sonin.mn
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан, Борис Ельциний хүргэн Валентин Юмашев “Дойче велле” агентлагт Владимир Путиний тухай ярьжээ. Б.Ельцин 20 жилийн өмнө түүнийг залгамжлагчаараа нэрлээд хугацаанаасаа өмнө огцорсон билээ. Валентин Юмашев ярилцлагадаа В.Путин хэрхэн засгийн эрхэнд гарсныг дурдсан байна.
 
 
-Борис Ельцин Владимир Путинд халаагаа өгөөд 20 жил өнгөрлөө. Энэ үйл явдлын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Одоогийнхоос өөр үе байсан. В.Путин засгийн эрхэнд гарсан эхний дөрвөн жилдээ Б.Ельцин болон түүний багийн хийж чадаагүй шинэчлэлийг идэвхжүүлсэн. Учир нь, тухайн үед Дум улс оронд шаардлагатай бараг бүх хуулийг хориглосон байв. Владимир Владимирович барууны орнуудтай харилцаагаа шинэчлэх үед Мюнхений алдарт хэлэлцээр болсон. Югослав дахь үйл явдал болон бусад зүйлд өрнөдийнхөн сэтгэл дундуур байсан ч эдийн засагт өсөлт гарсан. Газрын тосны үнэ ямар байсныг бид санаж байна. Дараа нь Дмитрий Анатольевич Медведев Ерөнхийлөгч болсон. Тэрбээр барууныхантай харилцаагаа дахин эхлүүлэхийг эрмэлзсэн. Удалгүй Владимир Владимирович Кремльд эргэж ирсэн. Түүний улс төрийн нөлөө хүчтэй хэвээр байгааг бид харж байна. Хэрэв ирэх ням гарагт сонгууль болбол иргэдийн олонх нь В.Путинд саналаа өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
 
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан шүү дээ?
 
 
-Залуучууд Владимир Путиний удирдлага дор бүх насаараа амьдрахыг хүсэхгүй. Тэд өөрчлөлтийг хүсч, шаардаж байна. Москвад болж буй тайван жагсаалууд нь эрх баригчдын зохисгүй үйлдлийн хариу юм. Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол зарим зүйлийг өөрөөр хийх байсан. Гэтэл Ерөнхийлөгч бол Владимир Владимирович шүү дээ. Оросын ард түмэн түүнийг дэмжиж байгаа. 
 
 
-Ингэхэд та В.Путинийг хэрхэн олсон юм бэ?
 
-Би түүнийг олоогүй, Анатолий Чубайс В.Путинийг олж, тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын. Хяналтын дарга байсан Алексей Кудринтэй танилцуулсан байдаг. Энэ бол А.Чубайс, А.Кудрин нар Засгийн газрыг орхиж, би захиргааны дарга болсон үетэй санамсаргүй давхацдаг.
 
-Гэхдээ та түүнд итгэл хүлээлгэсэн шүү дээ?
 
-Хэдхэн сарын дараа энэ залуу маш хүчтэй хүн болохыг би ойлгосон. Кремльд болсон уулзалтын дараа тэр бүх зүйлийг нарийн тодорхойлсон. В.Путин маш сайн дүн шинжилгээ хийж, зөв санаа дэвшүүлдэг байв. Тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газар Сергей Ястржембский, Михаил Комиссар, Иохан Поллиева, Сергей Приходко нарын хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан. Би хамтрагчдаасаа болоод В.Путинийг сонгосон юм. Тэдний саналын дагуу би Борис Ельцинд танилцуулж билээ.
 
-Ерөнхийлөгчийн алба хэцүү. Гэтэл В.Путин яагаад Кремлийг орхихыг хүсдэггүй юм бол?
 
-Би түүнтэй энэ талаар ярилцаж байгаагүй учраас хариулж чадахгүй нь.
 
 
 
Тэрбээр 2024 он хүртэл улс орноо удирдана. Гэхдээ 2023 онд карьераа хэрхэн үргэлжлүүлэх, залгамжлагч томилох эсэхээ шийдэх байх. В.Путин гэнэтийн аюулаас айдаггүй. Хүмүүс түүнд эергээр хандаж, үйл хэргийг нь дэмждэгт тэрбээр бүрэн итгэлтэй байгаа.
 
 
 
-Гэхдээ энэ бол идэвхгүй олонх. Тэд богино хугацаанд цөөнх болж хувирдаг шүү дээ?
 
-Гэхдээ өнөөгийн эрх баригчдын олонх нь Владимир Владимировичтай ойр дотно холбоотой хүмүүс. Владимир Владимирович зодог тайлахад түүнд ямар ч асуудал гарахгүй л болов уу. Түүнийг Ерөнхий сайдаар анх томилох үед үнэлгээ нь харьцангуй доогуур байсан. Учир нь, хэн ч түүнийг танихгүй байсан. В.Путиний рейтинг өссөн нь Чеченьд терроризмын эсрэг ажиллагаа эхэлсэнтэй давхацдаг.
 
-Үүнээс өмнө Москва, Волгодонск, Буйнакск хотод хэд хэдэн байшин дэлбэрсэн. Эдгээр дэлбэрэлтийн цаана ФСБ /Холбооны аюулгүй байдлын алба/ байсан гэх хувилбар байдаг. Александр Литвиненко 2002 онд "ФСБ Оросыг дэлбэлэв" гэсэн гарчигтай ном гаргасан. Та энэ талаар юу хэлэх вэ?
 
-Энэ бол утгагүй яриа. Би яагаад гэдгийг тайлбарлая. 1996 онд Б.Ельцин гайхалтай хүчин чармайлт гаргаж дайныг зогсоосон. В.Путин ч улс орон дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг сайн мэдэж байсан.
 
 
 
Тусгай албаныхан эдгээр дэлбэрэлтүүдийг зохион байгуулсан гэж үзвэл В.Путиний Примаков, Лужков нарын ашиг сонирхолд илүү нийцэх болов уу. Мэдээж энэ бол сэжигтэй түүх. Эрх баригчид зарим зүйлийг илүү тодорхой тайлбарлах ёстой гэдэгт би итгэлтэй байна. Дахин хэлье, энэ дайн В.Путинд ашиггүй байсан.
 
 
 
-Тэгвэл А.Литвиненког 2006 онд хордуулсан шалтгаан юу байж болох вэ. Владимир Путин КГБ-ын уугуул ажилтан. Энэ хэрэг түүнтэй холбоотой юу?
 
-Энэ бол эмгэнэлт явдал. В.Путин КГБ-аас гарсныхаа дараа нэлээд өөрчлөгдсөн гэж бодож байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин