Молхи миний уулзсан гэгээн мөрт тэр их хүний алдар нэрийг Юмжаагийн Цэдэнбал гэнэ. Тэрбээр бурхан биш хүн байсан. Тэгэхдээ Монгол эх орон, ард түмнийхээ хөгжил, сайн сайхны төлөө бие сэтгэл, оюун ухаанаа бүрэн зориулж нам, төрөө 44 жил тэргүүлэн удирдсан нөр их хөдөлмөрч бурхан мэт бодь хүн байлаа. Бидний үеийн ахмадууд Ю.Цэдэнбалыг дурсах нь намаа дурсахтай агаар нэгэн бөлгөө. Ийм үгсийг сонсохуйяа XX зууны монголчуудын олонх нь баясч, цөөхөн хүн багтарч бухимдах биз ээ. Энэ их хүний дүр төрх, хийж явсан ажил үйлс, хэлж сургасан үг зөвлөмж бүхэн нь олноороо гадаадын олон оронд сурч, амьдарч буй залууст, ер нь манай залуу хойчист, ялангуяа намын залуу ажилтан, ирээдүйн удирдагч нарт сургамжтай бөгөөд суралцууштай учир ийнхүү түүнтэй уулзсан нэлээдээс гуравхан учирлыг маш товчоор дурсамжиллаа.
 
1. Ю.Цэдэнбал дарга Өвөрхангай аймгийн Арвайхээрт 1953 оны хавар томилолтоор ажиллаж явахдаа манай сургуульд аймаг, сургуулийн удирдлагууд Ж.Гончигдорж, Н.Адъяа, Б.Бортай ирж, ангиудаар ороход нь Д.Бямбаа багш манай 76 ангид утга зохиолын хичээлээр Оросын их зохиолч М.Ю.Лерментов, түүний зохиол “Анчар" шүлгийн тухай зааж байв. Ю.Цэдэнбал дарга хичээлийн багш болон бидэнтэй мэндлээд Лерментовын тухай, “Анчар” шүлгийн талаар хүүхдүүд биднээс асууж П.Бадгар, Г.Лхагвадорж С.Тойв нарын зөв, сайн хариултыг сэтгэл ханамжтай сонсоод, “Хүүхдүүд та нар хичээл, номдоо ямагт шамдан суралцаарай. Орос болон Зөвлөлтийн сонгодог, бас өөрийн орны ном зохиолыг амтархан уншиж, эх хэлээ төгс сайн сурч эзэмшээрэй. Та нар манай Монголын ирээдүй. Та нараас л манай алдартай эмч, багш, эрдэмтэн мэргэд, инженер, зохион бүтээгчид төрж гарах учиртай.
 
 
Та бүхэн л цаашдаа улс эх орноо удирдан хөтлөх болно. Тэр цагт та нарт шаардагдах ажлын байр, орон сууц, унаа машиныг чинь өнөөгийн нам засаг, ахмадууд бэлтгэж байна. “Эрхэм баян эрдэм. Эрдэмд оройгүй” гэдэг. Тийм учраас хүүхдүүд та нар цөхрөлтгүй суралц. Дахин сур. Эрдэм мэдлэг, бүх талын боловсрол, өндөр хүмүүжилтэй, соёлч иргэн болцгоогоорой” гэж сургамжилж байсан нь сурагч асан надад ихээхэн бишрэл, хүндэтгэлтэй бас их дурсгалтай үйл явдал болон үлдсэн юм.
 
 
Сурагчид бид Ю.Цэдэнбал даргыг тийнхүү анх харахад тэрбээр нуруу цэх, нүд сэргэлэн, магнай тэнүүн, үг яриа хурц тод, савхин пальтотой, цагаанаас цагаан хүн байсансан. Тэр үед арвайхээрийнхэн царайлаг сайхан хүнээ “Ягаан ноён” (Сайнноён-хан Намнансүрэн) шиг хэмээн зүйрлэн магтдаг байв. Харин хүүхдүүд бид Ю.Цэдэнбал даргыг анх харснаасаа хойш “Ягаан ноён”-оос илүү “цагаан дарга" гэж байх бөгөөд тэр нь “Цэ дарга” юм байна гэдгийг мэдэж авсан билээ.
 
 
Тэр үед бид ангидаа 36-уулаа сурч байсан. Тэдгээрээс 30 нь дотоод, гадаадын их, дээд сургууль дүүргэж хүн, малын их эмч, багш, инженер, инженер-технологич, геологич, зарим нь төр, нийгмийн зүтгэлтэн сайд, дэд сайд, нэлээд нь эрдэмтэн доктор болцгоосон нь Ю.Цэдэнбал даргын хэлсэн дээрх үг, зөвлөмж бодитойгоор хэрэгжсэний нотолгоо юм.
 
 
2. Москва хотын Нисэх хүчний дээд сургуулийн оюутны их танхимд 1958 оны намар Ю.Цэдэнбал дарга монгол оюутнуудтайгаа уулзаж, нутаг орны байдал, Монгол Улсын цаашдын хөгжил, социалист орнуудын хамтын ажиллагаа, Монгол-Зөвлөлтийн уламжлалт, найрамдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутан залуус, ЗХУКН-ын дээд сургуулийн Монгол сонсогчдын амаар болон бичгээр тавьсан асуултуудад тодорхой хариулт өгсөн нь эх орон, элгэн саднаа санасан оюутан бидэнд эцэг маань ирсэн мэт элэгсэг дотно, сурах урам хайрласан, нэгэн сайхан уулзалт болж билээ. Тэр уулзалтын үеэр Цэдэнбал даргаас бидэнд олон сургамж, зөвлөгөө өгч байснаас доорх санааг Г.В.Плехановын нэрэмжит дээд сургуулийн шинэхэн оюутан асан Т.Дашдэлэг би тэмдэглэн авснаа сийрүүлбэл: МАХН, засаг төр улс орноо хурдацтай хөгжүүлэхэд мэргэжлийн үндэсний боловсон хүчин шийдвэрлэх үүрэгтэйг ойлгон мэдэрч, гадаад орнуудад тухайлбал, ЗСБНХУ-д олон мянган оюутан та нарыгаа төрөл бүрийн техник, технологийн нарийн мэргэжлээр сургаж байна. Иймээс та нар улс, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөн, зөвлөлт нөхөд, эрдэмтэн багш нараа эрхэмлэн хүндэтгэж, хичээл, сонгосон мэргэжилдээ сэтгэл, оюунаа дайчлан, залхууралгүйгээр шамдан суралцаарай. Хичээсэн хүн сурна, бүтээнэ. Залхуурсан хүн турна, ядуурна гэдэг үгийг байнга санаж явууштай. Оюутан залуус та нар минь ЗХУ-д зөвхөн нарийн мэргэжил эзэмшээд зогсохгүй Их Лениний хэл-орос хэлийг төрөлх хэл шигээ төгс сурч эзэмшээд санаа бодлоо амаар болон бичгээр алдаа мадаггүй, чөлөөтэй илэрхийлдэг болох нь чухал шүү. Бас Зөвлөлтийн болон бусад тив дэлхийн олон орнуудаас ирж, суралцаж буй оюутан залууст өөрийгөө болон монгол эх орон, ард түмнээ үнэн зөвөөр сурталчлан таниулж, тэдэнтэй эвсэг найрсаг, соёлч боловсон харилцаж, элдэв гаж суртал, үзэгдэл, үйлдэлд автагдаж төөрөгдөхгүй байж, тэр бүгдээс өөрийгөө сэрэмжлэн зайлуулж яваарай. Энэ бүхэн бол нам засгаас чинь уугуул нутгийн оюутан залуус та нартаа өгч буй их итгэл, тодорхой даалгавар шүү гэж хэлснээр дарга үгээ төгсгөсөн байдаг. Энэ уулзалтын үеэр оюутнууд “Цэдэнбал гуай Та ''Давст" уулаараа найр тавьсан шигээ төрөлх эх орноо Орост хэдийд өгөх гэж байна. С.Лувсан гуай та хаана, ямар дээд сургуулийг хэзээ төгсгөсөн бэ” гэх мэт хачирхалтай бөгөөд биеэ тоосон (шинэхэн оюутан надад дээрэлхүү санагдсан) нэргүй олон асуултууд тавьсныг Элчин сайд С.Батаа гуай дурдаад цагийн боломжгүйгээс энд хариулт өгч амжаагүй асуултууд надад үлдлээ. Бичсэн асуултдаа хариулт авч чадаагүй оюутнууд маргааш ЭСЯ-д дээр очиж, хариултаа аваарай гэснээр уулзалтыг дуусгасан билээ.
 
 
Одоо бодоход дээр дурдсан мэт зохисгүй бас хариулаагүй олон асуулт нь “Сэхээтний төөрөгдөл” гэдэг ойлголтоор нам засгаас 1960-аад оны эхээр тусгай тоггоол гаргах нэг шалтгаан нь ч байсан байж болох талтай.
 
 
3. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1981 оны арванхоёрдугаар сарын нэгэн хуралд намайг дуудуулсан байв. Би бээр зүрх шантран сандрангуйхан явж орлоо. Намайг орсны дараа Б.Ламзав дарга миний талаарк товчхон танилцуулаад, нөхөр Дашдэлэгийг намын Төв хорооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллуулах санал оруулж байгаагаа илтгэв.
Ю.Цэдэнбал дарга: -Гишүүд Дашдэлэгээс асууж тодруулах зүйлээ асууя гэхэд, С.Жалан-Аажав дарга: -Өөрөө худалдааны салбарт л ажиллажээ. Сонгуулиар ч болов намын ажил хийж байсан уу гэж асуусанд нь хариулах аядан өвдөг чичрэн, хэл эвлэхгүй ээдэрч байтал Б.Алтангэрэл дарга: -“Энэ нөхөр ХБЯ-ны намын үүрийн даргын сонгуульт ажлыг нэлээд олон жил хийсэн, муугүй дарга нарын нэг байсан" гэж хэлснээр Жа дарга асуултдаа хариулт авч, намайг аварсан юм. Аварсан гэдэг нь надаас асуух өөр асуулт гараагүйгээр барахгүй санал хэлэх гишүүн ч байсангүй. Намайг МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр шууд л баталчихав. Ю.Цэдэнбал дарга, Надад хандан “Худалдаа үйлчилгээний салбар бол ард түмний аж байдал, амьдрал ахуйг дээшлүүлэх намын бодлогыг хэрэгжүүлэгч, товчдоо хүний төлөө чухал салбар шүү. Энэ салбараа, салбарынхаа хүмүүс, боловсон хүчнийг хариуцаж, сайн ажиллаарай” гэснээ манай хэлтсийн эрхлэгч Д.Ёндонг дуудаад “Чи хүнээ аваад явж болно” гэж билээ. Өчүүхэн би бээр Улс төрийн товчооны хурлын үеэр тийнхүү сандарсан нь МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны өндөр нэр хүнд намайг тэгж сүрдүүлж сандаргасан хэрэг бөгөөд энэ нь “нэр хүнд бол албархан сүрдүүлэх дархан эрх мөн” хэмээн Ф.Энгельсийн онож хэлснийг нотлох мэт үзэгдэл болсон юм. Тус хурлыг удирдсан Ю.Цэдэнбал дарга манай төр, засаг, намын удирдах дээд албыг 44 жил хашихдаа Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, үндэсний үйлдвэрлэлийг тууштай дэмжих, хүн ам уламжлалт мал сүргээ эрүүлжүүлэн өсгөх, малын гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулах, үр тариа, хүнсий ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах зэрэг стратегийн зорилтыг төгс шийдвэрлэх, БНМАУ-д Ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёл, шинжлэх ухаан, худалдаа, хангамжийн хөгжингүй толтолцоог буй болгох, ард түмнийхээ аж амьдрал, соёл, хүмүүжлийг дээшлүүлэх зэрэгт өөрийн ухамсарт амьдралаа зориулсан эдийн шуналгүй, эрдмийн шуналтай, тууштай эх оронч, нам, төрийн гарамгай зүтгэлтэн, цагаан мөртэй, гэгээн дүртэй түүхэн удирдагч байлаа. Эдүгээгийн Монголд Ю.Цэдэнбал шиг тууштай эх оронч удирдагч үгүйлэгдэж, дутагдсаар буй учир тэр их хүнийг ийнхүү эргэн товч дурсч дурсамжил бай.
 
 
Боржигон гүн овогт Түшигцоодолын Дашдэлэг
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин