sonin.mn
"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн соёл хүмүүжлийн албанаас аавдаа бичих захидал буюу “Би эр цэрэг боллоо” шилдэг захидлын уралдааныг цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулснаас Сонгинохайрхан дүүргээс 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан байлдагч Н.Нямдоржийн захидал тэргүүн байрт шалгарав.
 
Сайн байна уу? Миний зүрхний бурхан аав Таны минь бие тэнхээ сайн биз дээ. Та минь биднийг өдий зэрэгтэй хүн болгох гэж гадаа гандаж, хөдөө хөхөрч юу эсийг тууллаа даа. Тийм болохоор Та минь биднийхээ шүтээн нь юм шүү дээ. Саяхан л Таныхаа өвөр дээр эрхлэн дүрсгүйтэж явсан бор хүү нь одоо эр цэргийн албаа нэр төртэй хааж, Монгол Улсынхаа иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж байгаагаа баяртайгаар хэлэхийн хамт эр цэргийн хуарангаас энэхүү захидлаа бичиж сууна. Хүү нь олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн Таныхаа нэрийг өндөрт өргөж, цэргийн албыг хаагаад аль хэдийн 10 сарыг ардаа үджээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ.
Би холбооны тусгай хороонд алба хааж, аавынхаа үргэлжлэл болсондоо туйлаас баяртай байна. Тэртээ 34 жилийн өмнө Та минь энэ ангид гурван жил цэргийн алба хаасан шүү дээ. Аан бас тийм, дунд ах маань ч бас энд албаа хаасан. Ингээд бодохоор манай гэр бүлийн гурван үеийн эрчүүд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн жагсаалын талбайгаас эх орны хүү болж, эр цэргийн тангараг өргөжээ.
 
 
 
Таныхаа хүүдээ хэлж, захидаг ухаант сургаалуудыг тань алхам тутамдаа санаж, хэрэгжүүлж явдаг юм шүү, ааваа. Хонгор үрсийнхээ төлөө Та минь эр хүний үүрч болох бүхий л ачааг нуруундаа үүрч, хүнд хэцүү цаг мөчүүдийг даван туулж чадсан. Таны минь зориг тэвчээр, гэр бүлээ гэсэн эр хүний уужим ухааныг хүү тань үргэлж хүндэтгэн биширч, даган дуурайж явдаг юм.
 
 
 
Таныгаа маш их санаж байна, надад хийж өгдөг хоолны тань амтыг хүртэл санаж байна. Энэ хорвоогийн хамгийн мундаг тогооч бол Та. Удахгүй дээ аав минь, удахгүй. Хүү нь хоёрхон сарын дараа халагдаад Тандаа очлоо. Таныхаа ачийг хариулахын төлөө улам их хичээж, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болно оо. Ингээд хайрт аавдаа цэргийн баярын мэнд хүргэе.
 
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн шувуудтай буцаасан
Санчигт нь нэмэгдэх мөнгөн сарны тоогоор Таныгаа хүү нь жаргаана аа
Сайхан аав тандаа хүү нь хязгааргүй их хайртай шүү ...
 
“Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Н.Нямдоржоос хайрт аав Ц.Наран-Очиртоо
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин