sonin.mn
-Сэтгэл оюунаа хүний төлөө зориулсан, эрдэм ухаан төгс, энэрэнгүй сэтгэлтэй, атаа жөтөөнөөс хөндий, аливаа шуналгүй хүн л урт насалдаг юм аа да-
 
Бид өнөө жил Ц.Балхаажав гуайнхаа 90 насны ойг даруухаан тэмдэглэсэн. Урилганааса эхлээд л их энгийн, “Нөхдүүдтэйгээ ярьж хөөрөлдье” л гэсэн. Нэг намын удирдлагатай хуучин тогтолцооны үед МАХН-ын Улстөрийн товчооны гишүүн юмуу намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан хүмүүсээс миний мэдэх л хоёр хүн өнөөдөр амьд сэрүүн, ажиллаж амьдарч байгаа юм. Нэг нь миний “яллагч" Г.Адъяа. Нөгөө нь миний “өмгөөлөгч” Ц.Балхаажав. Би “яллагч”-ийнхаа тухай дурсахаас төвөгшөөдөг. Харин энэ удаад “өмгөөлөгч” Ц.Балхаажав гуайнхаа тухай хэдэн үг хэлхэж сууна.
 
МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга, намын Төв хорооны нарийн бичгийн дарга гээд “Улаан номер”-той хар тэрэг унасан хүнийг алсаас барааг нь харж, Хурал зөвлөгөөнд оролцоход нь сурвалжилж мэдээлдэг л байсан. Харин гэр бүлийнх нь хүнийг бол арай илүү мэднэ. “Цагаан гартай эмч” гэж олноо хүндлэгдсэн Намжилмаа гуай одоо ч энх тунх сайхан амьдарч байгаа.
 
Тэр үеийн нэршсэнээр Гандангийн хүүхдийн больницод бага охиныхоо хоолойн махыг Намжилмаа эмчийн баг бүрэлдэхүүнээр авахуулж анх танилцаж байсансан. “Хүүхдийн бурхан” ч гэж нэрлэгддэг байсан. Монгол Улсын гавьяат эмч Намжилмаа гуай сайн эмчээс гадна сайхан дуулдаг байснаараа олны танил болсон юм. Намжилмаа эмч маань хол ойр, хот хөдөөгүй мөн ч их дуулсан даа. Одоо хэрнээ дуулдаг л байх. Тэр сайхан хоолой нь яав гэж! Ц.Балхаажав дарга яагаад миний “өмгөөлөгч” болсон тухай дурсвал сонин байх. 1978 онд миний бичсэн “Гавьяа” найрууллын хэргээр 20 сэтгүүлчийг хоморголон шийтгэсэн явдал түүхэнд үлдсэн. Тэр хорин сэтгүүлчээс одоо тав нь л амьд сэрүүн байгаа.
 
МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын удирдаж хийлгэсэн Намын Төв хорооны хурлаас миний бичсэн “Гавьяа” найрууллыг “Манай нийгэмд харш” гэж дүгнээд, уг найрууллыг бичсэн, редакторласан, хэвлэхийг зөвшөөрсөн, хэвлэсэн 20 сэтгүүлчид арга хэмжээ авахыг Н.Лувсанравдан даргатай Намын хянан шалгах хороонд үүрэг болгож билээ.
 
Ингээд уг “эсэргүү” хэргийн толгойлогч намайг, “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгч Г.Дугар, Улаанбаатар хотын намын хорооны үйлдвэрийн хэлтсийн дарга Д.Мандшир нарыг 1989 оны тавдугаар сарын 29-нд Намын хянан шалгах хорооны хурлаар оруулж билээ. Тухайн үед Намын хянан шалгах хороо гэдэг чинь хууль хүчний бүх байгууллагын дээр “бүрэн эрхт” харгис байгууллага байлаа. Хэнд ямар хэрэг тохоож, яаж шийтгэх, ямар ял эдлүүлэхийг энэ байгууллага, түүний удирдлага Н.Лувсанравдан нарын хэдэн хүн л шийдэж байсан юм. “Эсэргүү” хэргийн толгойлогч гэж намайг хамгийн түрүүнд орууллаа. Н.Лувсанравдан даргын тал шиг том өрөө, дүүрэн хүнтэй байна. Г.Дугар эрхлэгч маань урд орой нь “Шууд аччихаж магадгүй шүү. Сайн дулаалж очоорой” гэсэн учир, хамаг муусайн хувцсаа давхарлаад өмсчихсөн. Гадаа дулаахныг хэлэх үү, хөлс аяндаа асгараад л байлаа. Би ороод үүдний тэнд, ярганы мал шиг бэвтийж зогслоо. Н.Лувсанравдан дарга босоод намайг танилцуулж, загнаж байна аа! “Энэ нөхөр Жамьян Монгол Зөвлөлтийн эвдэршгүй найрамдалд ан цав суулгасан, манай нийгэмд харш үзэл сурталтай “Гавъяа” гэж найруулал бичсэн учир намаас хөөж, прокурорын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж үгээ дуусгалаа. Намаас хөөгөөд прокурорт шилжүүлнэ гэдэг нь, эрүүгийн хэрэг үүсгэж, шоронд хийх нь дээ. Н.Лувсанравдан даргыг үг хэлж дууссаны дараа Намын хянан шалгах хорооны гишүүд ээлж дараалан босч, даргынхаа үгийг ёстой л тоть шиг давтсан даа. Хамгийн эхлээд намын хянан шалгах хорооны нэгдүгээр орлогч дарга Б.Ламжав гуай босч байгаа юм. Манай Дорноговь аймгийн, миний авга ах Г.Лувсандоржтой төө зайгүй үерхэж явсан, эхнэр Цэрмаа нь манай намын үүрийн дарга Жамьян дүү гээд сүрхий дотно, Цэрмаа гуайн дүү “цагдаа" Жаргал бид хоёр хар багаасаа үерхсэн найз нөхөд, эхнэр Долгорсүрэнг нь би танилцуулж сайхан айл гэр болгосон.... гэхчилэн олон талаар надад сайн хандах байх гэж бодож байсан юм. Тэгсэн чинь Б.Ламжав дарга маань бүр их хатуурхдаг юм байна. Арай л, одоо аваачиж шоронд хий гэсэнгүй.
 
Дараа нь Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа бослоо. Г.Адъяа дарга минь л намайг өмөөрөх байх гэж бодож байлаа. Бид хоёр МУИС-ын Монгол хэл уран зохиолын ангийг ойрхон төгссөн. Хоёул сэтгүүлч болсон. Тэр маань Мэдээлэл радиогийн улсын хороогоор дамжаад том дарга болчихсон, мэнд устай, гайгүй л явдаг хүмүүс. Ийм үед, муу сэтгүүлч нөхрөө хамгаалж л таарна гэж бодож зогслоо. Тэгтэл мань хүн түрүүчийн хэдэн хүнээс илүү загналаа. Би хэлж ярих эрх байхгүй, дотроо л гомдсон шиг, нулимсгүй уйлж байгаа юм л даа. Эдний дараа Намын Төв хорооны хэвлэлүүдийн нэгдсэн редакцын дарга Чимид гуай бослоо. Энэ хүн бидэнтэй, тэр дундаа надтай бол их ойр дотно холбоотой байдаг хүн л дээ. Энэ хурлаас хэдхэн хоногийн өмнө манай сониныхон Сонгины амралтад өдрөөр амрахдаа Чимид гуайгаа урьж, сайхан наргиж цэнгэсэнсэн. Би тэр орой, Чимид гуайгаа машинд суулгаж өгөхөд үнсч л үдүүлсэн юмдаа. Тэгсэн чинь Чимид гуай яаж хатуурхсан гэж санана. Намайг намд байх гавьяагүй хүн гэнэ билээ. Ингээд л бүгд Н.Лувсанравдан даргынхаа саналыг дэмжицгээсэн. Нэлээн сүүл хэрд МАХН-ын Төв хорооны хэлтсийн дарга Ц.Балхаажав гуай боссон. (Намын төв хорооны нарийн бичгийн дарга болоогүй байсан).  Тэр хурал дээр намайг өмөөрсөн ганц хүн бол Ц.Балхаажав дарга. Тэгээд л би “Миний өмгөөлөгч" гэж байгаа юм л даа. Ц.Балхаажав дарга босоод: “Г.Жамьян бол манай өсч яваа залуу сэтгүүлчдийн нэг. 
 
Залуу хүн алдаж болно. Түүнийгээ ухамсартайгаар засдаг л байх хэрэгтэй юм. Тиймээс сурвалжлагч Жамьянгаа энэ удаа ...гээд эхэлтэл нь Н.Лувсанравдан дарга “Суу" гэж зандраад суулгачихаж билээ.Намын Төв хорооны улстөрийн товчооны гишүүн, Намын хянан шалгах хорооны даргын дэргэд, Намын төв хорооны хэлтсийн эрхлэгч хүн жулдаж байгаа нь энэ. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай болж өнгөрдөг л цаг үе байсан юмдаа.
 
Намын хянан шалгах хорооны хурлаас арга хэмжээ авагдан, намаас хөөгдөж, ажлаас халагдан, прокурорын мэдэлд шилжсэнээр энэ өдөр миний хувь заяа шийдэгдэж байгаа юм. Намайг “Одоо хотын намын хороон дээр оч” гэсэн. Очсон чинь хотын намын хорооны товчооны гишүүд цуглачихсан хүлээж байлаа. Б.Алтангэрэл дарга гадаадад эмчлүүлж яваа учир хурлыг нарийн бичгийн дарга С.Пүрэв удирдаад намайг намаас хөөж, батлахаа хураалга гэсэн. Би намынхаа батлахаас адис аваад урт ширээн дээр нь тавьж билээ. МАХН-аас гурав хөөгдсөний хоёр дахь нь энэ. Намайг явж болно гэсэн. Жижүүрийн дэргэдүүр сонин руугаа орох гэсэн чинь “Таныг тийшээ битгий оруул гэсэн” гээд оруулсангүй. Гараад “Ленин” клубын зүүн дэргэд байсан хотын намын хорооны ажилчдын дан цагаан байранд хүрээд очсон чинь ээж дүү хоёрыг минь хөөж гаргаад, ор дэвсгэр, ширээ сандал бүгдийг нь гадаа хураачихсан байна. Би ачлага, унаа олж ирээд ээжийнхийгээ нүүлгэж, 50 мянгатын байрандаа авчирч байсансан.
 
 Монголын шударга ерөнхий прокурор С.Бүдрагчаа “Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга” гэж буцааснаар бидний дөрвөн хүн шоронгоос аврагдсан юмдаа. Өнөөдрийнх шиг ийм шүүх прокурорын мафи байсан бол “хэрчээд хаях” л байсан байх.
 
Намын хянан шалгах хорооныхон санасандаа хүрсээн. Намайг нутаг заан Модны үйлдвэрт 10 жил зургаан сар, дотоод яамны байнгын хяналтанд хүнд хүчир ажилд зүтгүүлж билээ. Ж.Дашдондогийг эвлэлийн Төв хорооны гараашд диспечир, Г.Дугарыг Орос трестийн баазад монгол хэсгийн ахлагч, Д.Мандширийг цахилгааны дэд станцад слесараар ажиллуулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын ач буянаар бидний 20 сэтгүүлч цагаатгагдаж, хилс хэргээс аврагдаж билээ. Намайг модны үйлдвэрт ажиллаж байх үед, нэг өдөр эхнэр З.Ичинноров маань ажлаасаа тараад их л баяртай хүрч ирлээ. Эдний ажлын газар Намын төв хорооны шалгалт очиж, ажил байдалтай нь танилцаж. Тэр группийг Ц.Балхаажав дарга ахалж явна гэнэ. Ажлынхаа зав чөлөөгөөр эхнэрт маань хандан: “Өнөө муу Жамьян юу болж явна? Та нар сайн уу. Хэлж ярих зүйл байна уу?” гэж. Эхнэр маань байдлыг товч танилцуулаад л өнгөрч. Ингээд бид бүгдээрээ Балхаажав даргадаа ямар их баярласан гээ. Ядарч явах үед ганц сайхан үг ч урам зориг өгдөг юм билээ.
 
Намын Төв хорооны нарийн бичгийн дарга хүн, нэг муу ядарсан сэтгүүлчийнхээ төлөө санаа зовож явах нь тийм ч түгээмэл хандлага байгаагүй байх. Ц.Балхаажав дарга бид нар ойр ойрхон тэтгэвэрт гарцгаасан. Дарга цэрэг биш, ах дүү, анд найз нар болох нь тэр. Ц.Балхаажав гуай бидний уулздаг цэг Тусгаар тогтнолын ордон. Энд бараг л өдөр болгон уулзана даа. Би бас тэнд хэсэгхэн хугацаагаар ажилласан. Балхаажав гуайн хаа яваа газарт шог хошин яриа, инээд наргиа өрнөж байна. Нэг удаа ахмадын хорооны өрөөнд орсон чинь өнөөх л ирдэг очдог ахмадууд цуглачихсан бөөн хөхрөлдөөн. Юу болов гэсэн чинь, ахмадын хорооны ажилтан Доржготов сая Балхаажав гуайтай утсаар ярьж зарим зүйлийг тодруулсан гэнэ. Балхаажав гуай “Зусланд байна" гэж яриад утсаа тасалчихаж. Хэдэн минутын дараа бас л асууж лавлах юм гараад Доржготов маань утас цохитол өвгөн гэрийнхээ утаснаас ярьж байна гэнэ. “Та чинь саяхан зусланд байна гээгүй билүү. Хэдий завандаа ороод ирэв” гэсэн чинь Балхаажав гуай: “Миний зуслан чинь балкон байдаг юм шүү дээ. Балкон дээрээсээ ороод ирлээ” гэснээр тийнхүү инээд наргиан үүссэн юмсанж. Балхаажав гуай бараг л сар болгон нэг ном гаргана. Хуучин, шинэ үсгээр. Нэг өглөө ахмадын хорооны өрөөнд орсон чинь Балхаажав гуай баахан ном дэлгэчихсэн сууж байна. “Ах нь номын санч болсон шүү дээ” гээд инээж сууна. Хамгийн сүүлчийн шинэ ном нь гарч. Түүнийхээ дээжийг танил тал, найз нөхдөдөө хүртээхээр номон дээрээ бүгдийн нэрийг бичиж гарын үсгээ зурсан байна. Ц.Балхаажав гуайн ном байтугай гарынх нь үсэг үнэ цэнэтэй, хожмын дурсгал билээ. Шинэ ном гардан авсан хүмүүс магнайнаасаа адис аваад гарцгааж байна. Зарим нь, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ц.Балхаажав гуайдаа талархал илэрхийлэн, “Номын цагаан буян дэлгэрэг” гээд тав гурван төгрөгөөр мялааж ч байгаа харагдана.
 
Миний хувьд Замын-Үүд дэх хувийн номын сандаа Ц.Балхаажав гуайнхаа бэсрэг булан нээж олон түмэнд ном зохиолыг нь сурталчилдаг юм. Бас номын санг маань үүсгэн байгуулж, байнгын ажилтай байлгаж байгаа соёлын тэргүүний ажилтан Пүрэвсүрэн маань өөрийнхөө зөвлөхөөр нь ажилладаг цэцэрлэгтээ Ц.Балхаажав гуайн бага насны хүүхэд хүмүүжүүлэх хөтөлбөрийг туршйн хэрэгжүүлж байгаа гэнэ. Миний “өмгөөлөгч” Ц.Балхаажав гэдэг төр нийгмийн зүтгэлтэн, аугаа их эрдэмтэн судлаач, хувь хүний хувьд мөнх биш ч гэсэн, алдар суу, арвин их бүтээл нь түүхэнд мөнхрөн үлдэх нь дамжиггүй.
 
Балхаажав гуай минь, танд 90 нас гэдэг чинь залуу нас шиг харагдаж байна. Зуу давж наслаарай гэж ерөөе. Сэтгэл оюунаа хүний төлөө зориулсан, эрдэм ухаан төгс, энэрэнгүй сэтгэлтэй, атаа жөтөөнөөс хөндий, аливаа шуналгүй хүн л урт насалдаг юм байна гэдгийг та минь бие сэтгэлээрээ харууллаа.
Би энэ үгээ, таныхаа 90 насны ойн даруухан цайллага, илэн далангүй хөөрөлдөөн дээр хэлэх гэсэн чинь, эрдэмтэн мэргэд, эгэл жирийн олон хүн үг хэлээд боломж олдоогүй юм. Эрхэм ах тандаа муу “эсэргүү" дүү чинь алд цэнхэр хадаг бус, алгын чинээхэн цагаан цаасаар хүндэтгэл илэрхийлэн үнсүүлье.
 
 
Г.Жамьян
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн