sonin.mn
2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “Ковид 19” илрээд буй билээ.
Тэрээр 57 настай, Францын “Арева” компанид удирдах алба хашдаг, тодорхой функци хариуцсан захирал бөгөөд 3 дугаар сарын 2-нд Улаанбаатарт нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан "Баянгол" зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг Улсын Онцгой Комиссын холбогдох албан тушаалтнууд зөвлөөд үлдээсэн байна. Гэвч тэрээр Улаанбаатарт байхдаа ICC tower-т байх оффисдоо алхаж ирэн, хурал зөвлөгөөн хийн, "Баянгол","Ариг", "KFC", "Veranda"  зэрэг ресторанд хооллож,  Дорноговь  аймаг руу хамгийн олон хүнтэй тээврийн хэрэгсэл болох галт тэргээр явж, компанийхаа бүх ажилчдыг цуглуулж хурал хийсэн нь тодорхой болоод буй билээ.
Одоогийн байдлаар зөвхөн 1-р шатны хавьтагч гэхэд л 500 хүн байгаа нь тодорхой болоод байна.
 
Энд нэг сонирхол татах зүйл байгаа нь коронавирусын халдвар илрэх хүртэл нь түүнийг өөрийгөө тусгаарлаж буй эсэхийг Улсын Онцгой Комисс буюу түүний холбогдох ямар ч албан тушаалтан шалгаагүй, мэдээгүй явдал юм.
 
Энэ хариуцлаггүй үйлдлээ ч УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улсын Онцгой Комиссын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл хүлээн зөвшөөрч  : " Нэг хэлэх гээд байгаа зүйл бол мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар энэ коронавирусын халдвар эхний шатанд илэрсэн гадаадын иргэнд та 14 хоног өөрийгөө гадагшаа гарахгүй тусгаарлах хянах шаардлагатай гэдэг зөвлөмж өгсөөр атал үүнийг үл тоож, олон газраар явсан ийм мэдээлэл байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа. " хэмээсэн билээ.
 
Ийнхүү өдөр алгасахгүй шахам хэвлэлийн хурал хийн, хандивын аян өрнүүлж, тэр хирээрээ сайн ажиллаж байна гэх магтаалд умбаад байсан Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын удирдлагууд хамгийн эгзэгтэй үед маш хайнга хариуцлаггүй хандсаны улмаас алдаа гаргаж орхилоо.
 
 
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн 2 сарын 26-нд Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр хэлсэн : "Нөхцөл байдлыг ард иргэддээ зөв ойлгуулах чиглэлээр ажилалгүй яахав. Гэхдээ одоо засаглах цаг болсон. Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ийм арга хэмжээ рүү орж байж нөхцөл байдлыг давна. 
Тогтоол, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцно. Иргэн хүн иргэний үүргээ одоо биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш" гэх сүржин үг ч бодит байдал дээр биелсэнгүй.
Өөрөөр хэлбэл магтаад байсан Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын удирдлагууд яг л "хуриман дээрээ унгачихлаа даа".
 
С.Сарнай