sonin.mn
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 11-р сарын 14-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдсан билээ. Энэ нь хэд хэдэн хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэж үзэн, МАН, АН-аас бусад улс төрийн намууд нэгдэн,  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаарджээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа
 
Шаардлага хүргүүлэх тухай
 
2019 оны 11 сарын 15-ны өдөр
 
Манай намууд УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхдээ Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль зэрэг хуулиудыг зөрчсөн ажиллагаа явуулж байна хэмээн үзэж энэ тухай анхааруулж тууштай шүүмжилж ирсэн билээ. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн утга санаа 1992 оны суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг илэрхий дордуулсан байна хэмээн үзэж буруушааж байгаа юм.
 
Та ч гэсэн МУ-ын Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын 73-р тогтоолд хориг тавихдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэх үйл явц болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн утга агуулга Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнийг үндэслэж, Үндсэн нэмэлт өөрчлөлтийн талаар тавьсан саналаа татаж авсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. 
 
УИХ Ерөнхийлөгч таны тавьсан хоригийг хүлээн авахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаагаа хуулийн гольдрилд оруулах, түүнчлэн хууль зөрчсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хүчингүй болсныг мэдэгдэхийн оронд хориг тавигдаагүй, хууль зөрчөөгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хууль зөрчсөн ажиллагаагаа улам лавшруулсан юм. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариагүй байна.
Нөгөө талаар та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд олруулсан саналаа татаж авсныг тэд үл тоож таны саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс хасалгүй хэлэлцэн баталжээ. Гэтэл УИХ-ын дэгийн тухай хуульд “хууль санаачлагч саналаа хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж авах эрхтэй” хэмээн хуульчилсан байна.
АН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өөрсдийнх нь санал болгосон саналууд ороогүй учир МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дангаараа, хүч түрэмгийлэн баталсан үйл ажиллагаа болж байна хэмээн албан ёсоор мэдэгдэж энэ үйл ажиллагаанд оролцохгүйгээ зарласан юм.
 
Энэ бүхэн УИХ, түүний олонхийг бүрдүүлэгч МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дангаараа хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь утга агуулгын хувьд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг дордуулсан, Үндсэн хуулийн суурь зарчмуудад халдаж өөрчилсөн, улмаар нэг намын дарангуйллыг тогтоох аюул заналыг агуулсан гэдгийг хангалттай нотолж байна.
 
Ерөнхийлөгч Та эв нэгдлийг илэрхийлэгч, Үндсэн хуулийг чандлан сахиж даган мөрдөхөө тангарагласан өндөр албан тушаалтны хувьд УИХ-ын гишүүд, ялангуяа МАН-ын дангаараа явуулж байгаа хууль бус үйл ажиллагаатай эвлэрэх ёсгүй хэмээн үзэж, 2019 оны 11 сарын 14-ний өдөр УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хориг тавих, түүнийг ёсчлохгүй байхыг шаардаж байна.
Та манай улс төрийн намуудын энэхүү шударга шаардлагыг хүлээн авна гэдэгт найдаж байна.
 
Хүндэтгэсэн,
 
Монголын Ногоон Нам
Иргэний Зориг Ногоон Нам
Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
Монголын Либерал Ардчилсан Нам
Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам
Эрх чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
Иргэний Хөдөлгөөний Нам
Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
Монгол Ардын Хувьсгалт Нам
Эх орончдын Нэгдсэн Нам
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн Нам
Монголын Хүний Төлөө Нам
Ард түмний Олонхийн Засаглал Нам
Их Эв Нам
Гэр Хороолол Хөгжлийн Нам
Монгол Шинэчлэлт Нам