гуйлгачин” гэж шоолон элэглэх сөрөг муу үр дагаврыг авчирсан юм. Үр дүнд нь ард түмэн туйлдан, ядуурсан.
Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн ...ТӨРИЙН ӨМЧ гэдгийг АРД ТҮМНИЙ ӨМЧ гэсэн оноосон нэрээр солиход л дээр дурдсан булхай, луйвар эгнэгт арчигдан, ард түмэн жинхэнэ утгаараа “Алтаа мэдэж зарцуулдаг баялгийн ЭЗЭН МОНГОЛ” болно.
Ард түмэн баялгаа мэддэг болсон цагт Төр, засаг баялагтай холбоотой аливаа шийдвэр гаргахдаа баялгийн эзэн болох Монголын зон олноосоо асуудаг шинэ дэг жаяг тогтоно.
Иймд баялгийн эзэд баялгаа мэдэх эрхийг баталгаажуулахыг манай нам шаардаж байна.
 
МОНГОЛЧУУД БИД
Эзний ёсоор эрхээ эдлэн
Үгээ нэгтгэж, үйлээ бадруулах цаг ирлээ
 
Уг саналыг олноороо уухайлан дэмжихийг нийт улс төрийн хүчин, иргэний байгууллагууд, ард иргэддээ уриалж байна хэмээн дурджээ.
 
Иргэний Зориг Ногоон Намын Хэвлэл, мэдээллийн алба
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр