sonin.mn
“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б. Чинбат элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орсон бөгөөд түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор нь болсон билээ. Тэдэнд эмчилгээ хийлгэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа учир Монголын урлаг соёлын салбарынхан туслахаар болоод байна. Мөн хөгжмийн продюсер, соёл судлаач Д.Ганпүрэв “Хос зүрхийг хамгаалъя” аяныг санаачлан уран бүтээлчдэд туслах ажлаа эхлүүлээд байгаа юм. Түүнтэй уулзаж аяны талаар тодрууллаа.
 
-Төгөлдөр хуурч Б.Чинбат болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нартай та холбоотой байгаа байх. Тэдний биеийн байдал одоо ямар байна вэ?
 
 -Ц.Сарнайгийн биеийн байдал тогтворжсон. Б.Чинбатын хувьд хагалгаа хийлгэх хугацаагаа оройтуулсан учир одоогоор хэдэн төрлийн эмчилгээ хийлгэж байгаа юм билээ.
 
-Тэдний хагалгааг Монголд хийлгэх боломжтой байхад яагаад БНСУ руу явсан юм бэ гэсэн асуултыг хүмүүс тавьж байна. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байна уу. Монгол талын эмч мэргэжилтнүүдээс часууж тодруулсан зүйл бий юү?
 
-Хүний Гавьяат эмч Ж.Чинбүрэн нарын Монголын эмч нартай холбоотой байгаа. Б.Чинбатын хувьд хагалгааг сайн хийдэг гэдэг үүднээс БНСУ руу яваагүй юм билээ. Хийж болдог, болдоггүй эмчилгээ гэж байдаг. Тиймээс зайлшгүй хилийн дээс алхах шаардлагатай болсон гэж ойлгож болно. Б.Чинбэт хагалгаагаа хийлгэчихсэн ч Монголд эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжгүй байна. Тиймээс БНСУ-д багадаа хоёр сар байж биеийн байдлаа тогтворжуулах шаардлагатай байгаа гэсэн мэдээлэл өгсөн.
 
-“Хос зүрхийг хамгаалъя” аяны хүрээнд томоохон хоёр ч тоглолтыг хийх болсноо хэлсэн. Үүнээс гадна олон нийтийг хамарсан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Бид дөрвөн хэсэгт хуваагдан ажлаа зохицуулж байна, Олон нийтэд хандсан аяныг “Бидний цөөхөн монголчууд” төрийн бус байгууллагынхан хариуцан ажиллана. Тэд олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгөхөд мөн анхаарах юм. Түүнчлэн “Niciton & Friends” тоглолтыг ирэх сарын 1-нд зохион байгуулна. Б.Чинбат “Никитон" хамтлагийг байгуулсан анхны гишүүдийн нэг. Хамтлагийнхан түүнийг өвдөж зовсон үед хамтдаа байж аялан тоглолтыг нь дуусгасан. Дараа нь БНСУ руу явахад 10 мянган ам.долларыг бусад зардалтай нь өгсөн. “Никитон” хамтлагийнхан өнөөдөр /өчигдөр/ 10 мянган ам.долларыг найзууд руугаа шилжүүлэх гэж байна. Түүнчлэн ирэх сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн тоглолт болно. Энэ тоглолтын бүрэлдэхүүнд Б.Чинбаттай хамтран ажиллаж байсан уран бүтээлчээс гадна найз нөхөд нийлсэн 300 орчим хүн оролцохоор болоод байна. Б.Чинбат маань УДЭТ-ынхантай хамтран ажиллаж байсан. Түүнийг “Ромео Жульетта” жүжигт ажилласныг хүмүүс андахгүй байх. “Хос зүрхийг хамгаалъя" аяны хүрээнд уг жүжгийг тоглож төгөлдөр хуурчийн эмчилгээний зардалд Завхан, Өмнөговь, Дорнод зэрэг аймгийн уран бүтээлчдийн төлөөлөл аянд нэгдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, Монголын соёл урлагийн салбарынхан Б.Чинбат, Ц.Сарнай нарт туслахаар нэгдэж байна.
 
-Өвөрмонголчууд уран бүтээлчдэд туслахаар нэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-“Хос зүрхийг хамгаалъя" аяныг Өвөрмонголд мөн өрнүүлж байгаа. Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Гэхдээ энэ бол одоо хийлгэж байгаа эмчилгээний зардлынх. Хагалгаа хийлгэлээ гээд бүх асуудлыг шийддэггүй. Дараа нь эмчийн хяналтад байх шаардлагатай. Эм тангийн хувьд таарах, таарахгүй асуудал тулгардаг. Хүний амь, эрүүл мэндтэй холбоотой хариуцлагатай асуудал учраас олон зүйлийг анхаарах шаардлага гардаг. Дээр нь тогтсон цалингүй, чөлөөт уран бүтээлчид эмчилгээ хийлгэхэд хөрөнгө мөнгөний хувьд асуудал үүснэ. Тиймээс бид дараа дараагийнх нь асуудалд ч анхаарал хандуулахаар ярилцаж байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин