Ардын хувьсгалтай зэрэгцэн эхэлсэн Оросуудын хэлмэгдүүлэлтийн бодит байдлыг дурдвал, Оросын сургагч, зааварлагч нар анх монголчуудыг 10, 20-иор нь, тухайлбал, 1922 онд “Бодоогийн хэрэг” гэгчээр 14 хүнийг буудаж байсан бол 1934 онд “Лхүмбийн хэрэг” гэгчээр 100, 150-аар нь буудах болсныг үзвэл дараагийн хэрэг гэгчээр хэдэн 1000-аар нь буудаж магадгүй байв. Тэгвэл Монголын эрчүүд бүгд буудуулах аюул нүүрлэж байлаа. Тэгэхээр Монголын удирдагчид энэ их аюулыг хэрхэн зайлуулах арга замыг эрэлхийлсэн бололтой байна. Ийм арга замыг эрж хайсан нь Ардын хувьсгалын удирдагчид болох Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Данзан, VIII Богд Жибзундамба хутагт нарыг алдсаны дараа 1925 оноос эхэлсэн гэж үзэж болохоор байна.
 
1925 онд Амар сайд Бээжинд очоод, Зөвлөлт ба Коминтернээс дагалдуулсан 2 хүнийг буцаачихаад, Германы Элчин сайдтай уулзсан ба үүний дараа Монголын охид, хөвгүүдийг Германд суралцуулж эхэлсэн боловч харамсалтай нь “Зүүнтэн” гэх Оросын тоглоомын этгээдүүд төр, засгийн удирдлагад гарч ирэн, тэдний сургуулийг төгсгөлгүй татан авчирч, Монгол-Европын сайн харилцааны эхлэлийг тасалсан юм. Германд суралцагчдын нэг Д.Нацагдорж тэдний сургуулийг нь төгсгөлгүй авчирсанд ихэд харамсаж байв.
 
Ер нь Орост нөлөөлөх хүчийг Европоос хайсан нь анх Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдсан үеэс эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд харилцаа тогтоох орноор эхнээсээ л Германыг сонгосон нь 1912 онд Олноо өргөгдсөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж Хаант Орост айлчлахдаа Европын улсуудын Элчин сайд нартай уулзах хүсэлт тавьсанд Германы Элчин сайдаас бусад нь татгалзсан хариу өгсөнтэй холбоотой.
Харин Германы Элчин сайдтай уулзахыг Ханддорж ванд Оросын ноёд зөвшөөрөөгүй юм. Эдгээрийг дурдахын учир гэвэл, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн аюулыг урьдаас мэдэрсэн Монголын удирдагчид түүнийг зогсоох арга замыг хайхдаа Д.Нацагдоржийг эртнээс бэлтгэн Германд нууцаар гаргасан байж магадгүй гэсэн баримтат таамаг дэвшүүлсэнээ дахин нэг бататгах гэсэнд юм. Үүний урьд, Д.Нацагдоржийг ямар арга хэлбэрээр бэлтгэж, хэрхэн нууцаар хил нэвтрүүлэн гаргасан тухайд баримтат таамаг дэвшүүлсэн хэд хэдэн богино өгүүлэл бичиж, хэвлэлд нийтлүүлсэн билээ. Энэ удаад Д.Нацагдоржийг бэлтгэх, илгээх ажиллагаанд түүний эхнэр асан Д.Пагамдуламыг оролцуулсан байж болох тухайд баримтат таамаг дэвшүүлсэн богино өгүүллийг толилуулж байна.
 
Д.Нацагдоржийг Орос, Хятад алиных нь ч хардлага сэрдлэггүй хилийн чинадад гаргах арга хэмжээг далдлах үйл явдлууд нь Д.Нацагдоржийн “үхэл”, түүний “оршуулга” байсан ба түүний “оршуулагч”-ийг мөн урьдчилан бэлтгэжээ.
 
Үүндээ чухамхүү Д.Пагамдуламыг сонгож, Д.Нацагдоржийн нэгэн адил шоронд бэлтгэсэн гэж үзэж болохоор байна:
 
а. Д.Нацагдоржийг хилийн чинадад гаргах арга хэмжээнд шаардлагатай мөнгө хөрөнгийг төсвийн бус аргаар олж бүрдүүлэх нь уг арга хэмжээний нууцлалаас урган гарсан. Д.Пагамдулам Хятадуудаас хууль бусаар их хэмжээний мөнгө авахын тулд тэдэнд хуурамч баримт бичиг хийж өгсөнийхөө төлөө шоронд хоригджээ. Шоронд байхдаа ч хоригдол хятадуудаас их хэмжээний мөнгө авах гэмт үйлдлээ үргэлжлүүлж, ялын хугацаагаа сунгуулж байсан;
 
б. Тухайн үед Дотоодыг хамгаалах газрын харьяанд байсан “Засан сайжруулах” буюу Хорих ангийн дарга нь “хоригдол” Д.Пагамдуламд ихээхэн итгэл үзүүлж, уг хорих ангийн бичгийн машины бичээчээр ажиллуулж, нууц бичиг хэргээ хүртэл түүнд хариуцуулан, хагас, бүтэн сайн өдрүүдэд гэрт нь гаргаж “амруулдаг” байсан. Д.Пагамдулам өөрөө энэ байдлаа “Хорих ангийн даргатай садар самууны холбоотой” гэдгээр “ичгүүр сонжуургүй” тайлбарладаг байсан нь мөн л арга хэмжээний нууцлалтай холбоотой байв;
 
в. Архинд шатсан Д.Нацагдоржийн шарилыг 2 өдөр дараалан 2 удаа оршуулсан дам мэдээ бий. Эхний өдөр 1 дэх удаа Д.Нацагдоржийн “шарил”-ыг Д.Пагамдулам ганцаар авч явж оршуулсан. Дараа өдөр нь 2 дахь удаад “шарил”-ыг хятад морин тэргэч зэрэг 3-4 хүн авч явсаны дотор ДХГ-ын ажилтан ч байсан. Эл “шарил”ыг Д.Нацагдоржийн ойр төрлийн хүмүүст үзүүлэхэд дээл, малгай, гутал хувцас, гартаа барьсан трубка-гаанс нь хүртэл Д.Нацагдоржийнх мөн байсан боловч уг шарил толгойгүй, гар нь Д.Нацагдоржийнх биш байсан. Үүнээс үзэхүл, Д.Пагамдулам яалт ч үгүй Д.Нацагдоржийг “оршуулах” нэрээр авч яваад хувцасыг нь сольж авчирсан байж болох ба тийм бол түүнийг нууцаар гадаадад явуулах ажиллагаанд тэр оролцсон болж таарч байна.
 
Төгсгөлд нь, энэ арга хэмжээний удирдагч, хэрэгжүүлэгч нарын сонголт яагаад гагцхүү Д.Нацагдорж дээр буусныг тодруулан авч үзье. Ер нь эхнээсээ ганц Д.Нацагдоржийг л нүдэлчихээгүй нь мэдээж. Байгаа баримтуудаас эргэцүүлэн харахад, эхлээд 3-4 хүн дотроос Мэргэн гүн Гомбожав, тайж Д.Нацагдорж хоёрыг ялган авч судалсан байна. Тэрхүү хоёр нэр дэвшигчийг харьцуулан судлахын тулд “асуултын жагсаалт” гаргасан бололтой.
 
Өнөөгийн байр сууринаас харвал, тэнд хэнд ч, юунд ч хэрэггүй хачирхалтай асуултууд байв. Тухайлбал, “Архийг аль хэр уудаг вэ?” гэсэн асуулт байна. Энэ асуултад М.Гомбожавыг “бага уудаг”, Д.Нацагдоржийг “үлэмж уудаг” гэжээ. Хэрэв эцсийн сонголт Мэндбаярын Гомбожав дээр буусан бол тэр ямар дүр эсгэх байсныг таах аргагүй. Харин сонголт Дашдоржийн Нацагдорж дээр буусан учраас түүнийг “архинд шатаад үхчихлээ” гэхэд бусад бүх хүн эргэлзэж гайхахгүй итгэх архичны дүрд тоглуулжээ. Ингэж итгэлтэй хэлж болохуйц баримт ч байна. Тэр үед “архины мөнгөө хүнээс гуйдаг” болтлоо ядуурсан Д.Нацагдорж одоогийн Дүрслэх урлагийн музейн баруун урд байрлах хуучин “Ард” кино театрын тэнд байсан 2 давхар “Континентал” зочид буудалд байрладаг байжээ. “Ядуу архичин” Д.Нацагдорж тэндээс хөөгдчихөлгүй, буудлын төлбөрийг яаж төлдөг байсан нь анхаарал татдаг. Эргэцүүлэн бодвоос энэ бүхнийг Дотоодыг хамгаалахынхан зохицуулдаг байсан бололтой.
Мэргэн гүн Мэндбаярын Гомбожав яагаад эцсийн сонголтод үлдээгүй тухайд, Д.Нацагдоржтой нийлж наргиж цэнгэдэг залуусын нэгэнд М.Гомбожав ч ордог байсан юм. Тэдний дунд бас хоёр гуравхан ч биш хүүхнүүд ирдэг байжээ. Нэг их удалгүй М.Гомбожав тэдний нэгтэй гэр бүл болсон нь Хаант Оросын үеэс Монголд суусан Цогтбадамжавын нэг охин байв. Ингэснээр М.Гомбожав Оросынхны хараанд орлоо гэдгийг ухаарсан Дотоодыг хамгаалахынхан түүнээс зай барьж холдсон нь ойлгомжтой хэрэг юм.
 
 Докторант С.Баттогтох