sonin.mn
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн  “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” сэдэвт хоёр бүтээлийн Монгол хэвлэлийн нээлт боллоо. Хятадын их удирдагч Ши Жиньпиний бичсэн энэ номыг Монгол хэл дээр хэвлэн гаргасан нь БНХАУ байгуулагдсаны болон манай  хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа ажлуудын нэг. Мөн найрсаг харилцаат мөнхийн хөрш гэдгийг нь баталж байгаа явдал гэдгийг арга хэмжээний эхэнд  оролцогчид онцоллоо. 
Ши Жиньпиний  “Төр улсыг засахуй” номын 1-р боть нь Ши Жиньпинь даргын 2012-2014 оны хооронд бичсэн  80 орчим нийтлэл багтсан байна. Нийтлэлүүд нь төр улсыг засах, төр улсыг удирдах стратегийн гол асуудлуудыг багтаажээ. Өмнөд хөрш сүүлийн 40 жил эдийн засаг нийгэм, соёл шинжлэх ухааны салбарт үсрэнгүй хөгжилд хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс орон болсон. Үүнтэй холбоотойгоор манай хоёр улсын салбар бүрийн харилцаа тэлж байгаа. Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа ч  ид хөгжиж байна. Ойрын жилүүдэд Монгол-Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа улам өргөжнө.  Тухайлбал 2020, 2021 онд хоёр талын харилцааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр 2 талын Засгийн газар тохиролцсон зэргээр Монгол улс БНХАУ-ын хөгжлийн туршлагаас улс орныхоо хөгжилд тохируулж, хамтран ажиллах замаар тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэх боломжтой юм. 
 
Хятад улс сүүлийн 40 жил өөрчлөлт шинэчлэлийн замаар явахдаа олон зуун сая хүнийг ядуурлаас гаргасан. Тиймээс нээлтээ хийсэн тус номын орчуулга нь хэвлэгдэн олон нийтийн хүртээл болсноор өмнөд хөршийн туршлага, хийгдэж байгаа зарим ажлуудыг нухацтай авч үзээд МУ-д ашиглаж болох арга төлөвлөлтийг хэрэглэн улмаар Монголд ядуурлыг бууруулахад  ашиглах онол, парактикыг сурахад тустай юм. Цаг үеийн ач холбогдол нь ч өндөр гэдгийг  судлаачид хэлж байлаа. 
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин  хэлэхдээ: “Төр улсыг засахуй” номонд хөрш орнуудын хооронд элэгсэг дотно, үнэнч шударга, үр өгөөжтэй, хүртээмжтэй үзэл санааг баримтлах тухай агуулгыг оруулсан. Үүнийг ч бид олон жилийн хамтын ажиллагаагаар нотолж байгаа. “Нэг бүс нэг зам”  болон  “Хөгжлийн зам” санаачлигын стратегийн уялдаа холбоог  бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр хоёр  улс хичээж байгаа. Монгол улсын хувьд  “Нэг бүс нэг зам”  санаачилгыг идэвхитэй дэмжин оролцож, уг санаачилгын Монгол дахь бүтээн байгуулалтын хүрээнд явагдаж байгаа олон сайхан хамтын ажиллагааны төслүүд хөрсөндөө бууж, үр шимээ хүртээсээр байгаа.  Өдгөө Хятадын ард түмэн Ши Жиньпинээр гол цөм болгосон “Хятадын коммунист нам”-ын удирдлага дор дэлхий дахины анхаарлыг татахуйц амжилтанд хүрлээ. Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх бөгөөд нийгэм эдийн засгийн боломж ч  асар их. Энэ туршлагаасаа ч хуваалцаж байна. Хоёр улс засаглалын хувьд туршлага солилцох үр ашигтай зууч индэр гэж ойлгож байна” хэмээв. 
 
 
Харин МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх  хэлсэн үгэндээ: “Энэ хоёр бүтээл нь Хятадын нам төрийн дээд удирдагчийн хувиар төрийг засч жолоодох арга замын талаар олонтаа хэлж, шинэлэг баримтыг дэвшүүлж, түүхэн цаг үе нөхцөл байдалд эрх баригч улс төрийн нам хийгээд улсын хөгжлийн асуудлаарх онол парактикын асуудлуудад оновчтой гүнзгий хариулт өгч, Хятадын коммунист намын шинэ үеийн удирдлагын төр улсыг засах үзэл баримтлал, засгийн эрх барих бодлого чиглэлийг төвлөрүүлэн илэрхийлсэн байна. 1978 оны 12-р сард хуралдсан Хятадын коммунист намын төв хорооны 3-р бүгд хурлаас БНХАУ өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлснээс хойших өнгөрсөн 40 жилийн хугацаанд тус улсын нийгэм эдийн засгийн хөгжил их амжилтанд хүрч, БНХАУ-ыг дэлхийн 2 дахь том эдийн засагт нөлөө бүхий хүчирхэг улс болгож чадсан билээ.
 
МАН, Хятадын коммунист нам хоёулаа 1921 онд байгуулагдсан Азийн ууган улс төрийн хүчин юм. Улс орны хөгжил дэвшил хүн ардын жаргалант амьдрал, гэрэлт ирээдүйн төлөө ихийг бүтээж түүхэн гавьяа байгуулан чухал үүрэг гүйцэтгэж ирсэн улс төриийн хүчнүүд билээ. 2011 онд бид намуудынхаа 90 жилийн ойг хамтран тэмдэглэж байсан сайхан дурсамж бий. Удахгүй 2021 онд хоёр нам байгуулагдсаны 100 жилийн ой болно. Тиймээс энэ завшааныг ашиглан 100 жилийн ойг ч бас хамтран тэмдэглэх ажил манай хоёр орон, манай хоёр намын өмнө тулгарч байгаа гэдгийг 200 гаруй мянган гишүүдийнхээ өмнөөс  тэмдэглэн хэлэхийг хүсч байна.  Хөрш зэргэлдээ хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх ард түмэн хоорондын найрсаг харилцааг бататган дэлгэрүүлэх, эерэг хандлага ажил хэрэгч нөхөрлөл бий болгохын төлөө МАН тууштай ажилласаар ирсэн. Энэ зорилтын төлөө цаашид ч Хятадын коммунист намтай улам бүр нягт хамтран ажиллах болно” гэж тодотгосон юм. 
 
Уг номыг гаргахын тулд Монгол Хятад хоёр улсын 22 эрдэмтэн судлаачид хагас жил орчмын  хугацаанд хийсэн судалгаа шинжилгээ нөр их хөдөлмөрийн дүнд бүтжээ. БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш Хятадын коммунист нам ард түмнээ удирдаж ядуурлаас гаргахын тулд шаргуу зүтгэл гаргаж ирсэн. Энэ утгаараа мөнхийн хөрш улстайгаа хөгжлийн арга туршлагаасаа хуваалцаж, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хичээх болно гэдэг үгийг ч өмнөд хөршийн төлөөллүүд хэлж байлаа. 
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,  “Хятадын коммунист нам”-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд  дарга Зян Зяньгүе, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарын албаны хүмүүс оролцож үг хэлсэн Түүнчлэн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг унжиж сонордуулсан юм.