sonin.mn
Их Монгол гүрнийг нэгтгэн байгуулж дэлхийн талыг эрхшээж явсан Эзэн Чингисийн 813 жилийн ойн төрсөн өдөр, түүний байгуулсан улс гүрэн салж сарниж бусдын эрхшээлд орж мөхөж доройтож явснаа сая нэг сэргэж туурга Тусгаар улс орон болж Бүгд найрамдах улсаа зарлан тунхагласаны тэртээх баярт өдрийн 95 жилийн ой сая тохиож улс орон, айл гэрээрээ энэ баярын хоёр өдрийг сайхан тэмдэглэж, бас амарч өнжицгөөв. Төр засаг ч уламжлалаараа Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Жанжин Сүхбаатарынхаа хөшөөнд цэцэг өргөж ёслов. Энэхүү уламжлал дээр бас нэгэн баяр нэмэгдэж ард түмэндээ бахархал төрүүлэх болоод буй. Амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлээрээ тэргүүлсэн Монголынхоо хэн нэг иргэнд Эзэн Чингисийн одон гардуулах төрийн ёслол хүндэтгэлийн энэхүү баярыг ард түмэн ч хүсэн хүлээж Их Эзэн хааны нэрэмжит одон хүртсэн тэр эрхэмтэй хамт баярлаж, тэр эрхэмээрээ бас бахархаж байдаг билээ. Энэ өдрөө “Монгол Бахархлын өдөр” хэмээн нэрлээд буй нь ч нүдээ олсон хэрэг. Чингис хаан одон гардуулах төрийн энэхүү ёслолыг орон даяар телевизээр үзүүлж түмэн олон ч гэр орноороо тухлан сууж одон гардуулж буй Төрийн тэргүүнтэйгээ, ёслолд оролцож буй УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Чингис хаан одонтонгууд, улс орны алдартнууд, төрийн бусад томчуултай хамтдаа баярлаж баясдаг уламжлалтай болоод буй. “ТHE HU” хамтлагт Эзэн Чингисийн одон хүртээх энэ жилийн баяр ёслолыг тэр л уламжлалаараа үзэж сонирхож тэдэнтэй хамт баярлахаар цэнхэр дэлгэцийнхээ өмнө гэр орноороо тухалцгаав.
 
 
Төрийн хүндэтгэлийн энэ удаагийн баяр ёслолд нэг л юм илт дутаж сэтгэл гонсойлгов. Эзэн Чингисийн одон хүртэж буй “ТHE HU” хамтлагийнхнаа олигтойхон танилцуулчихаж болоогүй юм байх даа гэх гоморхол юм тэр нь. Чингис хаан одон хүртэж буй тэдний овог нэрийг Ерөнхийлөгч дурдах төдий л болов. Ядаж хамтлагийнхны зураг хөргийг дэлгэцэнд харуулчихаж болоогүй юм байх даа гэх бодол төрж байлаа.
 
 
Тоглолтынх нь бичлэгээс хоёр гурван минутын хэсэг дэлгэцэнд үзүүлж харуулчихсан ч болох техник технологи хөгжсөн эрин шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэн нэгэн түшмэл нь ч юм уу, эсвэл Продюссер нь ч юмуу “ТHE HU” хамтлагийнхаа хэн нэгтэй нь холбогдоод Их хааны одон хүртэж буй тухайн сэтгэгдлийг нь дүрс бичлэгээр гаргачихсан бол, европыг донсолгож буй концертынх нь бичлэгээс хэдэн хормын бичлэг цацчихсан бол хэтэрхий хуурай энэхүү арга хэмжээ амь ороод явчихаар байлаа. “ТHE HU” хамтлагийн Продюссор, хүннү дээлтэй Б.Дашдондог харин ч монголдоо байж Чингис одонгоо хүлээн авсан нь яамай даа. Ер нь жилдээ ганцхан удаа хүртээдэг Их Эзэн хааны одонг хэн юуны учир хүртэв гэдгийг Төрийн ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээ тод томруунаар илэрхийлэх ёстой болов уу гэж бодох юм.
 
Урлаг соёлын од болсон Хүннү Рок гэх энэ хамтлагт реклам сурталчилгааны зураг хөрөг, дүрс бичлэг хангалттай л байдаг байлгүй дээ. Одонгийн ёслол хүндэтгэлийн үед түүнийг ашиглахыг огт хүсээ ч үгүй юм болов уу.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зочдоо хүндэтгэн угтан авч буй шийдэл, тэр тухайн дүрс бичлэг нь бас ч гэж нэг төрлийн мэдээлэл юм. Их Эзэн хааны одон гардуулах ээлжит ёслол жилийн жилд уламжлал болон ийн үргэлжлэх нь дамжиггүй ээ. Төрийн энэхүү ёслол хүндэтгэл улам төгс төгөлдөр болоосой гэх үүднээс л үзэг цаас нийлүүлэв. Чингис хаан одон хүртсэн эрхэмүүд маань уламжлалт энэхүү ёслолд ирэхдээ Р.Гончигдорж эрхэм шиг Чингис хаан одонгоо бүрэн бүтнээр нь зүүж ирдэг баймаар. Үүнийг нь Төрийн Ёслолын албанаас журам болгочихмоор. Тэднийгээ хүндэтгэж тусгайлсан суудалд залруулдаг байвал Эзэн хааны одонгийн нэр хүнд, одон гардуулах ёслолоо дээдлэх талдаа илүү ач холбогдолтой байж мэдэх. Жилдээ ганцхан тохиох Чингис одон гардуулах ёслол, Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан энэ өдрийнхөө ёслол хүндэтгэлд гадаад орнуудаас манайд суугаа Элчин сайдуудыг урьж оролцуулбал Эзэн Чингисийнхээ нэр хүндийг өргөх, улмаар улс орны маань гадаад сурталчилгаанд  ч ач холбогдолтой баймаар санагдах юм.
 
 
Төр засгийн өндөрлөгүүд маань Эзэн Чингисийнхээ нэрээр тэдний мэндийг жилдээ нэг мэдэж хүндлэл үзүүлэх нь илүүц биш л байх. “Хойтон жилийн наадам холгүй байна даа...” гэдэг шиг дараа жилийн Чингис хаан одонтоноо тодруулах буухиа нэг мэдэхэд л хаяанд ирчихсэн байх биз ээ.
 
 
Эзэн хааны нэрэмжит энэ одонгийн нэр хүнд улам бүр өсөж байгаа нь хүн бүрт мэдрэгдэж байна. Улаанбаатараа утаанаас нь аварсан эрхэмүүдийн ажил үйлс, зүтгэл зоригийг түмэн олон шагшин магтаж эхэллээ. Түгжрэлгүй нийслэлтэй болох мөрөөдлийг маань төр засаг биелүүлээсэй гэж түмэн олон хүсэн хүлээж байна. “Буруу талдаа хүрдтэй машиныг гурван жилийн дараанаас хотод явуулахгүй хориглочихьё” гээд Упсын Баатар, Хотын засаг дарга Э.Бат-Үүл эрхэм албан тушаалтай байхдаа нэгэнтээ дуугарч байсан, одоо түүн шиг зоригтон гарч ирээд тиймэрхүү шийдвэр гаргаад өдөр тутам дөрөв таван зуугаар нэмэгдэж буй буруу хүрдтэй хуучин машины энэ импортыг хязгаарлачихвал хотын түгжрэл угаа шиг багасчихыг хэн байг гэх вэ. Утаагүй, түгжрэлгүй нийслэлтэй болчихоод түүнийг хэрэгжүүлсэн гавъяатнуудтайгаа Чингис хаан одонгийнх нь баярыг нийслэлийн иргэд бид хамтдаа баяр бахархалтайгаар тэмдэглэж байх тэр өдөр тийм ч холгүй байж мэднэ ээ.
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч  Д.ЦЭДЭН-ИШ