sonin.mn
Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэж буйтай холбогдуулан ХҮНам мэдээлэл хийж, мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэхийн сацуу мэдээллийг хүргэж байна.
 
 
Мэдэгдэл
 
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн дийлэнх зүйл, заалтуудыг УИХ хэлэлцэж эцэслээд байна.
Үндсэн хуулийг өөрчлөх явцад Ерөнхийлөгчийн төсөл өргөн баригдсанаар зөвшилцлийн нэртэй хуйвалдаан эхэлж "улс төрийн наймаалцал"-ын зарчимд шилжлээ. Энэхүү наймааны өөрчлөлт нь одоогийн Үндсэн хуулийг дордуулж, Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнолыг устгах аюулд хүргэж байна.
 
 
1. Намчирхал, талцлыг Үндсэн хуулиар баталгаажуулж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд шууд халдлаа. Монголын ард түмэн аугаа их эрх чөлөөний мэдрэмжтэй  ард түмэн. Монголчууд эрх чөлөөнд нь халдсан хэнийг ч үл тэвчиж, дарж, ялж ирсэн түүхтэй. Иймд, улс төрийн нам 20,000 хатуу гишүүнтэй байх шаардлагыг эсэргүүцэж байна.
 
2. Төсвийн хулгай, авилга, 60 тэрбум, ЖДҮ, цүнх баригчдын арми, жалга довны хэрүүлийн шалтгаан болсон сонгуулийн 76 жижиг тойргийн тогтолцоог хамгаалан авч үлдлээ. Үүнийг засах боломжийг Монголчууд МАН-д олгосон боловч тэд гагцхүү хувийн болон намынхаа ашиг сонирхлын үүднээс хуйвалдан, Монгол түмний ирээдүйг хорлон сүйтгэж байгааг бид жигшин зэвүүцэж байна.
 
3. Засгийн газрын тогтвортой байдлын амин сүнс болсон кабинетийн зарчим, Ерөнхий сайд нь багаа бүрдүүлж, хариуцлагаа бүрэн хүлээх тогтолцоог хэлэлцүүлгийн үеэр 5 удаа унагаалаа.
 
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард, нийтийн санал асуулгаар батлуулж, ард түмнээр шийдүүлэхийг ХҮН нам шаардаж байна.
Үндсэн хууль нь Монгол Улсын хууль болохоос Монгол Ардын Намын хууль бишээ. Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан эсэргүүцэхээ үүгээр мэдэгдэж байна!
 
 
 
 
 
 
 

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ

2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр