sonin.mn
Гэрэл зураг: Зүүн гар талаас Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн, ..., Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж, нэрт зохиолч Жагдалын Лхагва
 
Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгээс 1977 онд зохиолч Жагдалын Лхагвад бичсэн захидлыг эрхэм танд хүргэж байна. 
 
“Их говийн зоригтон” Лхагва чи сайн уу? Би энүүхэнд чинь орших Эрхүүд “Интониция” хэмээх номыг орос багш дагаад хашигчиж суудаг болой. Энд улирлын байдал намар. Хүүхнүүдийн шалдан шилбэ шаварт будагдан алхаа нь хурдсах нь тэд бас намар руугаа яарчээ. Нутаг орон минь сайхан байгаа биз дээ. Зүүдэндээ л зөвхөн үздэг. Тэр сайхан оронг санахгүй байж яахан чадна.
 
 
Би чамайг яг харж сууна. Энэ захидал үдийн цайнд гарахын өмнө юм уу гурван цагийн алдад хүрнэ. Чи авч уншсанаа хажуу дахь улсдаа ганц хоёр мөр уншиж өгнө дөө.Тэгээд гараад явна. Ажил дээрээ буцаж ирэхгүй дээ.
 
Би оромжиндоо гурвуул, групдээ зургуул. Манай преподаватель гэж нэг залуухан охин. Эрд гараагүй эмээл тохоогүй амьтан. Өөдөөс хараад өнөө нэг оглушенье, озвончение гэдгээ оруулаад л ярихаараа янзтай. Манай эрчүүд сандал дээрээ үл мэдэг хөдөлцгөөж л байдаг юм. Үнэр нь есөн намрын лууль адил… Зөндөөн дэмийрэв бололтой. Мориныхоо амыг эргүүлж танайх руу шогшъё.
Цэцэгмаа болон хүүхдүүд, дүү хархүү чинь сайн биз ээ. Самбуу болон бусад Хөхөө гэх мэтчилэнгийн “бидний суут үеийнхэн” сайн буй заа. Найздаа их захиа бичээрэй. Өгүүллэг, тууж, орчуулга их хийж байна уу. Чи ч яах вэ явуут дундаа төрнө. Өгүүллэгийг тууж болтол биеэ тордож гамнах биш дээ. Савж л явдаг хойно. Батбаяр бол өөр. Өгүүллэг нэгийг төрүүлчихээд үлэг гүрвэлийн өндөг гаргасан мэт биеэ тойлж, шилэн хүзүүн дээрээ давстай марль тавиад л хөлөө горчичногтой бүлээн усанд дүрээд л байдаг сан даа. Энд охидууд задгай мөнгө шиг элбэг, би дунд нь рубль шиг байдаг. Баяртай. Чамайг “янаглан” үнсье?
 
 
 
-Бавуугийн Лхагвасүрэн
 
1977 он.