sonin.mn
Монгол Улсын ахмад дайчин Баянзулын Балчин 1916 онд Сайн ноён хан аймгийн Жамьян вангийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 1937 онд эх орныхоо дуудлагаар цэргийн албанд татагдаж, Д.Нянтайсүрэн, комиссар О.Дандгай нарын командалсан Матадын наймдугаар морьт дивизийн их бууны хороонд алба хааж, 1939 оны Халхын голын дайнд оролцсон юм.
Баянзулын Балчин дайнд оролцсон тухай олон зүйлийг ярьж үлдээсэн байдаг. наймдугаар морьт дивиз Маршал Чойбалсангийн шифрээр ирсэн тушаалын дагуу 1939 оны зургадугаар сарын 19-нд Буландэрс Буйр нуурын районд очиж, хориглох байлдаанд оржээ.Аяны маршад явж байх үедээ Японы бөмбөгдөлтөд өртөж, бага зэргийн хохирол хүлээж дивизийн бүх бүрэлдэхүүн заасан районд хүрэлцэн иржээ. Дивизийг Халхын гол гатлах гарам олохын тулд Нянтайсүрэнгийн ам тушаалаар Балчин хэд хэдэн газраар адуу хөөн оруулж арай гүехэн газраар нь дивизийн бие бүрэлдэхүүн гарч байжээ. 
 
Дивизийн их бууны дивизонд нэг нутгийн, нэг оны цэргүүд болох Ж.Хаянхярваа, Б.Цагаач, С.Чогсом нарын зэрэг дайчин нөхдийнхөө хамтаар байлдаж явсан бөгөөд энэ үед хоёр удаа “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнагдаж байв.
 
Тухайн үед дивизонд сэрээ баталдаг хоёр цэрэг байсан бөгөөд Хаянхярваа, Увшийн Пүрэв нар байжээ. Сэрээ батална гэдэг нь их буугаар буудаад оносон “бай”-г нь тоолохыг хэлдэг байсан аж. Баатарлагаар байлдсаны дараа дивиз дээр Жуков, Лхагвасүрэн нар ирж баяр хүргэж байсныг бахархан ярих дуртайсан. 1939 оны зургадугаар сарын 26-нд жанжин Лувсандонойн тушаалаар Баруун, Зүүн Хан уулын ард маршаар явж байхад нь улаан таван хошуутай есөн онгоц гарч бөмбөгдөн дивизэд нэлээд хохирол учруулсныг зүрх шимшрэн ярьж байв. Үүнээс болж Лувсандонойг хэлмэгдүүлжээ. Улмаар 1939 оны наймдугаар сарын 20-нд Монгол Зөвлөлтийн ерөнхий давшилт эхэлж, наймдугаар морьт дивиз фронтын баруун жигүүрт давших байлдаанд орж хамгийн түрүүнд хилийн заагт хүрчээ. 1939 оны наймдугаар сарын 31 гэхэд Монголын хилээс япончуудыг хөөн зайлуулсан юм. 
 
Дайн дууссаны дараа 1939 оны аравдугаар сарын сүүлээр байнгын байрлалдаа хүрэлцэн ирэхэд Матад сумын хөдөлмөрчид баяр хөөр болон угтжээ. 1939 оны аравдугаар сараас 1940 оны наймдугаар сарын 20 хүртэл наймдугаар дивизийн агтан дээр алба хааж албан үүргээ нэр төртэй биелүүлсний баталгаа болж шагнагдсан “Сайшаалын үнэмлэх” дурсгал болон хадгалагдан үлджээ.
 
Тамсагбулагийн зургадугаар морьт дивиз, Матадын наймдугаар морьт дивизийн олон эмнэг хангал ороо морьдыг уургалж байсан гэдэг. Маршал Чойбалсангийн тушаалаар 1940 оны наймдугаар сарын 20-нд цэргийн албанаас бэлтгэл болон халагдаж, төрж өссөн нутагтаа ирж мал маллан амьдарч, Улс, аймаг, сумын аварга малчин болж улс нийгэмдээ чөмгөөн дундартал хөдөлмөрлөж явжээ.
 
 
 
Балчингийн БҮРНЭЭБААТАР