sonin.mn
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулах ажил үргэлжилж байна. Үүний хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, “эцэг” хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсч байгаа бол УИХ-ын Тамгын газраас иргэдийн саналыг цахимаар болон шуудангаар авч байгаа билээ. Ийнхүү олон түмнээс авсан саналыг Үндсэн хуулийн төсөлд хэрхэн тусгах вэ. Энэ тухай болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан зарим онцлох заалтын талаар УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.
 
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд дөрвөн яамны сайдыг “давхар дээл”-тэй байж болохоор тусгасан. Энэ заалтыг ямар үндэслэлээр оруулсан юм бэ. “Давхар дээл”-ийг нэг мөр “тайлчихаж” болоогүй юм уу?
 
-Парламентын засаглалтай оронд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Учир нь сонгогчоос очиж амлалт авсан хүн нь УИХ-ын гишүүн болж байгаа нь тэр. Гэтэл сонгогчийн итгэлийг аваагүй хаа хамаагүй хүн гадна талаас Засгийн газарт орж ажиллах нь парламентын засаглалтай оронд байдаггүй зүйл.
 
Зарим оронд бүр УИХ-ын гишүүдээсээ салбар хариуцсан парламентын дэд сайд гэж гаргадаг. Гэхдээ Монголын онцлог гэж бий. Парламент нь 76 гишүүнтэй байхад арав гаруй нь Засгийн газрын гишүүнээр давхар ажиллачихаар хяналт тэнцэл алдагдаад байгаа учраас дөрөв гэж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, бүх сайд нь “давхар дээл”-тэй байхаар парламент Засгийн газар хоёрын хяналт алдагдах сул талтай. 
 
Энэ тухайд бид янз бүрээр үзсэн. Тухайлбал, ерөнхий чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байна гэж нэг оруулсан. Гэтэл ерөнхий чиг үүргийн яам дөрөв байсныг долоо болгочихсон. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь сайд байна гэж оруулах гэтэл 19 сайдтай болгоод нэмчихсэн байх жишээтэй. Нөгөөтэйгүүр 27 жилээр дүгнэхэд Засгийн газрыг 100 хувь гаднаас бүрдүүлчихвэл тогтворгүй болно. Засаг парламент хоёрын мэдээлэл солилцох хамтын ажиллагаа гэж бий. Бүх сайдыг гаднаас байлгана гэхээр мэдээлэл солилцох процесс байхгүй болчих юм билээ. Бодит байдалд бид энгийн үед ч сайд нараас мэдээлэл аваад явдаг. Энэ утгаараа ерөнхий чиг үүргийн яам тал руугаа дөрөв гэх тоог хандуулна гэж харж байгаа юм. Хуучнаар Сангийн, Хууль зүйн, Гадаад харилцааны, Батлан хамгаалах гээд дөрвөн яам үндсэн чиг үүргийнх байдаг байсан. Гэтэл үүнийг сүүлд долоо болгочихсон. Дөрвөөрөө байвал 76 гишүүнтэй харьцуулахад ердөө таван хувь буюу жин дарахгүй юм байна гэж тооцоолсон. Гэхдээ энэ тухайд олон нийтийн санаа бодлыг харж байж шийдэх байх.
 
-Энэ удаагийн төслийн бас нэг онцлог нь Байнгын хороо, чуулганы төдийгүй хууль батлах ирцийг өндөр босготой болгосон. Энэ хавраас Дэгийн тухай хуулийг мөрдөөд хурууны хээгээр ирц бүртгэдэг болсон ч Үндсэн хуульд давхар зааж өгөх хэрэгтэй гэж үзсэн хэрэг үү?
 
-Дэгийн хуулийг мөрдөөд хурууны хээгээр бүртгүүлдэг болсноос хойш ирц сайжирсан. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд УИХ-ын гишүүд чуулганд суухаас гадна олон ажил амжуулдаг. Жишээлбэл, тойргоос зочид ирдэг. Чуулганы танхимтай танилцсаны дараа бид дагаж гараад зураг авахуулах болдог, иргэд уулзахаар ирнэ, аливаа хурал цуглаанд суух болдог. “Чуулгантай байна, боломжгүй” гээд байж болдоггүй. Энэ мэтээр гарсан гишүүний суудал хоосроод үлддэг. Манай улс парламентдаа цөөн гишүүнтэй учраас ирцийг ярихаасаргагүй болдог. Нөгөө талдаа манайд үнэхээр ажлаа хийдэггүй гишүүд байдаг нь нууц биш. Парламентын гишүүний ажлыг хоёр дахь ажил шигээ боддог, үүнээс болоод бусдыгаа харлуулдаг.
 
2000 оны нэмэлт өөрчлөлтөөр 39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо 39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болсон. Тиймээс одоо нийт гишүүний олонх буюу 39 гишүүн зөвшөөрч байж хуулийг батлахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэт амьдралд тулгарч байгаа олон практик өөрчлөлтөөс үүдэн хамгийн сайн гэсэн шийдлүүдийг нэмэлт өөрчлөлтөд тусгасан.
 
-УИХ Хянан шалгах түр хороотой болох заалтыг оруулж ирсэн. Гэтэл УИХ хууль шүүхийн ажлыг давхар хийдэг болох уу гэдэг асуулт гарч ирээд байна. Ийм хороотой болох нь зайлшгүй шаардлага байсан уу?
 
-УИХ Хянан шалгах хороотой боллоо гээд гишүүн бүр нь хэн нэгнийг дуудаад байцаалт аваад, мөрдөн байцаагч шиг ажиллана гэж ойлгож болохгүй. Хянан шалгах түр хорооны ажиллагааг сонсголын хэлбэрээр явуулна. Нэгдүгээрт, Түр хороо байгуулах саналыг 19 гишүүний саналаар шийднэ. Ерөөсөө нийтийн эрх ашиг гэдгийг тодорхойлно гэж ойлгож болно, энэ талаар хуульд тусгайлан заасан байдаг. Түр хорооны талаар иргэд их асууж байна билээ. “Та нар чинь гэрч дуудаад, шинжээч томилоод шүүх ажиллагаа явуулдаг болох нь байна” гээд байгаа юм. Тийм биш. Сонсголын хэлбээр явуулах учраас хууль шүүх шиг ажиллахгүй гэсэн үг. Жишээлбэл, Түр хороонд арав гаруй гишүүн багглаа гэхэд тухайн асуудлаар албан тушаалтныг гэрчээр дуудаж мэдээлэл авна л гэсэн үг. Ингэж гэрч, шинжээчээр дуудаж буй сонсголын үйл ажиллагааны мэдээллийг нотлох баримтаар авах эсэхээ шүүх өөрөө шийднэ. Тиймээс УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд хэн нэгнийг яллах тухай ойлголт огт байхгүй. Хэрвээ тухайн асуудлыг хууль шүүхээр нягтлах шаардлагатай гэж үзвэл бид түүнийг шилжүүлэх юм. Яагаад гэхээр парламент бол нэг гишүний гэхээсээ нийтээрээ шийдвэр гаргадаг үндсэн зарчимтай учраас мөрдөн байцаагчийн ажиллагааг хэзээ ч хийхгүй гэдгийг тодотгоё.
 
Дэлхий нийтэд парламентад ийм Мөрдөн шалгах хороо гэж байдаг. Бид үүнийг Хянан шалгах гэж зөөллөж оруулсан. Үүний цаад учир нь парламентын нэг чиг үүрэг нь хянан шалгах юм шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд бид хянан шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас Хянан шалгах түр хороотой болох ёстой гэж судлаачид үзсэний дагуу оруулж ирсэн заалт байгаа юм. 
 
-ШЕЗ-ийн арван гишүүний тавыг мэргэжлийн хүмүүсээс, тавыг нь УИХ-аас санал оруулдаг болохоор заасан. Гэтэл энэ нь парламент шүүхэд нөлөөлөх эрсдэлтэй юм биш үү гэж харах хүмүүс байна?
 
-Одоогийн тогтолцоогоор ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилдог. Төрийн тэргүүн өөрийнхөө томилсон Зөвлөлөөс шүүгчийн нэрийг гаргаж ирээд өөрөө томилчихож байгаа юм. Нэг ёсондоо дөрвөн жилийн хугацаатай шүүхийг нэг институц ганцаараа шийдчихэж байна. Тиймээс бид хоёр хяналт тэнцэлтэй болгоё гэж байгаа юм. Ингэснээр ШЕЗ буюу анх санал гаргадаг байгууллагыг УИХ-аас тавыг, үлдсэнийг нь шүүгчид дундаас томилно. УИХ-аас санал болгохдоо таван шүүгчийг томилгооны сонсголоор заавал оруулна гэж заасан. Эдгээр хүн авлига авч байсан уу, нэр хүнд нь ямар вэ гэх мэтээр тал бүрээс нь ярина. Ерөнхийлөгч ШЕЗ- ийг томилоод байхаар нэг хүнээс шууд хараат болчихож байна гэж үзсэн. Хоёрдугаарт, ШЕЗ-өөс гаргасан саналыг Ерөнхийлөгч батламжилна. Батламжлах гэдэг үгээ дагаад Ерөнхийлөгчийн эрх шүүхэд хязгаарлагдмал болно гэсэн үг. Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болох бөгөөд энэ нь ганцхан үндэслэлтэй байна гэж заасан. Тэр нь Үндсэн хуульд заасан үндэслэл байна гэж оруулсан. Насны хязгаар, ажил мэргэжлийн онцлог гэх мэтээр Үндсэн хуульд заагаад өгчихнө. Эдгээрийг зөрчсөн бол Ерөнхийлөгч батламжлахаас татгалзаж болно.
 
Ний нуугүй хэлэхэд 1992 оноос хойш томилсон Ерөнхийлөгч бүр шүүхэд гар дүрсэн. Бидний хувьд сүүлийн 2-3 Ерөнхийлөгчийг л мэднэ. Харин Үндсэн хуулийн ажлын хэсэгт бүх давхаргын нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид оролцсон учраас бүтэн 27 жилээр дүгнэж харсан. Олон жилийн практикаас үндэслэж шүүхийг нэг хүний хараат байдлаас гаргах ёстой гэж үзсэн.
 
Гэхдээ нэг зүйлийг тодотгоход ШЕЗ-ийг дөрвөн жилээр гэсэн бол ард нь Хариуцлагын зөвлөлийг зургаан жилээр ажиллуулахаар оруулсан. Гадна дотнын судлаачдын үзэж байгаагаар 1990 оноос хойш бидний алдсан нэг том зүйл нь хяналтын тогтолцоог үгүйсгэсэн явдал гэж дүгнэдэг. Тухайлбал, 1990 онд Ардын хянан шалгах хороо гэж байсныг татан буулгачихсан. Хамгийн сүүлд 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхдаа санхүүгийн хяналтыг байхгүй болгочихсон. Үүнээс болоод “Чингис” бонд зэрэг эдийн засгийн гэмт хэргийг шийдэх, яллахад хүндрэлтэй болчихоод байгаа юм. Тиймээс Санхүүгийн аудитын байгууллагатай болох заалтыг Үндсэн хуульд анх удаа оруулсан. Төрийн болон төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж оруулсан.
 
-Улс төрийн намын санхүүжилт болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах тухай заалтыг Үндсэн хуульд тусгах ямар үндэслэл байсан бэ?
 
-Улс төрийн намын тухай заалтыг Үндсэн хуульд анх удаа оруулсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа. Нэг хүний нам гэж дэлхийд байхгүй ч Монголд л байна. Тиймээс намын дотоод ардчиллыг Үндсэн хуульд зааж байгаа юм. Тэгэхгүй бол сайн дураа хүрэхээр намын Их хурлаа хийдэг. Өөрөө огцорчих гээд байхаараа хурлаа хийдэггүй. Хамгийн том намын нэг АН хурлаа хийхгүй найман жил болж байлаа шүү дээ. Н.Алтанхуяг даргын үед хурал хийхээр огцорчих гээд байсан болохоор найман жил хурал хийхгүй явж байлаа. Ерөөсөө намынхаа их хурлыг хийгээгүй 27 жил болсон нам байна. Б.Жаргалсайхан гэхэд ганцхан даргатай, ганцхан гишүүнтэй. Сонгууль ойртоод ирэхээр гараад ирдэг. Гэр бүлийн ч нам бий. Ийм нам дэлхийд байхгүй. Тэгэхээр намыг сонгодог утгаар нь явуулахад чиглэсэн өөрчлөлт хийж байна. Дэлхийд гишүүнчлэлгүй нам ч гэж бий. Тэгэхээр улсын хэмжээний бүтцийн биш улсын хэмжээний үйл ажиллагааны шалгуур тавьж байгаа. Энэ өөрчлөлтийн дараа Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ер нь Үндсэн хуулийн өгүүлбэр болгон дараа нь нэг хууль болдог.
 
-Үндсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулсан. Жишээлбэл, таныг тойрогт ажиллах үеэр иргэдийн зүгээс энэ төслийг хэр дэмжиж байна вэ. Ямар саналыг түлхүү гаргав?
 
-Тойрогт олон янзаар уулзалт хийлээ. Жирийн иргэдтэй ч, төрийн албан хаагчидтай ч, удирдах албан тушаал хашиж явсан ахмадуудтай ч уулзлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүгд дэмжиж байна. Гэхдээ хоёр, гурван зүйлийг онцолж хэлээд байна билээ. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах буюу хариуцлага тооцохтой холбоотой санал гаргаж байна. Цаашлаад аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сумынхаас сонгох гэх мэтээр амьдралд тулгардаг асуудлыг эргэж харах тухай ярьж байна. Жишээлбэл, сумын Засаг даргыг ард түмэн сонгосон байтал ИТХ-аас нь Засаг даргыг огцруулах жишээний. Тэр хооронд аймгийн Засаг дарга нь үлдсэн хугацаанд ажиллах сумын даргыг шууд сонгочих нь зөв эсэх талаар ярьж байна. Түүнчлэн иргэдийн хэлсэн нэг чухал санаа нь өнөөгийн нөхцөл байдал, уур амьсгалдаа автаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй шүү. Энэ хууль бол 20-30 жилийн дараа үйлчилдэг учраас өнөөдрийнхөө нөхцөлд автаж болохгүй гэдгийг олон хүн сануулсан. Энэ бол үнэхээр бодууштай, ажил хэрэгч санал байсан.
 
-Маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр олон хоног зарцуулж, Үндсэн хуулийн танилцуулгыг хийлээ. Үүний үр дүнг хэрхэн гаргах вэ, иргэдийн гаргасан саналыг Үндсэн хуульд тусгах уу?
 
-Иргэдийн саналыг төсөлд тусгах учраас л орон даяар танилцуулга хийсэн. Ажлын хэсэг байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ хооронд нийт 350 орчим мянган иргэнээс давхардсан тоогоор таван сая нэгж санал ирүүлсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газрынхан нэгтгээд өнөөдрийн төсөлд тусгасан. Хамгийн их давхцалтай буюу 60-аас дээш хувиар давхардсан саналыг төсөлд оруулсан. Ер нь өмнө нь иргэдээс ирүүлсэн саналыг аваад үзэхээр 60-аад хувь нь Үндсэн хуулийн биш буюу органик хуулиар зохицуулж болох асуудлыг хөндсөн байдаг. Мэдээж Үндсэн хуульд зайлшгүй оруулахаар санал гаргасан байвал авна. Ингэхдээ өргөн барьсан 40-өөд зүйл, заалтынхаа хүрээнд л эргэж харах юм. Хөндөөгүй заалтыг ирүүлсэн бол мэдээж хүлээж авах боломжгүй. Тойрогт ажилласан УИХ-ын гишүүн бүрийн уулзалт протокольтой явсан. Үг хэлсэн хүн бүрийн санааг бичиж аваад зогсохгүй, гарын үсгийг нь хүртэл авсан. Тиймээс иргэдийн саналыг тусгана. Ингэхдээ мэдээж хуулийн хүрээнд буюу 35 хувьд багтаан нэмэлт өөрчлөлт оруулна.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин