sonin.mn
"Францын Элчин сайд тус улсын иргэн “COVID-19” халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор ...сүлжээгээр хамааралгүй иргэний зураг бүхий ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, аюулгүй байдалд нь санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүссэн байна".
ИРГЭНЭЭ ХАМГААЛАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ. Гэхдээ эрхэм Элчин сайд маань бас зарим нэг зүйлийг тооцож үзэх л хэрэгтэй байж дээ.
 
Хэдий халдвар тараасан францыг "ал, шатаа, бууд" гэж буй хандлага нийгмийн сүлжээнд цухалзаж буй ч тэр нь нийт ард түмний хүсэл сонирхол биш, цөөнхийн сэтгэлзүйн илрэл гэдгийг тооцож үзэх хэрэгтэй юм. Хамгаалах, сэргийлэх нь зөв ч иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовж буйгаа ил тод ярих нь бараг л биднийг гүтгэж буй мэт. Заавал ярих ёстой юу, чимээгүй л тэр хамгаалах арга хэмжээгээ авна биз.
 
Хэрвээ ярихаар бол "Танай бүдүүлэг ард түмэн манай хүний аюулгүй байдалд заналхийлж байна" гээд шулуухэн хэлчих хэрэгтэй юм. Өөхөнд боосон чулуу шиг юм ярих. Өнөөдөр бухимдаж буй нэг хэсгээр нь нийт монголчуудыг төлөөлүүлж болохгүй. Монголчууд бид ч энэ Аревагийн дүрэмгүй франц эрээр Сервентас, Руссо, Бальзак, Флобер, Пикассог төрүүлсан францын ард түмнийг төлөөлүүлэн ойлгохгүй. Ард түмнүүдийн хооронд итгэлцэл хэрэгтэйгээс биш ийм хандлага хэрэггүй.
Монголчуудад амгалан төлөв байдал түгээмэл, хэдий наанаа тасчиж идэх гэж буй ч цаанаа зөөлөн буудаг араншин ч их нийтлэг юм. Сайнаар амгалан, муугаар алмай болдог. Бид монголд ДОХ авчирсан хоёр камеруныг алж талаагүй, айлгаж цохиогүй, хэд хараагаад л өнгөрсөн. САРС авчирсан японыг ч яагаа ч үгүй. Хар тамхи зөөсөн, хүн наймаалсан, баялгийг өм цөм хулгайлсан гадныхныг яагаа ч үгүй, заримыг нь бараг толгойг нь илээд л явуулсан. Энэ Короног авчирсан францыг ч мөн л адил өнгөрнө гэдэгт итгэлтэй байна.
 
Бид укрианчууд шиг Уханаас ирж буй өөрийн иргэдээ буулгахгүй гэж олон хотууд нь нисэх буудлаа хаахгүй, шатаах гэж автобус руу нь дайрахгүй, тоосго чулуу шидэхгүй.
 
Бид Ази хүүхэн хараад америк залуус шиг дайрахгүй, европууд шиг азиудыг вирус гэж хавтгайд нь харахгүй, харин ч найдаж итгээд, зөвлөгөө өгөөд явуулсан байна.
Тийм байхад давраад, дураараа байж, бүхэл бүтэн үндэстний аюулгүй байдалд аюул учруулсан даруулгагүй, ухамсар ёсзүйгүй иргэнийхээ өмнөөс харин нэг уучлал гуйчих ухаан байдаггүй ээ. Үгүй ядаж л харамсаж буйгаа хэлчихдэггүй ээ. Уг нь тэр ёсзүй, ухамсар юм. Соёлт ертөнцийн соёл юм. Тэглээ гээд Францууд өвчин тараагч нэр хочтой болчихгүй. Бас тэднээр хохирол төлүүлнэ гэж бид тэнэгтэхгүй. Бидэнд түүнийг ойлгох ухаан хангалттай бий. Аль аль талдаа эрүүл ухаантай байцгаахсан.
 
Б.Номинчимэд