sonin.mn
Олон мянганы туршид ганцаар захирах дэглэмийн төлөөх өрсөлдөөн зөвхөн язгууртан, ихэд дээдсийн хүрээнд болдог байжээ. Түрэгийн тайж нар хаан ширээг ганцаар эзэмшихийн тулд төрсөн ах дүү нараа хуйгаар нь алдаг байв. Энэ явдал бараг ХХ зуун хүртэл үргэлжилсэн. Канси хаан 4-р хүүдээ хаан ширээгээ үлдээхээр гэрээслэл бичсэн атал 14-р хүү нь бичгийг засаж өөрөө хаан болоод ахыгаа гянданд хорьсон гэдэг. Гэхдээ дайн тулалдаан язгууртан биш нэгнийг хааны титэм өмсүүлэх тохиолдол бий. Юань улсыг унагасан хүн нь бослого толгойлсон лам нэгэн байв. Түүний удмынхан шинэ язгууртнууд болж хувираад Хятадыг бараг гурван зуун жил захирсан. Мин улсыг нэгэн дээрэмчин унагасан, даанч ширээнд удаан тогтож чадаагүй. Гадны гүрэн нутаг орныг нь эзэлсний дараа тухайн орныг вассалаа болгоод хэн нэг урвагчийг хаанд томилон хүүхэлдэйгээ болгодог ёс байна. Египтэд хаант засаг унахад хаан ширээнд нь Түрэгээс томилогдсон албани үндэстэн сууж байсан. Зөвлөлт засаг тогтож байсан үедээ хараат орныхоо удирдагчдыг томилдог байв. Чехословакийн Готвальд, Польшийн Бэйрут, Болгарын Дмитров, Хойд Солонгосын Ким Ир Сэн гэх мэт. Тэд бүгд Москвагаас томилогдсон. Энэ заншил 1956 онд төгсгөл болсон. Харин Монголд мөн л тэндээс томилолтоор ирсэн Чойбалсан, Цэдэнбалын үргэлжилсэн дэглэм хамаагүй урт насалсан юм.
 
АНУ тусгаар тогтнож, дараахан нь Францын хувьсгал болсноор төрийг ганцаар захирах тэмцэлд гагцхүү язгууртнууд төдийгүй хар борчууд, хашааны банхарууд идэвхитэй оролцох болжээ. Нэрт философич Хоссэ Ортэга и Гассэт “Түмний түрлэг” зохиолдоо анхааруулахдаа: хичнээн дарангуйлагч байсан ч язгууртнууд, удам залгагчид бага наснаасаа төр барих урлагт суралцан хүмүүжсэн боловсролтой бэлтгэлтэй хүмүүс байсан бол сайхан ярьдаг ч ямар ч бэлтгэлгүй, бичиг үсэг тааруутай, хоосон амлагч популистуудыг ардчилсан тогтолцоо ард түмний тэргүүнд залдаг болжээ гэсэн. Гэхдээ дандаа тийм байгаагүй л дээ. АНУ-ын түүхэн дахь хамгийн аугаа удирдагч гэгддэг Линкольн ердөө л бага боловсролтой нэгэн байв. Дайны дараах Японы гадаад бодлогыг үндсэнд нь эерүүлж чадсан Ерөнхий сайд Танака сургууль номоор огт яваагүй нэгэн. Ийм жишээ хаанаас л бол хаанаас. Жаахан муйхар болохоос Монгол улсынхаа бие даасан бодлогыг хамгаалж амь насаа золиосолсон Ерөнхий сайд Гэндэн бараг л бичиггүй хүн дээ.
 
 
Орчин үеийн ертөнц нь ардчилсан ч бай ардчилаагүй ч бай, үнэн ч бай, худал ч бай юутай ч төр улсыг хамт олон захирдаг олигархи тогтолцоотой харагддаг. Ганцаар захирах авторитар дэглэм ч байсан тэгэж харагдахыг хүсдэггүй учир улс орныг бие хүмүүсийн хамтлаг удирддаг маягтай харагдахыг чармайдаг. Юу юугүй “төр гэдэг бол би” гэж улаан цагаангүй зарлахгүй. Тунисыг олон жил дарангуйлсан нэгэн өвгөрсөн хойноо “Тунис төрийн ямар системтэй вэ?” гэсэн асуултад “Тэр систем нь би өөрөө байна” гэж хариулаад удалгүй унасан нь саяхны жишээ. Зайлуул зөнөглөөд, ямар эринд амьдарч байгаагаа ойлгохоо болио биз.
 
 
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм. Тун ойрын жишээ гэвэл Түрэгийн хүндэт Ерөнхийлөгч Эрдоган байна. Түрэгийг орчин үежүүлсэн хүн бол Ататүрк. Тэгэж байж энэ улсыг лалаас салгаж европжуулж, орчин үежүүлсэн. Шашныг тас хориглоогүй боловч төрөөс салгасан. Төр болон олон нийтийн ажилтан хүн лал маягаар хувцаслах, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүхийг ч хориглож орхисон. Ататүркт дургүй түрэгүүд зөндөө бий л дээ. Голдуу шашны утгаар. Эрдоган мэдээж Ататүркийн талын хүн, гэхдээ лалын шашинд ам сайтай. Өөрийн хамтран зүтгэгч Гюлэнтэй нийлэн сэм сэмээр лалжуулах ажиллагаа хийх болжээ. Энэ нь Ататүркт дургүйчүүдийн дэмжлэгийг авсаар нэг мэдэхэд Стамбул хотын мээр болж орхив. Тэрээр дараа нь Ерөнхий сайд болсон. Ататүркийг хамаагүй муучлаад байж болохгүй учир бурууг Гюлэн руугаа чихэн түүнийг Түрэг улсын дайснаар зарлав. 
 
Түрэг нь парламентийн засаглалтай улс. Харин мань Эрдоган ерөнхийлөгч болох мөрөөрөө болохгүй улс орноо Ерөнхийлөгчийн засаглалтай болгон эрх мэдлийг гартаа төвлөрүүллээ. Үүнд нь мэдээж орчин үежсэн түрэгүүд дургүйцэж таарна. Тэгэнгүүт нь баахан генералуудыг төрийн эргэлт хийхээр зэхэж байсан хэмээн баривчилж шоронд хатаалаа. Түрэгт цэргийнхэн хүчтэй. Хэт баруун, зүүний хүчин төрийн эрхэнд гараад ирүүт цэргийнхэн эргэлт хийн эрхийг аваад нийгэм тайвширсан хойно нь иргэний сонгууль явуулдаг уламжлалтай. Орчин үеийн Түрэгийн түүхэнд ийм тохиолдол хэд хэд гарсан. Тайландад бас тэгдэг. 
 
2016 онд Түрэгт цэргийнхэн төрийн эргэлт хийх гэж оролдлоо. Маш хачирхалтай эргэлт. Олон ажиглагчид энэ эргэлтийн Эрдоган өөрөө далдаас санаачилсан гэж үзэх нь бий. Юутай ч Ерөнхийлөгч үүгээр далимдуулан цэргийхнийг хэсэгтээ л нам дарж авсан. Хэдэн зуугаар нь алж, мянгаар нь баривчлан шоронд хийсэн. Одоо тэрээр улс орондоо ганцаар захирагч. Өөдөөс нь хуцах нохойгүй болсон. Төрийн бүх шийдвэрийг өөрөө биечлэн гаргана. Шийдвэр гаргагч хамтлагтай гэж харуулах гэж Ерөнхий сайдаараа их яриулнаа.
 
Шинэ технологи ч биш дээ. Октябрийн эргэлтийн удирдагчдын тоонд Сталин багтаж байгаагүй. Тэрээр Үндэсний асуудал хариуцсан сайд, дараа нь намын нарийн бичгийн дарга хийж байсан хоёр гурав дугаар эгнээний нэгэн байлаа. Намаараа дамжуулж өөрийн хүмүүсийг удирдлагад тавьсан. Тэдэнтэйгээ нийлж байгаад намын нийт удирдлагыг гартаа оруулжээ. Зөвлөлт дэглэмээр нам нь төрийнхөө дээр байдаг учир сүрэглэсэн олноо зохион баййгуулж өөртэй нь хамт хувьсгал хийсэн удирдагч нарыг зэмд унаган бүгдийг нь цааш нь харуулсан. Үүний өмнө нэг ухаалаг ажиллагаа явуулсан нь намын бас нэг удирдагч, өөрийнх нь залгамжлагч гэгдэж байсан Кировын үхлийг ашиглан урвагчдын эсрэг том кампани зохион байгууллаа. Үхсэн Кировыг тэнгэрт тултал алдаршуулан, дайснууд түүнийг хороолоо хэмээн бүх ард түмнийг Зөвлөлт төрийг хамгаалан тэмцүүлэхээр босгож ирэх нь тэр. Мэдээж харанхуй ард түмэн Кировынхаа араас гашуудан, Сталиныгаа дэмжиж биенээ хөнөөх ариун дайнд мордсон юм. Хожим олж тогтоосноор чухам ийм хийрхэл үүсгэхийн тулд Кировыг алах ажиллагааг Сталин өөрөө далдаас зохион байгуулжээ. Ингэж Сталин түүхэнд ховор тохиолдох ганцаар захирагч болж тодорсон юм.
 
Гитлерийн ганцаар захирагч болсон намтар Сталиныхтай төстэй боловч оросуудыг бодвол илүү сэхээлэг германы ард түмэнд зориулж бүх юмыг хуулийн дагуу үйлдсэн. Тэрээр төрийн эргэлт хийх гэж бүтэлгүйтээд шоронд сууж байхдаа иргэншсэн Германд хууль бусаар төрийн эрх авч болохгүй юм байна гэдгийг ухаарчээ. Түүний аз болоход Америкт эхэлсэн эдийн засгийн хямрал бүх дэлхийд халдварлаж, Герман ханшны уналт өндөр инфляцид нэрвэгдэв. Гитлер энэ хямралын бүх бурууг жүүд нарт тохсон нь олны үнэмшилд таарсан хэрэг. Өөрийнх нь даргалдаг Германы ажилчны үндэсний социалист нам нь өөрийн гэсэн зэвсгэлсэн армитай, тэр нь хямарлаас буй болсон элдэв бужигнаан үймээн, гудамжны зодооныг зохицуулж элдэв жагсаал цуглааныг тараах ажил хийнэ. Үүнийгээ Германд болж буй элдэв бужигнааныг дарж нийгэмд эмх журам тогтоож байгаа хэрэг гэж тайлбарлах нь нийтийн таашаал хүлээсээр удалгүй нам нь чөлөөт ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг авчээ. Гитлерийн гарт төрийн арми, цагдаа, тагнуул, бүхий л хүчний байгууллага ороод ирлээ. Одоо түүнд төрлөх намых нь журам сахиулагчид хэрэггүй. Урьд өөрийн удирдаж хийлгэсэн дураараа үйлдлийг эргэж цагаатгахын тулд СД гэж нэрлэгддэг намын армиа хориглож барьж маягласангүй, шууд л устгалаа. Үүнийг түүхэнд “урт хутганы шөнө” гэж нэрэлдэг. Зүгээр л төрийн цагдаа шөнөөр давхиж ороод л бүгдийг нь буудчихсан. Төр бол төр, ямар ч сайн дурын зохицуулалтыг зөвшөөрөхгүй. Энэ хүрээндээ тэрээр Төрийн ордон Райхштагийг шатаасан хүнийг баривчлан, түүнтэй холбогдох олон хүнийг хамарсан шүүхийн томоохон ажиллагаа явуулав. Үнэндээ ордон шатаасан гэгдэх голланд эр нь мэдэрлийн өвчтэй нэгэн байлаа. Кировыг алдаг намын гишүүн ч мэдэрлийн өвчтөн байсан. Сталины нэгэн адил ордон шатаах ажиллагааг Гитлер өөрөө далдаас зохион байгуулсан гэдэг. Улс оронд сахилга бат дэглэм журам хэрэгтэй учраас бүхий л улс төрийн намыг хориглосон хууль гаргасныг Германы ард түмэн “ойлголоо”. Ийнхүү Гитлер хуулийн дагуу ганцаар захирагч болж чадсан юм.
 
Мао тариачны коммунизм байгуулах элдэв туршилт явуулсны үр дүнд 70 сая орчим хятадуудыг үхэлтэй золгуулжээ. Эгнээнийх нь удирдагч түүний туршилтыг эсэргүүцэж үгэнд нь орохоо болив. Тэрээр ухаан гаргаж, арван маршалынхаа нэг болох бусадтайгаа зөрчилддөг Лин Баог өөрийнхөө залгамжлагч гэж нэрлээд армиа хариуцуулснаар зэвсэгт хүчнээ өөртөө татав. Дараа нь Хятадын бүх удирдлагын эсрэг хүүхдүүдийг өдөөн босгож улс орныг самууруулсан явдлыг “Соёлын хувьсгал” гэж нэрэлсэн. Самуун арваад жил үргэлжилсний ба энэ хооронд Мао үнэмлэхүй ганцаар захирагч болсон. Тэрээр бурханы хэмжээнд очсон ба сургааль ном нь хэдэн тэрбумаар хэвлэгдэж хосгүй амжилт тогтоож байв. Улаан хамгаалагч хүүхдүүдээ эргэж дарж авах гэж нэлээд зовсон доо.
 
Филиппин улсын нэг зовлон нь цөөнх болох лалын шашинтнууд, мөн хар тамхины мафи бүлэглэл. Эдэнтэй хуулийн бус байдлаар, шууд алж хядах арга хэрэглэж эхэлсэн Дутартэ хэмээх нэгэн хотын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт бахйгуулжээ. Хүмүүс олон жилийн турш хар тамхины мафи, лалын террористуудаас залхсан байсан учир Дутартэг юу ч хийсэн дэмжих болов. Өнөөх нь ч хөөрч ямар ч шүүхгүйгээр сэжиглэгдсэн хэнийг ч газар дээр нь буудан хороох тушаал гаргасан төдийгүй энэхүү зэрлэг ажиллагаанд өөрийн биеэр оролцон хэдэн хүн өөрөө алснаа тоолон бахархах болов. Ийм л замаар тэрээр энэ улсад ганцаар захирагч болж дөнгөжээ.
 
XXI зуун гардагийн урд өдөр бараг хэн ч таньдаггүй нэгэн залуу Орос гүрний толгойд гэнэт гарч ирэв. КГБ-ийн ажилтан асан, туршлагатай гадаад тагнуулч тэр эр тарж бутарсан Зөвлөлтийн эзэнт гүрний буурин дээр хоцорсон үймж бужигнасан Орос орныг хүлээж авлаа. Задрал дуусаагүй нэмж тусгаарлана гэсэн олон үндэстэн, үзэл суртлын дутагдал, эрх чөлөөтэй байж үзээгүй ард түмний учраа олохоо байсан байдал, гэнэтийн баян хоосны ялгарал нь Оросын ард түмнийг бухимдуулан хамаг бурууг ардчилсан тогтолцоо руу чихэж байв. Олон жил ноёрхсон хяналт, дарамт, цагдалт, захиргаадалт гэнэт алга болчихоор хүмүүс Фроммын тодорхойлсон “эрх чөлөөнөөс дайжих” үзэгдэлд нийтээр автжээ. Коммунист нийгэм цаашид оршин тогтнох бололцоогүй болж өөрийн жамаар мөхөж байгааг ихэнх нь ойлгоогүйгээс үүнд буруутай этгээдүүдийн эрэлд нийтээр мордсон байсан цаг. 
 
Путиныг дөнгөж гарч ирэнгүүт Москвад орон сууцууд дэлбэлсэн ажиллагаа хэд хэд давтагдав. Нотлогдоогүй боловч энэ үйлдлийг Путин далдаас удирдсан гэж хардацгаадаг. Чеченьчүүдийн хийсэн ажил! Ганц сая хүн амтай тэр жижиг үндэстнийг дэлхийн хамгийн том арми газартай нь тэгшилж Оросын олон нийтийн таашаал хүлээв. Эрт баяжсан Оросын анхны хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураан гадагш нь хөөлөө, явахгүй гэсэн нэгнийг нь шоронд хорив. Бүх мэдээллийн хэрэгслэлийг улсын болгож бүрэн хяналтаа тогтоов. Төрд хураагаагүй үйлдвэр албан газруудад зүсэн бүрийн шахалт үзүүлж эхэллээ. Путины аз болоход энэ үед Оросын гол экспорт нефть, байгалийн хийн зах зээлийн үнэ урьд хэзээ ч байгаагүй өндөрт хөөрчээ. Тэгэнгүүт нь Өрнөдийг эхлээд шүүмжлээд, дараа нь хамтарч ажиллахаа зогсоогоод, удаалаад муудалцаад, эцэст нь дайсагнаж гарав. Өрнийн эсрэг гурав дөрвөн үе дамжин суртал нэвтрүүлэг явуулсан зөвлөлтийн синдром хүмүүсийн тархинд гүн бат шингэсэн ба тэднийг Орос орныг устгах эзлэх далд төлөвлөгөөтэй, Орос орон хаалгаа нээсэн нь тэдэнд хүслээ биелүүлэх бололцоо гаргалаа гэсэн итгэл үнэмшил одоо ч ихэнх оросуудад байдаг учраас үүнийг Путин дагуулж тонгорч буй нь тэр. Өөрөө ч тэгэж боддог. Оросын Үндсэн хуулинд Ерөнхийлөгч дөрөв дөрвөн жилээр ганц удаа улирч болно гэдгийг өөрчилж зургаан жил болгосон ба завсар хооронд нь тоглоомны хүн жийргэвч болгоход оросууд эсэргүүцэх биш уухайлан дэмжсэн. Путины бүх алхам, түүний дотор байнга үйлдсээр байгаа гадаад түрэмгийлэл, бусдын газар нутгийг булаах, олон улсын терроризм нь ард түмнээсээ маш их дэмжлэг авах болжээ. Тэрээр хэдийнээ ганцаар захирагч болсон. Зарим мэдээгээр тэрээр дэлхийн хамгийн баян хүн болсон. Хуучин олигархиудыг устгасан ч түүнээс аймаар өөрийн хувийн олигархийг буй болгоод тэдний тусламж дэмжлэгээр аугаа том Орос орны ганцаар захирагч эзэн болжээ.
 
2019.11.11
 
Баабар