sonin.mn
Монголд төдийгүй дэлхийд данстай нэгэн эрхэмтэй хоёр дахь гэр нь болсон ажлынх нь өрөөнд уулзах болзоо тавьсан. Очиход цагаан халаад өмссөн, өндөр нуруутай хөнгөн шингэн алхаатай, жавхаатай сайхан буурал угтлаа. Энэ хүн бол олны дунд физикийн хэмээгддэг “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавтгайн Намсрай гуай юм. Тэр бүтэн жарны амьдралаа физик, математикийн шинжлэх ухаанд зориулсан хүн билээ. Түүнийг “Амьдралын тойрог” булангийнхаа хүндтэй зочноор урьж, ярилцлаа.
 
Атом, молекулын тухай ном бяцхан хүүг эрдэмтэн болгох замд хөтөлжээ
 
 
 
1968 он. Москвагийн их сургуулийн оюутан.
 
Ажил мэргэжлээрээ овоглодог болтлоо хийж бүтээнэ гэдэг том түүх бүтээжээ гэж бодогдоно. Х.Намсрай гуайн  гарал үүсэл, удам судар,өссөн, төрсөн нутаг, хүүхэд ахуй үеийн дурсамжаар бидний  яриа өрнөсөн юм.1943 оны өвлийн эхэн сард Сэцэн хан аймгийн одоогийнхоор Завхан аймгийн “Цагаанхайрхан” сумын Ширээгийн голд малчин ард Хавтгайн гэр бүлд нэгэн хүү дуу хадаан мэндлэснийг хожмоо дэлхийд дуурсагдах эрдэмтэн төрж байгааг яахан мэдэх билээ.
 
 
Эхээс хоёул тэрээр бага наснаасаа аав, ээждээ туслан мал хариулж өсөөд есөн насандаа сумынхаа бага сургуульд элсчээ. Х.Намсрайн өвөө Дамдин бичиг үсэгтэй хүн байсан учраас Богдын “Тулган шаардах бичгийг” Улиастайн амбанд уншиж өгч явсан удмаараа бичиг, соёлын өв тээгч хүмүүс байсан гэдэг. Хавтгайн гуайн том ах Балган “Дуут”-ын хүрээний лоовон лам, мундаг номтой хүн байж. 1939 оны их хэлмэгдүүлэлтэд өртжээ. Харин авга ах Муна нь мөн бичиг үсгийн боловсролтой нэгэн байжээ. Түүний ээж Мядаг нь  эхээс 11-үүлээ. Ээжийнх нь  ах, дүү нар хот суурин газар амьдардаг тул тэднийх ах дүүгээ бараадан хот руу шилжихээр болж сумын бага сургуульдаа хоёр жил суралцсан жаахан хүү аав, ээжтэйгээ Улаанбаатар хот руу нүүж иржээ.Монголын баруун хязгаараас Төв аймгийн Лүн сум хүртэл 1000 гаруй км газрыг туулахаар зэхсэн  өдөр бол 1945 оны тавдугаар сарын 23-ны зуны дэлгэр сайхан өглөө. Гэрээ ачсан тэмээн жингийн араг дотор суусан бяцхан хүү  Х.Намсрай. Монголчуудын нүүдлийн соёл ахуйг биеэрээ мэдэрч хүн байгалийн шүтэлцлэл, дэлхий, сансар огторгуйн зүй тогтолыг гайхан, учир шалтгааныг мэдэх чин хүсэлд автан алмайрч явсан гэдэг. Тэнгэрт түгэх,түм буман оддыг тоолох гэж нүдээ чилээсэн тэр том болоод би одыг улам сайн мэддэг хүн болно гэсэн бодлыг төрүүлж байсныг үгүйсгэхгүй. Бас энэ нүүдэл түүнд, амьдралыг таньж мэдэх олон дурсамжийг үлдээж сэтгэлд нь мөнхийн уяатай байдаг аж. Хүүхдээ, сургуулиас нь хоцроохгүй гэсэн аав есдүгээр сарын 1-нд амжиж шинэ нутагт ирж оруулжээ. Лүнгийн бага сургуулийн  III ангид Х.Намсрай Их зохиолч Б.Лхагвасүрэнтэй нэг ангид байснаа хожим мэдсэн гэдэг. Тэгээд 2000 оны үед Б.Лхагвасүрэн гуай “Намсрай чи бид хоёр, танай дүү Бористой Лүнгийн бага сургуульд нэг ангид байсан шүү дээ гээд тэвэрч үнссэн.” гэж билээ. Б.Лхагвасүрэн гайхамшигтай ой ухаантай хүн байсан хэмээн хуучилсан. Хот руу малтай айл оруулахгүй байсан болохоор Лүн суманд малаа үлдээгээд хотод ирсэн ч аавд нь ажил олдохгүй байж. Гэтэл Дорноговь аймагт нефтийн  үйлдвэр ашиглалтад орох болж аав нь тэнд ажиллах болов. Ингээд тавдугаар ангийн жаал хүү Дорноговь аймагт VIII ангиа дүүргээд Улаанбаатар хотод ирж одоогийн 23 дугаар дунд сургуульд аймаг бүрээс ирсэн хүүхдүүдтэй тохой залган суужээ. Гариг эрхэсийн зүй тогтол болон од гаригийн тухай сониуч бодолд автсан VI ангийн хүү Х.Намсрай 1958 онд хэвлэгдсэн А.Авирмэдийн “Бодисын бүтэц ба атомын энерги” нэгэн номыг амтархан уншсан нь бяцхан хүүг эрдэмтэн болох хүсэлд хөтөлжээ. Амьдралын минь алтан ном хэмээн ерөөж номынхоо шүүгээнээс гаргаж ирэн  харуулсан тэр жижигхэн ном. Бас МХЗЭ-ийн илгээлтийн үнэмлэх түүний хувьд Чингисийн одонтой дүйцэх хамгийн үнэт зүйл хэмээн нандигдан ярьсан юм.1968 оны хавар 23 дугаар сургуулиа онц төгссөн. Монголын эвлэлийн төв хорооны илгээлтээр ЗХУ-ыг зорьсон түүхтэй.
 
 
Дубнад өнгөрүүлсэн бахархам он жилүүд
 
1957 он анх  Монголын хөх тэнгэрт тийрэлт хөлөг, цагаан зам татуулсан түүхт жил. 1958 онд хүн төрөлхтөн сансарт пуужин хөөргөж, 1961онд анх хүн сансарт ниссэн гайхамшигт он жилүүд. Тэр үед физикийн шинжлэх ухаан, атомын бүтцийн тухай хүн бүхэн ярьж том, жижиггүй гайхаж  хүүхэд бүхэн сохирхож байсан үе. Тэр дундаас физикийн шинжлэх ухааны гайхамшгийг үеийнхнээсээ арай илүү харж сонирхож дурлаж байсан нь Х.Намсрай байж. Москвагийн их сургуульд таван жил гаруй суралцсан он жилүүд нь түүний амьдралд суралц бас дахин суралц гэсэн зарчмыг зүг чиг болгож номын сангаас салдаггүй мэрийлттэй, онц сурдаг хүүхэд байв. Тухайн үед МУИС-ийн профессор Очирбат, Гэлэгжамц нар докторын зэрэг хамгаалахаар тэнд сурч байсан нь түүнд эрдэм шинжилгээний ажил бичихэд нь нэмэр болж  номноос өөр зүйл сонирхох зав олгоогүй гэдэг. Тавин рублийн өндөр цалинтай оюутан гангарах, найз нартаагаа наргиж цэнгэх боломж байсан ч сургуулийн танхим, лабортори, номын сандаа л байх нь түүнд хамгийн сайхан мөч байсан гэдэг. Ном унших  тоо бодох гэдэг түүний хувьд амьсгалахтай адил. Ямар сайн даа багш нар нь “Нааяаг хүнтэй танилцуулахгүй бол дандаа номтой найзалсаар байгаад хөгширөх нь” гэж шоолдог байжээ. Ингээд 1968 онд төгсчээ. Гэтэл түүнд аз тохиож дадлага хийсэн ОХУ-ын Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтад ажиллах болжээ. 1970 онд Монголдоо түр  ирээд байх үедээ эхнэр Ж.Цэрэндуламтайгаа Төв номын санд анх танилцаж эрдэм номын мөр хөөдөг хүмүүсийн учрах газар нь хүртэл  номын сан байв. Багшийн дээд сургуулийг  математикийн багшаар төгссөн түүний гэргий  Архангай аймагт хуваарилагдсан боловч гэнэт алга болсон тухай найз нөхөд нь дурсан ярьдаг гэсэн. Учир нь Намсрайтай  гэр бүл болоод ОХУ-ыг зорьсон ажээ. Дубнад ажиллаж, амьдарсан 10 жил түүний амьдралын хамгийн  сайхан жилүүд нь байж Дэд эрдэмтний зэргээ хамгаалж хоёр сайхан охинтой болсон гээд дурсах зүйл олон. Ингээд 1980 онд эх орондоо ирж одоог хүртэл  Монголын шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн онолын физикийн лабораторийн эрхлэгчээр 40 жил ажиллажээ. Түүний бэлтгэсэн 20 эрдэмтэн гадаадын олон орны дэлхийн физикийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан хийж байгааг академич бахархан ярьж байна. Тэдний дундаас Нобелийн шагналтан төрнө гэдэгт багш нь итгэдэг гэсэн.Түүний үзсэн, харсан газар орон тоймгүй олон. Эх орныхоо буянаар Москвагийн том сургуулийг төгссөн. Ертөнцийн үүсэл хөгжил атомын бүтцийн тухай судалдаг танин мэдэхүйн чиглэлээр манай олон эрдэмтэн Италийн цөмийн төвд ажиллаж судалгаа шинжилгээ хийж суралцсан. Түүнчлэн1986 онд 87 орны 1200 орны гарамгай эрдэмтдийн гишүүнчлэлтэй дэлхийн академи байгуулагдаж хөгжиж буй манайх шиг орны эрдэмтдийг дэлхий хэмжээний судалгааг хийхэд дэмжлэг үзүүлж, чиглүүлэх зорилготой байгуулсан гээд тэр болгонд Х.Намсрай оруулсан хувь нэмэр их. Тэрээр тус академийн анхны гишүүн дэлхийн эрдэмтэн юм. Түүний дараагаар академийн гишүүн таван эрдэмтэн төржээ. 1995 онд Италид Абдул Саламтай уулзсанаа тэрээр дурсаж байв. Х.Намсрайг манай орон зах зээлийн нийгэмд  шилжиж олон залуучууд ганзагын наймаанд явж байна гэхэд хариуд нь Абдул тэгж болохгүй. Танай залуу эрдэмтдийг дэмжье жилийн 2000 ам.долларын шагналын сан байгуулна. Та залуучуудаа шалгаруулж дэвшүүл. Тэндээс хоёр хүн шалгаруулж мянга, мянган доллараар шагная. Шагналын санг дэлхийн академиас гаргана гэж хэлжээ. Физик математик, хими, биологийн салбарт ажиллаж байсан 40-өөс доош насны 40 гаруй залуус уг шагналыг авч байжээ.
 
 
 
Нар, сар, од мөнхийн гэсэн онолыг тэр няцаасан
 
 
Дэлхийн академийн их хуралд. 2001 он.
 
Хорвоо ертөнцийн үүсэл хөгжил хүний төлөв байдлын судалгааг АНУ-ын Кембирджийн их сургуулийн багш Хоукин болон бусад олон эрдэмтэд хийсээр иржээ. Тэд өөр, өөрийн арга зүйтэй. Харин энэ талаар нэгэн гайхамшигтай нээлт хийсэн нь монголын эрдэмтэн Х.Намсрайн онол юм. Тэрээр, Хорвоо ертөнц, од эрхэс хүн шиг үүсэл, хөгжилтэй. Од эрхэс, хорвоо ертөнц үүссэн шигээ мөхөх тавилантай  гэсэн гайхамшигтай сонин үр дүнг гаргаж иржээ. Ингэснээр од мөнхийн гийж цацарч байх зүйл гэсэн дээр үеийн эрдэмтдийн онолыг няцаасан аж. Х.Намсрайн энэ онолоор од гэрлээ цацруулсаар байгаад дуусна. Нэг л өдөр харанхуй болно гэдгийг хэлэв. Уг онолоор биднийг, дэлхийг ивээж тэтгэж байдаг нар таван тэрбум жилийн дараа гэрэл, илч дулаанаа цацруулахгүй болно. Сар нэг жилд дөрвөн см-ээр тойрог замаа тэлсээр байна. Энэ тооцоогоор бодоход нэг тэрбум жилийн дараа дэлхийг хаяад явах нь.Түүнчлэн од 13 тэрбум жилийн дараа үүл шиг нүүгээд явчихна. Нэг үгээр хэлбэл, 13.5 тэрбум жилийн дараа манай ертөнц хоосон болох ажээ. Бүр тодруулбал, хорвоо ертөнц анх нэг цэгээс дэлбэрч үүссэн гэдэг. Дэлбэрэхэд үүссэн их хүч, энерги, бүх одуудын жинг тооцож болж байгааг тэрээр нээсэн. Одууд бие биеэсээ үүл шиг нүүж холдож буй зүй тогтлыг математикийн аргаар  тооцож бичжээ. Математик аргачлалаар хийсэн энэ нээлтийг дэлхийн эрдэмтэд ихээр сонирхож эхэлжээ. Мэргэжлийн үгээр тайлбарлавал, “Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол”-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан аж. Энэ нь математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ. Ингэснээр  “Намсрайн дөхөлт” гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Энэхүү нээлтээр тэрээр Монгол Улсын тэргүүн зэргийн одон “Чингис хааны одон”-г хүртсэн гавьяатан билээ. Хүүхэд насны “одыг том болоод тоолно, учир зүйг нь олно” гэсэн мөрөөдөл нь  биелэсэн нь энэ. Тэгэхээр хүн том мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэх тууштай хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байснаар  зорьсондоо хүрч болдгийг  буурал эрдэмтний амьдрал нотолж буй нь энэ.
 
Монголоос Нобелийн шагналтан төрнө гэдэгт итгэдэг
 
 
“Намсрайн дөхөлт” эрдэм шинжилгээний онолын ном 1200 хуудастай 30 жилийн бүтээл.
2014 он.
 
 
 
Физикийн их эрдэмтэн болох хүсэлд хөтөлсөн ном. 1958 он.
 
Физик гэдэг математик. Эдийн засаг  ялгаагүй математик. Бизнесийг ч мөн математик тооцоогоор удирдана.Нобелийн шагналыг яагаад эдийн засгаар авч байна гэвэл математикт суурилдаг учраас тэр. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээр гоё сайхан бүх зүйлийг харж, эдэлж хэрэглэж байна. Гэхдээ эдгээр эд зүйл болох машин, гар утас, онгоц, барилга байшин  бусад бүтээгдэхүүнүүд ямар их хүч хөдөлмөрөөр бүтдгийг мэддэггүй. Зүгээр л хэрэглээд яваад байна. Нэг үгээр хэлбэл, бид хэрэглэгч орон болжээ. Хийж бүтээхгүйгээр бид хөгжихгүй. Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болж хөгжихөөс биш бэлэн малын бүтээгдэхүүн болон газрын баялагаа зөөгөөд хэзээ ч хөгжихгүй. Өнөөдөр яг ийм  зүй тогтолд ирээд байна. Тэгэхээр бүх улсаараа хүн бүхэн юм бүтээдэг хандлага руу хөгжих ёстой. Урд хөрш 20-30 жилийн дотор үсрэнгүй хөгжиж байна гэж Х.Намсрай гуай ярив. Түүнийг  1989 онд  АНУ-ын Серакусын их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр очиход 140 мянган хятад оюутан салбар бүрийн хамгийн шилдэг сургуулиудад асперантурт сурч  технологийн нууц оюуны тайлагдашгүй их ундаргаас суралцсан аж. Эдгээр оюутанууд эх орондоо буцаж ирээд Хятад улсыг өнөөдөр үсрэнгүй хөгжлийн замд орууллаа. Хятад улс өнөөдөр манай улсын хүн амтай тэнцэх тооны эрдэмтэдтэй. Жилд 400 мянган оюутан элсдэг гэдэг. Монгол хүний оюун ухааны чадварт тулгуурлаж тийм олон биш ч цөөхөн чанарлаг хүмүүсийг сургах хэрэгтэй гэв. Цааш нь 1960-1970 аад онд физик, шинжлэх ухааны хамгийн сонирхолтой салбар байв.Тийрэлт хөдөлгүүр бий болж сансар судлал хүчээ авч, атомын цахилгаан станц байгуулагдаж  хорвоо ертөнцийн өөрчлөлтийн тухай ойлголт өөрчлөгдөж орчлонгийн хамгийн жижиг биет болох атом цөмийн бүтцийг нээсэн гээд үзэхээр өнгөрсөн зуун бол физикийн зуун байв. Харин XXI зуун хиймэл оюун ухаан, инноваци, генетик, мэдээлэл технологийн зуун болж байна.Шинжлэх ухааны нээлт, бүтээл хүн болгонд үр шимээ өгж байна. Гар утасны ачаар дэлхийн  долоон тэрбум хүн нэг хүн шиг ажиллаж байна. Стив Жобс, Билл Гейтс, фэйсбүүкыг  үндэслэгч, оюунлаг тэрбумтан Жак Ма зэрэг том эрдэмтэд хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл  бүтээснээр асар их баялагыг дэлхийн бүх хүнд өгч чадаж байна.Тэд хувь хүнд зориулж баялаг бүтээсэн учраас асар их баялагийг бий болгож байна. Гэтэл манайх арван тэрбум долларын эдийн засгийг бий болгож эргэлдүүлэх гэж хэрхэн зовж байна. Тэгэхээр төр бодлогоор  хөрөнгө зарцуулж ухаантай хэдхэн хүн бэлтгэхэд л манай Монгол Улс дэлхийд танигдахын аргагүй болтлоо хөгжих боломж байгааг дээрхи жишээ харуулж байна.
 
 
Манай 6,7 настай хүүхдүүд ой тогтоолт, шатар зэрэг оюуны чадамжаараа дэлхийг донсолгож байна. Тэднийг цааш сурах нөхцөл боломжоор нь хангавал дэлхийн том компаниудын эзэн болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр ухаантай хүмүүст хамгийн их хөрөнгө зарж оюуны өндөр үнэ цэнтэй эрдэмтэд төрүүлснээр Монгол Улс үсрэнгүй хөгжих  боломжтой хэмээн итгэл дүүрэн ярьж байлаа.
 
 
70 гарсан буурал маань ханьтайгаа  дөрвөн сайхан зээгээ тойруулан амьдарч байна. Түүний хөнгөн шингэн, бие эрүүл байгаа  нь 40 жил ууланд алхсантай нь холбоотой гэсэн. Ямарч үед номоо бариад уул руу алхдаг түүнийг хүүхдүүд нь гэргий нь бүгд дэмжиж хамт ууланд алхдаг гэсэн. Мөн тэрээр 40 жил өмссөн цагаан халадаа ажил дээрээ ирээд л бушуухан өмсдөг гэв. Лабораторид ажлаагүй ч сурсан болоод ч тэр үү  халадаа өмсөхөөр сайхан байдаг гэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн зарлигаар Тулгар төрийн 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эгэл бөөм квант орны онолын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнажээ. Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлсэн байна. Мөн олон зуун залуу эрдэмтэн, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан багш хүн.Мөн Х.Намсрай нь 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан дэлхийд данстай  их эрдэмтэн юм.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин