sonin.mn
Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн дэд түрүүч Э.Дээдлэхзаяа, байлдагч Э.Дэлгэрэхзаяа хэмээх ихэр хөвгүүдийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Ихэр хөвгүүд нуруу, царай, нүүрний баясгалантай байдлаараа тун төстэй бөгөөд тэдний гол ялгаа нь дэд түрүүчийн уруул дээрх мэнгэ. Тэд 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд Нийслэлийн Хан-Уул дүүргээс татагдаж ирсэн залуус. Ихрүүд анх их, дээд сургуулиа төгсчихөөд цэргийн алба хаана гэж төлөвлөж байсан ч энэ бодол нь цэрэг татлагын үеэр өөрчлөгдсөн гэнэ. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хоёр ихрийг тэнцлээ гэхэд нь “Уул нь сургуулиа төгсчихсөн бол” гэсэн бага зэргийн эргэлзээтэй ирсэн ч өнөөдөр энэ нь 100 хувь өөрчлөгдөж, бүр эзэмшиж буй мэргэжлээрээ цэргийн салбарт үргэлжлүүлэн ажиллах хүсэл, мөрөөдөлтэй болжээ.
 
 
Дэд түрүүч Э.Дээдлэхзаяа ЭМШУИС-д уламжлалын их эмч мэргэжлээр, байлдагч Э.Дэлгэрэхзаяа “Этүгэн” дээд сургуульд эмнэлгийн тоног төхөөрөмж, ашиглалтын инженер мэргэжлээр суралцдаг аж. Хоёул гуравдугаар дамжааны оюутан бөгөөд цэргийн албаа нэр төртэй хаачихаад Цэргийн төв эмнэлэг болон инженерийн цэргийн ангид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах мөрөөдөлтэй болжээ.
 
 
Ихрүүд айлын том нь гэнэ. Э.Эрдэнэбаясгалан, Э.Эрдэнэзаяа гэдэг дүү нартай. Цэрэгт ирснээсээ хойш дүү нараа бас өвөөгөө бага зэрэг санаж байгаагаа хуучлав. Тэд өвөө Н.Гомбодоржийгоо нийслэлийн Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангид захирагчаар ажиллаж байсан, хурандаа цолтой, насаараа тэнгэрээр ниссэн нисгэгч гэж тодотгов. Өвөө нь өдгөө 70 гарч яваа буурал байдаг бөгөөд ихэр ач нарынхаа Цэргийн тангараг өргөх ёслолын үеэр “Овоо доо, миний хүүхдүүд. Та хоёроос одоо эх орон үнэртэж байна. Эх орноо гэсэн үзэл, хүмүүжил харц, үйл хөдлөл, сэтгэлээс чинь мэдрэгдэж байна” гээд хацар дээр нь үнссэн гэнэ. Өвөөгийнхөө итгэл найдварыг алдалгүй, цэргийн албаа үлгэр жишээ хаах нь тэдний ойрын зорилго аж. Хөвгүүдийн аав Ц.Энхболд Иргэний нисэхийн Ерөнхий газар, ээж Г.Хашцэцэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажилладаг, мөн л Цэргийн тангараг өргөх ёслолын үеэр ихрүүдээ бахдан биширсэн нь эрч хүч, урам зориг нэмжээ.
 
 
“Та хоёрыг ялгахад амаргүй юм. Багад нь ангийнхан нь ялгадаг байв уу” гэхэд дэд түрүүч Э.Дээдлэхзаяа “Яг найзлаад ирэхээр ялгана. Тэгээд ч гол ялгаа нь миний мэнгэ болдог. Бид хоёр багадаа өөр, өөр авиа гаргаж уйлдаг байсан гэсэн. Гэрийнхэн гаргаж буй авиагаар нь “Инга, Инна” гэж дууддаг, найз нар ч ялгаагүй. Харин оюутан ангийнхан “Солонгос киноны нэр шиг” гээд шоолоод л байгаа. Гэхдээ бид энэ нэрэндээ хайртай” гэлээ.
 
 
Тэрээр цааш нь “Цэргийн албанд ирснээсээ хойш миний хацар жаахан таргалаад байгаа. Ангийн захирагч намайг “Нөхөр минь, ихрийнхээ хоолыг булааж идээд байгаа юм биш биз” гэж шоолсон шүү” гээд баахан инээв. Дэд түрүүч Э.Дээдлэхзаяагийн хувьд өнгөрсөн оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын дунд үе хүртэл ангийнхантайгаа хамт улс орны бүтээн байгуулалтад оролцсон байна. “Бүтээн байгуулалтад оролцсон маань миний бахархал байх болно. Манай ангийнхан улс орны бүтээн байгуулалтад манлайлан оролцдогоороо алдартай. 2019 он гэхэд Дорнод аймгийн Халх гол сумын "Шинэ сум" төсөл болон Дорноговь аймаг дахь төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон, үргэлж завгүй байдаг бүтээгч анги” гэж онцолсон юм. Ихрүүд чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг гэнэ. Дэд түрүүч Э.Дээдлэхзаяа гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй бөгөөд ЭМШУИС-ийн салбар сургуулийнхаа шигшээ багт, байлдагч Э.Дэлгэрэхзаяа нь хоёрдугаар зэрэгтэй, “Этүгэн” дээд сургуулийн шигшээ багт хамаардаг байна.
 
 
Ихрүүдийн авьяас чадвар үүгээр зогсохгүй, Э.Дэлгэрэхзаяа цэнгээнт бүжгээр хичээллэдэг, сургуулийнхаа бүжгийн хамтлагийн гишүүн. Өдгөө он жавууддаа бүжиг зааж байгаа гэнэ. 
 
 
Нэгнийхээ зан араншинг тодорхойлооч гэхэд Э.Дэлгэрэхзаяа нь “Ихэр маань их хөгжилтэй. Хүмүүсийг хөгжөөж, нөхөрсөг уур амьсгалыг дандаа бүрдүүлж байдаг юм. Тэр миний итгэж явдаг хамгийн сайн найз. Түүнээс юугаа ч нуудаггүй. Дорноговь аймаг руу бүтээн байгуулалтад явахад нь бага зэрэг санасан. Бид хоёр ингэж салж байгаагүй юм” гэсэн бол Э.Дээдлэхзаяа “Дэлгэрэх маань их даруухан, төлөв томоотой. Гэхдээ гэртээ бол даруухан байдаггүй, бид хоёр ноцолдож өгнө шүү дээ. Хичээлдээ их сайн, номонд дуртай гэж жигтэйхэн. Ихрийгээ би хэзээ ч, хаана ч хамгаална” гэсэн нь дотно сайхан сонсогдлоо. Ихрүүд 2019 оны шилдэг байлдагч нарын шинэ жилд оролцсоноо ч бас хуучилж, анги хамт олноо бүтээн байгуулагчид гэж магтаж байв. Тэд цэргийн албанаас эх орноо хайрлах үзэл, цэргийн албаар бахархах сэтгэлийг олж авснаа ярианыхаа төгсгөлд онцолсон юм.
 
 
дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин