sonin.mn
Дорнод аймгийн Халхгол сум дахь  “Ялалт” музейг  үзэхэд тэртээх  1939 оны  дайныг туучаад гараад ирэх мэт болдог. Музейн захирал Л.Мягмарсүрэн гэж Халх голын нэвтэрхий толь, дээлтэй судар болсон эрхэм хүмүн түүхэн үйл явдлыг  дарийн утаа үнэртэж, нүдэнд харагдтал тайлбарладаг нь ийм. Тэнд очсон хүмүүс ч   “Халх голд очвол музейг нь  заавал үзээрэй”  гэсэн яриаг бие биедээ дамжуулсаар өдгөө түүнийг  мэдэхгүй, танихгүй  хүн бараг үгүй. Гамшигт дайн, эх нутаг,  газар шорооны үнэ цэнэ, хайртай бүхнийхээ төлөө халуун амиа өгсөн эрэлхэг баатруудын  алдар гавъяагаар хойч үеийг хөглөн  ухаарал гэгээрэлд хөтөлж байдаг эрхэм хүн ийнхүү монголчуудынхаа  эчнээ танил болсон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч зарлиг гарган  Халх гол сум дахь “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнг Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнав. Энэ мэдээг нийгэм даяараа алга ташин хүлээж авсан нь  шагнал нүдээ олохын сайхныг түмэн олонд зарлан дорхноо  түгсэн билээ. Чухам энэ л үеэр түүнтэй уулзаж, “Амьдралын тойрог” булангийнхаа хүндтэй хойморт урьсан юм.
 
 
Дайны талбар дахь түүхт музей.
 
Хөх галын дөл мэт зэрэглээ  цоролзох хязгаарт
 
Домогт Халх голын сав газар, Буурал То  Вангийн нутаг алсаас харахад хөх галын дөл мэт зэрэглээ мөнхөд цоролзон харагдана л. Ойртоод очиход  бөмбөг дэлбэрснээс үүссэн болон танк, их бууныхны нуувч хийж байсан том хар нүх энд тэндгүй тааралдана.
Их бууны суманд онгичуулсан газар ээжийн  шарх өдгөө 80 жил болоход аниагүй байна. Ингээд бодохоор “Сумны шарх эдгэрдэг, үгийн шарх эдгэдэггүй” гэлцдэг ч аль аль нь анихдаа удаан юм гэж бодогдоно. Нутаг усаа хайрлахтай хамт хүнийг, бусдыг хайрлах сэтгэл бас ундарна. Хөх өвгөдийн яриа, буурал түүхийн домог хуучийг сонссоор өөрөө түүндээ хөглөгдөн хөтлөгдөнө. Өөрийн эргэцүүлж тунгаасан дээр  ирээдүйд учрах бүхэнд  итгэл сэтгэлийн хүч,  ухааны учгийг атгуулах хүсэл төрнө. Л.Мягмарсүрэн гуай  дайны талбар болсон энэ л газарт хүй цөглөж,  хөрс шороон дээр нь хөлд, хэлд орсон цагаас өнөө  хүртэл төрөлх нутагтаа амьдарч ирсэн нутаг амьтай нэгэн. 
 
Дайсны өөдөөс, суман шуургыг сөрж, эх нутгаа хамгаалсан дайны баатруудыг амьд ахуйд өвдгийг нь түшин үлгэр домог шиг яриаг нь сонсч өссөн азтай хүн. Сонссон дуулснаа 12 мөнгөний нимгэн дэвтэрт бичиж тэмдэглэхийн зэрэгцээ хэзээ ч мартахгүйгээр цээжиндээ баринтаглаж үлдсэн  нэг ёсондоо Халх голын дайны түүхийн “архив” ажээ. Тэдний удмынхан эх сурвалжид Халх гол бичигдэж, ингэж нэрлэгддэг ч өргөн олны  Халхын гол хэмээн ярьж хэлж ирсэн, магадгүй Халхчуудын гол ч хэмээсэн байж болох энэ л нутагт олон үеэрээ аж төрж иржээ.
 
Халх гол бол Их Эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахын өмнө хэрэйд, мянгадтай байлдан дарж авсан түүхт нутаг. “Монголын нууц товчоо”-нд Халх голын тухай тэмдэглэдсэн  Буйр нуур, Далан нөмрөг, Авжига гүдгэр, Алахай булаг, Балж нуур  зэрэг 13 газар бий. Энэ л нутагт аав, ээж нь нэгдлийн  мал сүргийг хариулахын  зэрэгцээ амины тав арваа өсгөж ирсэн малч удмынхан бөгөөд тэдэнд заяасан цор ганц үр нь  Л.Мягмарсүрэн. Хүний ганц хүүгийн  хувьд  идээний дээдийг идэж, эдийн сайныг өмсч эрхээр элж   болох ч  ээж аавын хайрын даруулганд, эрдэм номын их буулганд ажилд гавшгай, ааш зан дөлгөөн нэгэн  болж төлөвшжээ. Дунд сургууль төгсөөд Дорнод аймгийнхаа ХАА-н техникумыг малын эмчийн ангид орж суралцан  онц  төгсөөд 1973 онд  нутагтаа ирж Мал аж ахуйн туршилт судалгааны  станцад орос мэргэжилтнүүдийн хамт есөн жил ажиллажээ. Орост сургуульд явна гэж мөрөөдөн, үсээ урт ургуулж, өргөн жинс өмссөн ах нараас суралцаж, өргөст хэмх даршлахыг заалгаж явсан ч нутагтаа үлдэн гэр бүлтэй болж, хожим   ХААДС-ийг оройгоор дүүргэсэн гэнэ. Түүний хань Сүхбаатар аймгаас ажил амьдралын мөр хөөн Халх голд очсон  дарьганга бүсгүй. Тэд 1974 онд танилцаж, анхны үрийнхээ зулайг үнэрлэснээс хойш дөрвөн хүүхэд,  есөн ач зээтэй өнөр бүл болжээ. Өдгөө  багшийн мэргэжил эзэмшсэн том охин нь  дунд сургуулийн захирал, инженер мэргэжилтэй хүү нь Дорнод аймгийн Засаг дарга, бага хүү нь цэргийн хүн, отгон охин нь МУИС-ийг төгсч АНУ-д мастер хамгаалж эдийн засагч мэргэжлээр  тус тус ажилладаг.
Л.Мягмарсүрэн гуай  өнөөг хүртэл  улсад  46 жил ажиллахдаа төрийн алба, олон нийтийн байгууллага, сангийн аж ахуй,  соёлын салбарт зүтгэж, социализмын үед сумын  МХЗЭ-ийн дарга, ардчиллын он жилүүдэд сумын Засаг даргын албыг  хашиж явжээ. Нутгаасаа хол явах дургүй, энд л өдөлж, өтөлж яваагийнх түүнд Халх гол сумын  хаана юу байгаа, хэн нь яаж амьдардгаас эхлээд аймаг орон  нутгийн хөгжил, төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын түүх гээд мэдэхгүй зүйл үгүй. Ийм болохоор ч тэр үү, үр хүүхэд, ач зээ нараа  алс хол явах хэрэггүй гэж зүтгэдэг байж. Сүүлд  АНУ, ОХУ руу ажил хэргийн шугамаар явж ирснийхээ дараа ач зээ нарыгаа улс  орны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж яв, хэл сур, АНУ-д очиж суралц хэмээн зөвлөдөг болж өөрчлөгдсөн гэнэ лээ.
 
Дэлхийн II дайны эхний буун дуу, ялалтын уухайтай музей
 
Л.Мягмарсүрэн гуай  2008 оноос өнөө хүртэл “Ялалт” музейд  байгаа бөгөөд тав дахь захирал нь юм.  Харин Халх голын дайны түүх судлалд бол тэрээр амьдралынхаа 40 гаруй жилийг зориулжээ. Үүний зэрэгцээ   “Тогтохтөр ван” уран сайхны киноны хамтран зохиогчоор нь ажиллаж, Их бурхантыг сэргээж олон түмэнд таниулах,  Халхын голын дайны талаар цөөнгүй ном товхимол гаргасан байна.  Энэ бүхнийг  нь төр түмэн олноос  үнэлж  Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Залуу үеэ баатарлаг үйлсээр хөглөн цэнэглэж, хойч үедээ  эх оронч үзлийн бахархал омогшлийг төрүүлэхэд улам сайн ажиллаарай” хэмээн урам өгсөнд  тэрээр ихээхэн баяртай байгаа аж.
 
“Ялалт” музейн хувьд   өнгөрсөн дайны хар мөр явж өнгөрсөн тэр л газарт, дайны шарх бүхий  хөрс шороон дээр   байгуулагдсан түүхэн музей гэдгээрээ Монгол Улсын хэмжээнд байгаа 54 музейгээс өөр бөгөөд онцлогтой. Анх 1982 онд тухайн үеийн Намын Төв хорооны Улс төрийн товчооны 159 дүгээр тогтоол гарч,  тус музейг байгуулсны зэрэгцээ Ялалт хөшөөг босгожээ.
 
Барилга байгууламжийг нь тухайн үед Дорнод аймагт ажиллаж байсан Барилгын цэргийн 030 дугаар ангийн цэрэг дайчид барьж, 1984 оны наймдугаар сарын 14-ний өдөр ашиглалтад оруулсан байна. Мөн  Монгол Улсын хэмжээнд  музейн зориулалтаар барьсан хоёрхон  барилгын нэг юм. Харин дотоод засал чимэглэлийг нь тус аймагт ажиллаж байсан зөвлөлтийн барилгачид хийжээ.
 
Бусад музейгээр ороход уран зураг, угсаатан зүйн үзмэрүүд, байгалийн түүх гээд төрөлжүүлсэн байдаг. Тэгвэл “Ялалт” музей зөвхөн  Халхын голын дайны түүхийг өгүүлнэ. Музейг анх байгуулагдсан цагаас хойш үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг бичсэн зузаан дэвтрүүд, ирээдүйд хэдэн боть ном болохоор. Өнөөдрийг хүртэл тус музей 100 гаруй мянган хүнд үйлчилжээ.  Сүүлийн жилүүдэд Халх  голын дайнд оролцсон ахмад дайчид өдрийн од шиг цөөрснийг Л.Мягмарсүрэн гуай дурссан. Мөн  Халх  голын дайнд оролцсон хэрнээ өнөөдөр хэн ч дурсахгүй мартагдсан нэр нь тодроогүй баатар, жирийн цэргүүд ч  олон байгаа гэв. Иймд тэднээс үлдсэн  эд өлгийн зүйл, зураг хөрөг, одон медаль, бичиг баримтыг аймгийнхаа  бүх сумын хэмжээнд тодорхой ажлыг эхлүүлсэн.Хол, ойроос олон хүн холбогдож, эмээгийнхээ, өвөөгийнхөө одон медаль, дурсгалт зүйлүүдийг музейд авчирч өгч байгаа Тэдгээрийг музейд үзмэр болгон тавьснаар хүмүүсийн хандах хандлага нь илт өөр болж эхэлсэн гэнэ.  Халх гол сумын нутагт 1939 оны дайны талбараас  үлдсэн зэвсэг, техникийн үлдэгдэл олон  байсан ч 1990-ээд оноос хил давуулах төмрийн наймаа өрнөхөд ихээхэн  эвдэгдэж тоногджээ.  Орос, Хятадын судлаачидтай хамтран дайны талбарт хайгуул хийсний үр дүнд тодорхой зүйлүүд гарч ирсний дотор  1939 онд япончуудын хэрэглэж байсан архи, пивоны шил  үйлдвэрлэсэн компанийнхаа нэр, хаягтай байсан гэнэ.  Мөн 1939 онд япончуудын шумуулаас хамгаалахын тулд өмсч байсан торон малгайны төмөр утсан хүрээ олдсон нь тун  сонинрхолтой  олдворын нэг аж. Дайны талбараас 1935, 1936 оны ЗХУ-ын мөнгөн тэмдэгт, зоос  хүртэл гарч ирдэг. Япончууд сүүлийн 10 гаруй  жил Халх голд ирж эрэл хайгуулын ажил хийн 1939 оны  дайнд амь үрэгдсэн хүмүүсийнхээ шарилыг олж, ясыг нь чандарлан эх орон руугаа авч явдаг. Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй ажил байсан. Энэ ажлын хүрээнд   1939 онд аавынхаа өмсч байсан цамц, өвөөгийнхөө цүнх зэрэг цөөнгүй эд зүйлийг манай музейд авч ирж өгсөн хүмүүс ч бий.  Энэ  бүхэн дор бүрдээ түүх өгүүлсэн ховор дурсгалууд хэмээн Л.Мягмарсүрэн захирал ярьж байна. үүнээс гадна Халх гол суманд мөн  1947-1948 оны Османы дээрэмчдийн баруун хилийн тулгаралтад Халх голын отрядын морьт хороогоо явуулж байсан Байлдааны болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит  Хилийн хороо одоо ч бий.
 
Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
 
Халх  голын дайнд хилчдийн гүйцэтгэсэн үүрэг асар их.   1939 оны тавдугаар сарын 11-нээс дайн эхэлж, есдүгээр сарын 16-нд япончууд бууж өгснөөр дайн дууссан. Энэ хугацааг түүхэнд Халх голын дайн гэж нэрлэдэг.  Дайн эхлэхээс өмнө улсын хил дээр цөөнгүй тулгаралт болж цус урссан түүхтэй. Ерөөс 1935 оноос эхлэн  1939 оны тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Монгол Улсын хилийг зүүн өмнө талаар том, жижиг хэлбэрээр 60 удаа өдөөн хатгасан, мөргөлдөөн болсон гэдэг судалгаа байдаг. Баргын 1000 орчим айл өрхийг санаатайгаар Монгол Улсын хилд 3-5 км гүнд нэвтрүүлэн  газар нутгийн маргаан үүсгэн дайн болох шалтаг шалтгааныг тавьж байхад үүний эсрэг хилчид л ухуулга сурталчилгаанд явж, хүн буудахгүй, эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж болохгүй зөвхөн ухуулан таниулж, хил гарахыг шаард гэсэн үүрэг даалгавартай дайны өмнөх байдлыг зохицуулж байсан гэдэг. 1935 оны нэгдүгээр сарын 24-нд анх удаа Халхын сүм гэдэг газар тухайн үед улсын хилээс 2-3 км-ийн гүнд байсан сүмийг Япон, Манжийн цэрэг эзлэн авсан бол  1927-1928 онд  Баргын олон айл өрх  Дорнод аймгийн нутагт нүүж иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын зүүн талаар шинэхээн буриадууд нүүж ирсэн. Энэ үеэс хилийн гадаад цагийн байдал түгшүүртэй болж эхлэхэд Цагаан-Овоо сумынхныг нутгийн гүн рүү татаж хил дээрх харуул манааг чангатган, хөдөлгөөнийг зохицуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Халхын сүмд байсан лам нарыг нутгийн гүн рүү татсанаар, Халхын сүм эзгүйрч үүнийг далимдуулан Япон, Манжийн 17 зэвсэг бүхий цэрэг сүмд нэвтрэн орж, Монгол Улсын хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн гарч, анх удаа эрдэнэт хүний амь нас сүйдэж удалгүй дайн эхэлсэн ч ялалтын уухайгаар төгссөн түүхтэй.
 
Нийтлэлийн баатар маань Халх голын дайны түүхийг ийнхүү онц цагийн дарааллаар ярих нь эгээ л түүхэн кино үзсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Музейгээ тайлбарласаар байгаад  уран илтгэгч шиг цэгцтэй хийгээд хүний сэтгэлд хоногштол ярьдаг болсон болов уу. Тэгээд ч музейг тайлбаргүй үзвэл давсгүй хоол идсэн мэт болно шүү дээ.
 
Эцэст нь тэмдэглэхэд уншигч та  Халх голыг зорих аваас “Ялалт” музейг нь  Л.Мягмарсүрэн гуайгаар  сайхан тайлбарлуулж үзээрэй. Үр хүүхдүүдээ эх оронч үзэл, баатарлаг түүхээр хөглөж хөтлөөрэй. Тэртээх дайны жилүүдэд дарийн утаанд бүрхэг байсан Халх голын тэнгэр цаг ямагт  цэлмэг байг ээ.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин