sonin.mn
“Монголросцветмет” ТӨҮГ нь анх 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх зорилготойгоор байгуулагдсан. 45 дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн үг.
Тус компанийн мэдэлд байсан Асгатын мөнгөний орд “Эрдэнэс Монгол” руу шилжиж, өнөөдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “Бор-Өндөр”уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар суманд “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүдтэй үлдээд байгаа аж.
Түүнчлэн энэ компанийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Монголын зэс корпораци”-д ирсэн.
ТӨБЗГ-ын 2018 оны аравдугаар сарын 29-ний өдрийн А-1/4178 тоот албан бичгээр “Монголросцветмет” -ийн ТУЗ-д тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан До.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилохыг үүрэг болгосон.
 
Улмаар энэ удирдамжийн дагуу “Монголросцветмет”-ийн ТУЗ-ийн 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг томилсон байна. Ингэж Б.Мөнхбат нь До.Ганболдын албан тушаалыг ахуй хангамжтай нь өвлөн авсан байдаг.
 
Харин 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас тэр хувийг төрд авч ТӨҮГ болгох шийдвэрийг гаргасан.
Ийн өөрчилж, дүрмийг нь баталснаар “Монголросцветмет” ТӨҮГ нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллахаар болсон юм.
Мөн дүрэмд нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын шийдвэрээр томилохоор заасан.
Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолоор “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбатыг томилсон байна.
 
Өөрөөр хэлбэл, Б.Мөнхбат нь 100 хувийн төрийн өмчтэй компанийн анхны гүйцэтгэх захирал болж үлдсэн байгаа юм.
 
Логикоор бол “Монголросцветмет” бүхэлдээ төрд ирсэн болохоор үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой юм. 
 
Гэвч тэгсэнгүй. Б.Мөнхбат нь өмнө явж ирсэн өндөр цалингаа авсаар, төрөөс хараат бусаар гэрээ контракт байгуулсаар өнөөдрийг хүрсэн тухай эх сурвалжууд сүүлийн өдрүүдэд тодорхой мэдээлж байна.
Гэтэл “Монголросцветмет” ТӨҮГ 68 тэрбум төгрөгийн өртэй байгаа талаар Засгийн газрын хуралдаан дээр яригдав.
 
Б.Мөнхбатын 2018 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад жилд 92.2 сая, гэр бүл нь 27.8 сая төгрөгийн орлоготой. Түүнд нийтийн орон сууц хоёр бий. Үнэ нь 479.8 сая төгрөг болдог. Ландкруйзер-200 автомашинтай. Тэр нь 100 сая төгрөгийн үнэлгээтэй. 30.1 сая төгрөгийн үнэ бүхий 240 орчим толгой малтай. Хадгаламждаа 259.1 сая төгрөгтэй. Бусдаас есөн сая төгрөгийн авлагатай хүн юм байна.
 
Харин албан бусаар буюу АТГ-т мэдүүлээгүй зарим нэг хөрөнгийнх нь талаар хэвлэлүүд хөндсөн байгаа юм. “Зууны мэдээ” ч удахгүй гаргаж тавина.
Юутай ч Б.Мөнхбат гэдэг хүн “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д байхад ч, Монголын төрд ирсэн ч ашигтай ажиллуулж чадсангүй гэж харагдаж байна.
Төр түүнийг “баастай бурхан” мэт залсаар байх өргүй л бол “Монголросцветмет”-ийг яралзтал ашигтай ажиллуулах орчин үеийн менежмент бүхий захирал “олж” тавих цаг нь нэгэнт болжээ. Ингэж байж “Монголросцветмет”компани “монголжих” билээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин