sonin.mn
20  дугаар зууны эхэн  үеээс  1951 он  хүртэл  Чилийн  зэсийн  ордуудыг  америкийн  компаниуд Браден  коппер , Кеннекот коппер корпораци эзэмшиж , Чилийн эдийн засагт орох орлого хамгийн бага байсан байна. 1951 онд Чилийн засгийн газар  Америкийн засгийн газартай хэлэлцээр хийж дээрх компаниудын олборлосон металлын  20 хүртэл хувийг эзэмших болсоноор Чилийн засгийн газарт орох орлого нэмэгдсэн байна.
1955 онд зэсийн аж  үйлдвэрийг хөгжүүлэх  тухай  хууль гарч, зэсийн баяжмалыг боловсруулж  экспортод гаргах, зэсийн металлын экспортод хяналт тавих, цэвэр зэсийн олон улсын зах зээлийн худалдаанд оролцох  Үндэсний Зэсийн  департаментыг  байгуулсан байна.     
1966 онд  зэсийн  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Чилийн засгийн газар гадаадын хувийн корпорациудтай хамтарсан үйлдвэр байгуулах тухай хууль баталсан бөгөөд уг хамтарсан үйлдвэрт засгийн газрын эзэмших хувь хэмжээг 25-51 хувь хүртэл тогтоож өгсөн байна.
1967 онд Ел Теньте, Чукикамата, Сальвадор зэсийн уурхай дээр хамтарсан үйлдвэр байгуулж  Чилийн засгийн газар 51%-ийн акцийг эзэмших болсон байна. Тэдгээрийн актив хөрөнгө тухайн үед 31,6 сая ам доллар байсан бол 2012 оны төгсгөлд  хувьцаат хөрөнгө 12,2 тэрбум ам доллар болж өссөн байна. Эдгээр үйлдвэрийн А зэрэглэлийн цэвэр катодын зэс үйлдвэрлэж  олон улсын зах зээлд худалдаалж  байна. 1970 оноос  Чили улсад өрнөсөн социалист хувьсгалын үр дүнд  Чилийн  Үндэсний конгресс  Чилийн  үндсэн хуулийн 10 дугаар зүйлд  газрын хэвлийн  баялаг  Чилийн ард түмний  мэдэлд байх, халдашгүй бүрэн эрхтэй өмч мөн гэдэг нэмэлт өөрчлөлт оруулж, энэ заалтыг үндэслэн 1971 онд  Чилийн үндэсний конгресс  “Том хэмжээний зэсийн нөөцтэй  зэсийн орд эзэмшигч гадаадын компаниудын зэсийн  ордыг нийгэмчлэх тухай” 17450 дугаар хууль гаргасан байна.
Энэ хууль гарсанаар том хэмжээний нөөцтэй  зэсийн ордууд бүрэн хэмжээгээр  Чилийн засгийн газрын  эзэмшилд  шилжих боломж бүрдсэн байна. Эдгээр зэсийн нөөцийг зах зээлд удирдах  Үндэсний  зэсийн корпораци  Коделко  байгуулагдсан байна. Үндэсний зэсийн  Коделко корпорацийн эзэмшилд   зэсийн уурхай  Чукикамате, Экзотике, Эль-Тениенте, Сальвадоре ба  Андина нэгдэн орж уул уурхай, зэс боловсруулах аж үйлдвэрлэл худалдааны  аврага том нэгдэл үүсгэн байгуулагдсан байна. Мөн 2005 оноос зэс хайлуулах үйлдвэр болон нефть боловсруулах үйлдвэр эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалтай  Англо-американ  Sur SA компанид 20%-ийн хувьцаа, Minera El Abra 49%  болон бусад хайгуулын болон технологийн хөгжлийн охин компаниудад хувьцаа  эзэмшдэг байна. Мөн Бразили, Экваторын улсын уул уурхайн компаниудад  хөрөнгө оруулж хувьцаа эзэмшиж байна. 
 
 
 
1976 оноос өнгөрсөн 41 жилд Коделко корпораци  Чилийн засгийн газрын төсөвт 100 тэрбум ам доллар төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зэсийн нөөцийн 9%-ийг эзэмшиж, жилд 1,8 сая тонн А зэрэглэлийн катодын зэс, 1,2 сая тонн металл зэс агуулсан зэсийн баяжмал гаргаж  дэлхийн зах зээлд нийлүүлж  байна.
 
 
 
Мөн молибдений нөөц болон үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд нэг дүгээрт орж жилд 19,7 мянган тонн молибден экспортод гаргасан байна. 2010 оны 3 дугаар сарын 1 өдрийн 20392 дугаар хуулиар  Чилийн Үндэсний зэс корпорацийн  удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулсан бөгөөд Удирдах зөвлөл  9 гишүүнтэй  3 гишүүнийг  ерөнхийлөгч,  2 гишүүнийг  Коделко корпораци, 4 гишүүнийг Төрийн удирдлагын зөвлөл санал болгож ерөнхийлөгч томилдог байна. Корпорацийн ерөнхий захирлыг  Удирдах  зөвлөлөөс томилдог байна. 
Коделко корпорацийн улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн орлого, корпорацийн үйл ажиллагааны зардлын төсөв, хөрөнгө оруулалт болон элэгдэл хорогдлын сангийн төсвийг Уул уурхайн яамны сайд , Сангийн яамны  сайдын хамтарсан тушаалаар баталдаг  байна.
 
 
 
Коделко олон нийтийн нээлттэй хувьцаат компани,  Чилийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд  бирж дээр үнэт цаас гарган  корпорацийн санхүүгийн аудитлагдсан тайлан мэдээлэлийг нээлттэй ил тод байдлаар олон нийтэд  мэдээлж байдаг.  Коделко корпорацийн санхүүгийн үйл ажиллагаанд  Чилийн зэсийн корпораци, Үнэт цаас даатгалын хороо хяналт тавьж, бусад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зохих хуулийн дагуу гүйцэтгэж байна.
 
 
 
Санал:  Монголын  үндэсний  зэсийн  корпораци  байгуулах Монгол улс  зэсийн нөөцөөр дэлхийд Чилийн дараа 2 дугаарт жагсаж байна. Эрдэнэт үйлдвэр  төрийн мэдэлд бүрэн шилжсэн, Оюутолгойн зэсийн ордын нөөц дэлхийд  эхний 3 бүртгэгдэж, засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмшиж байгаа, Оюутолгойн зэсийн баяжмалыг түшиглүүлэн жилд 1 сая тонн хүртэл зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдэж байгаа тул Үндэсний зэсийн   корпорацийг нэн яаралтай байгуулж, дэлхийн зэсийн борлуулалтанд бие даан оролцох шаардлага байна. 
Эх дэлхийн баялгийн эзэн нь тухайн улсын газар нутагт оршин суугаа ард түмэн мөн. Ашигт малтмал гэдэг бол ард түмний өмч бөгөөд тухайн улсын иргэдэд л зориулагдах ёстой. Энэ талаар ч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот  "Байгалийн баялаг тухайн ард түмний өмч бөгөөд халдашгүй бүрэн эрхтэй" гэсэн тогтоол өнөөдөр ч хүчин төгөлдөг үйлчилж байгаа бөгөөд энэ нь тухайн улс орны төсвийн мөнгөөр эсвэл дотоод гадаадын компаний хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн гэдгийг үл харгалзан тухайн үндэстний байгалийн баялаг тухайн ард түмний өмч бөгөөд халдашгүй дархан өмч юм. Энэ хүрээнд Монгол улсын "Үндсэн Хууль"-д   газрын хэвлий дэх байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан  нь НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот тогтоолын үзэл баримтлал агуулгатай яв цав нийцэж байна.  
Монгол улс  Азид  зэсийн балтлагдсан нөөцөөр Чилийн дараа орж байгаа тул  Чилийн Коделко корпорацийн туршлагыг хэрэгжүүлэн  Монголын зэсийн нөөцөд  хяналт тавих, зэсийн баяжмалыг хайлуулан цэвэр катодын зэс үйлдвэрлэн, гадаад зах зээлд бие даан борлуулалт хийх Үндэсний зэс корпорацийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байна.
 
 
 
Эрдэс баялаг, үндэснийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Х.Владимир