sonin.mn
 
Куба орноор. (Үргэлжлэл)
 
Куба орноор аялсан тэмдэглэлээ үргэлжлүүлэн хүргэж байна. Испанийн эзэмшил нөлөөлөлд байх үеийн эртний уран барилга ховор сонин дурсгалын зэрэгцээ тусгаар улс болоод ээлжлэн засаглахдаа Хавана хотдоо барьж босгосон суурь бүтэц, барилга орон сууц, зам харилцаа цагийн эргэлтийг даван үлдэж одоо ч үүргээ гүйцэтгэсээр байгааг олон газар үзсээн. 
Харин хувьсгал ялаад хагас зуунаас илүү хугацаанд барьж босгосон бүтээн байгуулалт гэх зүйл хэдэн сүрлэг том хөшөө дурсгалын цогцолборыг эс тооцвол тун бага санагдсан. 
 
 
Хуучин шинэ хотын зах залгаас болдог Президентэ өргөн чөлөөний зүүн баруун талд сэрийлдэх энэхүү хоёр байшинг хувьсгалын өмнө хойт хоёр үеийн ур хийц яг ингээд зэрэгцэж гээд олзуурхан зураг дарсан юм. Гэтэл нас намбатай нэг биш хүний батлаж хэлснээр хоёулаа Батистагийн дэглэмийн 50-аад онд байж л байсан барилгууд болж таарав. 
Хуучин загварын халтардсан алаг улаан барилга цагтаа тансаг зэрэглэлийн Рояал палас хэмээх зочид буудал байж. Кастрогийн дэглэм нэг өдөр нийгэмчлэлд шилжүүлж нийтийн орон сууц болгоод өнөөдрийг хүрсэн өнгө төрх нэг иймэрхүү.
Орчин цагийн хэлбэр хийцтэй харагдах нөгөө нэг өндөр бас л хувьсгалаас өмнө чинээлэг давхрагын байр байгаад хураагдан засч сэлбэгдсээр одоогийн төрхөө олж оюутны нийтийн сууц байрладаг ордон болсон нь энэ. Оюутнууд гэснээс Кубын их дээд сургуульд элсэгчид төгсөгчид хүн амд оногдох тоогоороо дэлхийд дээгүүрт ордог. Боловсрол сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй цөөн орны нэг. Монголоос хэдэн сарын өмнө Кубын эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээний тухай тусгайлан нэвтрүүлэг хийхээр сурвалжлах баг ирж ажиллаад буцсан сурагтай байсан өдийд лав бүрэн мэдээлэл бэлтгэж хүргэсэн бизээ.
 
 
Фидель Кастрогоор удирдуулсан босогчид хэдэн жилийн партизаны тэмцлийн үр дүнд хуучин дэглэмийг унагаан 1959 онд Кубын төрийн эрхийг бүрэн гартаа авчээ. Марксист чиг баримжаатай хувьсгалчдын хийсэн эхний алхам гаднын хөрөнгө оруулалт эзэмшигчтэй үйлдвэр завод, байр сав, үндсэн хөрөнгийг хуу хураахын хамт банк санхүүгийн системийг улсын мэдэлд шилжүүлэн, хөдөө аж ахуй, газар тариаланд шинэчлэл хийж эхэлсэнээр ард олны дэмжлэг хүлээн социалист Куба орон үүссэн түүхтэй.
Нөгөө талаар Батистагийн дэглэмийн үед арав гаруй сая хүнтэй арлын энэ улс баян ядуугийн ялгаа дэндүү гаарч Латин Америктаа хамгийн том зугаа цэнгээний бордель, бохир мөнгө угаах гүүр улс болж хувирсан байв. Мөнгө дагаад гадна дотнын мафийн хүчтэй том сүлжээ энд үүрлэн тэр үеийн олигархууд орд баялагт эзэн сууж ордон харшуудаа ч ирийтэл барьж босгон хөрөнгө мөнгөөр цутгаж байсан нь мэдээж. 
Хувьсгал баян ядууг хүчээр тэгшитгэн Америк тивд социализмын туршилтын тулах цэг ийнхүү үүсчээ. Хагас зуун жил дэлхийд үргэлжилсэн хүйтэн дайны сөргөлдөөн, хоёр системийн дайсагнал дуусч Куба оронд амь бөхтэй тогтносон Кастрогийн үзэл суртлыг дүү Раул залгамжилсан ч өөрчлөл шинэтгэлийг эхлүүлэх сонголт зааг дээр арга байхгүй тулж иржээ. Харин одоо эд нар маань хаашаа ямар замаар хэрхэн яаж явах нь вэ.      
 
Хэмингуэйн хүрэл хөшөөний дэргэд 
 
 
Хотын төв талбайд хосгүй хийц загвартай сэргээгдэж сэлбэсэн, сэхээ авхааргүй нурмайж нурах шахсан барилгууд зэрэгцэх нэгэн уулзвар бий. Энэ буланд 1817 онд нээгдсэн Эль-Флоредита нэртэй эртний түүхт нэгэн жижиг уушийн газар хэзээнээс жуулчдын хөлд дараатай байдаг. (Зураг дээрх улбар ягаан оройтой). Учир нь Нобелийн шагналт нэрт зохиолч Эрнест Хэмингуэй "Ernest Hemingway" өтөл насандаа Кубын эрэгт сууршин арван хэдэн жил амьдрахдаа ийшээ байнга зорин ирж хатуу ундаа ханталаа татаад тухлан суудаг байж. 
Хүрлээр цутгасан хөшөөний дэргэд их зохиолчийн хүртэх дуртай байсан дайкири нэртэй ундааг захиад ууж бас үзэв.   
 
   
 
Зохиол бүтээлийг нь зоргоороо унших боломж бидний үед байгаагүй ч "Өвгөн тэнгис хоёр", "Зэр зэвсэг минь баяртай" зэрэг роман монгол хэлнээ аль хэдийн орчуулагдсан байсныг санаж байна. Өвгөн зохиолчийн хөшөөг үзэж зогсох зуураа дөтлөн очиж сэмхэн асуув.
- Та яагаад энэ орныг сонгон суух болов?
- Хүн зон нь шударга шулуун, амар амгалан...
- Та юунд цаг бусаар хорвоог орхих болов? 
- Ирээд хийдгээ хийлээ, буцах цаг болоод... 
Өвгөн зохиолч ингэж бодоод энэ орныг сонгож эцсийн мөчдөө бас ийм бодлоор өөрийгөө егүүтгэсэн ч юм билүү. Эдийн засгийн элдэв саад бэрхшээлтэй хэдий ч үнэхээр ард зон нь амар амгалан орон юм билээ Куба. Хаалт хориг тавигдлаа задарлаа гэхэд хөрөнгө мөнгөний урсгал даган нэг мэдэхэд орж ирээд тахал мэт тархаж халддаг идэж уухын их шунал, хүн чанарын доройтол, ёс суртахууны элдэв гажуудалд авталгүй шиг хөгжин дэвшээсэй энэ улс. 
Амьд дуу хөгжим эгшиглэхгүй Кубын ямар цэнгээний газар байх вэ. Флоридита баарны хөнгөн аялгуу, хүмүүсийн яриа, инээд хөөр, чимээ шуугианыг их зохиолч эрэгцүүлэн ширтсээр байрандаа үлдлээ. 
 
Куба дахь Монгол Улсын ЭСЯ
 
Манай улс Кубын хувьсгалаар тогтсон социалист засгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг. Хавана хотноо ЭСЯ-аа байгуулаад олон жил болжээ. Элчин төлөөлөгчдийн газрууд төвлөрдөг Мирамар дүүрэгт байрлах ЭСЯ дээрээ зорьж очлоо. Элчин сайдын үүргийг түр гүйцэтгэж буй Амарсайхантай уулзаж аялж яваагаа дуулган ойр зуур ярилцан суув. 
 
 
 
Энэ байранд 1982 онд нүүж орсон юм байна. Хувьсгалаас өмнө бас л Батистагийн үед хөрөнгө чинээ, язгуур угсаатай Франц хөгшиний ордон байсан, гоёмсог ногоон мод зүлэг тойруулсан усан сантай хоёр давхар сүрхий байшин дүнхийнэ. Дотоод тохижилтоо ч гайгүй сайхан болгож. Элчин сайдын суух өргөө гээд өөр нэг байр ойрмогхон тусдаа бий гэсэн. 
Үүдэндээ мэдээж харуултай, яаман дотороо нарийн бичиг, жолооч туслах, тогооч, үйлчлэгч, цэцэрлэгч зэрэг орон тоон дээр дан Куба хүмүүс ажиллуулдаг ажээ. Эндхийн жишгээр цалин мөнгө өгдөг болхоор ирдэг төсөвтөө тааруулж хүргээд байдаг бололтой.  
 
 
Харин гадаа хашаа хороо, хаяг үзэмжээ манайх арай л сайжруулмаар санагдав. Тогтсон стандарт дүрэм журам ямар болохыг сайн мэдэхгүй ч зам зуур таарсан өөр улс орны элчингийн үүд савтай харьцуулаад ийм бодол орж ирсэн. 
Элчингийн үүргийг түр орлон гүйцэтгэгч маань хоёр орны эртний харилцаатай холбогдсон түүхэн баримтуудыг архив шүүж нэгтгэн нийлүүлээд хамтарч баримтат кино хийх, Токиогийн олимпд оролцох Кубын боксын шигшээ баг тамирчдын олимпийн өмнөх бэлтгэлийг монголд хийлгэх зэргийг судлан холбогдох байгуулагтай харилцах бодолтой тухайгаа ярьсан нь чихэнд чимэгтэй мэдээ байлаа. 
 
 
Кубад суралцагч Монгол оюутнууд
 
Хуучин системийн үеэс анагаах ухаан тэр дундаа шүдний эмч, мал эмнэлэг, Испани хэл, биеийн тамир спорт, ботехнологи зэрэг чиглэлээр Кубад голлон суралцдаг байсан уламжлал хэвээрээ үлджээ. Одоогоор 17 оюутан дээрх чиглэлд Монголоос суралцаж байгаагийн ихэнх нь охидууд. 
Элчин сайдыг орлогч Амарсайханд ганц өдөр хөлслөн орчуулга хийлгэх гайгүй хэл устай нэг оюутан олж өгөөч гэсний дагуу өгсөн утсаар нь анагаах ухааны чиглэлээр Матанза хотноо суралцдаг Л.Санжаажамцтай холбогдон амралтын өдрөөр нь тааруулж дуудлаа. 
Гадаад оюутнуудыг эхний жилдээ хэлний бэлтгэлд Хаванад байлгаад өөр хот дүүрэгт байрлах их дээд сургуульд шилжүүлэн суралцуулдаг юм байна. Өмнө ирсэн  монголчууддаа орчуулганд явж байсан туршлагатай сүрхий нэг хүү Баасан гарагын үдэш хүрээд ирэв. Оройн хоолонд оронгоо хичээл сургууль аж амьдралын талаар нь хэсэг яриулж маргааш очих газар, уулзах хүн, хийх яриа зэрэгээ төлөвлөн хэлэлцэж хонолоо.
 
 
Анагаахын чиглэлээр 4-р курсд суралцдаг Санжаа дүүгийн Испани хэл яриа сүрхий зүгширсэн бололтой. Буусан айлын маань хоёр хөгшин магтаад урамтай. 
Монгол оюутнууд ЭСЯ дээр цугларч уулздаг нэгдсэн арга хэмжээний үеэр яамнаас өгдөг нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс ($100) өөр манай талаас цалин степенди гэж өөр юм үгүй аж. 
 
Кубын Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр, оюутны байр, өглөөний цай, үдийн хоолыг суралцаж буй сургуулиас даадаг, сардаа ойр зуурын  хэрэгцээнд 100 энгийн песо буюу $4 ирдэг нь хаанаа ч хүрдэггүй гэв. Бусад бүх зардал эцэг эх, ар гэрийн нуруун дээр явж таараа юм байна. 
 
Мэдээж гадуур ажил хийх эрх, боломжгүй, хийлээ ч хэр юм олох билээ гээд зовлон зөндөө. 
Хааяа Монголоос ирж буцдаг шийдвэр гаргагч, эрх бүхий хүмүүст хэлж дуулгаж хэсэг бүлгээрээ нийлж албан хүсэлт гаргаж байсан ч сонссон үедээ - Пөөх паах тийм үү, цаашаа ярьж хэлнэ, судлана шийднэ... гээд таг болдог бололтой. Уг нь бид бүгдээрээ төгсөж очоод улсдаа л хэрэгтэй тустай ажил хийнэ шүү дээ гэсэн тэдний үгийг холбогдох газрууд анхааралдаа аваасай.   
 
Монголын сэтгүүлч 45 жилийн өмнө сурвалжлага хийж байсан газар
 
 
БНМАУ гэж байх үед Юмжаагийн Цэдэнбал дарга тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид тэр үеийн хэллэгээр ах дүү социалист Куба оронд албан ёсны найрсаг айлчлал хийжээ. Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд явсан Монцамэ агентлагын сурвалжлагч Т.Чулуунгомбо Хавана хотоос шууд нэвтрүүлэг бэлтгэн Монгол телевизээр тив далай алгасан тэр үедээ хаа холын нутаг Карибын тэнгисийн хөвөөнөөс хийсэн анхны мэдээ гарч байсан түүхтэй.
Яг тэр цагаас хойш 45 жилийн дараа ганц охин Ч.Халиун нь аавынхаа нэвтрүүлэг хийж зогссон тэр газрыг олж үзэхээр авч явсан фото зургаараа баримжаалан хайж бид нилээд явлаа. Эхлээд ЭСЯ дээр энэ учраа хэлтэл нэг хаяг өгөөд тоосон шинж алга, яах вэ яваад очлоо, яагаад ч биш юмаа. Ганц хуучин фотогоор баримжаа хийн таарсан ахмад хүмүүст үзүүлж харуулж асууж сураад төстэй ойролцоо байр хашаа олдовч багана цонхны байрлал зэрэг ямар нэг хэсэг нь зөрөөд яг таарч өгөхгүй нилээд явцгаав. 
 
 
 
Маргааш нь интернэтэд арай гэж холбогдон имэйлээ шалгатал том охин Ану зурвас мессэж видео бичлэгийн хаягтай хамт илгээсэн байв. Одоогоос 3 жилийн өмнө нэгэн америк аялагчийн хийсэн Хавана хотын дипломат дүүрэг гэх бичлэг дээр яг тэр байр зурвасхан гараад өнгөрөхийг охин олоод харчихжээ. Интернэт гэгч агуу боломж юм. Хажууд нь зорьж ирээд хайгаад олохгүй эрж явтал хаа холын Америкаас интернэт шүүрдэж байгаад олчихдог.
Тэр бичлэгийн дагуу байрлал хөөсөөр байшин хашааг ч оллоо. Хоёр жилийн өмнө Маррокийн ЭСЯ нүүж ороод цагаан өнгөөр шинэчлэн будсанаас биш хуучин хийц, хаалга цонх, дээвэр туурга, хашаа саравч бүх юм таарч байв. Хажуугийн айл хөршүүдээс хаширлан лавлаж хуучин зургаа ч үзүүлэв. Тиймээ, энэ байшин мөн, элчин ороод ийм өнгөтэй болсон гэх. За ингээд зорьж ирсэн бас нэгэн ажил маань биелж 45 жилийн өмнө цэл залуухан аавынхаа сурвалжлага хийгээд зогсож байсан тэр газрыг охин нь олж очоод дурсгалын зурагаа татууллаа. Байшин байрандаа яг хэвээрээ, харин цаг хугацаа гэгч цахилсан мэт хурдан өнгөрөх юм даа.   
 
Олимп дэлхийн аваргыг олоод уулзаж чадав.
 
Аралын Кубын алдар нэрийг дэлхийд мандуулан төрийнхээ далбааг олонтой өргүүлж байдаг спортын нэг төрөл бол бокс билээ. Кубын боксчдын их амжилтын үндэс мэдээж эцэж цуцалтгүй хөлс хөдөлмөр, хатуужил тэсвэр, чин зориг бөгөөд хаа ч явсан ялалтын төлөө тэднийг үргэлж ирлэн хурцалдаг гал халуун эх оронч үзэл санаа байдаг. Ийм л боксчдын өлгий нутагт 1968 оноос эхлэн “дошин“ дээрээ хагас зуун жил бараг тасралтгүй зохион явуулж ирсэн түүхтэй олон улсын тэмцээн Хиралдо Кордоба Кардин үзэхээр зорьж гарсан боловч ирэх жилийг хүртэл хүлээхээс аргагүй болов. Үүний зэрэгцээ өөр төлөвлөгөө бас байлаа.
 
1980 оны Москвагийн олимпийн рингэнд гавъяат тамирчин, Ази тивийн хошой аварга Г.Батбилэгтэй, 1984 оны Хаванад хотноо явагдсан бага олимпын финалд манай гавъяат, Сеулын олимпийн хүрэл медальт Н.Энхбаттай учраа таарч тулалдаж явсан Олимпийн хошой, дэлхийн 3 удаагийн аварга Анхель Эррера гэгч мундаг боксчныг чадвал олж уулзах бодол өвөрлөн бэлтгэсэн байв.
 
 
Камер, суурь хөл, сайн микрофон зэрэг техникийн бэлтгэлээс гадна Монголд болсон Ази тивийн аваргын дурсгалын алтан медаль, монголын сүлдтэй боксын жижиг бээлий, хайрцагтай Соёмбо архи, монголын сүлдтэй майк, авгай хүүхнүүд ач зээ нарт нь тараах алчуур зүүлт, чихэр жимс хүртэл хэрэндээ овоо юм тээж очсоны хэрэг бас гарсаан. Аварга боксчны гэрт саатан ярилцлага авах завшаан сайхан таарч санасан хэрэг саадгүй бүтэв.
 
 
Хаа хол Матанза хотоос хүрч ирээд Гуанабо хамт орж Анхел Эррератай уулзсан ярилцлагыг маань шууд орчуулан хэлмэрчилж үйлчилсэн анагаахын 4-р курсын оюутан Лхагвасүрэнгийн Санжаажамц дүү болоод Хавана хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ-ны элчин сайдын үүргийг түр хамаарагч дипломат Амарсайхан нарт ихэд талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье!
Спорт мэдээлэлийн "Таван Цагариг" сонинд Эррератай хийсэн энэ ярилцлагаа бүрэн эхээр буулгаж өгнө. Ярилцлага авсан видео интерьвю дээрээ эмхлэн найруулга хийж эфирт цацахаар хамтран ажиллах ТВ суваг бас хайж байгаа болно. Ажлынхаа зав чөлөө, амралтын өдрөөр амжуулна даа.     
   
Баяртай, Куба орон!
 
 
Аралын орноор хэсэг тэнэсэн аялал ингээд өндөрлөж буцах боллоо. Найз нөхдөдөө амтлуулж амсуулахаар навчин тамхи, ром архи, нунтаг кофе хэдийг авлаа. Үзүүлж харуулах фото зураг, видео бичлэг хэрэндээ овоо дарав. Уулзсан, очсон үзсэн харсанаа сийрүүлж буулгаад уншигч танаа барихаар замын турш сэтгэлдээ эрэгцүүлж явлаа. Хамгийн хүндтэй нандин тээш маань агуу боксчны амьд яриа, гарын үсэгээ зураад өгсөн дурсгалын алаг бээлий байв.  
Төрийн шагналт Долгорын Нямаа агсан 70−аад оны дундуур Хаванад Ази Африк Америк тивийн зохиолчдын хуралд оролцож явахдаа - Хөлөг онгоцны хитэг түшин зогсоод хөх тэнгэрийн эх орноо санагалзан... байж тэрлэсэн Атлантын шөнө хэмээх алдартай монгол шүлгийн 
 
Нутагт минь өдийд наран мандаж 
Нуурууд сэрж шувууд чуулж байгаа
Атлантын зоо шиг тэгш талын дунд
Адууны бэлчээрт унага цахилаж яваа...
гэсэн яруу мөрүүд онгоц агаарт хөөрч атлантын далайг тэнгэрээс тольдохуй сэтгэлээс сэмхэн ургаж нүдний өмнө зурайж ирсэнээ мөнгөн хүлгийн цонх нэвтлэн биднээс холдон холдсоор тэртээ дор тэнгисийн их хөх усны мандал дээгүүр хөвөх сэмжин үүлтэй нийлж угалзлан сунайсаар зориулж бичсэн их ус дайддаа уусан шингэх мэт харагдсан болой.
 
Баяртай! амар амгалан Куба орон, эргэн зочлох цаг дахиад ирэх буй за.
 
Д. Цэрэндорж 
АНУ, Калифорни
 
2019 оны 6 сарын 20 өдөр