sonin.mn
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.ИДЭРТЭЙ ярилцлаа.
 
Та “Их Юань улсын хатад”, “Монголын их хатад” гэсэн судалгааны номоо хэвлүүлсэн. Түүхэнд мөнхөрсөн хатдын талаар хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?
 
-Би Өвөрмонголын их сургуулийн докторантурт  2008-2012 онд суралцаж, “Умард Юанийн эхэн үеийн улс төрийн түүхийн судалгаа” хэмээх сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм. “Умард Юанийн эхэн үе” гэдэг нь 1368-1388 оныг хамрах Монголын түүхийн нэгэн хэсэг зурвас үе болно. Ингэж дунд үеийн түүхээр судалгаа хийсэн нь Монголын их хатдын цадиг, түүхийг сонирхож судлахад нөлөөлсөн. Судалгааны сэдэвт холбогдох сурвалж бичгүүдийг уншихад Их Юань улсын сүүл үед Чуанхэн гэдэг хүний бичсэн “Тогоонтөмөр хааны түүх” хэмээх нэгэн чухал түүхийн сурвалжийг олж үзсэн юм. Үүнд Тогоонтөмөр хааны Данашир, Баянхутаг, Өлзийхутаг гурван хатны тухай сонирхолтой мэдээ баримтыг тэмдэглэсэн байв. Нэн ялангуяа, Их Юань улсын сүүл үеийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байсан Тогоонтөмөр хааны Солонгос угсааны Чи овогт буюу Өлзийхутаг хатны цадиг түүх ихээхэн анхаарал татаж, нарийвчлан судлах болсон нь Монголын хатдын түүхийг судлах ажлын эхлэл болсон юм. 
 
-Эзэнт гүрний түүх гэхээр юун түрүүн дэлхийг эзэгнэсэн Монгол хаадын дүр төрх, тэдний явуулсан бодлого, эзэнт гүрний газар нутаг л санаанд бууж байна. Хатдын тухай эх сурвалж олон байдаг уу? 
 
 
 
-Монголын их хатдын цадиг түүхийн тухай монгол, хятад, перс, солонгос зэрэг олон хэлний сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн мэдээ баримтууд арвин бий. Тухайлбал, “Монголын нууц товчоо”, Рашид Аддины “Судрын чуулган”, Жувейни “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Юань улсын судар”, Чуанхэний ‘Тогоонтөмөр хааны түүх”, Түжигийн “Монголын түүхэн тэмдэглэл”, “Гуулин улсын судар” зэрэг олон сурвалж бичгийг дурдаж болно. Эдгээрээс Монголын их хатдын цадиг түүхийг онцгойлон үзэж, тусгай ботид тэмдэглэж үлдээсэн нь “Юань улсын судар", Түжигийн “Монголын түүхэн тэмдэглэл” хэмээх хоёр сурвалж бичиг юм. 
 
 
 
-Эдгээр сурвалж бичгийн тухай товчхон дурдана уу?
 
-“Юань улсын судар” бол XIV зууны үед зохиосон Монголын түүхийн тулгар сурвалж бичгийн нэг. ХIII-XIV-зууны Монголын төр улсын хүчирхэгжил мандалт, бууран доройтлын түүхийг тэмдэглэсэн, баялаг агуулга, үлэмж арвин хэрэглэгдэхүүнийг багтаасан иж бүрэн сурвалж бичиг. Эртний хятад хэлээр бичсэн уг сурвалж нь нийт 210 боть бөгөөд “Уг тэмдэглэл”, “Ойллого”, “Илтгэл”, “Олон шастир” хэмээх үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Уг сурвалж бичгийн 106 дугаар боть “Хатад, сул хатдын илтгэл”, 114, 116 дугаар боть “Хатад, сул хатдын шастир нэг, хоёр”-т Их Монгол Улс хийгээд Их Юань улсын их хатад, сул хатдын намтар, үйл хэргийг тэмдэглэсэн байдаг. “Хатад, сул хатдын илтгэл”- ийн тэмдэглэлээс ХIII-ХIV зууны их хаадын хатад, сул хатдын тоо, нэрийг мэдэж болно. Энэхүү ботид Их Монгол Улсын үеийн нийт 51 их хатан, сул хатанг тэмдэглэсэн байна. Харин Их Юань улсын их хаадын 41 хатан, сул хатан, мөн хаан цолоор нэхэн өргөмжилсөн хаадын найман хатан тухай тэмдэглэжээ. “Юань улсын судар”-ын “Залгамж шастир нэг, хоёр”, “Хатад, сул хатад нэг, хоёр"-т ХIII-XIV Монголын их хатдын тухай тусгай шастирлажээ. Ингэхдээ их хатдын овог, уг удам, мэндэлсэн он цаг, гол ордыг залгамжлуулж, их хатнаар өргөмжилсөн он цаг, түүхэн үйл хэрэг, өргөмжилсөн ба нэхэн өргөмжилсөн цол, навчит өргөмжлөлийн бичээс, нас нөгчсөн он цаг зэргийг тэмдэглэсэн байдаг. Тус сурвалж бичгийн 114-р ботид Их Монгол Улсын дөрвөн их хатан, Их Юань улсын 16 их хатны шастирыг бичжээ. Харин Их Юань улсын үед хаан цолоор нэхэн өргөмжилсөн хаадын хатдыг тусгай нэг ботид багтаан тэмдэглэжээ. Тухайлбал, Тулуйн Сорхагтани хатан, Чингимийн Балан эгчи хатан, Гамалын Буянхэримиш хатан, Дармабалын Дажи хатан гэсэн дөрвөн хатны шастирыг бичсэн байдаг. ХIII-ХIV зууны Монголын түүхийг судпахад чухал сурвалж бичгийн нэг “Монголын түүхэн тэмдэглэл"-ийг Чин улсын Бадаргуулт төрийн 29 дүгээр он буюу 1903 онд Түжи гэдэг хүн найруулан бичсэн. 160 боть энэхүү сурвалж бичгийн “Хатад, авхайн намтар нэг”-т Их Монгол улс ба Их Юань улсын үеийн 25 хатны тусгай цадгийг бичжээ. Мөн Монголын хаадын сул хатад, авхай нарын намтарт холбогдох мэдээ баримтуудыг тэмдэглэснээрээ ач холбогдолтой.
 
-Бид их хатдын нэрийг мэдэхээс намтар, гавьяаг нь тэр бүр мэддэггүй. Юань улсын хатдын намтар түүхэнд холбогдох сонин сайхан баримт мэдээ, үйл явдлаас жишээлж яривал ямар вэ? 
 
-Түүхийн сурвалж бичгүүдэд Монголын их хатдын цадиг түүхэнд холбогдох сонирхолтой, сайхан мэдээ баримт олон бий. Их Юань улсын сүүл үед Тогоонтөмөр хааны Баянхутаг хатныг нас нөгчсөний дараа Солонгос угсааны Чи овогт буюу Өлзийхутаг хатан түүний өрөөнд орж, эд зүйлсийг нь янзлах үед Баянхутаг хатан хуучирч муудсан хувцас хунар өмсөж байсныг олж үзээд “Улсын их хатан байж ийм муудсан хувцас өмсөх гэж” хэмээн халаглаж, шоолон инээжээ. Гэтэл ийм л эгэл даруу, ухаалаг хатад Монголын төр улсын гол түшиг тулгуур болж байсан учир монголчууд дэлхий дахиныг донсолгосон их гүрнийг байгуулж чадсан юм.
 
 
 
Чаби хатан бол Хубилай хааны гол түшиг тулгуур, туслан дэмжипчийн нэг байсан. Нэг удаа Хубилай хаан ав хомрогд мордож ирээд хатандаа “Ан авлахад нүд гялбаад харвахад хэцүү байна” гэжээ. Үүнийг сонсоод Чаби хатан даруй Хубилай хааны малгайд саравч хийж өгчээ. Ингээд монголчууд саравчтай малгай өмсөх болсон түүхтэй .
 
 
 
Мөн Чаби хатан морин дээр мордож, харваж намнахад зохимжтой дээл урласан нь даруй Монголчуудын дунд түгэн дэлгэрсэн байдаг. Бас нэгэн сонирхолтой мэдээ бол Тогоонтөмөр хааны солонгос угсааны Чи овогт Өлзийхутаг хатны үед Их Юань улсын хааны ордонд солонгос ахуй соёлын хэв маяг дэлгэрчээ. Тэрбээр их хатнаар өргөмжлөгдсөний дараа Солонгосын Корйө улсаас Их Юань улсад татварлагдаж ирсэн үзэсгэлэн гоо охид, бүсгүйчүүдийг мэдэлдээ авч, Монголын язгууртнуудад хуваарилан өгөх хэргийг шийдвэрлэх болжзэ. Ялангуяа 1341 оноос Их Юань улсын нөлөө бүхий язгууртнууд солонгос татвар, зарц, шивэгчний тоогоороо өрсөлдөж байсан нь зэрэг дэвийн ялгааг тодорхойлох бол он байна. Энэ нь 1990 оны сүүл үеэс манай монголчууд Өмнөд Солонгосын киног ихэд шимтэн үзэж, тэдний ахуй соёлыг сонирхон, дуурайж байсантай яг адилхан юм.
 
-Дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийн эрх чөлөө хязгаарлагдмал байсан. Гэтэл хатад хаандаа шууд зөвлөж, төрийн хэрэгт оролцдог байсан тухай олонтаа уншсан.
Монгол хатад эрх мэдлийн төлөөх цус урсгасан тэмцэлд гүнзгий оролцож байсан учир шалтгааныг тайлбарлана уу?
 
-Монгол хаадын амьдрал, үйл хэрэгт хатан эх, хатад чухал нөлөө үзүүлдэг байсан. Их хаад зарлиг, шийдвэр гаргахын өмнө хатан эх болон хатадтайгаа зөвлөлдөж, санал бодлыг нь сонсдог байснаараа онцлогтой. Монголын их хатад нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, ирээдүйн хааныг бэлтгэх үндсэн үүргийн зэрэгцээ төр улсын үйл хэрэгт санал, зөвлөгөө өгөх, хаан тэнгэрт халих үед төрийн эрхийг түр барих, өөрийн хөвгүүнийг хаан өргөмжлөх, хааны өвчин хүндрэх үед хааны нэрийн өмнөөс төр улсыг удирдах, хааныг нас балчир үед орлон төр улсыг удирдан жолоодох зэрэг үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэж байв. Ийм учраас Монголын их хатад тухайн цаг үеийн улс төрийн зөрчил тэмцэлд идэвхтэй оролцож, өөрийн эрх мэдэл, байр суурыг хадгалан хамгаалахын төлөө ширүүн тэмцдэг байжээ. Үүний тодорхой жишээ болгон Өгэдэй хааны Дөргэнэ, Гүюг хааны Огул Хаймиш, Тулуйн Сорхагтани бэхи, Хубилай хааны Чаби, Тугтөмөр хааны Бодьшир хатан нарыг дурдаж болно. 
 
-Юань улсын хаадын түүх ширүүн тэмцэл дунд өрнөдөг. Хөвгүүдээ, эр нөхрөө хаан суудалд залрахад хатан эхчүүдийн оролцоо голлох үүрэгтэй байсан. Тэднээс хамгийн цог заль төгс нь таны бодлоор хэн бэ?
 
 
-Их Юань улсын их хатдын дотроос хамгийн нэр алдартай нь Чаби юм. Түүний хурц ухаан, алсыг харсан бодлого, үйл ажиллагаа нь Хубилай хааны бодлого, үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн. Хубилайг 1260 онд Кайпин хотод хуралдсан их хуралдайгаар хаан ширээнд суухад Чаби хатан чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
 
Хубилай хааны Чаби хатны цадиг түүх маш сонирхолтой. Чаби хатан бол хааны ордонд хэмжээлшгүй их эрх мэдэл, эд хөрөнгөд умбаж байсан боловч тэрхүү жаргал цэнгэлдээ ташууралгүй ажилч хичээнгүй, арвич хямгач байх зарчмыг ямагт баримталдаг байжээ. Тэрбээр хааны ордон дахь хэрэглэхгүй болсон хуучин торгон хувцас хэрэглэлээр цэргийн нумын хөвчийг ороолгуулан бат бөх болгох, мөн хаягдал сүүл, годонгийн арьсыг зүйж оёулан дэвсгэр хийх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ мэтчилэн Чаби хатан хааны ордны хатад, авхай нарт үлгэр дуурайлал үзүүлж, аливаа эд зүйлсийг зүй зохистой, ариг гамтай хэрэглэж байхыг сургаж байсан нь ихээхэн нөлөө үзүүлжээ.
 
-Магадгүй эрх мэдлийн төлөөх улайрал нь хаан төрд хагарал, урвалт, хуйвалдаан, өс авалтыг өдөөсөн тохиолдол байдаг л байх. Түүх бол сургамж учраас энэ талаар баримт дурдана уу? 
 
-Их Юань улсын хатдын дотроос улс төрийн эрх мэдлийн төлөөх зөрчил, тэмцэлд идэвхтэй оролцож байсан хатан бол Тогоонтөмөр хааны Өлзийхутаг хатан юм. Түүний уг удам нь Солонгосын Чи буюу Ги овогт хамаарна. Тэрбээр Солонгосын Корйө улсаас татварлагдаж, Их Юань улсын хааны ордонд шивэгчнээр үйлчилж байхдаа Тогоонтөмөр хааны хайр ивээлд багтаж, 1340 онд хоёрдугаар хатнаар өргөмжлөгджээ. Улмаар 1365 онд гол ордны их хатнаар өргөмжилсөн байна. Ийнхүү Тогоонтөмөр хаан харь угсааны шивэгчнийг сонгож, их хатнаар өргөмжилсөн явдал нь Их Юань улсын сүүл үеийн язгууртнуудын хоорондох зөрчил тэмцлийг улам хурцатгасан байна. Тухайн үед Баян, Шарбал зэрэг нөлөө бүхий язгууртнууд Тогоонтөмөр хааныг харь угсааны шивэгчнийг, сонгож, их хатнаар өргөмжилсөн явдлыг шүүмжлэн эсэргүүцэж айлтгал өргөж байжээ. Тэдгээр язгууртнууд Тогоонтөмөр хааныг “Харь угсаанаас сонгож, их хатнаар өргөмжилж болохгүй” гэсэн Хубилай хааны зарлигийг умартаж, Монголын төр ёсны уламжлалыг зөрчиж болохгүйг сануулсан ч тусыг эс олсон. Ингээд Чи овогт их хатнаар өргөмжлөгдөн эрх мэдэл, байр сууриа бэхжүүлсний дараа улс төрийн бодлого, үйл хэрэгт идэвхтэй оролцох болсон. Өлзийхутаг хатан 1338 онд мэндэлсэн нь хөвгүүн Аюушридарыг хунтайжаар өргөмжлүүлэх бодпого, үйл ажиллагааг идэвхтэй явуулсан нь 1353 онд амжилтад хүрчээ. Энэ үеэс Өлзийхутаг хатан Тогоонтөмөр хааныг шахамдуулан хаан ширээг хунтайж Аюушридард найр тавин өгүүлэхийг санаархжээ. Тухайн үед Тогоонтөмөр хаан хүү Аюушридард хаан ширээгээ шилжүүлэх бодолгүй байв. Үүний улмаас Тогоонтөмөр хаан ба Өлзийхутаг хатан, хунтайж Аюушридарын хоорондох харилцаанд ан цав гарчээ. Мөн хааны ордонд Тогоонтөмөр хаан ба хунтайж Аюушридарыг дэмжсэн улс төрийн бүлэглэл бий болж, тэмцэлдэх болжээ. Энэхүү тэмцэл нь Юанийн сүүл үеийн улс төрийн зөрчил, тэмцлийг хурцатгасан төдийгүй Хятад дахь засаг захиргаа, ноёрхол нуран унахад нөлөөлжээ.
 
Тухайн үеийн Өлзийхутаг хатны бодлого, үйл ажиллагаа нь Их Юань, Корйө улсын харилцаанд ч нөлөөлсөн юм. Солонгосын Чи овогт Их Юань улсын хатнаар өргөмжлөгдсөний дараа Корйө улс дахь түүний удам угсааныхан ихэд омогшиж, бардам дээрэнгүй аашлах болсон нь хэрээс хэтэрсэн байна.
 
Үүнд дургүйцсэн Корйө улсын Конминь ван Чи овогтын нэг угсаа төрлийнхнийг цөмийг барьж авч, цаазлан хороожээ. Энэ мэдээг Чи овогт Өлзийхутаг хатан сонсоод ихэд уурлаж, хөвгүүн Аюушридарыг даруй цэрэг дайчлан мордуулж, Конминь вангаас ял нэхүүлэхээр илгээсэн боловч, Ялу мөрний хөвөөнд бут цохигдсон байна. Энэ хэрэг явдал нь хоёр улсын харилцаа тасалдах үндсийг тавьжээ. Тухайн үед Хятадын Улаан алчууртны бослого, Их Юань улсын нөлөө бүхий язгууртнуудын хоорондох эрх мэдлийн төлөөх зөрчил тэмцлүүд хүчтэй өрнөж байсан учир Корйө улсын Конминь вангаас ял асуух хэрэг явдлыг анхаарч, шийдвэрлэж чадаагүй юм.
 
-Юань улсын үеийн хатдын цол, зэрэг дэвийн тухай дэлгэрүүлнэ үү?
 
-XIII-XIV  зууны Монголын язгууртан эмэгтэйчүүдийн талаарх судалгааны чухал асуудлын нэг бол тэдний цол, зэрэг дэвийн үүсэл, онцлог билээ. Их Монгол Улс болон Их Юань улсын үед язгууртан эмэгтэйчүүд төрийн бодлого, үйл ажиллагаа нийгмийн харилцаанд чухал үүрэс нөлөөтэй оролцож, өндөр эрх мэдэл, байр суурийг эзлэх болсноор Монголын язгууртан эмэгтэйчүүд эрхэмсэг цолыг хэрэглэх болж, улмаар зэрэг дэвийн ялгаа бий болсон юм. Монголын язгууртан эмэгтэйчүүдийн угсаа гарал, эрх мэдэл, байр суурь нь тэдний цол, зэрэг дэвээр тодорхойлогдох ажээ.
 
Тухайн үеийн Монголын язгууртан эмэгтэйчүүд “үжин”, “их хатан”, “хатан”, “сул хатан буюу авхай”, “бэхи” буюу “гүнж” гэх зэрэг цолыг хэрэглэж байжээ. Үүнээс хүндэт өргөмжлөлт хатдын байр суурь бусдаас дээгүүр байв.
 
Юань улсын хаад их суурийг залгамжилсны дараа төрүүлсэн ээждээ “Хааны эх хатан” цол, эсвэл урьдах хаадын хатанд “Элэнц их хатан” цолыг өргөмжилдөг байжээ. Хубилай хааны эх Сорхагтани, Тугтөмөр хааны Бодьшир хатан, Чингимийн Балан эгчи хатан, Гамалын Буянхиримиш хатан, Дармабалын Дажи хатанд хүндэт хатан цолыг нэхэн өргөмжилсөн байдаг. Нэхэн өргөмжилсөн хүндэт цол нь тухайн хатны үзэсгэлэн гоо, авьяас билгэ, эрдэм ухаан, зан ааль, түүхэн гавьяа зүтгэлийг илэрхийлсэн утга бэлгэдэлтэй. Жишээ нь Хубилай хааны Чаби хатанд “Бат үзэсгэлэнт, тод ариун, тэнгэрт эетэй, сод ухаант, гэгээн заяат хатан”, Содбал хааны Сүхбал хатанд “Усхал үзэсгэлэнт ариун хатан" гэх мэт. Эртний Хятадын Хавар, Намар улсын үед үүссэн хүндэт өргөмжлөлт хатан цолыг Юань улсын төрд уламжлан авчээ. Түүнчлэн хааны дөрвөн ордын доторх Баруун их ордыг тэргүүлэн сууж буй хатныг эш хатан буюу их хатан хэмээнэ. Эш хатныг гол төлөв хонгирад аймгаас сонгож өргөмжилдөг ёстой. “Юань улсын судар”-т Хубилай хааны Тэгүлэн хатныг “Их хатан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин Их Монгол Улс болон Юань улсын үед хатад баруун их орд, баруун хоёрдугаар орд, баруун гуравдугаар орд, баруун дөрөвдүгээр орд гэсэн дөрвөн ордын тогтолцоонд эрэмбэлэгдэж, харьяалагдаж байжээ. Дөрвөн ордны хатад дотроо эрх мэдэл, байр сууриараа нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэг дэвээрээ эрэмбэлэгдэж байв. Дөрвөн ордын тогтолцоонд хатдын доор эрэмбэлэгдэх эмэгтэйчүүдийг сул хатан буюу авхай гэнэ. Тэд хааны хайр ивээлд багтаж, хан хөвүүн, гүнж төрүүлбэл эрх мэдэл, байр суурь нь дээшилдэг байжээ. Юань улсын үед бэхи хэмээх цолыг эртний Хятадын төрт улсуудад хэрэглэж байсан гүнж цолтой дүйцүүлэх болжээ. Эртний Хятадын Байлдаант улсын үед анх гүнж цолыг хэрэглэж эхэлжээ.
 
-Монгол хатдын түүхийн талаарх судалгаа хэр эрчимтэй хөгжиж байна вэ?
 
-Монгол хатдын намтар, үйл хэргийг тусгайлан судалж бичсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол бүтээл, өгүүлэл, илтгэлүүд олноор хэвлэгдэн гарч, энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд энэ сэдвээр хэд хэдэн бүтээлүүд гарчээ. Тухайлбал, МУИС-ийн багш доктор, профессор Ж.Урангуа, Д.Энхцэцэг нарын бичсэн “Монгол хатад”, залуу судлаач Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад”, Мөн “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлсийн эрхлэн гаргасан “Монгол хатад” гурван боть бүтээлүүдийг дурдаж болно.
 
-Цаашдын судалгааныхаа зорилгоос хуваалцана уу?
 
-Миний судалгааны үндсэн чиглэл бол Их Юань улсын үеийн Монголын түүхийн судалгаа юм. Тиймээс энэ үеийн Монголын түүхийн судалгааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж.Дэлгэржаргалын удирдсан “Монголын эзэнт гүрний түүх” таван ботийг бичиж, хэвлүүлэх төсөлт ажилд хамрагдан, хоёрдугаар боть болох “Их Юань хэмээх Их Монгол улс” номын зохиогчоор оролцсон. Одоо бид үргэлжлүүлэн “Монголын эзэнт гүрний задралын үеийн түүх”-ийн таван боть зохиол бичиж, хэвлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн “Юань улсын судар’’-ын монгол орчуулга болох Дэмчигдоржийн орчуулгыг хятад эхтэй нь харуулж, тайлбар, зүүлт хийж, кирилл бичигт буулган хэвлүүлэх ажлыг эхлүүллээ. Бид эхний удаад “Юань улсын судар”-ын 1-69 дүгээр дэвтрийг хэвлэлд бэлтгэж байна. Ирэх сарын дундуур хэвлэлтээс гарах байх.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин