Үндсэн хуулинд гар хүрэх нь угаас туйлын хариуцлагатай ажиллагаа байдаг юм байна, эвгүй хѳдѳлвѳл улс орны тусгаар тогнолд ч муугаар нѳлѳѳлж болох хүнд асуудал болон ѳрнѳх аюултай байдаг аж. Энийг ажлын хэсгийн "эх баригч" Лүндээжанцан гуай хүлээн зөвшөөрлөө! Гэтэл хамгийн хариуцлагагүй хүмүүс гар хүргэх гээд, соёолон моринд хуруугаа ядаж хүргээд авах гэж өшиглүүлсэн ч хамаагүй дайраад улайраад байдаг  шигээ мачийтал  түнтийтлээ зүтгээд байнаа?  гэсэн логик асуулт үйлдлээс урган гараад ирэв, энэний учрыг олох эрэлд гаран материал цуглуулан  бэдэрч явах замдаа энэхүү нийтлэлийг тэрлэлээ, болгоон соёрхоно уу!
 
Одоо мѳрдѳгдѳж байгаа Үндсэн хуулинд урьд нь гар хүрч байсан юмуу  гэвэл тийм. Тэр нь түүхэнд "дордуулсан 7 ѳѳрчлѳлт" гэх нэртэйгээр хочлогдон үлдсэн. Дордуулсан долоон ѳѳрчлѳлтийн анх санаачлагдсан, үйлдэл цааш ѳрнѳсѳн түүхийг нарийвчлан судлаад үзэхээр хууль зѳрчсѳн, үндсэндээ Үндсэн хуулийн аргаар тѳрийн зонхилох эрхийг булаасан тийм ажиллагаа байж гэж харагддаг юм. УИХ-ын танхимын үүдэнд Цэцийн даргыг бэлэн суулгаж байгаад спикер Р.Гончигдорж, ороод ир гэж дуудаж оруулж ирж уншуулаа л гар ѳргѳѳд баталчихсан, ийм л хулгай явагдчихсан, тэрийг нь Цэцийн дунд суудлын хурал хүлээн зѳвшѳѳрѳѳгүй ч, УИХ хүч түрэн цааш нь албажуулж ѳнѳѳдрийг хүртэл мѳрдѳж яваа, ийм л юм болчихсон юм билээ. Энэ нь бүх утгаараа монгол тѳрийн туйлийн хариуцлагагүй, маш бүдүүлэг, болчимгүй алхам, том бүдрэлт байсын, би "Үндсэн хуулийн бичил хувьсгал" гэж нэрлэж байснаа эргэн сайн санаж байна. Тэр долоон ѳѳрчлѳлтийн утга нь Үндсэн хуулийн араг яс, суурь тогтолцоог барьсан органик хуулиудыг гарцаагүй зѳрчсѳн байдаг юм.
 
Гуравны хоёрын систем буюу УИХ-ын 51 гишүүний ирцтэйгээр хууль батлах заалтыг 39 болгосон, ерѳнхий сайд танхимаа мэдэж томилох эрхэнд хаалт хийсэн, Чуулганы хугацааг агшааж богиносгосон  гээд гол гол заалт нь тѳрийн удирдлагын суурь хэсгийг илт хѳндсѳн байдаг юм. Байнгийн хорооны 6 гишүүнийг худалдаад авчихад л ашиг сонирхлын ямар ч хуулийг батлуулчих боломж үүссэн гэж яригдаад байдаг нь ийм учиртай. Дордуулсан долоо л гээд байдаг, юугаараа чухам дордуулсан юм бэ гэдгийг эрхбиш дахин сануулъя, Багабанди, Гончигдорж нарын цагаандаа гарсан хуйвалдааныг дахин харуулъя хэмээн гэнэт бодогдлоо. 
 
Энэ бүхнийг эргээд харахаар УИХ ѳѳрсдийн босгосон бутанд эвгүй бүдэрчээ, гэхдээ ийм бутан дээгүүр хэзээ ч дахин харайхгүй гэдэг хатуу дүгнэлтийг хийсэнгүй, болдог л юм гэсэн ойлголтыг авчихаж, харин дараагийн бут үхлийн аюултай байх болно гэдгийг ухаарсангүй, харамсалтай. Одоо, ѳѳрѳѳ ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг зарчим үйлчлэх болно.
 
УИХ, дордуулсан долоогоос ч долоон дор агуулгатай, хууль зѳрчсѳн гэмт хэргийн шинжтэй тѳсѳл хийн хэлэлцэж батлан, одоо түүндээ ард түмнийг хам болгон татан оруулах гэж байна. Тэд дордуулсан долоогоо 8-30 жилээр тооцон үргэлжлүүлэхээр тооцож, дээр нь түүнээс ч ноцтой заалтууд хавчуулсан байна.
УИХ-ын 62 гишүүний ѳргѳн барьсан ҮХНѲ гэгчийг бүрэн эхээр нь ард түмэн олж үзэж чадсангүй. Судлаачид хичнээн гуйж нэхээд үзүүлсэнгүй, учир нь тэр 62-т бэлэн боловсрогдсон тѳсѳл байгаагүй юм. Ард түмнээр хэлэлцүүлэн санал авсан гэдэг нь ч сүүлдээ худлаа болж хувирсан. Анх 13 заалттай тѳсѳл парламент.мн сайтад тавигдсан байсаан, МАН улс орноор явж гишүүдээрээ хэлэлцүүлсэн, зѳвлѳлдѳх санал ч билүү нэртэй үнэн худлаа баахан цаас цуглуулсан, энэ бол харин үнээн. Тэнд басчиг яахав гэмээр ѳѳрчлѳлтүүд байсан, ард түмэн муу амтай байгаагүй, би ч бас сэтгэл хѳѳрѳн дэмжиж нийтлэл гаргаж байснаа санаж байна. Дордуулсан долоогоо ѳѳрчилнѳ гэсэн үг гишүүдийн амнаас урсаж байлаа. Тэгтэл юу болов? Дордуулсан долоог ч ѳѳрчилсѳнгүй, нѳгѳѳ анхны 13 заалт ч живээд алга болчихов, хүний урманд юм үлдээсэнгүй, агуулгыг нь орвонгоор нь эргүүлж орхив.
 
Ажлын хэсэг гэгч нь үг хэлсэн гишүүн болгонд саамширч, санааг нь авч наасаар Үндсэн хуулиа тийм гэхийн тэмдэггүй, чулуучны уранхай тэрлэг шиг юм болгож орхив. Тэр уранхай тэрлэгээ ҮХНѲ гэж нэрийдээд ард түмэнд "батла, батлахгүй бол...?"  гэсэн тулгалт ѳгч байгаа юм байна. Тэр ҮХНѲ гэгчид нь дордуулсан долоогоор баталгаажуулсан нѳгѳѳ 39 гэсэн тоо хэвээрээ дурайж байхын, тун инээдтэй. Шинэ жилийн мод шиг тал талаас нь шилэн дэнлүү унжуулсан утгын агуулгагүй юмаа гоёж гоодож магтах нь бүүр ч элэг авам инээдтэй. Толгойдоо юу ч үгүй, зарим нь бичиг үсэгт ч тайлагдаагүй юмнуудын хийсэн бичээс үзэл баримтлалын ѳчүүхэн ч үндэслэлгүй гэдэг нь бол хэнд ч ойлгомжтой. Олигархийн татаас, мѳнгѳ луйврын хүчээр гарсан энэ хэд ѳѳрсдийгѳѳ ямар ѳндѳр хэмжээнд аваачиж тавьж бнайнаа?  Бүгд эрдэмтэн мэргэд болчихсон чалчиж суугаа нь ой гутмаар, ийм л нэг сэжгийн дүр зургийг сүүлийн нилээн хэд хоног харсан олон түмэн хэн нь хэн юм бэ гэдгийг ерѳнхийд нь мэдээд авлаа, ач холбогдол нь харин энэ болон үлдэв.
 
Японы парламентыг хараад байхад...гэж ирээд л жалирна. Хаанаас эзэн хаан олох гээд байгаа юм бол? Английн туршлагаас хэлэхэд... гэнээ, Англи Үндсэн хуультай гэж ямар эргүү туслах нь бичээд ѳгчихсѳн юм болoo? Америкийн тийм ийм сайхан юм...энээ тэрээ гэж олон гишүүн бувтнав, АНУ бол БНУ биш гэдгийг мэддэггүй л юм байхдаа чаaваас. Германы жишигээр... ээ чаваас аа гэж, аймгуудаа Холбооны улсууд болгон тунхаглах юм байхдаа. Цэнхэр дэлгэцээр явсан хэлэлцүүлэг нь ч гэсэн танин мэдэхүйн хамгийн доод шат гэж байдаг бол яг тэнд.
 
Энэ бүхнийг нэгтгээд эргэцүүлээд бодохоор Үндсэн хуулийг ѳѳрчлѳх санаа огт байхгүй юм байна, зүгээр нь том асуудлыг хэлэлцэхээс займчиж цаг хожин ард олны санаа бодлыг саармагжуулах ийм л зорилготой муугүй тавилттай жүжиг гэж ойлгогдоно. Улс тѳрийн зарим нам хүчнүүд яг ийм дүгнэлт хийжээ.
 
МАНын бүлэгээс эрхлэн гаргасан ҮХНѲ гэгч саналыг мэдээж ард түмэн хүлээж авахгүй, тэрийг ч мэдэцгээж байгаа. Хүлээж авсан ч аваагүй ч тарж байгаа УИХ-д ѳчүүхэн ч падлийгүй, учир нь Оюутолгойг болон хэд хэдэн том асуудлаас цаг хугацааг хорлонтойгоор саармагжуулж, хѳѳн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хааж чадлаа.
 
ҮХНѲ гэгчийг ард түмэн хүлээн зѳвшѳѳрѳхгүй, тийм гэсэн хариу ѳгөхгүй гэдэг дээр хэд хэдэн үндэслэл байгаа юм.
 
Нэгд, энэ тѳсѳл нь юу юм, ямар заалтууд орсныг ард түмэн мэдэхгүй, ямар ч ойлголт байхгүй, учир нь анхнаас нь учир битүүлгээр нуусан битүү тѳсѳл. Монголчууд битүү морь уралдуулдаггүй юм.
 
Хоёрт, бүрэлдэхүүний 80% нь ямар нэг гэмт хэрэгт холбогдсон этгүүдүүдэд итгэхгүй байх нь зѳв.
 
Гуравт гэвэл, ҮХНѲ гэгчийг баталснаар ард түмний амжиргаанд ямар нааштай ѳѳрчлѳлт гарах, ирээдүй хойч үед ямар чухал нѳхцѳл орж ирэх нь бүрхэг. Хүсэн хүлээж байсан дордуулсан долоо, давхар дээл, гишүүнийг эргүүлэн татах, мѳн түүнчлэн баялаг ард түмний мэдлийн ѳмч байна гэсэн чухал чухал заалтууд багтсангүй, шоовдорлогдон хасагдав. Тэгээд гялтайх юм юу байгаа юм? Үндсэндээ юу ч байхгүй.
 
Дѳрѳвт гэхээр, зарим заалт туйлын ойлгомжгүй. Ухаандаа тѳрийн нийтийн ѳмч гэхээр юу гэж ойлгохын? Олон улсын хэлээр бол нийтийн ѳмч гэдэг нь муниципиал буюу орон нутгийн ѳмчийг хэлдэг. Тэр жишигээр бол аймаг сумын дарга нар газар хуваарилах эрхтэй болчихож байгаа. Энэ бүхнийг мэдсээр байж, ард түмэн зѳвшѳѳрѳхгүй гэдгийг харсаар ойлгосоор байж батлуулна хэмээн тогтоол гаргав, яагаад?
 
Ард түмний зѳвшѳѳрѳхгүй, зѳвшѳѳрѳх боломжгүй асуудлаар тѳр дангаар шийдвэр гаргаж ард нийтэд зѳвшѳѳрүүлэх гэж тулгахыг олон улсад ультиматум гэдэг. Аливаа ультиматум ард түмний дунд үл ойлголцол бий болгож улмаар иргэний дайн үүсэх нѳхцѳл болдгийг саначих ёстой. Хон Хонгод одоо юу болоод байгааг ультиматум гэнэ.
 
 
Социологич памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү