sonin.mn
Миний ээж Цэнджав овогтой Гармаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо Хүнгүй Хоёр Маргаз Баяннуур Мойвын дэнжээр нутагтай хориннэгэн Дэмбэрэлийнхэн болон Бичээчийнхэн гээд зангууны хэрээ шиг ахан дүүстэй, хүүхэд байхдаа хааяа нэг Сантын ой голдуу тэмдэглэлт үеэр хурдны морь унах нэрийдлээр яаж ийж байгаад эжийтэйгээ хамт Сантын нутгаар зочилж  Мижээ дархан Баяр Бантхай Сольравдан Сайнням Чулуужав Пүрвээ ахынхан гээд л ээжийн талын ахан дүүстэй золгодог байв.
 
 
Мишиг Мижээ дархан ээжийг очиж золгох болгонд гар хуруунд нь тааруулан  эрдэнийн чулуун шигтгээтэй мөнгөн бөгж бугуйвч зэрэг урлан хийж бэлэглэдэг байсан одоо ч миний эгч дүүст тэдгээрээс хадгалаастай бий. Сартуул нутгийн олон бүсгүйчүүд Мижээ дарханы гар урлалаар гангаран, зүүгээд явж байхыг харсан хүн Аан Мижээгийн хийсэн эд байна мөн ч сайхан цэвэр бөх эд дээ хэмээн ур хийцийг нь анддаггүй нь сэтгэлд нэг л дотно.
 
 
Ээж минь олон жил өнжин байж төрсөн нутагтаа хааяа нэг очиж хөгшчүүлтэйгээ золгоод элгээ жаахан дэвтээгээд эргээд л ажил амьдрал мал ахуй үр хүүхэд бидэндээ яаран буцдаг холын бэрээчүүдийн нэг байв. Манай сартуул нутагт ялангуяа зуд турхантай жил болгон Сант Сонгиныхон элс давж говь руу нүүж орж ирдэг тавиад оны тээр нэгэн жил эжий минь гол гаталж говь туулан элс даван нүүдэллэж явахдаа миний аав Жамсрангийн Доржпаламтай танилцаж айл орон болоход аавынх нь оронд аав болсон авга ах Баяр Бантхай нь гурван зуугаад шар халзан голдуу хонь ээжийн өмч хэмээн тууж авчирч өгсөн одоо ч гэсэн тэдний үр төл олон шар халзан хурга миний дүү Улсын аварга малчин Эрдэнэ-Оргилын хоттой хонинд өсөж үржин байгаа нь өвөг дээдсийн минь өлзий буян хишиг юм даа.
 
Ээжийн минь өвөө Сартуулын Барга отгийн Төмөр дарга бол Бор гэдэг хүнээс 1863 онд төрсөн бол эмээ Булган нь 1874 онд төрсөн бөгөөд Төмөр даргынх Цэнджав, Чимиддамба, Бузьмаа, Магсаржав, Баяр, Жамбал гэсэн хүүхдүүдтэй ба ууган хүү Цэнджав нь миний ээжийн аав. Булган эмээгийн удам угсааг Дэмбэрэлүүд, хорин нэгэн Дэмбэрэлийнхэн гэдэг нь эхээс 21-үүлээ байсантай холбоотой бөгөөд дээрх хоёр ураг омог Сантын нутгийнханд нилээд түгээмэл тул бидний ахан дүүс Сантынхантай бараг бүгдтэй нь төрөл садан болохыг доорхи ургийн бичгээс харж болно.
 
 
Төмөр дарга түүний дээд үеийнх нь Улиастайн газар бичиг хэрэг хөтлөгч байсан учир Бичээчийнхэн гэдэг бөгөөд Төмөр дарга, Т.Чимиддамба, Т.Баяр бантхай гээд эзэрхэг цагийн эрдэм номтой гавж лам, энэ цагийн гавъяат зүтгэлтэн түүхийн шинжлэх ухааны доктор М.Санждорж зэрэг ухаан билэг төгс эрдэмтэй хүмүүс энэ ургаас цөөнгүй бий. Бидний нагац ах М.Санждорж маань жараад онд Завхан нутгаас төрсөн анхны доктор бол түүний охин доктор Санждоржийн Төгс эгчийн бүтээсэн Мэс заслын зориулалттай малын гаралтай шөрмөсөн утас нь 2015 онд Олон улсын инновацийн уралдаанд тэргүүн байр эзэлж Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас Алтан медаль хүртсэн, мөн манайх гэдэг айлаас эрдэмтэн зохиолч яруу найрагч Доржпаламын Сумьяа тэргүүтэй хэд хэдэн доктор профессор төрөөд байгаа  нь бид өвөг дээдсийнхээ өлзий хишиг малын буян заяаг төдийгүй номын цагаан буяныг ч бас үргэлжлүүлж арвижуулж авч явах учиртайг ухааруулж байдаг юм.
 
Миний ээжийн аав Төмөр дарга ууган хүү Цэнджавыгаа лам болгохоор Тэгшийн хүрээнд шавилан суулгаад нэг удаа хүүгээ эргэж очиход хүү нь Би Гоожав тойны бага охинтой заавал гэрлэнэ, Үгүй гэвэл аав хүүгийн хооронд тангараг тасдана гэж айлгасаар байхад нь арга буюу хүүгээ хүрээ хийдээс холдуулж орон гэр төхөөрч гэрлүүлжээ. Ийнхүү ээжийн минь ээжийг Хун тайжийнханы удам Гоожав тойны бага охин Даваасүрэн гэдэг бөгөөд Гоожав тойн жаахан халсан үедээ Манай сартуулд миний хоёр охиныг гүйцэх хүүхэн хэнсэн билээ хэмээн даналздаг байсан гэдэг.
 
 
Үнэхээр Гоожав тойны бага охин Даваасүрэн гэж уяхан туяхан урангоо танхил бүсгүй байж, нүүдэл суудал болоход нутаг усны савдаг сахиусыг баярлатал гоёчихоод жингийн тэмээ ачаалж дуусахыг хүлээж ядан бууцны бэлд тэнгэрийн үүл шиг морио хөтлөн сууж байгаад ачаа хөсөг бэлэн болоход сая нэг ачаагаа хөтлөн хөдөлдөг цэвэр цэмцгэр үзэсгэлэн гоо нэгэн байсан гэдэг. Гоожав тойны нөгөө охин нь Чулуужав, Шинэн хэмээх хоёр хүүтэй бөгөөд бидний багад нагац Чулуужав гэж өндөр хөх эр зуны зунд Сантаас  элс давж манайд зорьж ирдэг аав ээжид архи дарс бидэнд бэлэг сэлт банка хэмээх гоё чихэр ганзагалан авчирч өгдөг байж билээ.
 
 
Ээжийн аав Цэнджав монгол төвд хятад хэлтэй тул Завхан аймгийн сургуулийн анхны багш нарын нэг, Сант сумандаа дарга, намын ухуулагч, намын дарга зэргээр улаан хувьсгалч болж хожмоо хоршоо дарга хийж байхдаа хүмүүст зээлээр бараа таваар өгч байгаад гучаад оны их давалгаанд өртжээ.
 
 
Хэдийгээр хоршооны барааг зээлээр авсан хүмүүсийн нэрс хар данс бичиг баримт нь байлаа ч гэсэн авч үзэлгүй хамаг гэр орон, мал хөрөнгийг хуу хаман хурааж эцгийг нь их хэлмэгдүүлэлтэнд аваад явахад ээж нарын дөрвөн нялх амьтан эмэг эх Булганы гар дээр үлдсэн гэдэг. 
Орон гэр ч үгүй тэдэнд нутгийнхан нь унь хана тооно тал талаасаа цуглуулсаар тарлан цоорхой ч нэг жижигхэн гэр барьж өгчээ. Ингээд ээж тэд өвлийн хүйтэнд үхэр баангуут аргал нь хүйдэс болохоос  өмнө амжиж өнөөх гэрийнхээ цоорхойг шавж наасаар байгаад нэгэн өвлийг давжээ. Тэгээд зун нь баруун аймгуудаас тууварчид дайран ирж цай уунгаа сүргийнхээ ноорч суларсан ноосыг авч болно гэсэнд дөнгөж арав гаран настай ээж минь дүү нараа дагуулан харганы ноос түүж эсгий хийх гэгчээр тууврын суурь хонины хаа гуяанаас нь  хангалттай хэмжээний ноос зулгааж түүгээрээ эсгий хийж гэрээ хөөрхөн бөмбөгөр цагаан болгосон гэж нагац ах Санждорж маань хуучилдаг байсан.
 
 
Өвөө Цэнджав хүүхдүүддээ Гал Тогоо Тулга гэх мэт гаж сонин нэр өгсөн бөгөөд ээж багадаа Гал гэсэн нэрэндээ таарсан ажил ам гэж ёстой гал дөл шиг нэгэн байж, нэг удаа ээж худаг дээр тэмээгээ услаад зогсож байтал хотоос ухуулгын ажлаар яваа намын төлөөлөгчтэй тааралдаж гэнэ. Тэр төлөөлөгч ээжийг цаашлуулах маягаар Бор л байна хөдөөнийх байлгүй, ботго торомтой байна говийнх байлгүй хэмээн мэндлэхэд хариуд нь  ээж Цагаан л байна хотынх байлгүй, цадиггүй л байна жангуудынх байлгүй гэсэн гэдэг. Тэгээд ээжийн ам ажлын гал дөлийг нь жаахан ч дарах гэсэн үү лам хуврагаас асуусан уу яасан мэдэхгүй Гал хэмээх нэрийг нь өөрчилж Гармаа болгосон түүхтэй.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт