sonin.mn
-Жуулчид монгол үндэсний эко бэлэг хайж байна-
 
Аль ч эдийн засагт тэргүүлэх салбарын нэг байдаг аялал жуулчлал дэлхийн жишгээр манайд хөгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл жуулчлалаар ирсэн зочдын нүдийг хужирлах үндэсний бэлэг дурсгал, үйлчилгээ ямар түвшинд байна вэ. Жуулчид монгол ахуйг дүрсэлсэн, овор багатай, эвдэрч хэмхрэхгүй хэрнээ чамин зүйлийг сонирхдог аж. Азийн жуулчид органик бүтээгдэхүүн, Европ, Америкийн жуулчид нүүдлийн соёлын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн түлхүү сонирхдог байна. Жуулчдын хувьд тухайн газрынхаа онцлогийг харуулсан, аяллын дурсамжийг нь сэргээхүйц загвар, хийц, материалтай бэлэг дурсгалын зүйлс авахыг хичээдэг аж. Тиймдээ ч манайхаас арьсан болон эсгий сувинер түлхүү худалдаж авдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид онцоллоо.
 
Чингис хааны дүрслэлтэй бэлгийг Европчууд их сонирхдог
 
 
Манай улсын хувьд найман зууны тэртээд Монгол гэсэн нэрийг ертөнц даяар дуурсгаж, нэр суу нь дэлхий даяар түгэн тархсан Чингис хааныхаа нэр, хөргөөр нүүр тахалдаг. Гэвч Монголд Чингис хааны дурсгалт газар, музей тийм ч олон биш. Тиймээс ирсэн аялагч жуулчид домогт хааны тухай түүхийг сонсож, Чингис хааны хөрөгтэй арьсан эдлэл, баримал, гар урлал гэсэн бэлэг дурсгалын зүйлийг л аваад буцдаг. Тухайлбал, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүрт ороход  Чингис хааны дүрс бүхий олон янзын баримал, зураг, шатарнаас эхлээд аяга, үзэг, таваг, түлхүүрийн оосор хүртэл байна. Зөвхөн хаан гэлтгүй XIII зууны үеийн Чингисийн цэргүүдийг дүрсэлсэн морьтон баатруудын сувинер ч олон.  Овор, хэмжээнээсээ хамаараад үнийн хувьд 19 мянгаас эхлээд хоёр сая төгрөгийн үнэтэй  баримал ч байлаа. Азийн жуулчид Чингис хааны хөрөгтэй бэлэг дурсгалын зүйлийг төдийлөн сонирхдоггүй гэнэ. Харин европчууд их сонирхон худалдан авдаг аж.
 
Жуулчид овор хэмжээ их, амархан гэмтдэг сувинер авдаггүй
 
УИД-ийн бэлэг дурсгалын дэлгүүрийн худалдааны зөвлөх Г.Алтан “Бэлэг дурсгал нь үнэ цэнээсээ илүү сэтгэлийн, талархлын илэрхийлэл болдог. Тэр талаас нь харвал манайд шаардлага хангасан бэлэг дурсгал хомс байна. Эсгий, арьсан урлалууд боловсруулалтаасаа хамаараад халуун чийгтэй оронд аваад очиход эвгүй үнэр гардаг, чанар нь алдагдаж мууддаг. Мөн ихэнх бэлэг дурсгал маань амархан хагарч гэмтэх, хэлбэрээ алдах аюултай эмзэг байдаг. Манай дэлгүүр ихэвчлэн гар урчуудаа дэмждэг. 1500 орчим үндэсний гар урчууд болон гар урлалын жижиг  үйлдвэр, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, Монголд аяллаар болон албан ажлаар ирсэн гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд үндэсний онцлогтой өвөрмөц бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьдог” гэсэн юм.
 
Харри Мэлбурн: Улаанжамсран бурхны баг их таалагдаж байна
 
 
Манай улсын бэлэг дурсгалын салбарт гар урлал дахин давтагдашгүй онцлог байдлаар өрсөлддөг. Түүнийгээ дагаад чамин тансаг дархан хийцтэй, мөнгөн баавартай эмээл, дахин давтагдашгүй сийлбэртэй мөнгөн аяга, домбо, морин хуур, ганган хийцтэй үндэсний дээлээс гадна эртний уламжлалаа хадгалсан эд өлгийн зүйлс хамгийн эрэлттэй мөн үнэтэй бэлэг хэвээр байна. Авсmралийн жуулчин Харри Мэлбурн бэлэг дурсгалын зүйл авахаар явж байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр “Онгоцоор зорчиход хэдий гоё ч гэсэн овор хэмжээнээс эхлээд хагарч гэмтэх аюултай бэлэг дурсгал авах хүндрэлтэй байдаг. Мэдээж энэ сайхан орныг санагдуулам бэлэг дурсгал зөндөө байна. 
 
 
Хамгийн их сонирхол татаж байгаа нь улаанжамсран бурхны баг хамгийн их таалагдаж байна. Миний хувьд хэд хэдэн музей, сүм хийдээр орсон. Бурхны баримал таалагдсан учраас бага зэрэг үнэтэй ч гэсэн сувинерийг нь авч байна” гэсэн юм.
 
 
Жуулчдын харааг булаахаар содон өнгө төрхтэй шашны дүрслэл бүхий бэлэг дурсгалын зүйлс сүүлийн үед трэнд болж байгаа аж.  Энэ төрлийн лангууны өмнөөс салахгүй саатаж зогсоо гадны зочин хэд хэд байсан юм.
 
Дөрвөн жуулчин тутмын нэг нь үндэсний хувцас худалдаж авдаг
 
 
Эсгий урлал сүүлийн үед моданаас гараад байлаа. Нөгөө л улавч, шаахай, монгол гэр гээд л. Харин эсгий урлалын нэр хүндийг эргүүлэн авчирсан олон бүтээл сүүлийн үед эрэлт хэрэгцээ нь огцом өсчээ. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн гар утас, компьютер, дэвтэр хийх эсгий цүнхнээс эхлээд зүгээр нэг сувинер төдий биш хэрэглээ болгож чадсан эсгий урлалуудыг жуулчид их сонирхож байна. XIII зууны гоёмсог хийцтэй, хараа булаам өнгөтэй авангард загварын малгай л гэхэд борлуулалтаараа тэргүүлдэг гэнэ. Эсгий эдлэлүүдийн үнэ ч боломжийн байдаг.  Түүнчлэн монгол үндэсний хувцсыг жилийн дөрвөн улирал хамаарахгүй дөрвөн жуулчин тутмын нэг нь худалдан аваад эх орондоо буцдаг гэнэ. Ингэхдээ худалдан авагчдын дийлэнх нь мөн л европчууд байдаг гэдгийг худалдагч хэлж байлаа. Харин азиуд томоохон худалдан авалт бараг хийдэггүй гэнэ. Жуулчдын сонирхлыг огт татдаггүй, хамгийн борлуулалт муутай бэлэг дурсгал бол жаазтай зураг, наамал, уран бичлэг гэнэ. Эдгээр нь тээвэрлэх явцад амархан хагарч гэмтдэг, овор ихтэй тул жуулчид нэг их тоодоггүй аж.
Түүнчлэн хөгжилтэй орны жуулчид бол байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг илүүд үздэг. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүмүүс байдаг учир манайхан ч энэ хүсэл, шаардлагын дагуу бэлэг дурсгал үйлдвэрлэлээ хөгжүүлсээр байна. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй ногоон бэлэг дурсгал трэнд болж байна. Тухайлбал, сав баглаа боодлоосоо эхлээд дахин боловсруулсан цаасан дээр ургамлын будгаар, гялгар уутыг байгальд задардаг материалаар хийдэг болжээ.
 
-Лениний дүрстэй цамц өмсөхийг хүсдэггүй-
 
 
-Нэг хоногийн дотор долоон Ленин хийж болно хэмээн Шойсорон Митыпов багцаалав. Харин мушгиа эвэртэй ямааг бол дөнгөж хоёрыг л хийнэ. Өөрөөр хэлбэл, Ленинийг урлахад тун хялбар аж.
 
Улаан-Үд хот дахь Шойсороны урланд Лениний толгойг илж суув. Нарс модыг сийлж, зүлгүүрдэж толийлгосон болохоор илэхэд аятайхан мэдрэмж төрнө. “Улан-Удэ” хэмээн бичсэн суурин дээр урлажээ. Бүтээлийн өндөр нь 8.5 см. Өнгөлөгч нь сайн шингэсэн энэ бүтээл 450 рублийн үнэтэй. Жуулчид ихээр авах байх гэж найдаж урласан Митыповын шинэхэн бэлэг дурсгал. Ямаа, тэмээ, баавгай, бух гэсэн амьтдын дүрс бүхий түүний урласан бусад бэлэг дурсгал одоохондоо гүйлгээ тааруухан аж.
Улаан-Үдийн “Шоу-рум” хэмээх ойлголтод арай дөхөж очсон нь угсаатны зүйн ZAM дэлгүүр гэж болно. Тус дэлгүүр Буриадаас юу авч явж болох вэ гэдэг талаар мэдлэгтэй болсон өөрийн гэсэн худалдан авагчидтай болсон аж.
 
-Бид мэдээж, жуулчдын эрэлт хэрэгцээг баримжаалдаг. Энэ утгаар нь авч үзвэл Ленинтэй холбоотой намтар түүх одоо үеэ өнгөрөөжээ. Владимир Ильичийг тоож сонирхдог хүн бараг байхгүй болсон хэмээн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Арюна Цыбикова өгүүлэв.
ZAM дэлгүүр Лениний толгойн дүрс бүхий цамц (футболка) зарж борлуулахаар бодож төлөвлөсөн гэдэг. Гэхдээ урьдчилаад байнгын үйлчлүүлэгчдийн дунд “Ийм цамцыг та худалдаж авахсан болов уу” хэмээн асуулга явуулжээ. Бараг бүгд татгалзсан байна.
 
 
Шойсорон Митыпов, түүний урласан Ленинүүд. Гэрэл зургийг: Карина Пронина
 
-Олон хүн Лениний толгойг өмсөхөд бэлэн биш байна гэж хариулсан юм. Би их гайхсан. Тэгээд бид уг цамцыг бэлтгэхээ больсон хэмээн Цыбикова дурсав.
Өнгөрсөн долоо хоногт Шойсорон Митыпов модон Ильич 15- ыг туршиж үзэхээр урлажээ. Интернэтээс хялбархан татаж авсан Лениний цээж хэсгийн 3D загварыг суурь болгов. Гэхдээ нутгийн оршин суугчид хараад түүнийг Зөвлөлүүдийн талбай дахь “Лениний хөшөөний толгой” гэдгийг амархан танина.
Арав хоногийн дотор бэлэг дурсгалын мухлаг болон хотын өдөрт зориулсан үзэсгэлэн худалдаан дээр бараг бүх Ленинээ  борлуулж амжив. Шанд нь тэр урамшуулал, дургүйцлийн аль алиныг хүртэв. Нэг хэсэг нь коммунист бэлгэ тэмдгийг доромжилж гутаалаа гэж зэмлэхэд нөгөө нь бүтээлийнх нь хувьд лайк тавьж байв. “Улаан-Үдийн болон буриадын бэлэг дурсгал” хэмээх амаргүй чиглэлд ямар нэг зүйл хийх гэж оролдож байгаад нь би ч гэсэн Митыповд мөн л лайк тавилаа.
 
-“Улан-Удэ” гэснийг англиар бичвэл гадаадын худалдан авагчдын сонирхолд нийцэх, бас Ленинд буриад малгай өмсүүлж болох, толгойг нь өнгөөр будах гэх мэтээр худалдан авагчдын хариу санал надад ирсэн шүү. Будна гэдэг ч харин юу л бол хэмээн Шойсорон өгүүлэв.
Янз бүрийн улс орон, хотоос ирсэн жуулчид өөрсдийн сонирхлоор бэлэг дурсгал авдаг. Москвагийнхан хамгийн нүнжигтэй, үнэтэй гоёл чимэглэл, үндэсний хээ хуартай хувцас сонгодог. Дараа нь тэд найз нөхөддөө бас зөвлөдөг. Германчууд болон европын бусад орны хүмүүс “бага тусмаа сайн” гэсэн хэрэглээний нарийн зарчим баримталдаг. Чулуужсан модоор урласан бугуйвч аваад сэтгэл ханана. Хятадууд хушны самар гол төлөв авцгаана хэмээн Арюна онцлов.
 
Утга учир, ой санамж, өнөөдрийн чухал зүйл
 
Буриадад сонирхол татахуйц бэлэг дурсгалын зүйлийн хувьд тийм ч элбэг дэлбэг биш. Нэг бол соронзон эсвэл далайн хавтай Байгал нуур, аль эсвэл өндөр үнэтэй ногоон хаш чулуу, мөнгөн гоёл чимэглэлийн эд зүйл, үгүй бол чанарыг нь биш гол төлөв хийсэн эзнийг нь бодоод худалдаж авдаг газрын үзүүрээр хялбархан урласан хэнд-мейд. Хусны үйс, эсгий, мод, шавар эдгээр материалаар бүтээл урладаг хүмүүсээс тун цөөн нь “зохиогч”-ийн хэмжээнд өсч өндийдөг. Бөөнөөр борлуулах хэмжээнд үйлдвэрлэдэг нь бүр ховор. Яагаад ийм байдаг юм бол.
 
-“Бэлэг дурсгал” хэмээх ухагдахуун улам гүн гүнзгий, улам нарийн болж байна хэмээн Дмитрий Батуев өгүүлэв.
Бусад хотод байдаг чадлаараа энэ чиглэлээр сэтгэж бүтээж байхад Буриадын нийслэл одоохондоо яарахгүй байна. Таван жилийн өмнө The Village сэтгүүл “Петербургийн шилдэг 30 бэлэг дурсгал”-ын цомог гаргасан. Тэр жагсаалтад “Петербургээр аялсан жараахайн адал явдал” хэмээх ширээний тоглоом, I Петр хааны дүрс бүхий айфон утасны модон гэр, нэрмэл архи үйлдвэрлэгчдийн Петербургийн клубын “Метель” хэмээх нэрмэл, “Питерийн боржин чулуун хашлага” гэсэн элдэвтэй, эгдүүтэй эд зүйл олон. Одоогоор Улаан-Үдийн бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд жишээлбэл, “Многоликая Бурятия” хэмээх ширээний тоглоом үзэж харж болно. Аялал жуулчлалын “Байкал Будда тур” агентлагийн тэргүүн Эрдэни Дымчиков өөр нэгэн сонирхол татах бэлэг дурсгалыг өнгөрсөн хавар гүйлгээнд гаргажээ. Тэр нь “Буриадын тал нутгийн үнэр” хэмээх бэлэг дурсгалын бэсрэг уут. Дотор нь гоё хурц үнэртэй ганга өвс хийжээ. Уутыг оросууд, гадаадынхан дуртайяа худалдаж авцгаадаг. Хямдхан, ердөө 235 рубль. Хүмүүс уутны  хэлбэр хэмжээ, торгомсог эд, хамгийн гол нь утга санаа нь их таалагддаг. Удахгүй “Буриадын үнэр” нэртэй, лаазалсан агаар бүхий ховор содон бэлэг дурсгал гаргана. Ой модоо зарж борлуулаад дууслаа, усаа юүлж зарж байна, харин агаараа арай л зарж амжаагүй байна. Агаар ч үнэхээр маш их л дээ хэмээн Дымчиков “МК в Бурятии” сонинд мэдээлсэн байна.
 
Урчууд өөрөө өөрийгөө л болгоцгоож байна
 
Буриадад бэлэг дурсгал бэлтгэх ажил нэг л төвшинд царцсан байдалтай байна. Хүмүүс насаараа нэг л янзын эд зүйл урлаж, тэдгээр нь хэсэг хугацааны дараа уутандаа тоосонд дарагддаг. Бэлэг дурсгал үйлдвэрлэдэг хүмүүст бизнес боловсрол байхгүй, маркетинг, баглаа боодол, урагш ахиж дэвжих тухай ойлголтгүй. Тэд зүгээр л бүтээгдэхүүн гаргадаг. Гэхдээ энэ бол тийм ч санаа зовоох зүйл бас биш. Борлуулалтыг өөр хүмүүс хийж болно. Нутгийн урчуудыг орчин үеийн шинэ санаа, бүтээлч сэтгэлгээгээр цэнэглэх явдал гол нь  хэмээн Ханхунова онцлов.
 
 
“Буриадын бүх урчуудын бэлэг дурсгалыг дэлгэж тавьсан үзүүлэнгийн өрөөтэй болох нь миний мөрөөдөл. Энэ бол үзэсгэлэн ч биш, дэлгүүр ч биш. Энэ бол хөгжил, дэвшил, сэтгэлгээний орон зай. Тийшээ жуулчид, дипломат төлөөлөгчдийг дагуулж очиж болно” хэмээн Мария Ханхунова өгүүлж байна.
 
Төслөө хамгаалж чадсан бол тоног төхөөрөмж, материал худалдаж авах мөнгөтэй болно
 
 
Лазер төхөөрөмж ашиглан модоор шинэ төрлийн бэлэг дурсгал үйлдвэрлэж байна.
Гэрэл зургийг: Алексей Сватов.
 
Улаан-Үдийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төв хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь зориулж ажилгүй иргэдэд буцалтгүй тусламжийн тэтгэлгийг нэлээд хэдэн жилийн турш олгож байгаа. Тухайлбал, бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан олгож байна. Төслөө бичиж, төсвөө зохиогоод өргөдөл хүсэлтээ гаргана. Худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны алба, ардын гар урлалын уран сайхны төв болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон комиссын өмнө төслөө хамгаална. Амжилттай хамгаалж чадвал 114000 рубль авна. Энэ мөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, материал худалдан авч, байрны түрээсийн төлбөрийг хийж болно. Гэхдээ нэг чухал болзол бий. Нэг жилийн дараа хэрэв уг бизнес “шатвал” авсан бүх мөнгөө буцааж төлнө.
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин