sonin.mn
Өвөр эгнээнд зүүн гар талаас ахмад хилчин, бэлтгэл хошууч Ж.Түмэнжаргал, Д.Магсармаа, Н.Дулмаа, арын эгнээнд Д.Ариунаа, Ч.Үл-Олдох, Д.Мөнх-Од, Ч.Энхтуяа.
 
 
Эх орны зүүн хязгаарт эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, эзэгтэйн үүргээ ч  биелүүлж, хугацаат цэргийн албанд очсон цэргүүдийг өөрийн хүүхдүүд шиг халамжлан  “Өндөр ээж нь болж,  үрсээ  өсгөн  хүмүүжүүлж ирсэн бүсгүйчүүд олон. Тэд бас цэрэг халагдаж, ээлж солигдох торгон мөчид буу барин цагийн манаанд зогсч, хилийн суман түргэн авахад ээлжгүй харуул, холбоочин, тогооч гээд бүх ажлыг нуруундаа үүрч хил манасан гавьяатай. Эмэгтэйчүүдийн зарим нь мөрдэс зүүсэн цэргийн албан хаагч бол зарим нь гадаад, дотоодын  их, дээд сургуулийг нарийн мэргэжлээр дүүргэж, эрдмийн зэрэг цол хамгаалсан ч хилийн цэргийн анги, суманд саальчин, оёдолчин, тогооч, үйлчлэгчээс өөр орон тоо байхгүй учраас ийм л ажил эрхэлж ирсэн байдаг юм. Тэдний нэг хэсэг бол наран мандах нутаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь  Чоно голын хилийн хорооны үе үеийн ажилсаг бүсгүйчүүд билээ. Чоно голын хилийн хороо Хилчин  эмэгтэйчүүдийн зөвлөлтэй, дотроо  гэр бүлийг хамруулсан  долоон нөхөрлөлтэй. Хүүхнүүд энэ ТББ-ын гишүүн болж, нөхөрлөлийн зарчмаар алба, амины  ажлаа зохион байгуулж жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн юм.
 
 
 
Цэргийнхний  дуулах дуртай  “Дайчин нөхрийн тухай дуу”-нд “Саарал шинелиэ тайлаагүй буурал найз минь хаана явна”  гэсэн гэрэлт мөрүүд бий.  Хилийн хорооноос эхэлсэн нөхөрлөл нь эх орны өнцөг булан бүрт  таран одсон ч, чөлөөндөө гарсан ч хэвээр үлддэг учир ийнхүү  дуулахаас яах билээ.
 
 
 
Эрдэнэцагаан сум, эх орны торгон хил дээр танилцаж нөхөрлөсөн тэд өдгөө энэ л  сэтгэлээрээ сошиал орчинд “Чоно голын хилийн хороо, ХЦ-ийн  0146-р ангид алба хаасан  ахмад хилчид” групп байгуулжээ. “Өдгөө энэхүү группээрээ  дамжуулан мэдээлэл солилцож,  шинэ жилийн баяр, Монгол цэргийн өдөр, Хилийн цэргийнхний баяр, эмэгтэйчүүдийн баярыг  хамтдаа тэмдэглэдэг. Мөн хэн маань хаана яажшуу явна хэмээн сураг тавьж, нэгийгээ  олж уулзаж,  халамж анхаарал тавьж байдаг нь хамгаас сайхан.
 
Хилчин эмэгтэйчүүд Бүх ард түмний урлагийн наадмын үеэр.
 
 
 
 
Хүүхнүүд цэл залуухнаараа нөхрөө дагаад шувуу нисэхээс өөр бараагүй хилийн суманд очсон ч  Монгол Улсын хилийг хамгаалахад хүчин зүтгэж байгаагаараа, эр нөхрөөрөө бахархаж ажиллаж амьдарчээ. 1980-аад онд хорооныхоо төвд эмэгтэйчүүдийн соёлжих танхим байгуулж, одоогийнхтой адил бүх зүйл бэлэн биш байсан учраас өөрсдөө бүх зүйлээ хийж,  зөвлөлийн ажлаа явуулж, урлаг уран сайхны ажлууд зохион байгуулж байж.
 
 
 
Зөвлөлийг эмэгтэйчүүд даргалж, орлогчоор нь офицер, ахлагч нарыг сонгодог байсан учраас хамтын ажиллагаа ч сайн байсныг Хилчин эмэгтэйчүүдийн зөвлөлийг  олон жил удирдсан ахмад хилчин Д.Магсармаа ярьж байна. Түүний хувьд 1970-аад онд 22 настайдаа ХЦ-ийн 0146-р ангийн хилийн алба хариуцсан офицероор ажиллаж байсан хань С.Бужаагаа  дагаж   хилийн хороо, суманд  кассын нярав, бичиг хэргийн болон нууцын эрхлэгч, хүний нөөцийн туслахаар ажиллажээ. Үүний зэрэгцээ үндсэн ажлын хажуугаар олон нийтийн байгууллагыг удирдаж иржээ. Тус хорооны эмэгтэйчүүд эвсэг найрсаг, ажилсаг хичээнгүйгээрээ гайхагдсан хамт олон. Энэ бүрэлдэхүүнд 1985 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас холбооны инженер нөхөр Ц,Гансүхийгээ  даган очиж, арван хуруугаар алдаагүй шивдэг, түргэн бичээч, алиа хошноороо нөхдөө хөгжөөсөн мэргэжлийн  алиалагч, Алтан-Овоондоо залбирсаар байгаад олон хүүхдээ онцгой сайхан  өсгөсөн  хэмээн нөхөддөө  хүндлэгдсэн Д.Мөнх-Од, Эрдэнэцагаан сумын уугуул, хилийн хорооны жолооч, хань Ц.Хархүүгийн хамт 1984 оноос хилийн цэрэгтэй ажил, амьдралаа холбосон Ч.Энхтуяа, 1980-аад онд цэргийн дайчилгаагаар  тус хороонд татагдан ирж,  бурхан жолооч нарынх нь нэг болсон н.Пунцагбалжирын гэргий  “Тогтохоо байлаа” дууг тун донжтой дуулж нөхдөө хөгжөөдөг,  мөнгөний, түүхий эдийн, шатахууны нярвын албыг хариуцлагатайгаар залгуулж ирсэн  VII  нөхөрлөлийн гишүүн Н.Дулмаа, Эрдэнэцагаанд цэргийн алба хааж  байгаад Москвагийн ХЦ-ийн дээд сургуульд суралцаж,  төгсч очоод  алба хаасан сумандаа очиж ажилласан,  “Өндөр” хэмээн нэршсэн бэлтгэл  дэд хурандаа С.Дашдэмбэрэлийн гэргий Ч.Нарантуяа гээд олон бүсгүй багтдаг. Мөн дөнгөж 20-хон настайдаа тус хорооны сумангийн орлогчоор хуваарилагдсан хань Нямаагаа дагаж очиж,хилийн цэрэгт бүхий л амьдралаа зориулсан  мөрдэстэй бүсгүйчүүдийн нэг, зохион байгуулагч авьяасаараа нөхдөө хошуучилж ирсэн  ахмад хилчин,  бэлтгэл хошууч  Ж.Түмэнжаргал, Эрдэнэцагаан сумын уугуул, амьдралынхаа 25 жилийг  эх орны зүүн хилийг хамгаалахад зориулж, хань Данаагийнхаа хамтаар  сайхан хос хэмээн олныг бишрүүлэн амьдарсан,  гурван сайхан хүүгийн ээж  Н.Ариунаа  гээд олон сайхан эмэгтэй өдгөө Чоно голын хилийн  отрядад ажиллаж, амьдарч ирсэн он  жилүүдээрээ бахархаж, дурсч байдаг  юм.
 
Үүнийг бичигч миний хувьд ийм  сайхан хамт олны дундаас ажил амьдралын гараагаа эхлүүлж, хилийн сумангийн саальчин, отрядын цэргийн гал зууханд аяга таваг угаагч, бэлтгэгч, тогоочоор ажиллаж байснаа үргэлж санан дурсч, хилийн хороо, сумангийнхаа хилчин  ах, эгч нартайгаа байнга холбоотой байдаг билээ.  2000-аад оны хавар  “Би их сургуульд шалгалт өгөх гэсэн юм. Суралцмаар байна” хэмээн ангийн захирагчдаа өргөдөл бичиж ороход “Хэдийгээр шинэ цэргүүдээ хүлээж авах бэлтгэл ажил хангахад Ар тал, Хүнсний албанаас нэг ч хүнд амралт, чөлөө олгох боломжгүй байгаа ч залуу хүн ийм зоригтой шийдвэр гаргаж байгааг дэмжихээс өөр аргагүй” хэмээн өргөдлийг минь цохож өгснөөр  сэтгүүлч болох замыг минь  нээж өгсөнд нь, Багшийн дээд сургуулийн /МУБИС/ сэтгүүлч-утга зохиолын ажилтны ангид суралцахаар явахад  амжилтын дээдийг ерөөж, өндөр настай ээж, нялх үрс, ар гэрийг минь харж халамжилж байсан та бүхэндээ  цаг мөнхөд талархаж явдаг билээ.
 
 
Хилчин эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн дарга нар.
 
 
 
 
Чоно голын отрядын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар
15 жил ажилласан Д.Магсармаа, хорооны их эмч Г.Амгалан.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин