sonin.mn
1939 он, 1945 оны дайнд оролцож явсан ахмад дайчин, Монгол Улсын баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн чөлөөнд байгаа хошууч Норпилын Жамбаа;
-Би Баянхонгор аймгийн Богд сумаас 1937 оны долоодугаар сард анх 19 настай ардын цэрэгт татагдаж Халхын голд очсон билээ. Одон тэмдэгт Сүмбэрийн VII застав гзж алдаршсан тэр ангид цэрэг, бага даргаас дунд тушаалын дарга болтол, жирийн байлдагчаас заставын даргыг 10 гаруй жил хашсан.
 
Халхын голын байлдааныг эхлэхээс нь дуусгасан. Түүний дараах байдлыг тодорхой мэдэх амьд гэрчийн нэг бол би юм аа. Урьд нь хил зөрчсөн өдөөн хатгалгыг Япон, Манжгогийн цэрэг өдий төдий тулаан хийж байгаад жинхэнэ ширүүн тулалдаан нь 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 13 хүртэл үргэлжилж японы самурай нар дайн бүрэн зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
 
Энэ дайн тухайн үед олон улсын Япон-Манжго, Монголын болон Зөвлөлтийн цэрэг үлэмж их хүн техникийн хүч оролцсон хүнд ширүүн байлдаан байсан билээ. Үүнийг өнөөгийн хойч үеийнхэн сайн мэдэхгүй учир үнэн зөв ойлгохгүй дутуу дулимаг үнэлдэг бололтой гэж Монгол Улсын Баатар 80 настай Н.Жамбаа гуай хэлээд тэр дайны үед хил дээр болсон онцлог явдлын нэгхээн хэсгээс хуучлан өгүүлэв.
-Миний хувьд Халхын голд японы эсрэг 40 шахам удаа том, жижиг тулалдаанд оролцож дайсапд бүслэгдэн гардан байлдаж, морио алуулж явгарах, тагнуул хийж амьд хэл баривчлах, бүслэлтээс хүлэг морьдын сайнаар цавчилдан гарч байсан алийг тэр гэхэв. Алдарт хилчин дарга П.Чогдонгийн захирсан манай VII заставт ёстой эх оронч, сэргэлэн цовоо шижигнэсэн 30 гаруй цэрэг дарга байж билээ. Наймдугаар сарын бүгчим халуун өдрүүдэд дайсны суман цэрэг манай заставыг бүсэлж, бид зориг баатарлаг тулалдаж амьд мэнд гарав. Манай комиссар Борын Цэвэгжав Ховд аймгийн Мянгад сумын хүн, бага дарга намайг дуудаж хоюулаа дайсныг хөөж устгая гээд хоёр бор мориороо мордов. 10 гаруй Японыг хөөн гүйцэж дарга маань маузер буугаар тэднийг буудав. Үдээс өмнө бүсэлсэн дайснуудтай буудалцаж байхад миний винтовын ам сэт оногдсоноос ажилгүй болж өчигдөр орой нь дайсны онгоцны бөмбөгдөлтөд жадаа хугалуулсан байв. Тэгээд Цэвэгжавын гар буу гацаж, японы том биетэй нэг даргатай барилцан ноцолдож дээр дороо оров. Би бууныхаа бөгсөөр дайсны толгой руу цохихдоо даргынхаа шил рүү хамт цохиж хоёуланг унагав.
Даргынхаа винтовыг аваад цаад  дайснуудтай бууцалцлаа. Хоёр дарга сэргэн дахин ноцолдлоо. Дийлж байгаа Япон даргыг би буудах гэтэл Чогдон дарга хэдэн цэрэгтэй давхин ирж,
-Битгий бууд! наадхаа амьдаар барь! Нөгөөдүүл нь яасан бэ? гэхэд би, тэднийг хэвтүүлчихсэн гэлээ.
-Хэвтүүлэх гэж яадаг юм гээд Чогдон дарга дайсныг шалган үзэхэд 10 гаруй Япон цэрэг цөм алагдсан байж билээ. Ингэж би даргынхаа буугаар дайсны цэргүүдийг устгаж улс орныхоо төлөө гавьяа байгуулсан хэмээн өндөр үнэлэгдсэн юм гэж улсын баатар дайчин дурсан ярив.
 
Эх орныхоо зүүн, баруун хилийг хамгаалах ариун үйлсэд Н. Жамбаа гуай 20 жил соргог манаанд гарч тулалдан тэмцэж явсны дээр цэрэг армид 26 жил автомашины жолооч хийж байсан гарамгай дайчин байсан юм.
 
 
Г.БААТАРЧУЛУУН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин