Монгол Улсаас анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн орлогчоор сонгогдон ажилласан бригадын генерал Д.Баярсайханыг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа.  2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байхад нь түүний удирдсан баг террорист халдлагыг таслан зогсоож олон зуун хүний амь насыг аварсныг уншигчид санаж буй биз ээ.
 
-Таныг батлан хамгаалах салбарт ажиллаж байх үеийг бол мэднэ. Харин энэ удаа энхийг сахиулах ажиллагаа болон командлагчийн орлогчоор ажиллаж байсан үеийн талаар хөөрөлдөх хүсэлтэй байна. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд манайхаас генерал цолтой хүн алба хааж байгаагүй. Таныг анхных нь гэдэг байх шүү?
 
-Анхдагч гэж ярих нь тийм ч таатай, оновчтой сонсогддоггүй. Даруу хүн болох гэж маяглаж байгаа юм биш. Ялангуяа, томилолтоор үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн хүнийг анхдагч гэж ярих нь өрөөсгөл юм шиг санагддаг.
 
Учир нь, аливаа ажиллагаанд тухайлсан хүн оролцоход нөлөөлдөг, тийм нөхцөл байдлыг бий болгодог олон хүчин зүйлийн дотор олон хүн, албан тушаалтнуудын оролцоо бий. Анх энхийг сахиулах ажиллагаанд оролцох санаачлага, шийдвэр гаргаж байсан дэслэгч генерал Ц.Дашзэвэг, хошууч генерал Б.Шагдар, хошууч генерал Г.Рагчаа, хошууч генерал М.Борбаатар, хошууч генерал Б.Эрдэнэбат, хошууч генерал С.Баасанхүү, тэр шийдвэрийг нь дэмжиж үргэлжлүүлсэн үе үеийн батлан хамгаалахын сайд, жанжин штабын дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга нар, түүнчлэн 2002 онд анх НҮБ-ын ажиглагч офицероор явж байсан дэд хурандаа Р.Даваадорж, дэд хурандаа Ч,Ерөөлцэнгэл нараар гараагаа эхлээд өнөөг хүртэл ачааны хүндийг үүрч, товчхон хэлэхэд, “монгол цэрэг үүрэг сайн гүйцэтгэдэг” гэдэг нэрийг дэлхийд таниулсан хэдэн мянган офицер, ахлагч нарын хүчинд НҮБ-ын Цэргийн командлагчийн орлогч гэдэг албан тушаалд хүн оролцуулах боломж гарч түүнд нь одоогийн батлан хамгаалах яамны удирдлага намайг томилсон гэж ойлгодог. Ялангуяа, дэслэгч генерал Ц.Тогоогийн үед анхны баг цэрэг олон улсын цэргийн ажиллагаанд буюу Иракийн эрх чөлөө ажиллагаанд, анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатаар зөвшөөрөгдсөн энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээсэн. Ийм шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд улс төрийн маш хүнд сорилттой тулгарч, маш том хариуцлага хүлээдгийг дотор нь явсан учраас мэднэ. Анхдагчийн тухай яривал анхны шийдвэр гаргагч нарыг ярих нь илүү тохиромжтой.
 
-Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхэд багагүй бэрхшээлтэй байсан байх. Ер нь НҮБ-ын цэргийн командлагчийн орлогч ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?
 
-НҮБ-ын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагааны командлагчийн орлогчоор хоёр жил ажилласан. Орлогч гэдэг командлагчийн эзгүйд орлоно гэсэн үг. Нийт 56 орноос ирсэн 15600-аад цэрэгтэй, тэдний үүрэг гүйцэтгэл, аюулгүй байдал, ар талын хангалт, сахилга бат гээд бүх зүйлийг зохицуулахын төлөө ажиллана. Шөнөдөө цагийн байдал тайван хоносон ч өглөө ажилдаа ирэхдээ цэргүүдийн сахилга батын асуудлаар НҮБ-ын бусад дарга юу хэлж, ямар гомдол мэдүүлэх бол гэж санаа зовно. Ер нь олон эрчүүд цугласан газар янз янзын л юм болно. Нэг л мэдэхэд дасал болчихоод цэргүүдээ өмөөрөхдөө өмөөрч, шийтгэхдээ шийтгэнэ. Миний хариуцсан ажил бол Өмнөд Суданы цэргийн удирдлагатай шууд хамтран ажиллаж, тэнд явагдаж байгаа НҮБ-ын ажиллагаатай зохицуулалт хийх. Тэд байсхийгээд л НҮБ-ын цэргийн цувааны хөдөлгөөнийг хааж, зогсоосон асуудал дэгдээнэ. Тэр болгонд хэдэн офицеруудаа дагуулаад зохицуулалт хийнэ.  Өмнөд Суданы хүчний байгууллагууд хоорондоо уялдаа холбоо муутай, нэгдсэн удирдлагагүй учраас зэвсэгт хүчин, цагдаа, аюулаас хамгаалах байгууллага бүгдтэй нь харьцах шаардлага гардаг нь нэлээд төвөгтэй. Түүний хажуугаар НҮБ-ынхан ажил үүргээ бүрэн ойлгоогүйгээс ажил явуулахад нэлээд хүндрэл гарч байсан. UNMISS буюу НҮБ-аас Өмнөд Судан улсад явуулж байгаа тэр ажиллагаанд би 2015 онд секторын командлагч хийж байсантайгаа нийлээд үндсэндээ гурван жил болсон. Энэ хугацаанд хамгийн утгагүй зүйл бол хүн алсан, хүчингийн гэмт хэрэг хийсэн хүмүүс олны дунд чөлөөтэй явж байгааг хараад зэвүүцдэг байсан.
 
-Нууц биш бол ямар улсын цэрэг сахилга батын зөрчил их гаргадаг, зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд ямар хариуцлага тооцдог байсан бэ?
 
-Заавал тэр улсын цэрэг гэж хэлээд яахав, нөхцөл байдлаас шалтгаалаад санаатай болон санамсаргүй байдлаар зөрчил гаргана. Дайны цагийн байдалд байгаа улсад үүрэг гүйцэтгэж байгаагаа умартан чөлөөгүй явж орон нутгийнханд барьцаалагдах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах гээд янз бүрийн л юм болно. Шийтгэлийн хувьд ч бас үйлдсэн гэмт хэргээсээ шалтгаалаад сануулахаас эхлээд “нутаг буцаах” буюу энхийг сахиулах ажиллагаанаас хөөх хүртэл арга хэмжээ авна. Тухайлбал, 2018 онд НҮБ-ын цагдаагийн хоёр алба хаагч  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоход тэдний алба хааж байсан цагдаагийн нэг рот цэрэг буюу 150 гаруй цэрэг хөөгдөж, нутаг буцсан. Ингэж хөөгдсөн улс орны цэргийг цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах асуудал бүрхэг болдог.Миний хувьд нэг төвөгтэй нь дайтагч талуудын аль алинтай нь хамтран ажиллана гэсэн үг.
 
-Өмнөд суданд одоо байдал сайжирч байна уу?
 
-Өмнөд судан тусдаа гараад удаагүй буюу 2013 онд Иргэний дайн дэгдэж тус улсын хоёр том үндэстэн болох Динка, Нуэрүүд хоорондоо байлдаж улс орныхоо байдлыг тогтворгүй болгосон гэдэг. Миний ажигласнаар, төрийн эрх мэдэлтнүүдийн газрын тосны баялагаа булаацалдсан тэмцэл дээд цэгтээ хүрэхээрээ ялгаварлан талцдаг байсан түүхээ дахин ил гаргаж ирж хооронд нь байлдуулсан байх. Түүнээс гадна, анхнаасаа Өмнөд Суданыг тусад нь гаргах сонирхолгүй байсан Хартумын Судан тус улсын Засгийн газрын эсрэг хүчнийг илэрхий дэмждэг. 2018 оны намар сөргөлдөгч талууд энхийн гэрээнд гарын үсэг зурснаар байдал сайжрах хандлагатай болсон. Гэхдээ цаашид энэ гэрээгээ зөрчихгүй гэсэн баталгаа байхгүй.
 
-Монголын батальоны асуудал тантай бас холбоотой биз дээ. Манай цэргүүдийн нэр хүнд хэр байв?
 
-Миний удирдлагад нийт явган цэргийн 14 батальон, байлдааны хангалтын 12 батальон байдгийн нэг нь Монголын явган цэргийн батальон. Өмнөд Суданд явагдаж байгаа НҮБ-ын хамгийн шилдэг цэргийг асуувал монголчууд гэж бүгд л хэлнэ. Ер нь үүрэг гүйцэтгэл, спорт, урлаг бүх талаараа манайхан үлгэр жишээч. Хөдөлгөөний хязгаарлалт гэдэг асуудал монголын батальоны хариуцлагын бүсэд гардаггүй. Учир нь тэд тухайн районд нэр хүндтэй, ажлаа мэддэг, ядарсан хүмүүст тусладаг болохоор орон нутгийн цэргүүд хамтрах  дуртай. Дани улсаас жил бүр энхийг сахиулах ажиллагаа болж байгаа газар оронд “Данко марш” нэртэй тэмцээн зохион байгуулдаг. Өмнөд Суданд болдог тэмцээнд нь манайхан ороод хамаг шагналуудыг авчихдаг учраас бусад орны цэргүүд оролцохоо больсон. 2019 оны Данко маршийн тэмцээнийг албан ёсоор НҮБ-ын төв штаб дээр зохион байгуулсны дараа Монголын батальоныхон шүүгч нарыг нь өөрийн хариуцлагын бүсэд аваачиж байгаад тэмцээн зохиож медалиудыг  нь авсан.
 
-Монголын нүүрийг тахалж байгаа цэргүүддээ анхаарал хандуулах ёстойг олон хүн хэлдэг?
 
-Өмнөд Суданы жанжин штабын дарга солигдож, НҮБ-д ааштайгаараа алдартай Габриэл Ажонга гэдэг дэслэгч генерал томилогдож, би ажил үүргийнхээ дагуу  уулзахаар очлоо. Тэгсэн мань хүн “Би таныг НҮБ-ын командлагчийн орлогч гэхээсээ илүү монгол цэрэг гэдгээр чинь хүлээж авч байгаа шүү” гэж хэлээд уулзалтын тааламжтай орчин бүрдүүлж өгч байсан. Тэр уулзалтаас хойш генерал Ажанготой дотно харьцаатай байсан нь бас л монгол цэргүүдийн нэр хүндтэй холбоотой. Тэндээс нутаг буцахын өмнө, “баяртай” гэж хэлэхээр очиход “Би танай улсын талаар интернэтээр нэлээд уншлаа. Чингис хааныхаа тухай ярьж өгөөч” гээд би их хааныхаа, ард түмнийхээ тухай ярьж нэлээд удаан суусан. Тэнд Өмнөд Суданы олон генералуудтай нөхөрлөж, ажил хэргийн харилцаатай байсан, заримтай нь одоо хүртэл холбоотой байдаг. Өнгөрсөн хавар ажлын шугмаар Нью Йорк явах болоход генерал Ажонга ирж уулзаач гэхэд нь очиход “Манай цэргийг НҮБ-ын ажиллагаанд оролцуулах талаар Нью Йоркд очоод хэлээд өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тэдний цэргийг энхийг сахиулах ажиллагаанд ойрын жилүүдэд оролцуулахгүй гэдэг нь ойлгомжтой. Асуудлын гол нь энэ ажлаа надад даатгаж байгаа нь бас л итгэж байгаагийн л шинж. Энэ бүхэн тэнд алба хааж байсан, алба хааж байгаа монгол цэргүүдийн ач гавьяа гэж зүй ёсоор үнэлэх ёстой.
 
 
Монголын батальон дээр очсон хүмүүс байнга сэтгэл хангалуун, “Шалгана гэхээсээ илүү юм сураад ирлээ”, “Монголчууд өөрсдийгөө төдийгүй бусдыг аваад явчихна” гэх юм уу “Монголчууд байна” гээд дарааллын өмнүүр оруулах зэргээр манайхныг хүндэлдэг.
 
 
-Монгол хүн юугаараа илүү болоод тэнд бусдаас ялгараад байна гэж боддог вэ?
 
 
-Монгол хүний онцлог нь байгаль цаг агаартайгаа шууд холбоотой байх. Эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг учраас бидний ухаан, бодол байнга “маргааш яах вэ” гэх мэт олон асуултаар дүүрэн, тэр асуултынхаа хариуг хайж олдгоороо  ялгаатай  болов уу. Нэг үгээр хэлбэл, бидний тархи чухал шийдвэр гаргах гээд байнгийн ажиллагаатай байдаг.
 
 
Тухайлбал, 2017 оны аравдугаар сард Өмнөд Суданы дотоодын дүрвэгсдийн лагерьт зэвсэглэсэн дээрэмчид орж ирээд түйвээж байхад монгол цэргүүд бүслэж, буудалцааны үеэр манайхан хоёр этгээдийг хөнөөсөн. Харанхуй шөнө олон хүний дундаас зөвхөн тэр хоёрыг онож буудна гэдэг их авхаалж самбаа шаардахаас гадна итгэлтэй байгаагийн шинж  шүү дээ.
 
Өмнөд суданчууд болон энхийг сахиулахаар тэнд очсон бусад цэргийн албан хаагчид халуун дулаан орны хүмүүс, үндсэндээ нэг богино өмд, майк, резинэн шаахайтай байхад бүтэн жилээ авчихна. Тэдэнд бидэнтэй адил ямар нэг зүйлд санаа зовж амьдрах шаардлага байхгүй, энэ сайн зүйл биш. Ер нь бол дэлхийн хэмжээнд хамгийн олон хүнтэй буюу 120 мянган орон гэрээсээ дайжигсдын лагерийг манай батальоныхон Гана улсын батальонтой хамтран хамгаалдаг юм. Тийм олон хүнтэй лагерьт эрүүгийн гэмт хэрэг бүх хэлбэрээрээ гардгаас гадна лагерийн гаднаас энхийг сахиулагчдын эсрэг эсвэл тэнд орогнож байгаа хүмүүсийн эсрэг буудах, зэвсэглэн халдах тохиолдол үе үе гарна. 2015 онд би секторын командлагчийн ажлаа хүлээлгэж өгөөд үдэлтийн хүлээн авалт болоход НҮБ-ын Өмнөд Судан дахь ажиллагааны командлагч үг хэлэхдээ Өмнөд Суданы жанжин штабын дарга “НҮБ-ын цэргүүдээс монголчууд зоригтой” гэж танай цэргүүдийг үнэлсэн шүү гэж байсан.
 
-Албаа сайн гүйцэтгээд, цэргийн бүрэлдэхүүнээ мөр бүтэн аваад ирэх сайхан мэдрэмж биз?
 
– 2004 оны наймдугаар сарын 6-ны өдөр Иракаас цэрэгтэйгээ Буянт-Ухаа дээр буугаад Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга хошууч генерал М.Борбаатард илтгэл өгч байсан маань миний ажил албаны хувьд хамгийн жаргалтай үеүдийн нэг байсан. Учир нь бид Иракд террорист халдлагыг таслан зогсоосон, Иракаас гарч явахдаа дэлбэрэлттэй отолтыг тойрч гарсан гээд хүнд сорилтуудтай тулгарсан болохоор сэтгэл хөдөлж байлаа.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин