sonin.mn
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдмогцоо С.Амарсайханы хийсэн томилгооны нэг нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 10 жилийн ангийн найз, Хэнтий аймгийн уугуул А.Энхманлайг томилсон явдал байв.
 
Мэдээж ЗГХЭГ-ийн даргын багын найз хүн өөртөө эрдэлгүй яахав, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар томилогдмогцоо халаа сэлээг өөрийн дураар хийх шиг болжээ.
 
Тодруулбал Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар өөрийн их сургуулийн ангийн найз Ч.Мөнхбаатарыг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар дунд сургуулийн найз Т.Мөнхцогтыг, Сонгино Хайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар нутгийн хуурай дүү, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Т.Батзоригийг тус тус томилж, харин Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан, дунд сургуулийн найз Г.Мөнхбаатарыгаа бол хэвээр нь үлдээсэн байна.
 
Л.Оюун-Эрдэнийн 10 жилийн найзын хийсэн томилгоо аль хэдийн асуудал дагуулж, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар өөрийн их сургуулийн ангийн найз Ч.Мөнхбаатар нь бусдаас авилга авсан хэргээр АТГ-т шалгагдаж буй ажээ.
 
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд байхдаа М.Энхболд ба түүний хотын фракц, "60 тэрбум"-ын схемийн эсрэг зоригтой дуугардаг байлаа.
М.Энхболд ба түүний хотын фракц, "60 тэрбум"-ын схемийн гол санхүүгийн ундаргын нэг нь ч газрын алба байсан нь нууц биш. Ц.Сандуй хүртэл Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох хүртлээ гагцхүү Нийслэлийн Газрын албанд ажилласан нэгэн.
Гэвч мөнөөх "60 тэрбум"-ын схемтэй тэмцэгч Л.Оюун-Эрдэнэ маань ЗГХЭГ-ийн дарга болмогцоо ангийн найз, нөхдөө мөнөөх л газрын албанд байршуулж эхэлсэн нь хачирхалтай.
 
Э.Мягмар