sonin.mn
Аврагчдын гавьяаг мөн­гөөр үнэлэх боломжгүй. Гэлээ ч иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй залууст мөнгөн урамшуулал хамгийн том дэмжлэг юм. Энэ жишгээр онцгой байдлын байгууллага шилдэг аврагчдаа 16 сая төгрөгөөр урамшуулдаг болоод хоёр жил болж байна. 2600 гаруй дуудлагаар 1600 амь аварсан зургаан аврагчийг оны өмнөхөн 16 сая төгрөгөөр урамшуулав. Тэдний нэг болох онц­гой байдлын салбар, олон мян­ган аврагчтай хичээл, зүтгэлээрээ манлайлсан Монгол Улсын шил­дэг ав­рагч, ахлагч Б.Түмэн­баярыг “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо.
 
“НЭГ АМЬ АВАРСАН Ч АЙЛД ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ АВЧИРЛАА ГЭЖ БОДОХ САЙХАН” 
 
Ахлагч Б.Түмэнбаяр Налайхад байрладаг Онц­гой байдлын Үндэсний аврах бригадын Уул уур­хайн аврах ангийн аврагчаар ажиллаад таван жил болж байна. Үүнээс өмнө уул уурхайн аврах ангийг яамны харьяанд байхад нь гурван жил үүрэг гүйцэтгэжээ. Гэхдээ Б.Түмэнбаярын аврагчаар ажилласан он жилүүдээс гадна уурхайд ажилласан туршлага нь багагүй хэрэг болдог аж. Түүнийг онцгой байдлын салбар руу хөтөлсөн нь ч уурхайгаас эхлэлтэй. Энэ тухайгаа “Би Дорнод аймагт төрж өссөн. Дунд сургуулиа төгсөөд 2006 онд уурхайд ажиллаж эхэлсэн. Ковш барьж уурхайчин болсон. Нэг өдөр хажуу талын аманд осол болсон. Хүмүүст тусалсны дараа олон хүн талархлаа илэрхийлсэн. Тэгээд л уул уурхайд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст туслах, аюулгүй байлгах юмсан гэж хүсч аврах ангид орох хүсэлтээ өгөхөд азаар бие бялдар, туршлага гээд шалгуурт нь тэнцсэн. Тэр үеэс л онцгой байдлын салбартай холбогдож эх орон, ард түм­ний­хээ өмнө үүрэг ха­риуц­лага хүлээх нэр төртэй албанд зүтгэж бай­на” гэлээ.
 
 
Уул уурхайн аврагч­даас онцгой чадвар шаард­даг. Газрын гүнд, агааргүй, хүнд хортой нөхцөлд ажиллана. Хүн агааргүй орчинд нэг минут ч тэсч чаддаггүй гэдэг. Харин аврагчид амьсгал хамгаалах баг зүүгээд дөрвөн цаг ямар ч агааргүй орчинд үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед агааргүйтэхээс эхлээд хүндрэл гарах эрсдэлтэй. Товчхондоо, аврагчид амьтай зүйл тэсэх боломжгүй нөхцөл рүү дураараа “үсэрч” хэн нэгний амь нас, эд хөрөнгийг аврахаар танга­раг өргөсөн баатрууд юм.
 
 
Б.Түмэнбаяр аврагчаар ажиллахдаа 90 гаруй дуудлагаар 114 хүнийг аварчээ. 170 метрийн гүнд хөндлөн огтлолоор бол 400-500 метрт үүрэг гүйцэтгэхдээ амь өрссөн нөхцөлд аюултай нүүр  тулах үе ч бий. Гэхдээ энэ албанаас хэзээ ч халширч зугтаж байгаагүй хэмээхдээ “Хүний амь нас аварч чадаагүй үедээ шантардаг. Гэр бүлийг нь харах бүр хэцүү. Би л буруутай юм шиг санагддаг. Гэхдээ албаа орхиё  гэж нэг ч удаа бодож байгаагүй. Нэг хүний амь аврахаас илүү айлыг элэг бүтэн болгож, гэрэл гэгээ бэлэглэлээ гэж бодох сайхан” гэв.
Түүний явсан дууд­лагын 80-90 хувь нь Налай­хынх. Тэдний багийнхан нэг дуудлагаар Налайхын уурхайгаас зургаан хүний алтан амь аварч байжээ. Зөвхөн дуудлагаар явахаас гадна хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй гээд урьдчилан сэргийлэх  ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг нягталж зааварчилгаа өгдөг гэнэ.
 
“НЭГИЙГЭЭ ОРХИХГҮЙ ГЭСЭН ИТГЭЛЭЭР АЮУЛ РУУ ОРДОГ”
 
Үндэсний аврах бри­га­дын нэг нэгж нь уул уурхайн аврах анги. Тэд ул­сын хэмжээнд ав­рах ажил­лагаанд оролцох үүрэгтэй. Харин Б.Түмэнбаяр 10 гаруй аймагт ажиллажээ. Хамгийн сүүлд Улаан­баатараас 1950 км-ийн зайтай Асгатын мөнгөний ордыг нээхэд багаараа  сар гаруй ажиллаад шинэ оны өмнөхөн ир­сэн байна. Асгатын орд да­лайн түвшнээс дээш 2891 метр өндөр уу­ланд байрладаг. 1991 оноос хойш ажиллаагүй. Уур­хайн малталт нь улнаас тааз хүртэл 2.8 м, өргөн 3.5 м бүхэлдээ цас, мө­сөөр дүүрч, амны орчин долоон метр зузаан цасан бүрхүүлээр хучигдсан хүнд нөхцөлд үүрэг гүй­цэт­гэснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.
Асгатын мөнгөний ордыг нээхдээ зарим үед -40 хэмийн хүйтэнд үүрээс гэгээ тасартал ажиллажээ. Байрласан газраасаа арав гаруй км явж ордод очихын гурван км-т нь Оросын хилээр явсан талаараа Б.Түмэнбаяр “Их хүйтэнд цас, мөсөн дунд ажиллах мэдээж бэрхшээлтэй. Цас хунгарлаж амыг нь дарсан байсан. Бас багагүй хэмжээний хад чулуу буталсан ч харьцангуй техник сайтай байсан. 14 км замын арваад км-т нь цас хунгарласныг цэвэрлэж ордын ам хүртэл зам гаргасан” гэсэн юм.
 
 
Б.Түмэнбаяр Налайхад гэрийнхээ хажууд л 3-4 хоног үүрэг гүйцэтгэх энүүхэнд. Энэ бол аврагчдын ажлын онцлог хэмээн ярихдаа “Гэр бүлийнхнийхээ санааг зовоогоод яахав гээд аврах ажиллагаанд явахдаа тэр бүр хэлдэггүй. Ирснийхээ дараа л мэдэгддэг. Хүний амь аврах, эцсийг нь үзэх хүртлээ зогсохгүй ажилладаг. Эрсдэлтэй нүүр тулсан үе ч бий. Гэхдээ багаараа орж байгаа учраас айдаггүй. Нэгийгээ орхихгүй гэсэн итгэлээр аюул руу ордог” гэлээ.
 
 
Түүнээс шилдэг аврагчаар шалгарсан тухай нь асуухад “Надаас илүү гэр бүлийнхэн маань их баярласан. Онцгой байдлын албанд орсноороо бахар­хаж, илүү их хариуц­лагатай ажиллахыг хичээж байна. Ер нь аврагчид гэж амь эрсдэхээс ч айх­гүй зоригтой хүмүүс. Мэргэжлийн маань онц­лог ч тийм. Мөн сэтгэ­лийн хатуужилтай байх хэрэгтэй. Хамгийн жаргалтай үе бол хүний амь авраад гарч ирэх мөч байдаг даа. Бид нэг удаа үүрэг гүйцэтгэхдээ Налайхын нүүрсний уурхайгаас зургаан хүний амь аварч байсан” гэсэн нь түүний баярын сэтгэгдэл одоо ч хуучраагүйг илтгэнэ. Харин 16 сая төгрөгөө юунд зарцуулах вэ гэхэд “Энэ шагнал  залуу хүмүүсийн амьдралд  том дэмжлэг, урам зориг өгсөн. 16 сая төгрөгөө нийгмийн асуудалдаа зарцуулна. Манай албанд олон жил ажилласан мундаг хүн олон бий. Тэрдундаас надад урам зориг өгч, том итгэл хүлээлгэсэнд баярлалаа гэж хэлье. Хамгийн чухал нь хамт олны үнэлгээ, ар гэрийн дэмжлэг” хэмээн даруухан хэлж байна. Б.Түмэнбаярынх гурван хүүхэдтэй. Эхнэр А.Эрдэнэцэцэг нь хувиараа ажилладаг гэнэ.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин