sonin.mn
“Соёмбо” сониныхоо хуучны дугааруудыг шүүж үзэж байв. Сонины шарласан хуудаснаа олон сайн нийтлэлүүд бичигдсэн байх бөгөөд тэр дундаас анхаарал ихээр татсан нь 2007 онд ерөнхий редактор, хошууч Х.Ганзулын бичсэн “Тэр чадсан” хэмээх нийтлэл байв. Нисдэг тэрэгний цонхны дэргэд ахмад цолтой бүсгүй юм тэмдэглээд сууж байгаа зурагтай нийтлэл. Уншаад үзлээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер буюу анхны энхийг сахиулагч эмэгтэй үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн тухай өгүүлжээ. Мэдээж та хэн гэдгийг нь төвөггүйхэн мэдсэн байх. Тийм ээ, тэр бол ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал. Энэ л бүсгүйн нээсэн зам мөрөөр өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 650 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа тухай мэдээг өнгөрсөн намар 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүдийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгайлан тэмдэглэж, хүндэтгэл илэрхийлсэн нь түүний улс орондоо хүндтэй гавьяа байгуулсныг олон үггүйгээр нотлох юм. Ийм л их үйлсийн эзэн, хурандаа Н.Нямжаргалын гэр бүлийг баярын дугаарынхаа “Танайд өнжье” буланд урьж ярилцлаа. Түүний ханийг Б.Уянгатөгөлдөр гэдэг, бэлтгэл ахлах дэслэгч бөгөөд тэднийх 40 мянгатад амьдардаг юм байна. Тэднийд зочлохоор хурандаатай орцоор орох агшинд Ардын жүжигчин С.Сарантуяа таарч тэд ойр зуур хөөрөлдөөд салав. Тэдний хөрш нь МУГЖ О.Бат-Өлзийнх аж. Гэрт нь орлоо. Гэрийн эзэн түр эзгүй байв. Харин том хүү У.Хосболд “Ээж ээ, таныг зочинтой хамт ирж байгааг сонсоод цай чанаад, хоол хийчихсэн” гэсээр угтлаа. Хурандаа “Өнөөдөр дүүгийнх нь шинэ жилийн баяр болно. Үдээс хойш ээж нь очихоос” гээд хүүтэйгээ өглөө шалгалтаа ямар өгсөн талаар нь асууж тодруулав.
 
 
Гэрийн эзэгтэйгээс “Цэргийн хүн яагаад болохоор шийдсэн юм бэ? гэхэд “Аавын минь авчирсан сониноос эхтэй” гээд инээмсэглэв. Учир нь 1995 онд түүний аав Б.Нэргүй шуудан ороод нэгэн сонинг ихэд нандигнан авчирсан бөгөөд “Цэргийн дээд сургууль анхны эмэгтэй сонсогч нараа элсүүллээ” хэмээх мэдээг тэр сониноос уншжээ. Аав нь “Миний охин үүнд бэлтгэ. Манай удамд нэг ч гэсэн цэргийн хүн байх хэрэгтэй” гэж ятган эцсийн шийдвэрээ өөрөө гарга даа гээд өнгөрсөн гэнэ. Нэгэнт аавынх нь хүсэл охиноо цэргийн хүн болгох байсан учраас үүнийг нь харгалзан, эмч болох мөрөөдлөө орхисон ажээ. Түүнийг ЦНДС-д радио холбооны инженерээр суралцаж байхад боловсролын тогтолцоо хэд хэдэн удаа өөрчлөгдөж, тэр хэмжээгээр сонсогчдод давуу тал болж байсан гэнэ. Нэгдүгээрт, шаталсан сургалтын тогтолцоо. Энэ нь сонсогчдыг сурлагаар нь жагсаагаад эхний хэсэгт нь дэслэгч цол олгож, үргэлжлүүлэн сургасан бөгөөд Нямка хурандаа энэ жишгээр 19 настайдаа дэслэгч цолыг хүртжээ. Гэхдээ энэ шаталсан сургалтын тогтолцоо үүнээс хойш дахин хэрэгжээгүй байна. Хоёр дахь өөрчлөлт нь эзэмшиж буй мэргэжлээс нь хамаарч, жил сунгаж суралцуулах боловсролын тогтолцоо хэрэгжиж, үүний нөлөөгөөр 1999 биш 2000 онд тэдний ангийнхан төгссөн гэнэ. Энэ зуур гаднаас гэрийн эзэн Б.Уянгатөгөлдөр орж ирж, яриаг улам баялаг болгов.
 
 
Тэрээр “Нямка бид хоёрыг нэг анги гэдгийг мэдсэн үү? Би ангиасаа насны ханиа олсон хүн дээ. Сонсогч байхдаа маш их мэрийлттэй, хичээл зүтгэлтэй байсан, одоо ч тэр хэвээрээ” гэхэд гэрийн эзэгтэй “Бид хоёрт адилхан зүйл олон. Нас чацуу, төгссөн сургууль нэг, эзэмшсэн мэргэжил ижил” гэв. Тэдний анги С.Амгалан, Э.Наранбаатар, Н.Нямжаргал Д.Заяат нарын дөрвөн хурандаатай, нэлээд олон дэд хурандаа, хошууч цол хүртсэн андуудтай гэнэ. Ангийнхныхаа талаар гэрийн эзэн “Одоо бодоход нэлээд хөдөлгөөнтэй байж. Сургуулиас ч сургалт бэлтгэлээр нүддэг гэж жигтэйхэн. Эмэгтэй сонсогчдыг харж үзнэ гэж байхгүй, адилхан л гүйж харайж, танкны доор мөлхөж байсан юм даг” гээд сонсогч байхын нэг хөгжилтэй явдлаасаа хуучлав. Ангийнх нь хөвгүүд сургуулийн дээд оныхоо ах нарт “Манай ангид Уянгатөгөлдөр гэдэг хөөрхөн охин байгаа. Та нар манай ангид орж ирж үзээрэй” гэж. Хэсэг хугацааны дараа хөөрхөн охин харах гэсэн сонсогч нар “Уянгатөгөлдөртэй уулзъя” гэхэд гэрийн эзэн илтгэл өгч, ангиараа нэг инээдэм болж байжээ. Үүнийг "онжав"-ууд уулзах бүртээ дурсаж, инээлддэг аж.
 
 
Энэ үед сонсогч байх үеэс түр хөндийрч, гэр бүлийн тухай яриа дэлгэлээ. Тэднийх У.Хосболд, У.Төгс-Эрдэнэ гэдэг хүү, охинтой бөгөөд хоорондоо 19 насны зөрүүтэй гэнэ. Хүү нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд банк-санхүүгийн мэргэжлээр суралцдаг дөрөвдүгээр дамжааны оюутан бол охин нь цэцэрлэгийн албатай. Ажил гэж явсаар төрөх хугацаагаа холдуулсан тал бий гээд хурандаа өнөөх л янзаараа инээмсэглэж байна.
“Номыг нь үзэж, ногоотой шөлийг ууж байсны хувьд эхнэрийнхээ ажлыг хамгийн сайн ойлгох хүн байна даа, та” гэхэд Б.Уянгатөгөлдөр “Тэгэлгүй яах вэ. Цэргийн нэгдсэн дээд сургуульд таван жил суралцаж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хожим нэгдсэн 228 дугаар ангид хоёр жил орчим алба хаасан хүн шүү дээ. Зэвсэгт хүчинд анх удаа цэргийн гэрээт албыг нэвтрүүлэхээр туршихад нь анхны салааны захирагчаар ажиллаж байлаа. Энэ бол бахархал. Зэвсэгт хүчинд алба хаана гэдэг том хувь тохиол шүү” гээд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байснаа дурслаа. Тэрээр удам дамжсан офицер, тэгэхдээ бүр гурван үеэрээ холбооны "радист" юм байна. Түүний өвөө Н.Лувсанцэнд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат бөгөөд 1939, 1945 оны дайнд оролцож байсан дэд хурандаа цолтой ахмад дайчин байжээ. Дайнаас ирээд галын шугам дээр хэрхэн давшиж байснаа, баатар зоригт нөхдийнх нь хэн нь дайны талбарт мөнхөрсөн гээд л олон зүйлийн талаар ярьж “Эх орноо хамгаалах ариун үүргээс хэзээ ч зугтаж болохгүй. Эх орон гэдэг таны гишгэж байгаа газар, амьсгалж байгаа агаар юм” гэж үр хүүхдүүддээ үргэлж захидаг байсан гэнэ. Аавынхаа эх оронч захиас дунд өссөн Л.Болд (Б.Уянгатөгөлдөрийн аав) 1976 онд Цэргийн нэгдсэн сургуулийг радио холбооны мэргэжлээр төгсөж, нисэхийн салбарт насаараа радотелеграфчнаар ажиллажээ. Өвөө, аавынхаа залгамж халаа болж 1995-2000 онд мөн л Цэргийн нэгдсэн дээд сургуульд холбооны инженерээр суралцаж төгссөн Уянгаа ах аавынхаа тухай өгүүлэхдээ “Миний аав нийгмийн маш их идэвхтэй хүн. Одоо нас нэлээд өндөр болсон хэрнээ л улс төр, нийгмийн амьдралыг үргэлж сонирхоно. Аав маань Нямкад их хайртай. Бүр надаас ч илүү хайртай. Худалч хүнд би хүргэн нь юм шиг санагддаг шүү” гээд инээлдэв. Нямка хурандаа “Миний хадам аав, ээж хоёр их мундаг хүмүүс. Том хүүг маань өсгөж өгсөн буянтнууд. Харамсалтай нь, хадам ээж маань 2011 онд бурхан болсон. Миний аав ч ялгаагүй 2013 онд тэнгэрт хальсан. Уянгаа бид хоёр айлын том хүүхдүүдийн хувьд үлдсэн аав, ээжийгээ аль болох баярлуулж, хамт байж, хууч хөөрөн өнжих юм сан гэж хичээж л байна” гэв. Удам дамжсан "радист" маань өдгөө “DUBB” гэдэг цахилгааны монтаж, холбоо дохиолол угсралтын компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нийслэлд баригдаж байгаа томоохон барилгуудын цахилгааны монтаж, холбоо дохиолол угсралтыг гүйцэтгэдэг ажээ. Улс орны томоохон төслүүдэд ч багаараа оролцож, хүлээсэн үүргээ биелүүлдэг аж. Тухайлбал, 2016 онд зохиогдсон “АСЕМ”-ийн уулзалтад зориулагдан баригдсан бүх барилгын цахилгаан, дохиоллын системийг суурилуулж, хожим Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Манлайлагч хамт олон” хэмээх өргөмжлөл хүртээж байжээ. Энэхүү өргөмжлөлөө ч гэрийнхээ хойморт залсан байв.
Энэ үеэр “Манай дайсны цэрэг байсан бол ингээд ярилцаж сууж чадахгүй байх. Цэцэрлэгээсээ ирээд гэрээ ёстой нэг буулгаад хаячихна. Нэг өдөр ханын бүх обойг маань хуу татаад хаячихсан байсан” гээд бяцхан охиныхоо талаар ярилаа. Тэр бас өглөө цагаан даашинзаа өмсөөд явсан, баярынхаа үеэр халтар болчихгүй байгаа даа хэмээх нь эх хүний аз жаргалтай ярианы нэг байв. Нэгэнт Зэвсэгт хүчиндээ олон анхдагчийн нэг энэ бүсгүйтэй уулзан ярилцаж байгаагийнх асуух зүйл ч олон байсан бөгөөд бидний яриа 2000-2010 онд БХИС-д багшилсан хугацаа, 2006-2007 онд Баруун Сахарт цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэж, холбооны мэргэжлээс энхийг дэмжих рүү эргэлт буцалтгүй орсон цаг үеүдийн тухай үргэлжиллээ.
 
 
2000 онд сургуулиа төгсөөд 22-хон настай дэслэгч тэнхимдээ багшаар үлдэв. Сургуулийн захиргаанаас сурлага, сахилгаараа шалгарсан сонсогчдыг шигшсээр багшаар авч үлдсэн нь дэслэгч Н.Нямжаргал байв. Тэрээр дэслэгчээс хошууч болтлоо 10 жил багшилсан ба үүнийх нь сүүлийн 1,5 жил нь тэнхимийн даргаар ажилласан хариуцлагатай бөгөөд хүндтэй үе. Тэр үед БХИС нь ЗХЖШ-ын харьяа байсан бөгөөд нэг өдөр ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Н.Бумцэнд дуудаад “Тэнхимийн даргаар ажиллаж чадах уу? Сургуулийн захиргаанаас чиний нэрийг явуулсан байна” гэхэд нь “Итгэл хүлээлгэвэл чадна” гэжээ. Ингээд 32 настайдаа хурандаа цолны зэрэглэлтэй албан тушаалд хошууч цолтой ажилласан нь түүний хамгийн хүндтэй бөгөөд амаргүй үеүдийн маань нэг байсан гэнэ. “Та яагаад тэнхимийн даргын албан тушаалаас өөрийн саналаар татгалзаж ажлаа өгсөн юм бэ?" гэхэд “Зүгээр л өөрөөсөө жаахан ичсэн. Хэдийгээр ажлаа мэддэг, гүйцэтгэж чаддаг байсан ч хувь хүнийхээ хувьд өөрийгөө дахин хөгжүүлэх шаардлага байна гэж мэдэрсэн” гэлээ. Тэрээр багшилж байхдаа БХИС-ийн англи хэлний дамжааг төгсөж 2002, 2005 онд АНУ-д мэргэжлийнхээ чиглэлээр ч давхар суралцсан байна.
Түүний онцлох дараагийн үүрэг бол яахын аргагүй Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдаас анх удаа 2006-2007 онд Баруун Сахарт үүрэг гүйцэтгэсэн явдал юм. Анх 2006 онд “Хааны эрэлд” сургуулийн үеэр хурандаа Ч.Ерөөлцэнгэлээс “Дарга аа, эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулж болохгүй гэж үү?” гэж асуухад Ч.Ерөөлцэнгэл хурандаа ч чимээгүй сонсоод дуугүй яваад өгчээ. Гэтэл төд удалгүй ЗХЖШ-аас “Баруун Сахарт эмэгтэй цэргийн алба хаагчийг цэргийн ажиглагчаар илгээх гэж байна. Сонгон шалгаруулалтад ороорой” гэдэг юм байна. Шалгалтуудаа өглөө, тэнцлээ. Сүүлд сонсоход тэрхүү сонгон шалгаруулалтад олон мундаг офицер, ахлагч эмэгтэйчүүд оролцож байсан юм билээ. Миний хувьд АНУ-д мэргэжлээ дээшлүүлсэн байсан нь давуу тал болсон байх гэж боддог" гэлээ. Эхнэрийнхээ яриаг сонсож суусан Уянгаа ах “Баруун Сахар руу явсан тэр жил тун чиг айдастай өвөлжсөн шүү” гээд толгой сэгсрэв. Дайн, байлдаантай газар үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодохоор сэтгэл их тавгүйтдэг байсан. Тэр үед өнөөдрийнх шиг дүрсээ харж ярьж байсангүй. Интернэтээр захидал бичнэ. Захианыхаа хариуг иртэл санаа зовно гэж жигтэйхэн. Манай хүнээс хариу ирэхээр нь тайвширч байгаа юм. Харин ирсэн хойно нь маш их бахархсан” гээд доголон нулимс унагаасан нь түүний чин сэтгэлийн өгүүлэмж байлаа.
 
 
Нийтлэлийн баатар маань нөхрөө харж инээмсэглэснээ “Анхны бүх зүйл амаргүй байдаг. Нэгэнт Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс явж байгаа учраас маш их хичээж зүтгэсэн. Ингэхээс ч өөр арга байхгүй. Миний үүргээ хэрхэн биелүүлэх нь дараа дараагийн эмэгтэй цэргийн алба хаагчдын үүд хаалга байсан учраас тэр. Тэгээд ч танд итгэсэн бол түүнийг нь заавал зүтгэлээр хариулах ёстой шүү дээ” гээд манай гэрийнхэн л санаа их зовдог байсан юм билээ. Хүү ч сургуульд ороод удаагүй байж дээ гэлээ.
 
 
Өнөөдөр манай цэргийнхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний дөрөв дэх эмэгтэй хурандааг холбооны мэргэжлээс нь илүү энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр таньдаг гэхэд хилсдэхгүй.
Тэднээс ханийнхаа хамгийн үнэ цэнтэй эрхэм чанарыг нь онцлохыг хүсэхэд Б.Уянгатөгөлдөр “Миний ханийн гол чанар бол зарчимч бөгөөд маш их чармайлт, зүтгэлтэй. Итгэлийг зүтгэлээр гэдэг философитой байх шүү. Бас их хүнлэг, зөөлөн. Аливааг буруутгахаас илүү өрөвдөх нь олон. Хааяа зоримог шийдвэр ч гаргана” гэсэн бол хурандаа Н.Нямжаргал “Манай хүн хаана ч явсан олонтойгоо. Бусадтай ах дүүс болчихсон явдаг. Мэдээж Зэвсэгт хүчинд сэтгэл хоёрдолгүй, ар гэртээ санаа зовох зүйлгүй үүрэг гүйцэтгэхэд минь тусалдаг миний асаалттай танк” хэмээн тодорхойлов. Энэ үед түүний нөхөр “Миний хань чинь харин ч нэг аавынхаа хүслийг биелүүлсэн дээ. Хадам аав сонины хуудас тэврээд цэргийн хүн болоорой гэж хэлж байсныг нь 100 хувь гүйцэтгэсэн” гэж нэмж онцоллоо. “Уянгаа бид хоёр сургуулиа төгсчихөөд хүүгээ тэврээд ирэхэд аав маань учиргүй их баярласан сан. Бүр уйлаад л. Дараа нь Баруун Сахарт үүрэг гүйцэтгэхэд бас л баярласан" хэмээснээ нүдэнд нь нулимс цийлэгнэв. Түүний аав Б.Нэргүй насаараа тээврийн жолооч байсан бол ээж Г.Золя охиныг нь харж, өсгөж яваа ачтан ажээ. Нямка хурандаа ээжийндээ болж өгвөл өдөр бүр л очмоор санагддаг болсон, нас хэвийхийн хэрээр ээжийгээ л их санадаг болсноо нуусангүй. Ийнхүү бид амжилт бүтээл, жаргал зовлон гээд олон зүйлийг хөндөж хөөрөлдөх зуур том хүү нь “Ээж ээ, Төгсөөгийн шинэ жил боллоо” гэснээр бидний яриа өндөрлөж, сурвалжилгаа төгсгөв өө. Б.Уянгатөгөлдөр “Миний ханийг дэмжиж ажилладаг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Та бүхний үйлс бүхэн өөдөө байг” гээд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.
Дугаар шилжих мөчид нийтлэлийн маань баатар хурандаа Н.Нямжаргал 2019 оны ЗХЖШ-ын тэргүүний ахлах мэргэжилтэн болсон сайхан мэдээ дуулдав. Тэр яахын аргагүй олон анхдагчийн нэг, шилдэг офицер ажээ.
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин