sonin.mn
Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ.8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн нийслэл Бишкект 1 цаг орчим үдлээд Улаанбаатар руугаа нисэв. Хэдийгээр шѳнѳ ѳнгѳрч байсан ч унтаж чадалгүй сэрвэлзэнэ. Улаанбаатарт буухаас 30 минутын ѳмнѳ гэнэт хоолойн доод хэсэгт зангирч, цээж хѳндүүр оргих шиг болж нүднээс нулимс ѳѳрийн мэдэлгүй урсаж эхэллээ. Цонхны дэргэд суудал таарсан болохоор булаг шиг садрах нулимсаа арчиж ѳѳрийгѳѳ тайвшруулахыг хичээнэ. Эргээд ирэхэд угтаад тосох эх орон, жаргал зовлонтой байхад ѳмѳг түшиг болох эх орон, ѳѳрийн гэж ѳмчлѳн дураар омогших эх оронтой байна гэдэг хичнээн сайхан гээч. Ээжтэйгээ байхдаа нисээд ээжгүй болоод эргэж ирэхэд орлон тоссон эх орон минь… Тэнэмэл хүү нь эх орон тандаа эргэж ирлээ, бурхан минь гэж…
 
Буянт Ухаад газардаад эргэн тойронд минь дандаа монгол хүмүүс бүгдээрээ монголоороо ярьж байгааг сонсоход ѳѳрийн эрхгүй инээмсэглэнэ.
 
 
 
Намайг тоссон дүү нар хүү нартайгаа халуун дотноор тэврэлдэх мѳч бас л сайхан мэдрэмжийг хѳврүүлнэ. Ѳглѳѳний 5, 30 цагт буусан болохоор шѳнийн хот анир чимээгүй дүнсийнэ. Аав ээжийн гэрт орж очиход тэртээх холын бүдэг дурсамжийг тодруулан ойртуулах мэт. Тэр ѳдѳржингѳѳ хүүхдүүд болон дүү нартайгаа бужигнав. Тэд намайг аль болохоор тав тухтай байлгахыг хичээж байгаа нь нэг л дотно сайхан. Дүү минь хэрнээ ээж шиг Ганчимэг минь ѳдѳржингѳѳ намайг бѳѳциийлнэ. Ээжийн хайр халамжийг мэдрээгүй уджээ. Гэр бас сэтгэл дүүрэх шиг сайхан мэдрэмж.
 
 
1.     “Unitel” ийн гар утас авч, “Univision” ы үйлчилгээг сонгов. Дандаа залуус ажилладаг энэ газруудын үйлчилгээ үнэхээр хурдан шуурхай, эелдэг боловсон болжээ. Тэднийг хараад Монголд дэлхийн хэмжээний үйлчилгээ нэвтэрсэн байна шүү хэмээн талархан бодлоо.
2.     Автобусаар зорчихдоо мѳнѳѳх цагийн түлхэлдэн тэврэлдэж, нудралцан тэмтрэлдэх хуучин цагийн дурсамжаа сэдрээв. Хүн болгон гар утсаараа чанга чангаар хашгирч ярихуйд ѳѳрийн мэдэлгүй тэдний хувийн амьдрал хийгээд асуудалд хутгалдан оролцох шиг. “Урагшаа яваад ѳгѳѳч, хойшлоод ѳгѳѳрэй” гэх танил дуу, хүмүүсээ багтаах гэж гэнэт тоормослон чигжих үйлдэл яг хэвээрээ. Замын 1 р эгнээнд зѳвхѳн автобус, түргэний болон галын машин явуулдаг болгосноор хүмүүс автобусаар их зорчих болжээ. Их зѳв шийдэл хэрнээ автобусынхаа тоог нэмэгдүүлбэл бүр сайн үйлчилгээ болохоор мэт.
3.     Хотод зѳндѳѳ олон, ѳндѳр ѳндѳр, гоё барилгууд баригджээ. Барьж байгаад дуусгаагүй зогсоосон байшингууд балгас мэт таагүй харагдана. Барилгууд барих зѳвшѳѳрѳл олгохдоо машины зогсоолын асуудлыг шаардаагүй болохоор энэ нь замын түгжрэлд нѳлѳѳлж байгаа нь илт. Барилгуудын хоорон дахь зам нь жижиг болохоор ихэнх машинууд замын хашлага давуулан парклах аж. Замаар давхилдаж байгаа машинуудын хѳдѳлгѳѳнийг харахдаа “Би энд машин жолоодож чадах болов уу?” хэмээн ѳѳртѳѳ эргэлзэнэ. “Улаанбаатарт машин жолоодож сурсан хүмүүс дэлхийн аль ч оронд тѳвѳггүй машин жолоодох юм байна даа” хэмээн мушилзангүй бодов.
 
 
 
Aмерикт байхаас санал тавьж байсан болохоор 1987 онд Тосонцэнгэлийн 10 жилийн 10 ангид дааж тѳгсгѳсѳн шавь нарынхаа уулзалт, Ганжавхлан дүү минь урьсан болохоор “Лантуун дохио” ТББ ын залуусын шинэ жилд оролцлоо. Залуус ѳѳр болжээ. Замбараагүй архидалт, согтолт ер нь бага болсон байна шүү. Залуус соёлтойгоор хѳгжилдѳн цэнгэлдэж сурчээ.
 
 
 
Ирээд 3 хоносны дараа шинэ оноо угтав. Эх орондоо шинэ оноо угтана гэдэг торго шиг зѳѳлхѳн мэдрэмж байдаг аж. Сэтгэл минь зѳндѳѳ амсхийжээ. Бүх найз нартаа ШИНЭ ОНЫ МЭНД хүргэе. Монголдоо уулзах гэж товлож байгаа хэрнээ амжихгүй байгаа бүх хүмүүсээс хүлцэл ѳчье. Түр биш бүр ирсэн болохоор бага багаар цаг гарган уулзалданаа. Харьд байгаа монголчууддаа Монголдоо ирээд тѳрсѳн сэтгэгдэлээ энэ цувралаараа хуваалцаж байх болноо. Одоо бүх зүйл эхэлж байгаа болохоор шинэ ондоо санаж зорьж ирсэн ажлуудаа эхлүүлнэ. Хүйтэн жавартай байгаа ч, сэтгэлийн минь нѳмѳр нѳѳлѳг, ѳмѳг түшиг болсон МОНГОЛ ЭХ ОРОН минь сайхан байнаа.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
2020 оны 1 сарын 1.
Улаанбаатар хот