sonin.mn
“Монтрейд” ХХК нь 2007 оноос “Мобиком Корпораци” ХХК-д 10 гаруй жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах 5280 м.кв талбай бүхий барилга, өөрийн өмчлөлийн хөрөнгө, иргэдийн нэрлэж заншснаар “Тэди” төвийн баруун талд байрлах байгууламжийг “Ньюком Проперти” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр дамжуулан хөнгөлөлттэй үнийн нөхцлөөр нэг м.кв-г 17,357 төгрөгөөр түрээслүүлж байсан юм.
Түрээслүүлэгч компанийн хувьд “Мобиком Корпораци” ХХК-ийн үйл ажиллагаа явуулахад хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л хөрөнгийг эзэмшил ашиглалтад нь шилжүүлж, эдгээр хөрөнгийн засвар арчлалт, үйлчилгээг зохих ёсоор хариуцаж, үүргээ бодитой, шударгаар биелүүлж ирсэн.
 
Манай компани “Ньюком Проперти” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн үндсэн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болж, цаашид сунгахгүй, дамжуулан түрээслүүлэх харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн шалтгаан нөхцлийн талаарх тайлбарыг ч олон удаа албан ёсоор мэдэгдэж байсан юм.
 
Гэтэл "Мобиком Корпораци” ХХК нь “Ньюком Проперти” ХХК, манай компани хоёрын хоорондох гэрээ дуусгавар болсныг бидний хийсэн удаа дараагийн мэдэгдлээс мэдсээр байж, түрээсээр эзэмших, ашиглах нөхцөл бүхий тохироотой гэрээ хийснийг манай өмчлөх эрхэд халдсан дэндүү жудаггүй, хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Тэр байтугай энэхүү гэрээгээ бидэнд хүчээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор манай компанид холбогдуулж шүүхэд хүртэл нэхэмжпэл гаргасны улмаас манай “Монтрейд” ХХК, “Мобиком Корпораци” ХХК-ийн хоорондын үл ойлголцол үүссэн юм.
 
Түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш бусдын өмчийг ямар нэгэн гэрээгүйгээр эзэмшиж, ашиглах хугацаандаа гэрээ байгуулахаас татгалзан, түрээсийн төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг “Мобиком Корпораци” ХХК-ийн удирдлагуудаас дахин шаардаж байна. 
 
Танай компанийн энэхүү ёс зүйгүй, увайгүй үйл ажиллагааны улмаас манай байгууллага их хэмжээний санхүүгийн хохирол амсаж, хохирол нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна.
Үүссэн асуудлыг эе эвээр хүртэл хэлэлцэн шийдвэрлэх санаачилгыг манай компанийн зүгээс удаа дараа гаргасан боловч “Мобиком” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын үл ойшоосон хандлага, бусдын өмч хөрөнгөнд дээрэнгүй, ёс зүйгүй авирласнаас үүдэн шүүхэд хандан түрээсийн төлбөрийг нэхэмжлэхэд хүрсэн юм.
Олон жилийн хамтын ажиллагаа, мянга мянган хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, нэр хүнд, ёс зүйгээ бодолцон, 2019 оны 1-р сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх төлбөрөө төлж, манай компанийн байрыг албан ёсоор хүлээлгэн өгнө үү.
Арав гаруй жил бизнесийн салбарт ашиг орлоготой, нэр хүндтэй, шилдэг тэргүүний байгууллага хамт олон болж өсөн дэвжиж, өнөр айл болтлоо ажиллахдаа ашигласан байраа эзэнд нь бүрэн бүтэн, компанийн соёлтой, өр төлбөргүй, зарчимтай хүлээлгэн өгч, үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
 
 
“МОНТРЕЙД” ХХК