sonin.mn
"Хурд” хамтлагийн дуучин, МУГЖ Д.ТӨМӨРЦОГ:
 
-Би анхны хоёр жилийн хугацаат цэргийн албыг Зүүнбаянгийн цэргийн ангид хаасан. Миний хувьд дуу хөгжимд дуртай жирийн л нэг цэрэг халагдсан ч Зүүнбаянгийн цэрэг гэж ярих дуртай. Аав, ээж маань хөдөө мал малладаг байсан учраас бага сургуульд суралцах хугацаандаа дотуур байранд амьдардаг байлаа. Багаасаа тийм амьдралд өссөн нь намайг биеэ дааж амьдрахад сургасан. Цэргийн албанд л эртнээс өөрийгөө бэлдэж байсан юм уу даа. Монголын Ардын Арми Д.Төмөрцогийг шинээр төрүүлсэн учраас би их баярладаг. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн зан араншинтай залуус нэг зорилгын дор нэгдэж, атга чихэр ч байсан хувааж иддэг, тийм л нийтэч, хамтач болдог юм билээ.
 
 
 
Цэргийн алба хүний чанарыг таниулахаас гадна хатуужил, аливааг шүүх ухаан, амьдралд нугарахааргүй ноён нуруутай болгодог. Бас их өндөр шалгуур, сахилга, зохион байгуулалттай. Эр хүний хаах л ёстой алба.
 
 
 
Монгол Улс өөрийн гэсэн Зэвсэгт хүчинтэй байгаа нь хамгийн чухал. Энэ бол тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын баталгаа юм. Манай хамтлагийн хувьд олон жил цэрэг, эх орон, аав, ээжийн талаар олон уран бүтээл туурвиж, тоглолт хийж үг, үйлдлээрээ эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээ баталсаар яваа гэж боддог. Жишээлбэл, "Цэргийн бодол" дуу бол Арми болон энгийн иргэдийг хооронд нь хайр сэтгэлийн сэжмээр холбосон мөн манай хамтлагийг олонд таниулж өгсөн тийм л гайхалтай уран бүтээл. Тиймдээ ч одоог хүртэл дуулагдсаар байна.
Бас нэг зүйлийг хэлэхэд, Монгол цэргүүд маань энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Зүгээр ч нэг энхийг сахиулахгүй, баатарлаг үйлс байгуулсан эздээр нь манайхан л тодроод байдаг. Энэ бол бидний бахархал. Тэд улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа. Батлан хамгаалах чадавх сайжирч байгаа талаарх мэдээллийг олон талын эх сурвалжаас авч байгаа. Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд энэ тал дээр илүү ач холбогдол өгч, анхаарч ажилладагт нь талархъя.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин