sonin.mn
Монгол Улсад нисэх хүчнээс төрсөн генерал цөөн байдаг. Тэдний нэг нь бригадын генерал Б.Батбаяр юм. Түүнийг хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга гэдгээс нь өөрөөр буюу хоббигоор нь мэддэг болсон билээ. Бригадын генерал Б.Батбаяр мэргэжлээрээ “өвчилсөн” хүн болоод ч тэр үү, сөнөөгч онгоц, амдан сөнөөгч онгоц, иргэний тээврийн болон нисдэг тэрэг, бөмбөгдөгч онгоц, сансрын хөлөг зэргийн загварыг цуглуулаад 16 жилийн нүүрийг үзэж байгаа аж.
Ажил, мэргэжлээс нь үүдсэн цуглуулгынх нь түүх хэзээ, хэрхэн эхэлсэнтэй танилцъя. Тэрээр 2004 онд Канад улсад ажлаар очихдоо нэгэн цэргийн музейг үзэж сонирхжээ. Тэнд анхаарал татахуйц сонин, содон гэмээр олон төрлийн зүйл байсан ч мэргэжлийн онцлогтоо хөтлөгдөн шууд онгоцны хэсгээр зочилтол “F-15” загварын онгоцоор дүрсэлсэн харандаа үзүүрлэгч нь түүний сонирхлыг ихэд татсан учраас худалдаж аваад нутаг буцсан байна. Эхэндээ ажлын ширээн дээрээ зүгээр л үзүүлэн болгож тавьдаг байсан ч цаашдаа ажил албаны шугамаар гаднын орнуудаар зорчих бүртээ цуглуулгынхаа тоог нэмэх болжээ. Түүний онгоц цуглуулах хобби ингэж эхэлсэн түүхтэй. Цуглуулгаа арвижуулахдаа яг л ажил албандаа ханддаг шиг сэтгэлээ зориулж, тууштай эрэлхийлдгийн хүчинд эхний жилүүдэд л хүнд сонирхуулахуйц олон үзмэртэй болжээ.
 
 
Тэрээр “Цуглуулгаа ердийн гэж хэлэх аргагүй. Учир нь тухайн орон бүрд өөрсдийнх нь зохион бүтээсэн онгоц, нисдэг тэрэгний 100, 200 дахин багасгасан загвар буюу модель нь музей, үйлчилгээний төвүүдээр худалдаалагддаг. Төмөр, мод, хүрэл гээд төрөл бүрийн материалаар дуурайлгаж хийсэн онгоцнуудтай таарч байлаа. Надад таалагдсан л бол авах гээд гүрийчихдэг. Санхүүгийн бололцоотой бол гар татаад байх зүйлгүй. Миний цуглуулгад сөнөөгч онгоцнууд зонхилдог” гэв. Түүний цуглуулгад байгаа онгоцнуудыг зарим нэр төрлөөр нь интернэтээс хайлт хийж үзлээ. Яг дүрээрээ байх нь тэр. Моделиуд нь яг л "өвчсөн" юм шиг адилхан гэж яана. Тухайн улсад нь очоод үзэхийг хүссэн хэн бүхэн түүний цуглуулгаас хангалттай мэдээлэл авч болохоор санагдсан. Учир нь загвар бүр өмнөө нэр, үүрэг, зориулалт, хүчин чадал гэх мэт тайлбартайгаа байдаг аж. Энэ нь түүнийг ажил, мэргэжилдээ ч нэвтэрхий толь шиг хүн гэдгийг хэлээд өгнө. Анхандаа цуглуулгаа гэртээ хадгалдаг байсан бол хоёр оронтой тоонд хүрэхээр нь ажлынхаа өрөөнд авчирч олон тасалгаатай, хоёр метр бүхий өндөр шилэн хоргонд байлгах болжээ. Түүний өрөөгөөр орж, гарсан хэн ч цуглуулгыг нь хараад л уягдаж, саатах нь дамжиггүй.
 
 
 
“Цуглуулга нэмэгдэхийн хэрээр багтааж, шингээх зай, талбай улам л хомсдоод байсан учир ажлын өрөөндөө авчирсан. Сүүлийн үед өнөөх шилэн хорго маань ч хадгалах үүргээ гүйцэтгэж чадахаа байлаа” гэж тэрээр хөнгөн инээд алдаад үргэлжлүүлэн дан ганц өөрийн хичээл зүтгэлээр ийм арвин болчхоогүй гэдгийг ч учирласан. Одоогоор түүний цуглуулга дахь онгоцны моделийн тоо 100 давсан.
 
 
 
Ажил, мэргэжлээсээ гадна сонирхол, хоббигоороо хэдийнээ Зэвсэгт хүчиндээ эчнээ танил болсон тул журмын нөхөд, гаднын орнуудаар яваад ирсэн мэргэжил нэгтнүүд нь ч сайн дураараа цуглуулгыг нь арвижуулахад тусалдаг байна.
 
 
Тэдгээрийн дотроос онцолбол, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр гэхэд л хэд хэдэн чухал моделийг бэлэглэжээ.
Мөн БНХАУ-ын Пионер, сурагчдын дугуйлангийн хүүхдүүдийн цул төмрөөр гагнаж урласан иргэний тээврийн онгоц нэн сонирхолтой. Анзаарч харвал хошуу нь их биеэсээ ялимгүй дээш өндөрт өргөгдсөн нь агаарт дөнгөж хөөрч буйг нь илтгэх агаад “Нисгэгчийн дуу”-нд гардаг суман цагаан хөлгийг өөрийн эрхгүй санагдуулна. Дараа нь цул ялтсаар бүрсэн “Z-10” гэх их чамин хийцтэй онгоцыг онцолж болно. Мөн та бидний өвөө, эмээ л цөөн харсан, дэлхийн хоёрдугаар дайны үед агаарын тулалдаанд үнэн хүчийг үзүүлж байсан гэлцдэг “Як” хэмээх онгоцны резинэн хувилбар. Модоор сийлсэн, цаасаар урласан, шилэн гээд байж болох бүхий л материалаар хийгдсэн эдгээр гоёмсог үзмэрүүдийг хэдэнтээ харсан ч сонирхол буурахгүйгээр барам нүдээ ахин дахин хужирлаад л баймаар санагдана. Түүнчлэн онгоцнуудаа үзүүлэлтээр нь нэгээс тавдугаар үе хүртэл эрэмбэлжээ. Тавдугаар буюу хамгийн сүүлийн үед зохион бүтээгдсэн онгоцнууд нь бодит амьдрал дээр тулалдах чадвар, үзүүлэлтээрээ бусдаасаа харьцангуй илүү ажээ. Эдгээр онгоцон дунд сансрын хөлөг болоод сансрын тээвэрлэгч онгоц ч мэр сэр үзэгдэнэ. Тухайлбал, эхэнд дурдагдсан “харандаа үзүүрлэгч" нь "Спутник" загварын сансрын хөлөг болсон байх жишээтэй. Түүний хамгийн сүүлд нэмсэн загвар нь хоёр сарын өмнө эгнээндээ нэгтгэсэн “F-35” загварын байлдааны онгоц. Тавдугаар үеийнхэн дундаа бас л цойлохоор үзүүлэлттэй. Дашрамд бригадын генерал Б.Батбаяр “F-35”, “Су-57”, “Су-37” зэрэг онгоцны яндан нь эгц доош чиглэсэн байх ба энэ нь хөдөлгөөн үйлдэлгүй агаарт удаан хугацаагаар тогтоход зориулагдсан байдаг талаар сонирхолтой мэдээллийг хүргэж билээ.
Нэгдүгээр үеэс манай улсын иргэний агаарын тээврийн онгоцны цөөнгүй загвар ч бий. Тухайлбал, Боинг-737, Боинг-800, Боинг-777, Боинг-767-300, Боинг-737МАХ зэрэг. Онгоцны хэлбэр, төрхөд оруулсан цаасны хавчаар хүртэл хэд хэд байв. Бригадын генерал Б.Батбаярыг өөрөө ингэж “элдэвлээд” сурчихсан юм болов уу ч гэж бодоод асуутал, үгүй гэнэ. Зарим цуглуулга нь онгоц гэхээсээ илүүтэй гоёмсог, чамин бэлэг, дурсгалын зүйлс шиг санагдана.
 
 
Ажлын өрөөнийх нь ханыг дагуулаад харвал түүний сонирхол, цуглуулга нь зурган хэлбэрт хэдийн хөрвөжээ. Хамгийн ихээр хөөцөлдөж, эрэл сурал болсон онгоц нь “МиГ-35” буюу амдан сөнөөгч. Нэрнээсээ л танд үүрэг, зориулалт нь ойлгогдсон байх. Эсрэг талын онгоцыг отож, амдах байдлаар угтаж сөнөөдөг. 2500 километр цагийн хурдтай, зэвсэглэл сайтай. Оросууд барагтаа модель байдлаар хийдэггүй байж. Сүүлд тэр бээр ОХУ-д очихдоо барааг нь харсан даруйдаа “чаргууцалдсаар” байж цуглуулгадаа залж чадсан гэнэ. Тодруулбал, улс орнуудын нисэх хүчний үзэсгэлэн дэглэгдэх үеэр Жуковскийн нэрэмжит академийг хамт төгссөн нөхөртэйгөө таарч танилын нүүр халуун гэгч нь болж хүссэндээ хүрсэн нь энэ. Түүнээс хамгийн сонирхолтой байдлаар гарт нь очсон цуглуулгын талаар асуухад нэг их саатаж, бодолхийлсэнгүй. Яг ийм асуулт ирэх байх гээд анаж байлаа гээд гуравдугаар үед хамаарах нэгэн онгоцыг танилцуулсан. Люксембург улсад очих үедээ худалдаж авсан бөгөөд машины "севчэ"-гээр хийсэн байна. Итгэмээргүй сонин, цор ганц загвар байсан тул хошуураад л авчихсан гэнэ.
 
 
 
Монголдоо цор ганц гэж хэлж болох цуглуулгынхаа тоог сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд нэмж, хасаагүй. Тэрээр шинэ загварын байлдааны онгоц үйлдвэрлэгдэх мөчийг хүлээж сууна. Гэхдээ зохион бүтээгдсэнээсээ хойш урт хугацааны дараагаар модель нь иргэдийн гарт хүрдэг тул их л хүлээцтэй чанарыг шаарддаг.
 
 
 
Харин бригадын генерал Б.Батбаяр энэ чанарт сайн дадсан учир цуглуулгаа гурван оронтой тоонд хүргээд байгаа гэдгийг хэлэх нь зүйн хэрэг юм. Бидний ярианы сэдэв хоббигоос салж өөр зүгт чиглэх үед түүнийг спортод ч авьяастай хүн болохыг нь мэдсэн. Тэрээр “Залуугаасаа сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг зэрэг спортоор идэвхтэй хичээллэсэн. Гэхдээ хөл бөмбөгийн спортоороо дагнаж байгаа. Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний хэд хэдэн медальтай” гэлээ. Энэхүү яриаг нотлох гэсэн шиг энгэр дээрх "Спортын мастер" гэсэн тэмдэг нь гялтганан хэдийнээ нүдэнд өртөөд амжив. Мөн урлагийнхны талаар амттай яриа өрнүүлсэн ч бүгдийг энд өгүүлнэ гэвэл сонины зай талбай багадаж таарна. Ямартаа ч 30 гаруй жилийн турш “Хурд” хамтлагийн уран бүтээлүүдийг алгасалгүй сонсож байгаа үнэнч шүтэн бишрэгч нь бөгөөд тэдний “Цэргийн бодол” “Аавдаа би хайртай” зэрэг уран бүтээлд тун дуртайгаас гадна утга, санааг нь ойлгож, гүн мэдэрдэг ажээ. "Бусад хүнээс арай гүнзгий түвшинд хүлээж авдаг гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, “Аавдаа би хайртай” дуу.
"Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай" гээд яг л загатнасан газар маажих шиг болдог, яаж ингэж донжийг нь, голыг нь гайхалтай олж бичсэн юм бол. Цэргийн хуарангаас төрсөн “Цэргийн бодол” дуу ч мөн адил, ер нь алба хааж буй хүнийг их л гэгэлзүүлдэг юм билээ" гэв. Түүний хамгийн ихээр хэлэх дуртай үг нь "Доварять можно, проверять нужно". Энэ нь "Итгэж болно, гэхдээ шалгах хэрэгтэй" гэсэн утгатай аж. Эрхэм генералын хоббигоор аялсан тэмдэглэл ийнхүү өндөрлөж байна.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин