sonin.mn
2.  Төсөв ба бүсчлэл, засаг захиргааны хийгээд сонгуулийн тогтолцоо
 
УИХ ирэх жилийн төсөв, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан Үндэсний Ардчилсан намын дарга Баянжаргалын Цогтгэрэлийн 15 жилийн өмнө 2004 онд Өдрийн сонинд нийтлүүлсэн “Хөгжлийн гурван тушаа” нэртэй нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна.  Тэрээр улс орнуудыг маш сонирхолтой байдлаар судалж байжээ.
 
 
Улс орон бүр өөр өөрийн давтагдашгүй зүйл, давуу тал мөн зарим талаараа бусдаас ховор, дутмаг байдаг.  Аль ч орны хөгжил дэвшил тухайн орны соёл иргэншил, голлох шашин, байгаль цаг уурын нөхцөл, геополитикийн байршил, төр барьж байгаа улс төрийн хүчний улс төрийн бодлого зэргээс ихээхэн хамаарах боловч голлох хүчин зүйл нь дотоод нөөцөө хэрхэн удирдаж байгаагаар л тодорхойлогдох учиртай. Өөрөөр хэлбэл улс орон бүр шавхагдах, үл шавхагддаг хоёрхон ангилалын нөөц, эх үүсвэр хийгээд боломж бий. Энэ нь эдийн засгийн аливаа шийдэлд өгөгдөл болгон ашиглагддаг. 
 
 
Улс төрийн бүлэглэлүүдийн сонирхолд энэ эх үүсвэрийг захиран зарцуулах эрх мэдлийн тэмүүлэл зонхилж байдаг. Харин эрх мэдлээ аваад өгөгдлүүдээ ямар комбинациар ашиглаж байгаагаар улс төр хийж буй хүмүүсийн улс орныхоо төлөө хийж бүтээж буй ажил, түүний үр дүн тодорхойлогдох болно. Бидний Монголчуудын хувьд сая таван зуун жаран долоон мянган хавтгай дөрвөлжин километр нутаг, хоёр сая долоон зуун мянган хүн ам, хорин дөрөв, таван сая мал, ургамал, амьтан, араатан жигүүртэн, уул ус, газрын баялаг энэ бүхэн буурал түүхээс заяасан хувь тавилан маань билээ. Нэг хүнд оногдох газар нутаг, малын тоогоор дэлхийд дээгүүр ордог хэрнээ мөнгөнд шилжүүлэхээр хоёр зууд дөхсөн байранд ордог ямар учир байна аа?. 
 
 
Яагаад урд хөршийн эдийн засаг хоёр мянга дахин их, хойд хөршийнх маань таван зуу дахин их байна ?. Хүн ам цөөнийх гэтэл ижил хүн амтай Сингапурын эдийн засаг мөн л зуу дахин, Шинэ Зеланд 60 дахин их байх юм. Учрыг тунгаах үүднээс голлох өгөгдлөөрөө манай улстай ойролцоо боловч эдийн засгийн макро үзүүлэлтүүдээрээ манайхаас илүү түвшинд байгаа улс орнуудыг бүс нутгийн байршил, байгаль цаг уурын нөхцөл, гео политикийн байршил зэргийнх нь хүрээнд харьцуулж үзвэл:
 
 
 
Хөгжлийн индексээрээ манайхыг тэргүүлж байгаа харьцангуй ойролцоо суурь өгөгдлүүдтэй орнуудын дотор Европын 11, Азийн 6, Америкийн 3, Африкийн 5 Австралийн 2 орон орж байна. \ ижил үзүүлэлтүүдийг тодоор тэмдэглэв\ 
Дэлхийн банкны 1999 оны судалгаанд суурилж 2001 онд гаргасан дээрх харьцуулалтуудаас харахад Саудын Араб нефтээрээ, Панам сувгийнхаа ачаар, ӨАБНУ, Ботсвани, Намиби гурав алт, алмазаараа, Перу кофе, цайны ургамлаар манайхаас тэргүүлж байна гэвэл дэлхийн түвшинд дээгүүр давхидаг Норвеги, Дани, Финлянд, Сингапур, Ирланд, Австрали, Канад, Шинэ зеландын хувьд ерөнхийдөө түүхэн хөгжлийнхөө явцаар хөгжлийн өндөр түвшинд хүрчээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Гайхалтай нь дэлхийн эхний гучид багтаж байгаа эдгээр улсуудаас Австрали, Канад хоёр нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ бусад нь хүн амынхаа тоогоор манай улстай харьцангуй ойрхон байгаа бөгөөд тэдгээр орнууд ашигт малтмал огт байхгүйтэй адил, ашиглаж дууссан, газар нутгаараа таваас арав дахин дахин бага, бүр ганцхан хот улс хүртэл байгаа юм. Тэгэхээр хөгжлийн түлхүүр нь урт хугацаанд төрийн тогтвортой зөв бодлого явуулсанд байна гэж ойлгохоос өөр аргагүй. 
Өнөөдөр техник технологийн эрин үед байгаль цаг уурын хүндрэл гол саад бэрхшээл байхаа нэгэнт больжээ. Далайд гарцгүй гэдэг бол шалтаг болохоос шалтгаан биш, өнөөдөр өөрсдөө чадахгүйн учир өрөөлийн хорь гучин хөлөг Монголын далбаатай гадаад их далайгаар хэсүүчилж л явна. Тэд бүгд зах зээлийн эрэлд яваа. Манай хоёр хөрш шиг том зах зээлийг олоход тэдэнд хэцүү л байгаа. Харин бидний хувьд хоёр их гүрний зах зээлийн их далайд ажиллах чадвар, дорвитой бодлого алга, байсан ч үгүй. 
 
Гэхдээ л Швейцарь шиг Шинэ Зеланд шиг хөгжих боломжийг эрэлхийлэхийг оролдох нь төрийн жам ёсны үүрэг мөн. 
Хөгжлийн сонгодог замыг олж тодорхойлно гэдэг магадлал багатай хэрэг. Учир нэгэнт иймээс Монголчууд бид тэргүүлэх технологи, сонгодог загварыг хэрэгжүүлж чадахгүй ч адаглаад хамгийн муу, муухай гэсэн хувилбаруудаас түргэн татгалзах нь зүйтэй гэдэг үүднээс алсдаа хамгийн их бартаа үүсгэж болохуйц зүйлүүд дээр ярилцлага өрнүүлэхийг санал болгож байна. 
 
Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа нь олон хүчин зүйлүүд бий ч эцсийн бүлэгтээ: 
- Засаг захиргааны нэгжийн буруу хуваарилалт 
- Бэлэнчлэх сэтгэлгээ 
- Архинд суурилсан төсөв гуравт оршиж байна гэж хэлэхэд эсэргүүцэх хүн гарахгүй байх. Яагаад гэсэн асуулт тавьж үзье.