sonin.mn
Сонсоход их л дотно санагдах энэ нэр, сэтгэлийн дотоод ертѳнцѳѳс хариуцлага нэхэх шиг санагддаг юм. Муу байж болохгүй гэж алхаагаа тэгшлэх, муухай байж болохгүй гэж хувцсаа арчих мэдрэмжийг энэ нэр тѳрүүлнэ. Ѳмнѳѳ дэлгэсэн дэвтрийн цаас шигээ цав цагаахан сэтгэл, дүрдэг бэх шигээ хав хар нүд над руу итгэл найдвараа гэрэлтүүлэн байж ширтэх нь яагаад ч худал хэлж боломгүй, яагаад ч хуурамч байж зүрхлэмгүй, яагаад ч тэнэг байж чадамгүй тийм ариухан. Хичнээн будилуу хүн ч энэ нэрийн дуудлага дор ѳѳрийн эрхгүй хичээх ёстой гэдгийг сануулдаг. Багшийн ажлыг их мундаг нь биш ч, хүүхдийг хайрлах чин сэтгэлтэй, хүүхдийг халамжлах мэдрэмжтэй, хүүхдийг ойлгох ухаантай хүмүүс хийх ёстой юм билээ.
 
 
Ертѳнцийг таньж ядан буй бяцхан зүрхнүүд, бяцхан тархинууд биднийг анхааралтай харж, анхааралтай сонсож байгаа болохоор тэдний урмыг хугалж, итгэлийг алдаж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол тэдний сэтгэлийн дотоод ертѳнц хиртэн, итгэл нь нурах болно. Тэр бяцхан хүүхдүүдийн аав ээжээс нь дараагийн хайр нь багш хүн болдог. Тэд багшдаа бахархан талархаж, багшдаа дурлаж байж хайрыг мэдэрдэг. Магадгүй энэ хайр насан туршид нь сэтгэлээс нь холдохгүй байж мэдэх.
 
 
Багш нарын баяраар хүүхдүүд бидэнд ном, ил захидал бэлэглэдэг байж билээ. Тэр олон номнуудаас хожим нь манай гэрийн номын сан бүтээгдсэн юм. Нэг их ичингүйрэн байж, ѳмнѳх ѳдѳр нь аав ээжээрээ авахуулсан номоо атгуулсан тэр гарын алга дулаахан байдаг сан. Эрдмийн ѳглѳгийн хариуд ѳгсѳн бэлгэндээ учиргүй их баярлана. Тийм сайхан баярыг би ѳнѳѳ хэр мартдаггүй юм. Мэдээллийн технологийн үсрэнгүй хѳгжлийн эрин үед багш нар шавь нартаа гологдоод байж магадгүй ээ. Зах зээлийн давалгаанд амьдрал тань ядуу байж ч магадгүй. Гэхдээ сэтгэлийн дотоод ертѳнц дэх хайрын хонхны чимээгээ анхаарч нэг сонс доо. Тэр хонх сэтгэлд тань жингэнэж л байвал хүүхдүүдэд чимээлж бай. Тэд үүний тѳлѳѳ таныг чин сэтгэлээсээ хайрлах болно. Бас зүрх сэтгэлд нь дандаа орших болно. Энэ бол багш хүн.
Ѳнѳѳгийн Монголын ирээдүй болсон хүүхэд залууст энэ нийгэмд амьдрах ухаан, бусдыг хайрлах хайр, ѳѳрийгѳѳ бусдаас хамааралгүй авч явах чадвар суулгачихвал бусад нь аяндаа болно доо, болно. Насан туршдаа багш шавь байна гэдэг хэнд ч олдомгүй аугаа хувь тавилан. За тэгээд баярын мэнд хүргэе, багш нартаа.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
2019-10-06                                                                                                                        Вашингтон ДС хот