Монгол хэл, бичиг соёлоо хадгалж хамгаална гэдэг эх орон, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг.
Дэлхийн улс түмний тусгаар тогтнон оршиж байгааг батлан харуулах нэн чухал үзүүлэлт бол тэдгээрийн эх хэл байдаг. Иймд “Хүннү Сүннү”-гийн үеэс мянга мянган жил Их түүхийг тээгч монгол хэл бол монгол түмний эх орон нь юм. Энэхүү яруу тунгалаг сайхан “Эх орон” болох монгол хэлээ монголчууд бид гадна дотны ил далдаас учрах аюулаас амь мэт хамгаалж, сэвтээн бохирдуулахгүй ариунаар нандигнан хадгалж явах эрхэм үүрэгтэй.
Гэтэл өнөөгийн монголын эрх мэдэлтэн, хэвлэл мэдээллийн зарим ажилтнууд, монгол хэлийг гадаад хэлний үгтэй хольж хутган ярьж, бичиж байгаагаас үзэл тэдний хэл сэтгэхүй нь эрлийз хурлийз болсны шинж юм. Энэ бол оюун санааны төөрөгдөл төдийгүй монгол хэлийг мохоож, мөхөл рүү нь турхирч байгаа хэрэг мөн. Харахад монгол, ярихад эрлийз дультраа хэлтэн олширч, нийслэл хотоор дүүрч мэдэх нь байна.
 
Зөвхөн монгол дээл өмсөөд монгол болчихгүй, хэл яриа, сэтгэхүй, оюун санаа, ухаан бодол нь юуны өмнө монгол байх нь чухал. Өдгөө үндэсний монгол эх хэлээ цэвэр ариун, унаган төрхөөр нь хадгалахын төлөө санаа тавьдаг эрдэмтэд, монгол хэл гадаад үгээр бөөстлөө, жирэмсэллээ гэж халаглан бичиж ярьсаар (эрдэмтэн зохиолч Л.Түдэв болон бусад суддаачид) атал түүнийг анхаардаг эрдэм шинжилгээний байгууллага, яам газар нэг ч алга.
 
Гадаад үгийг хэрэглэх энэ үзэгдэл хэвийн хэмжээнээс хэтэрч монгол хэлний үг хэллэгийг хэрэглээнээс түрж шахан гаргах аюул илт нүүрлээд байна. Ийнхүү манай төрийн эрх мэдэлтнүүд гадаад хэлийг шүтэх, тэр дундаа англи үгэнд донтох явдал хавтгайрч, Төрийнхөө хуулийг хүртэл харь үгээр нэрлэх боллоо. Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 8-р зүйлийн 1-д “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж заасныг ноцтой зөрчих болов. Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэх нь улс үндэстэн доройтохын шинж мөн. Улсын Их Хурал “Аудитын тухай хуупь” гэж нэгэн хууль батлан гаргасныг ард иргэд маань уг хуулийг монгол хэлээр бус гадаад хэлний үгээр нэрлэсний учир зорилгыг нь сайн ухаарч ойлгохгүй байгаа бололтой. “Оюу толгойд аудит орууллаа”, “Үзэгчдийн аудит”, “аудитор” гэх мэт үгс монгол хүний сэтгэлд буухгүй байгаа юм. Хууль санаачлагчид, түүнийг баталдаг УИХ-ын эрхэм гишүүд үндэсний хэл соёлоосоо ийнхүү нүүр буруулан огоорч, Төрийнхөө хуулийг хүртэл харь үгээр нэрлэж буртаглан, американизмаар амьсгалагч болцгоосон нь нэн харамсалтай.
 
Ачит ээжийнхээ ангир уургийг хөхөж эхэлсэн үеэс сонсож, хэлд орж, ярьж сурсан яруу сайхан монгол хэлээ үл хүндэтгэн адалж, гадаад үгийг бурханчлан шүтэх болсон нь, төрүүлсэн ээжийгээ хараад “чи яасан муухай амьтан бэ, нүднээс далд ор” гэсэнтэй агаар нэгэн... Өдгөө манай зарим эрдэмтэн судлаач, зохиолчдын ярьж бичсэнээр одоогийн төр засгийн түшмэдүүд: “Монгол хэлээ мохоож, харь үгээр панз үсэргэгчид болжээ” гэсэн нь онож хэлсэн дүгнэлт юм.
 
Ийнхүү УИХ, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд гадаад үгээр бөмбөгдөгчид олширч буй нь монгол хэлний ирээдүйг бүрхэг болгож байгаа гэмт үйлдэл. Монгол хэл бол дэлхийн хамгийн баян үгийн сантай хэлнүүдийн нэг. Монгол хэлээр орчуулан хэлж, бичиж болох үгийг бэлэнчлэн гадаад үг хэвээр нь хуулан авч, хэрэглэж байгаа дээрх эрх мэдэлтнүүдийн монгол хэлний мэдлэг мөхөс, үгийн баялаг хомс болохын дээр аялгуу сайхан монгол хэлээ үл тоомсорлох болсныг харуулж байна бус уу. Жишээ нь: жендер, форум, аудит, стресс, шизо, лифт, рейтинг, авар, бизнес, бирж, бренд, реклам, саун, оффис, шоу, ченж, брокер, лиценз гэхчлэн эрдэмтдийн тооцоолсноор 1000 гаруй үгийг тэр хэвээр нь хуулан авч, хэрэглээнд хүчээр шахан оруулсаар байна. Эдгээр гадаад үгсийн дотор монголчлогдохгүй үг нэг ч байхгүй. Тухайлбал: “Аудитын тухай хууль” гэгчийг “Хараат бус хяналтын хууль” эсвэл “Хөндлөнгийн хяналтын хууль” гэж монгол хэлээр нэрлэж болмоор санагдана. Бас өөр хувилбар байж болох биз.Төрийнхөө хуулийг ийнхүү ауцит гэдэг харь үгээр харлуулж нэрлэх нь зохисгүй хэрэг. Иймд энэхүү хуулийн нэрийг өөрчилж монгол хэлээр нэрлэж сурталчлах нь чухал.
 
Монгол хэлэнд эр, эмийг ялгахдаа “хүйс” хэмээх үг хэрэглэж ирсэн эртний уламжлалтай. “Хүйс” хэмээгч нь эр, эмийг ангилсан үг. Хүйсийн ялгаа, хүйсийн тэгш, тэгш бус байдал гэсэн монгол үг бэлэн байсаар атал харь хэлний “жендер” гэдэг үгээр ярьж сайрхана. Хөдөөгийн нэгэн өвгөн хүүхээ: “Жендер ч гэнэ үү, жингэр ч гэнэ үү. Энэ чинь эм нохойг хэлдэг үг биз дээ” гэж хэлсэн гэдэг. (сониноос) Мөн хэлэлцээ, хэлэлцүүлэг, чуулга уулзалт гэх мэт үг бэлэн байхад форум гэж гадаад үгээр ярьж бичих зэрэг нь монгол хэлээ мохоож, гадаад хэлийг дээдлэн бишрэх дон шүглэснийг харуулж байна. Энэ мэт жишээ олныг хэлж болох бөгөөд гадаад үгийг ийнхүү олноор авч хэрэглэх нь үндэсний хэлний дархлааг сулруулан алдагдуулж, эх хэлний үгийн санд хомсдол үүссээр монгол хэл маань яваандаа мөхөхөд хүрч мэдэх аюултай. Монголын төр засаг үндэснийхээ хэл соёлоо цэвэр ариунаар нандин хадгалж хамгаалах талаар тодорхой хийж хэрэгжүүлсэн ажилгүй, гадаад орны нөлөөнд тэднийг долдойдон хэл, бичиг үсгийг нь хэт шүтэн, түүнд ууссаар бага бус хугацаа өнгөрч байна.
Нийслэл хотын гудамж талбай, үйлчилгээний болон аж ахуйн нэгж байгууллагууд, нийтийн бие засах газруудын гадаад үгээр бичсэн хаягуудыг харахад Улаанбаатар-Америкийн нэгэн муж, дагуул хот мэт болжээ. Аль нэг улсын эрхшээлд орж, эзлэгдсэн буурай орнууд л урьдын цагт хотынхоо хаягийг эзлэн захирагч орныхоо хэлээр бичдэг байсан гэдэг. Иймд манай улс чинь эдүгээ ямар нэг гадаад орны эрхшээлд орсон хараат улс биш байлтай. Уг нь хотын захирагчийн албанаас өмнө гаргасан тоггоол заавар ёсоор бол хотын доторх хаягийг моншл хэлээр дээд талд нь том үсгээр бичиж, шаардлагатай бол доор нь гадаад хэлээр жижиг үсгээр бичиж байх шийдвэр гаргасан гэх боловч өдгөө түүнийг тоож хэрэгжүүлж байгаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс алга байна.
 
“Монгол хэлний хууль”-ийн 2-р бүлгийн 6-р зүйлд “Монгол хэлийг хэрэглэх” тухай заалтын 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр хаяг монгол хэлээр байна” гэснийг нийслэл хотын төр захиргааны байгууллагын удирдах хүмүүс үл тоомсорлон хэнэг ч үгүй сууна. Даяаршлын эрин үед ийм байж болох юм шиг дарга нар санаж байгаа бол том эндүүрэл.
 
Даяаршил гэдэг чинь даган баясах сайн зүйл огт биш гэдгийг эрдэмтэн мэргэд хэлсээр, бичсээр байна. Даяаршил гэгч бол их гүрнүүд бага буурай улс орныг уран аргаар зажлахгүй залгих “их мангас” л гэсэн үг.  Миний бодлоор бол “даяаршил” гэгчийн хар шуурганд уруудуулан алдаж хэрхэвч болохгүй монгол түмний минь амь нас, сэтгэл зүрхээрээ хамгаалан авч үлдэх дархлаа, эрхэм нандин эрдэнэс бол:
1. Үндэсний хэл, бичиг, өв соёл, урлаг
2.Өвгөдөөс уламжлалтай ёс заншил
3. Эзэн богд Чингис хааныхаа сургаал айлдварыг даган баясаж явах
4. Үндэсний эв нэгдлээ эрхэмлэх
5. Уугуул бурханы шашин, мөнх тэнгэр, уул усаа дээдлэн шүтэх ёс
6. Улсын хил хязгаар тэргүүтэн орох учиртай.
Монголчууд бид хүн ам цөөнтэй ч гэсэн олон мянган жилийн уламжлалтай өөрийн гэсэн унаган хэл, бичиг соёлтой ард түмэн байсаар ирсэн их түүхтэй. Иймд монгол хэл бол хэн ч халдашгүй бат “дархан хил” маань гарцаагүй мөн.
 
Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв: “Монгол хэл дэлхийн олон хэлнүүдийн өвөг, эртний халний нэг учир монголчууд үүгээрээ бахархах ёстой. Бас дээдлэн хайрлах үүрэггэй билээ” хэмээгээд цааш нь өгүүлэхдээ: “...үндэснийхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг монгол хүн бүхэн дэлхийн хэлнүүдийн нэгэн өвөг эцэг болсон монгол хэлээ судлах, хөгжүүлэх, хамгаалах, дээдлэх үйлсэд хүч авьяасаа өгөх цаг оройтох тийшээ хандаж буйг мэдтүгэй!” хэмээн “Дал” сонины 2009 оны дугаарт бичжээ. Өдгөөгийн монголчуудын хувьд “үндэсний бахархал” гэдэг үг нэгэн үед Оросын улаан коммунистуудын нөлөөгөөр “цээр үг” мэт болон бүдгэрч байсаар бүр саяхнаас американизмыг даган баясагчдын дарангуйлалаар энэ үг үгсийн сангаас хасагдаж мэдэхээр болоод байна. Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж “Дал” сонинд бичсэн “Тулгын чулууг хөдөлгөж болохгүй” өгүүлэлдээ: “Монгол хэлийг мохоож, буртаглагчид үндэсний хэлийг маань харийн “хог”-оор чигжиж” байна. Үүнийг эрэгцүүлэн бодогтун! Хилээр биш хэлээр тусгаар тогтнолоо алдах нь байна шүү” гэснийг “харь хэлийг шүтэн бишрэгчид” өөрийн гэсэн ухаантай бол сайн бодоосой. Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойном “Охиндоо илгээх захидал” шүлэггээ: 
 
Халуунаас тасарсан үрийн хувьд 
Хайрт охин чамаасаа би 
Хүн төрөлхтний нэрийн өмнөөс
Хүсэх зүйл нэг байца, сонсоно уу? 
Яаж ч гоёж гангаллаа гэсэн 
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй 
Ямар ч ном, олон хэл сурлаа гэвч 
Яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй...
Амаржих газрын хаалганы завсраар
Амрыг нь асууж, ээжийг чинь уяраасан
Анхны бүүвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи
Гарцаагүй сайн сурах ёстой
Гажиг бүхэнтэй нь тэмцэх ёстой
Ганцхан үүнийг чамаасаа хүснэ
Газар доороос ч хүссээр байх болно гэсэн энэ шүлэгг манай зохиолч, яруу найрагчид аялгуу сайхан монгол хэлээ эрхэм нандин эрдэнэ мэт цэвэр тунгалаг хадгалж хамгаалах үйлсэд манлайлагчид болсоор ирснийг энэ мэт дээрх зохиолчдын хэлсэн үг тод харуулж байна.
“Чихний чимэг болсон” яруу сайхан монгол хэлээ үл хүндэтгэн шоовдорлож, түүнийг гадаад үгтэй хольж хутган ярьж бичиж, зэрэмдэглэн бохирдуулж байгаа гажуудлыг төр засаг, Үндэсний аюулгүйн зөвлөл, түмэн олон минь нэн даруй засаж залруулахыг шуурхайлах нь монгол улс өнө мөнх оршин тогтнохын баталгаа мөн болой.
 
 
Тугчин Д.ГОМБОЖАВ Монгол Улсын Гавьяат багш