sonin.mn
Энэ сонгууль оюун санааны тэсрэлт хийсэн шинэ сонгууль байгаасай. Олон жилийн өмнөх буюу анх ардчиллыг манай ард түмэн ямар их хүсэж байлаа. Бүхэл бүтэн 30 жил бид улс төр эдийн засгийн асар том туршилтыг хийсээр ирлээ. Ерөнхийдөө шилжилтийн эдийн засаг гэж нэрлэгдэж байв ч яг нидэр дээрээ энэ ард түмэн нүүдлийн соёл иргэншлээс суурин иргэншил рүү алгуур боловч дөтөлсөөр явна. 
Манжийн дарлалд байсан олон жилүүд Монголын ард түмний зүрх сэтгэлийг асар их буртаглажээ. Энэ он жилүүдэд Монголчуудын маш дайчин, үнэнч, эв нэгдэлтэй, хэлсэн үгэндээ эзэн болдог шилдэг гоё зан чанарууд устжээ. Дээр нь шарын шашны ч хувь нэмэр байсан биз.
Социализмын он жилүүдэд өөрсдөдөө итгэж найдахаас илүүтэй гадны иргэдэд итгэж найдсаар ирсэн гэнэн, маанаг Монгол байх шаардлага өнөөдөр огт алга. 
Одоо унтаа Монгол сэргэлэн цовоо цолгин Монгол болон өөрчлөгдөн хувьсах цаг ирлээ. 
Биднийг өөд татах зүйл бол бидний оюун ухаан, бидний тархи зүрх сэтгэл юм гэдгийг ойлгох цаг нэгэнтээ иржээ. 
Бид хөдөлмөрч, зорилготой, зохион байгуулалттай, эвлэлдэн нэгдэж чаддаг, няхуур нямбай хариуцлага тооцож чаддаг байх тусмаа амжилт олно. 
 
 
Бид хөрөнгө мөнгө өсгөж хуримтлуулсан, технологи ноу хау эрэлхийлсэн, аж ахуйч, арвич гамтай, шинээр сэтгээд баяжиж чаддаг эрсдэлийг үүрч чадах, баялгийг бий болгогч болохуйц бие даасан иргэдтэй болох тусмаа Монголд ашигтай.  
 
 
Монголчууд бидэнд 2020 оны сонгууль 1992 оны сонгуулиас илүү ач холбогдолтой байна. Тэр үеийг бодвол илүү ухаалаг сонголт хийх оюун ухаан бидэнд бий. Учир нь бид ямар замаар хэрхэн дампуурч явдгийг хангалттай үзлээ харлаа одоо боллоо. 
Бид тархиа биш зүрхээ сонсож сонголтоо хиймээр байна. Улс орноо, үр хүүхдээ, өөрийн амьдралаа бодож сонголтоо зөв хиймээр байна.
Тэртээ 1964 оны Токиогийн олимп болоход шинэхэн үндсэн хуулиа батлаад нэг их удаагүй манай спортынхон ямар цог жавхаатай Токиогийн стадионд алхдаг билээ. Тэгвэл өдгөө нэгэн жаран өнгөрмөгц 2020 оны Токиогийн олимп хаяанд ирлээ. Бид шинэхэн үндсэн хуулийн өөрчлөлтөө батлаад удаагүй байна.
 
 
Манай тамирчид Японы дэвжээнээс олон төрлөөр аварга болох нь тодорхой ч ирэх зуны сонгуульд ард нийтээрээ ялалт авч чадах уу гэдэг л анхаарал татнам.Ерөнхийдөө Япончууд ямар хариуцлагатай ард түмэн билээ бид тэдний тэрхүү авууштай зан чанараас суралцаж ирэх зуны сонгуулиа хариуцлагатай өгөхийг уриалъя.
 
 
Их ч өмхий бага ч өмхий гэгчээр элдэв төрлийн сангуудаас хулгай хийсэн нөхдийг энэ сонгуулиар л зайлуулмаар байна.
2020 оноос Монгол улс Монголчууд өөдлөн мандаж, өсөн дэвжих болтугай. Ард түмэн ялаасай. 
2020 оноор бид өмнөх олон жилүүдийн алдаа завхралуудыг нэг мөсөн цэглэж дуусгая. Гучин жилийн сонгууль өгсөн түүхийг бодсон ч  бид шударга сонгуулийг хүсэж байна. 
 
 
 
Судлаач Б.Баярсайхан 
2020.01.01