МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн айлчлалын баг БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн урилгаар 2019 оны 8-р сарын 18-23-нд Хятад улсад айлчилж байна.
8-р сарын 19-нд Бээжин хот дахь Хятадын Зохиолчдын эвлэлийн төв байранд ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүн тэргүүтэй ХЗЭ-ийн удирдлагууд Монгол улсын зохиолчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, МЗЭ-ийн Үргэлжилсэн үгийн зохиолын үндэсний төвийн тэргүүн, TV9 телевизийн захирал Т.Баасансүрэн, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн профессор, хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, СУИС-ийн профессор, зохиолч, шүүмжлэгч П.Батхуяг, МЗЭ-ийн хошин зохиолын үндэсний төвийн тэргүүн, зохиолч А.Амарсайхан, МЗЭ-ийн хяналтын зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Урангоо, МЗЭ-ийн Бээжин хот дахь суурин төлөөлөгч, ХТРТ-ийн мэргэжилтэн До.Болдхуяг, Хятадын талаас ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүн, ХЗЭ-ийн Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Ли Жинчи, Монгол үндэстний нэрт зохиолч Гүө Шүйбо, "Шүлэг" сэтгүүлийн редактор, яруу найрагч Ван Бин, "Утга урлаг" сонины мэдээний албаны дарга, зохиолч, шүүмжлэгч Ли Юньлэй, ХЗЭ-ийн Гадаад харилцааны хэлтсийн Ази Африкийн газрын дарга, зохиолч Ли Чян, "Үндэсний утга зохиол" сэтгүүлийн найруулагч Мөнхцэцэг нар оролцлоо.
 
 
Хоёр тал цаашид утга зохиолын хамтын ажиллагааг сайжруулах, хоёр орны зохиолчдын зохиол бүтээлийг хятад, монгол хэлээр орчуулж, хоёр талд хэвлэн нийтлэх, Монголын зохиолчдыг Хятад улсад мэргэжил дээшлүүлэх зэрэг тодорхой төслүүдээр хамтран ажиллахаар тохиролцон, уулзалт өндөр үр дүнтэй болсон юм. Уулзалтын үеэр МЗЭ-ийн удирдлагууд ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүнд "Утга зохиолын төлөө" шагнал гардуулж, хоёр тал харилцан ном, дурсгалын зүйлс солилцлоо.
 
 
Хөтөлбөрийн хүрээнд МЗЭ-ийн удирдлагууд Цагаан хэрэмний Цавчаал боомт, Бээжин дэх Хааны ордон (Хориотой хот), Шаньси мужийн Датун хотын Юньган агуй зэрэг түүх соёлын дурсгалт газартай танилцаж, Шаньси мужийн зохиолчидтой нөхөрсөг уулзалт хийж байна.
 
Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв
 
Эх сурвалж: mongol.cri.cn