Шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн цагаас  хордогсдын тоо тасрахгүй байна. Хоногт л хоёроос гурван хүн хорвоог орхиж 20-30 хүн эмнэлэгт хүргэгдэж байна. Буруутан этгээдийг тодруулахаар юугаа ч мэдэхгүй сэтгүүлчид ам булаацалдан яргилдсаар  олон хонолоо. Агаарын бохирдлын талаар нилээдгүй хэдэн жил “оролдсоны” хувьд тэсэлгүй дараах тайлбарыг өгөхөөр шийдлээ.  
 
 
Нүүрс бол өвлийн цагт биднийг даарах хөлдөж үхэх аюулаас аварч аминд ордог боловч нөгөө талаас нь авч үзвэл тоолж баршгүй олон хорт бодисыг агуулдаг, аятайхан л харьцахгүй бол аминд чинь амархан хүрдэг ад зэтгэр. Зуухандаа чихсэн нүүрсээ дутуу цогшуулаад яндангийнхаа  сойлтыг хаагаад орхиход гэр орныхон чинь бүгдээрээ ганцхан шөнийн дотор унтаагаараа хорвоог орхидгийн учир юуны вэ?  
 
 
Химийн нэр нь нүүрстөрөгчийн дутуу исэл томьёо нь СО буюу бидний хэлж ярьж заншсанаар угаарын хий.  Маш аюултай хортой хий. Өнгөгүй, үнэргүй энэ хийнээс болж мөн ч олон хүн хорвоог орхисондоо. Уурхайн гүнд хэдэн зуу мянгаараа амиа алдагсдын үхлийн шалтгаа нь ердөө л энэ гайхал. Нүүрс, бензин, дизель, нефть ер нь ямар л шатдаг бүх бодис тэр тусмаа шахмал түлшний дутуу шаталтаас үүсдэг эд. Гарааш дотроо угаартаад явчихсан тохиолдол байсхийгээд л гардаг биз дээ? Буруутан нь энэ л “товарищ”. Бүр архаг тамхичдын уушигнаас ч ялгадаг хор. Худлаа гэвэл тамхичин нөхөртөө нэг хайрцаг сайн янжуур авч өгөөд арван минутанд татаж дуусгахыг тушаагаад үз. Арай ч тийм туршилт хийхгүй байх гэж найдъя. 
Энэ хий хүний цусанд нэвтрэх хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг учир биеийн өөрийгөө хамгаалдаг рефлексийг сулруулж, унтаа байдалд оруулан шууд үхэлд хүргэдэг. Хорлонтой нь хамгийн түрүүн тархины цусан хангамжинд нөлөөлдөг гайтай эд л дээ. Ингэхээр шахмал  түлшнээс болж хордлого аваад байгаа юм огтхон ч биш. Ердөө бид нарын аминдаа арчаагүй байдлаас л болоод байгаа хэрэг гэдгийг хатуу ойлговол зохино. Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй. Яахав намайг л харааж зүхэцгээнэ л биз. Лондонд 1952 онд утаанд хордон долоо хоногийн дотор 10 мянган хүн хорвоог орхисон түүхийг даян дэлхийнхэн мартаагүй байгаа. Шахмал түлшийг өнөөдөр дор хаяж 50 мянган өрх түлж байгаа. Хэрэв түлшнээс болж байгаа бол өнөөдөр Улаанбаатар хот Лондон шиг л юм болчихсон байх биз дээ.  
 
Эцэст нь хэлэхэд хордлогын буруутан нь шахмал түлш биш харин түүнийг ямар нэг тайлбар туршилтгүйгээр шууд тулган шахсан дарга нар буруутай. Шинэ зүйлийг тэр тусмаа үхлийн аюултай хор агуулсан шахмал түлшийг хэрэглэхийн өмнө өчнөөн зовлон шаналлаар орой болгон тархи муужруулаад байгаа солонгос киноны ТҮЦ болсон энэ 50-60 телевизийг зунжин намаржин улайстал ажиллуулж ард түмэнд ойлгомжтой тайлбар өгөх ёстой байлаа. Гэтэл хадгалах агуулах саваа ч олигтойхон бэлдэлгүй баахан шахсан нүүрс авчирч хотоор нэг тарааж овоолчихоод түлэхгүй бол хохь чинь шүү л гээд гар хуруугаа гозолзуулаад  байсан. Үр дүн нь энэ олон үхэл хордлого.  
40 хувийн чийгтэй Багануурын нойтон нүүрсийг түлээд заншчихсан улс чинь угаагаад хатаалганд оруулаад хорт бодисын агууламж нь хэд дахин ихэсчихсэн шахмал түлшийг түлж суртал бас дадлага туршлага хэрэгтэй болно биз дээ?
Ядаж 8 сараас эхлээд энэ олон ажилтай ажилгүй төрийн бус байгууллагуудыг дайчлаад олигтойхон сурталчлаад зохион байгуулаагүй байж, гэнэт ухаан орж байгаа юм шиг хүйтрэнгүйт хэн ч үл мэдэх шахмал түлш гээчийг боорцог шиг юмыг богоон богооноор нь авчраад асгаж цутгаад шахаад эхэлдэг дарга нар та нар хордлогонд хиарагсдын ар гэрийнхний өмнө түмэн буруутай. Одоо өнөөдрийг хүртэл хохирогсдод тэр тэрбум тэрбумаар нь идэж уудаг мөнгөнөөсөө бага ч атугай илүүчилж нөхөн төлбөр олгох хэрэгтэй.
 
 
Шахмал түлш түлж эхэлснээс хойш тэнгэр яаж цэлмэхийг сүүлийн 30 жилд анх удаагаа  хараад баясаж суугаа хүн бишгүй олон байгаа гэж бодно. Түлшийг гадаад руу явуулж туршаад байх шаардлагагүй, юм уншдаг хүн хаанаас ч олоод мэдчих ганцхан том дутагдал энэ түлшинд бий. Хүхэрлэг хийн агууламж маш өндөр. Хүхэрлэг хий /SO2/  гэх өнгөгүй, хурц муухай үнэртэй энэ хийг шүүхийн тулд одоо ажиллаж байгаа 3 ДЦС-д ямар өндөр үнэтэй шүүлтүүр тавьдаг гээч. Би сайн хэлж мэдэхгүй юм, ямар ч гэсэн хэдэн сая доллараар хэмжигддэг  юм билээ.  
 
 
Энэ муу ёрын хий урвалд амархан ордог онцлогтой. Одоо ажиллаж байгаа 3 том ДЦС, 3000 халаалтын зуух, 200000 айлын зуух, гудамж талбайг  таг түгжрүүлж гацаадаг 300000 автомашины яндангаас өдөр шөнөгүй өглөө оройгүй олгойддог энэ хий нь нэн түрүүн хүүхэд багачуудын маань уушиг, зүрхийг сэвтүүлэхэд  гол үүрэг гүйцэтгэдэг муу ёрын эд. 
Нүүрс, бензин, дизелийн утаанд агуулагддаг хамгийн хортой өмхий хий.  Таны  машины яндангаас өмхий үнэртэж байвал та өөрийгөө байнга хордлогын бүсэд яваа гэж ойлго. Улаанбаатарт үйлчилгээнд гарч байгаа 1 автобус өдөрт 100 литр түлш хэрэглэдэг. 1 литр дизель түлшнээс 20 литр ийм хортой утаа савсана. Хотод өдөрт 1000 гаруй том оврын автобус явж жолооч нар нь өдөржин асаатай орхидгийг бид мэднэ. Хичнээн хэмжээний хорт утаа ялгарч байгааг та тооцож үзчихээд хотын захирагчид хандаарай. 
Манай гэрийн ойролцоох нэгэн сургуулийн гадаа 10 гаруй автобус  өдөржин асаатай зогсдог. Сургуулийн удирдлага нь автобусны яндангаас ялгарч байгаа хар утаанд хавдар үүсгэдэг хор агуулагддагийг мэддэггүй л байж таараа. Солонгос Японд дизель хөдөлгүүртэй тэргээ асаатай нь орхих юм бол ямар өндөр торгуультай байдаг гээч. Компани нь лав дампуурна шүү. 
Утаан дотор байдаг дараагийн мангас нь азотын исэл. Химийн томьёо NO2. Утаа униарыг бидний нүдэнд харагдуулдаг ганц хий. Шахмал түлшинд энэ хий байдаггүй шүүгээд авчихсан учраас өнөөдөр агаар ийм тунгалаг гоё болчихлоо. Өвлийн улиралд хүүхдийн амьсгалын замын өвчний дэгдэлтийн гол шалтгаан болдог, хотын их битүү харанхуй утааг бүрдүүлдэг цорын ганц эх сурвалж энэ хий байлаа. Нүүрсэн дотор байгаа азотыг нь угаагаад  шүүгээд авчихсан учраас ямар ч гэсэн яндангаас гарч байгаа утаа харагдахгүй боллоо.Төр засгийн минь буян өршөөг. 
Хар тугалга, мөнгөн ус, хүнцэл гээд утаанд агуулагддаг бусад хорны тухай  бичиж, утаанаас ангижирч ядаж буй  тамьнийгаа сэтгэл рүү ус цацаад юүгхэв, больё. Ингэсгээд түр зогсоё. Харин өдөр болгон шугаманд гардаг 1000 автобусыг унтрааж байх захирамж гаргах нь хотын даргын үүрэг болохыг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ. 
 
 
 
Ш.Пүрэвсүрэн