Хүн их гүрний Өмнөд засагчийн харьяа Боор хэмээх харваач байв. Түүний харвах нь аянга мэт, цэц нь зүүний сүвэгч үл алдах. Их талын өмнөх хойнох, баруун зүүнэх зургаан их улс, арван найман аймагт эгнэх харваач үгүй хэмээнэ. Их Жангур Шанью түүнийг дэргэдээ авчруулан Бүргэд намнаач болгов. Намрын их хуримнаар харваачид сорил тавьдаг билээ. Хос хосоор харваачид гарч, тэдний дундуур өлөгчин чонын элгээр тэжээсэн чандага тавина. Харваачид чандаганы хоёр талаар хашин давхил дундаа түрүүлж харван оносныг үлдээж, дараачийн сорилд оруулна. Сум амин газар онох чухал. Тэгсээр Боор харваач, Жангур шанью хоёр тав таван сорил туулаад үлдэв.
 
 
 
Энэ сүүлийн сорилд хамгийн хүчтэй, хурдан овтой чандага тавив. Цахилгаан мэт цахилан дэгдэх чандага шинэхэн цаснаас гялалзах төдий ялгарна. Жангур шанью Үүлэн борлог, Боор харваач Согоон халтарыг хүлэглэж, чандаганы хоёр талаар хашин цас манаруулан хурдлах зууртаа гурав гурван сум тавив. Шаньюн дөрөв дэх сум чандагын далын цөм цохижээ.
 
 
 
Цав цагаан цасан дээр хундан улаан цус цацруулан тийчлэх чандаганы дэргэд дөрөө мулталсан Жангур шанью Боор харваачийг хилэнт догшноор харж байв.
- Харваач, юунд худал харвав?
- Би хичээж харвав...
- Өмнө сум бүр чинь чандаганы аман, хүзүү, хатан хүзүүний заагаар сүвлэж байв. Харин энэ дөрвөн сум чинь хаа хамаагүй тэнэв биш үү?
- Тэнгэрийн хөвүүн Их Жангур таны сүр хүчнээс эмээв би.
Боор харваач сөхрөн сууж, тэргүүн гудайжээ.
- Бүү тэргүүн гудай. Чам шиг их харваачид үл зохино.
- За мэдлээ.
Харц тулгарав. Шаньюн дотор зарсхийв.
- Чи юунд худал өгүүлэв?
- Би худал эс өгүүлэв...
Хөмхийгөө зууж, хөмсгөө зангидаад ийн өгүүлэв. Шанью сумын гичрээр хацар дундуур нь ороолгосонд цус шүүрэн, эгэм рүү нь урсав. Боор харваач үл хөдлөв. Харц нь үл халирав.
Тэр шөнө харваач хүрээ буудлаас оргож оджээ. Араас нь Жангур шаньютан хамгийн шилдэг таван Бүргэд намнаачийг тавьсан авч гурвыгаа нэвт харвуулаад, нэг нь үлдсэн шархдсанаа дүүрээд орой нь эгэж иржээ.
Сэцэн зөвлөх сайдтан Жангур шаньюг зэмлэв.
- Их Жангур, та зоригтныг дээдэлж, эртэнийг эрхэмлэдэгсэн. Юунд Боор харваачид хатуурхав? Тийм эрхийтнийг хаанаас олохсон. Хайран биш үү?
- Үнэнчид нь эргэлзэв би. Тиймээс гурван сорил өгөв. Тэр эс чадав.
- Эзэнтэн, эргэлзэх шалтгаан юу вэ?
- Түүн шиг идтэй харваач цуутай Бүргэд намнаачдын тэргүүн болох ёстой.
- Тийм ээ. Та гэтэл эгэл нэгэн Бүргэд намнаач төдий болгов.
- Түүний харваанд Эрхийт тэнгэр ч атаархам буй за. Гэвч Бүргэд намнаачдын тэргүүн болоход энэ хангалттай биш. Сэтгэл хураах, сэвгүй чигч байх, элэгтэйгээ эвлэн номхрох, атаатантай арсалдан догшрох чухлыг чи мэднэ.
- Тиймээ, дээдэстэн минь.
- Эхэн сорил минь түүнийг эгэл нэгэн болгов. Тэр тэвчиж эс чадан хорсов. Сэтгэл үл тогтох хүн яахин бидний охь манлай Бүргэд намнаачдийн тэргүүн болж чадах билээ. Гэвч би түүнд бас дахин сорил тавив.
- Юун сорил билээ? Жангуртан...
- Би Боор харваач лугаа адил аман хүзүү, хатан хүзүүгээр нь сүвлэж чадахгүй ч би эхний сумаар чандагыг онох байв. Гэвч гурван сум хоосон тавив. Тэр харин дөрвөн ч сум хоосон тавив. Дөрөө мултлаад цус цацлан тийчилж буй чандаганы дэргэд би түүнээс юунд худал харвасныг асуув. Тэр сүрдэв хэмээн худал өгүүлэв.
- Таны сүр хүчээс барагтай эртэн сүрдэх билээ, Жангуртан...
 
- Тэр сүрдсэн нь үгүй. Харин зулгуйдсан нь үнэн болов. Түүний харц үүнийг өгүүлэв. Сэтгэлд нь үнэн ховор аж. Тэр миний нөхөр биш дайсан байваас зохих ажгуу. Энэ миний хоёр дахь сорил болов. Чандаганы цаанаас түүний сумны онь хоёронтоо над дээр туссан нь морины явдлынх уу, цээжин хүслийнх үү гэдгийг би сорьсон нь тэр болно.
 
- Хацрыг нь сумны гичрээр цус шүүртэл ороолгосон нь таны гурав дахь сорил байх нь ээ. Тэр энэ сорилыг ч давсангүй аж. Хэрвээ давсан бол та яах байсан бол?
- Би түүнийг энэ өглөө өчиггүй цаазлах байв.
- Юуны учир тэр вэ?
- Түүний цээжинд өширхөл улам зангирсан буй. Тэр өширхөл үл тайлрах учир.
- Тэгвэл та түүнийг шөнөөр оргохыг мэдэж байжээ. Харин юунд зүгээр явуулав?
- Өөртэйгээ энсэх эртэй дайсантай байхыг хүсэв би.
- Тийм бол та түүнийг алуулахаар араас нь таван шилдэг чоноо юунд илгээв?
- Миний таван шилдэг Бүргэд намнаачийг дийлж эс чадваас тэр миний дайсан болж хэрхэн чадах буй.
- Та юунд тийм аюулт нэгнийг өштнөө болгохыг хичээнэм?
- Хүчийг хүсвээс өөртөө эн тэнсэх хүчит дайсныг хүс хэмээх энэ буюу. Эс тэгвээс ману ард хэдэн үе өнгөрөхөд манай Их Хүн гүрэн хүчгэнэ хулгана мэт хөөрхий өчүүхэн болж доройтох буй за. Тэнгэр түүнийг үл хүсэх билээ. Тэнгэрийн тулд би ийн үйлдэв.
- Аугаа их Шанью минь ... хэмээгээд Хүн их гүрний сэцэн сайдтан Жангур шаньюгийн өлмийд унав.
Боор харваач Хүн улсын Өмнө засагчийн орондоо тогтсонгүй. Урт хотыг даван, Хань улсын У ди хаанд хүчин өргөхөөр очив. У ди хаан түүнд Ли гуан нэр, их эд өлөг хайрлаж, шилдэг цэргийн манлай болгожээ. Жангур шаньюгийн хүслээр ажээ.
 
 
Б.Номинчимэд.
 
2020.02.16