sonin.mn
-ҮРСЭЭ БААТАР БОЛГОХ УУ, ДООЖООГҮЙ ӨСГӨХ ҮҮ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ААВ ЭЭЖҮҮДИЙН ГАРТ БИЙ-
 
Гэр бүлийн сайн сайхныг хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэг ёсондоо хүүхэд аав ээж, өвөө эмээ цаашлаад эх орондоо аз жаргал бэлэглэгч асар их шидтэн гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Энэ ч утгаараа бид хүүхдээсээ эрч хүч, баяр баясгаланг авдаг. Харин сүүлийн жилүүдэд ихэнх аав ээжүүд өнөө цагийн “шинэ” хүүхдийн аргыг олоход тун бэрх боллоо гэж ярьж, хэлэх нь ихэссэн. Гэр бүл, хүүхдийн сайн сайханд чиглэсэн сонин гаргаж буй сүүлийн найман жилийн хугацаанд уулзсан хүн болгон надад үүнийг бас л ярьж, одоо ч хэлсээр байна. Хүүхдээ бид яаж зөв хүмүүжүүлэх вэ, бид хүүхэд байхдаа ийм байгаагүй дээ, манай хүүхдүүд миний тэвчээрийг  барж байна гээд л халширсан, хатуухан хэлбэл хүүхдээсээ залхсан үг хөвөрсөөр байдаг нь бас сонин. Энэ бүхэнд гарц гаргалгаа хайж сэтгүүлч хүнийхээ хувиар гэр бүл судлаач, сэтгэл судлаач, хүүхэд судлаачидтай олон жил нөхөрлөж, ярилцлага хийн, заавар зөвлөгөөг нь авч “Сонгодог гэр бүл” сониндоо нийтэлсээр явна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхэд, багш нар, аав ээжтэй нь хүртэл зарим гэр бүл судпаач, хүүхэд судлаачаа дагуулан очиж “Зөв хүүхэд байхын учир” лекцийг зохион байгуулдаг байлаа. Сүүлдээ гэр бүл судлаач, хүүхэд судлаачид маань “Одоо чи өөрөө хүүхэд, гэр бүл судлаач болсон, яриагаа бие дааж хий” гэдэг даалгаврыг өгсөн. Энэ нь нэг талдаа чангахан сонсогдож байгаа ч, нөгөөтэйгүүр намайг хүүхэд, гэр бүл судпаач болсон гэж урам өгсөн хэрэг л дээ. Үүнд нь урамшаад би хэд хэдэн сургууль дээр сайн дураараа очиж хүүхдүүдэд яриа хийж үзлээ. Харин хаа очиж хүүхэд, багш нарын талархлыг хүлээн тун сайн, бидэнд хэрэгтэй лекц уншлаа гэсэн үнэлгээ авч байна шүү. Өөрийгөө дөвийлгөх гэж үүнийг дурдсангүй, гол нь бид хүүхэдтэйгээ ойр байж илэн далангүй ярилцах цаг болсон байна гэж анзаарснаа хуваалцах гэж байгаа минь энэ. Учир нь, миний бие тав, зургаа, долоо, найм, есдүгээр ангийн хүүхдүүдэд “Зөв хүн байх утга учир” гэсэн сэдвээр лекц уншсан юм. Тэр хөөрхөн хүүхдүүдэд би мэргэжилтнүүдийн онолддог онолыг яриагүй. Зөвхөн гурван хүүхдээ хүмүүжүүлэхэд надад сайхан нь юу байгаа, тулгардаг бэрхшээл юу байна. Хүүхэд юунд баярлаж, хэрхэн гунидгийг зүгээр л өөрөөрөө жишээлээд ярьчихдаг юм. Ялангуяа би хүүхдүүдээсээ юу хүсдэг, ямар хүн болоосой гэж эх хүний хувиар бодож явдгаа л ний нуугүй хэлчихдэг байлаа. Энэ бүхнээс надад аав ээжүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, урам зоригийг нь бадраан тодруулбал, гэр бүлийн сайн санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгох үйл дутаад байна уу гэж анзаарагдсан юм. Хүүхдүүдтэй уулзахдаа эхлээд нэг бүрчлэн хүсэл сонирхлыг сонсч, түүгээр нь бахархдаг. Дараа нь аав ээжийгээ орой ажлаас нь гэртээ ирэхэд гэрээ цэвэрлэчихсэн байвал тэд баярлана. Цүнхийг нь аваад санасан шүү, ээжээ ааваа гээд чин сэтгэлээсээ тэврээрэй гэж хүүхдүүдэд би захидаг. Зарим хүүхэд үүнийгээ хэрэгжүүлээд аав ээжийгээ хачин их баярлуулж, амжилтад хүрч байгаа тухайгаа надад захидлаар бичиж илгээдэг. Тэгэхээр хүн бүр, аав ээж болгон хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргатай л байж таарна. Харин түүнийгээ үр хүүхэддээ ярьж ажил хэрэг болгох талаар нэлээд дутагдалтай байгаа нь үнэн. Манай улсад хүүхэд хүмүүжлийн нэгдсэн ойлголт, арга нарийн төлөвшөөгүй учраас аав ээжийн баримталдаг зарчим, хандлага хүүхдийг эерэг хүмүүжилд хөтөлнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Аав ээж, эмээ өвөө бүр хүүхдийн бахархал учраас зөв үйлд хөтлөх багш нь байгаасай гэж энэ далимд сануулъя. Энэ хүүхдийг би ойлгохгүй байна, нэг л бишээ гэж шалтаг тоочиж, шалтгаан хайхын оронд өөрт байдаг сайхан чанараараа үрсээ үлгэрлээрэй.
 
 
 
Аав ээж, эмээ өвөө нь ном уншаад суувал таны хүүхэд дагаад л ном уншина. Шатар, даамтай нөхөрлөвөл оюунлаг спортод дагаад дурлана. Аав, ээж та утсаар тогловол адилхан л утасны тоглоомонд донтсон нэгэн болж хүмүүжнэ. Тиймээс сэвгүй цагаан цаас шиг сэтгэлтэй бяцхан үрсээ баатар болгох уу, доожоогүй нэгэн болгож өсгөх үү гэдэг нь зөвхөн аав ээж, өвөө эмээгийн гарт байгаа гэдгийг битгий мартаарай. Та хэд бол хүүхдийнхээ жинхэнэ үлгэрлэгч нь шүү дээ.
 
 
 
"ЭЭЖИЙН ДЭВТЭР" ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН НЬ
 
Нэгэнт хүүхдийн тухай бичиж байгаа учраас өөрт анзаарагдсан гайхалтай нэгэн жишээгээ хуваалцъя. Та ч гэсэн над шиг хүүхдээ татдаг, урамшуулдаг нэг аргатай болоосой гэсэн үүднээс үүнийг зориуд бичье. Өнөөдөр хүүхэд хүчирхийллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр багагүй ярьж байна. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудад хүүхдийн бие махбодын хүчирхийллийг хориглосон байдаг. Хүүхдийг хамгаалах, хайрлан өсгөх нь эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг учраас хүүхдийг хүмүүжүүлэх арга, хүүхэд өөрийгөө хамгаалах мэдлэг, дадал хандлагыг зааж өгөх, сурталчлах нь өнөөгийн нийгэмд түлхүү үгүйлэгдэж байгааг хаана хаанаа анхаарах ёстой юм шиг ээ. Нарийн утгаараа олон нийтийн сүлжээгээр хүүхдийн хүчирхийлэл гэж хашгирахын оронд зөв хандлагатай айлын хүмүүжлийг олонд таниулах, хүүхдийн хүсэл сонирхлыг өдөөх урамшуулалт үйл олныг зохион байгуулбал үр дүнтэй санагдаж буйгаа энэ дашрамд хэлье. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн төр, хувийн хэвшлийн олон байгууллага хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа талаар судалгаа хийлээ л гэдэг. Жишээлбэл, 2018 онд хийсэн нэгэн байгууллагын судалгаагаар 10 өсвөр насны хүүхдийн гурав нь гэр орнро аюултай гэж үзжээ. 10 хүүхдийн дөрөв нь буюу 35.66 хувь нь эцэг эх, асран хамгаалагчийнхаа зүгээс бие мах бодын хүчирхийлэлд өртсөн байна гэх юм. Хэдэн хүүхэд гэр бүлийн хүчирхийлд өртөж байгааг тогтоох нь сайн хэрэг ч урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн ажил дутагдалтай байгааг тэр бүр анзаарч олж хардаггүй нь даанч харамсалтай. Сайн зүйлийг олж харж, соён гэгээрлийн эерэг ажил зохион байгуулах гэж гүйхийн оронд сэтгэл сэрхийлгэсэн мэдээг олонд түгээдэг нь миний хувьд тийм ч таатай биш юм шиг бодогддог. Ер нь хүүхдийг хүчирхийлсэн гэх хар мэдээтэй баримт хэнд хэрэгтэй юм бэ. Үүнийг сонссон хүүхдүүд юу боддог бол...
 
Дахин хэлэхэд, миний бие хүүхэд хүчирхийллийн мэдээллийг түгээх нь аюултай гэж үздэг учраас олон хар мэдээ баримт энд бичихийг хүсээгүйгээ зориуд тэмдэглэе. Харин түүний оронд хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа гэр бүлийг сурталчилж таниулбал хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлнө. Та ч гэсэн туршаад үзээрэй. Хүүхдээ сайхан хүмүүжүүлж сайнд үлгэрлэдэг үй түмэн өрх айл дэргэд чинь байж л байгаа. Тэдний сайн үйлийг нийгэмд түгээе л дээ, бүгдээрээ. Ядаж үгийг нь сонсоход сэтгэл сэргээд л ирнэ шүү дээ.
 
Харин миний бие гурван хүүхдийн ээж, гэр бүлийн сайн сайханд чиглэсэн ажил багагүй хийж яваагийн хувьд өөрийнхөө жишээг хуваалцъя. Миний гурван хүүхдийн хоёр нь бага насных, нэг нь саяхан Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Гэхдээ гурвуулаа л өөр өөрийн гэсэн гурван янзын үзэл бодолтой. Нэг ёсондоо би гэдэг хүн гурван хүүхдээ сайн хүн болгохын тулд гурван янзын аашинд тохирсон хүн болж хувирах шаардлага тулгарсан. Энэ талаар олон зүйл бодож, шинэ санаачилгыг хэрэгжүүлэх гэж их ч хичээсэн. Хэрэгтэй хэрэггүй олон зүйл туршлаа. Түүний дундаас нэг үр дүнтэй санаа олсон юм. Энэ юу вэ гэвэл “Ээжийн дэвтэр” гэсэн нэртэй. Хоёр багыгаа дэргэдээ суулгаж байгаад “Ээжийн дэвтэр” нээснээ хэлж, сайн үнэлгээ авсан хүүхэд бүрийг урамшуулна гэдгээ зарлачихлаа. Энэ нь нэг ёсондоо гэр бүлийн хурал гэж хэлж болно. Аав, эгч нь дэргэд байсан л даа. Хүүхэд эхлээд урамшууллыг нь их сонирхдог юм билээ. Би ч “Ээжийн дэвтэр” нээсэн санааг маань хүүхдүүд их сайн хүлээж авахаар нь нэг ном уншаад ярьж өгвөл, нэг таван хошуу нэмэгдэж, урамшуулал нь өндөр гэдгийг нуулгүй хэллээ. Түүнээс хойш долоо, арав хоног өнгөрч, хүүхдүүдийнхээ идэвхийг ажаад л байлаа. Хүүхдүүдийн маань идэвх маш сайн сэргэж байна шүү. Тоо бодсон ч, ном уншсан ч ээжээ “Ээжийн дэвтэр”-тээ бичүүлье гээд л гүйгээд ирнэ. Үүнийг дагаад гэр бүлийн харилцааны дулаан амьсгал нэмэгдэж байв. Мөн миний бие хүүхдүүдээ орой эрт унтуулах гэж аргаа бардаг байсан, тэр үед бас. Унтаж өгөхгүй. Унт унтаач гэсээр байгаад барахгүй, өөрөө түрүүлээд унтчихдаг гэм байсан. Гэтэл “Ээжийн дэвтэр”-тэй болсноор төвөггүйхэн эрт унтуулж чаддаг боллоо. Орой 21.00 цагт ажлаасаа ирсэн нөхөр маань хүүхдүүд яагаад чимээгүй байна. Унтчихсан юм уу гэж гайхаж билээ. “Ээжийн дэвтэр”-ийн ачаар хүүхдээ эрт унтуулж байгааг ханьдаа хэлж өндөр үнэлэлт авч билээ. Гол нь хүүхэд юмыг хэзээ ч мартдаггүй учраас ээж хүн хэлсэн амандаа хүрэх ёстойг “Ээжийн дэвтэр”- ээр бас ухаарал авсан, би. Сайн үйлдэлд суралцсан хүүхдүүдийнхээ урамшууллыг цаг тухайд нь өгч, кино үзэх, паркт тоглоход нь хувь нэмэр оруулдаг болов. Одоо “Ээжийн дэвтэр” улам зузаарч цахим хичээлийн үр дүнг сайжруулахад чиглэж байна. Ээжийн санаачилсан дэвтрийн үр дүнд хүүхдүүд маань олон ном уншиж, чөлөөт цагаараа зөвхөн “Төрдөг даам”, шатар тоглож оюун ухаанаа хөгжүүлж байна. Ухаалаг утас гэдэг зүйлийг бүр мартсан гэхэд болно. Ер нь хүүхдээ эерэг сайн зүйлд үлгэрлэж байгаа үй түмэн гэр бүл Монголын нийгэмд чимээ анирхгүйхэн амьдарч байна.
 
 
 
Дахин хэлэхэд, үүнийг олж илрүүлэн нээн сурталчлах нь өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа бас нэгэн асуудал гэхэд болох юм шиг ээ. Бид үрсээ сайн хүмүүжүүлж байж л Монголын гэрэлт нийгмийг бүрдүүлнэ. Буруу хүмүүжилтэй хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг.
 
 
 
Гадаадын зарим оронд хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн аав ээжийг төрийн өндөр одонгоор шагнаж урамшуулдаг сайн хөшүүрэг хүртэл байдаг л гэж сонссон. Тиймээс айл гэр болгон хүүхдээ хайр халамжаар дүүрэн өсгөж Монгол Улсынхаа хөгжилд бие бялдар сайтай, сэтгэл зүйн өндөр боловсролтой иргэн бий болгохын төлөө одооноос дор бүрнээ анхаарч хичээх нь гэр бүл, аав ээжийн үүрэг гэлтэй. Яг үнэндээ эцэг эхийн хараа хяналт сул байгаа хүүхэд л бусдад уруу татагдах, гадуур тэнэх, гэмт хэрэгт холбогдох, тоглоомд донтох зэрэг янз бүрийн буруу зүйлд нэр нь холбогдож хохирч байна. Хүүхдийнхээ эрх ашгийг дээдлэх, хамгаалах, үлгэрлэх үүрэг гэр бүлийн орчин аав ээжээс шалгаалах учраас хүн бүр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, хяналтаа сайжруулан зөв зүйлд үрсээ үлгэрлэн дагуулж амьдаръя.
 
ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН АРГАД СУРАЛЦАХАД ХЭН Ч ХОЖИМДОХГҮЙ
 
Ялангуяа миний үеийнхэн мөрөөдлөө хэн нэгэнд ярихаас ичдэг, хүний юмыг асуухгүйгээр авч чадахгүй, бусдаас тус гуйхаас эмээдэг гээд бичигдээгүй олон зүйлийг өөртөө бий болгон хүмүүжиж, өсч торнисон. Нэг үгээр хэлбэл, хамтын ухамсрыг шүтдэг, алдаа гаргахаас эмээдэг тийм занг хэнээс ч хуулбарлаагүй зөвхөн өөрсөддөө суулгачихсан л хүмүүс юм. Тийм учраас 40 эргэм насныхан бид яг одоо “шинэ” хүүхдүүдтэй харилцахад амаргүй байна гэж гоншигнодог хүмүүсийг оройлдог ч байж мэдэх юм. Гол нь “шинэ” хүүхдүүд гэх тодотголтой өнөө цагийн хүүхдүүдийнхээ араншинг сайн ажиж, чиг баримжааг нь өөртөө хэвшүүлж, үр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжихэд дадуулах нь хамгаас чухал юм. Тэгэхээр миний бодлоор хүүхэд чинь чиний хүүхэд байхаас өөр зан гаргаж сахилгагүйтэж, үе тэнгийнхнээсээ эрс ялгарч, айх ичихгүй загнавал огтхон ч санаа зовох хэрэггүй. Зөвхөн танай хүүхэд ийм араншин гаргаагүй үе тэнгийнхэн ч тийм л авир гаргаж байгаа.
 
Харин тэр өөрийнхөөрөө байгаа араншинг шүүмжилж, хориглож байх нь бас муу үр дагавартай. Яагаад гэвэл таны шүүмжлэлийг нэг биш удаа сонсвол хүүхэд хулчгар, өөртөө итгэлгүй нэгэн болж өсөхийг үгүйсгэхгүй.
 
Хүүхдийнхээ гаргаж байгаа ааш араншинг тэвчиж аль болох хийж байгаа зүйлийг нь дэмнэж дэмжиж, хүсэл мөрөөдлийг нь өдөөхийг хичээх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, та ч гэсэн алдаа гаргадаг биз дээ. Түүнтэй адил хүүхэд үй түмэн алдаа гаргаж болно. Алдааг нь тэвчиж, хийж сурч байгаа үйлдлийг нь магтаж урамшуулах, дэмжих, зөв зүйлд чиглүүлэх хэрэгтэй. Зураг зурахаар хичээж байвал хамтдаа зураг зур. Шүлэг уншиж байвал шүлгийг нь хамт цээжил. Энэ бүхнээс юу хэлэх гээд байна гэвэл хүүхэддээ болохгүй, бүтэхгүй гэсэн тайлбарыг өгөхөөс татгалзаарай гэдгийг тодотгоё. Зарим аав ээж хүүхдийнхээ яагаад гэсэн асуултад хариулахаас зайлсхийж өмнөөс нь гар утсаа сарвайж байгаа харагддаг. Энэ бол хүүхэддээ буруу үлгэрлэл үзүүлж буй маш муу үйлдэл. Хүүхдээ сонсч, дагаж тоглож байж та хүүхэд хүмүүжүүлэх зөв аргад суралцана шүү дээ. Миний хүүхэд байхаас өөр юм гэж төвөгшөөж суулгүй аав ээж та хүүхдээ зүгээр л байгаа байдлаар нь ойлгож, хүмүүжүүлэхэд суралцаарай. Хүүхдээ сайн анзаарсан, хамтдаа тоглож, хичээл хийдэг нэг ёсондоо хүүхэддээ цаг зав гаргасан аав ээж л өнөө үед хожиж сайн аав ээж болох хандлага бий болчихжээ. Учир нь, хүүхэд нь зөв хүмүүжилтэй өсвөл тэр аав ээж насаараа л жаргана шүү дээ. Ном сонинд бичиж, гэр бүл судлаач, сэтгэл судлаачдын ярьж буйгаар бол “шинэ” хүүхдүүдэд маань сэтгэлийн төрөл бүрийн хөдөлгөөн илэрдэг. Айж ичих, уйтгарлаж гуниглах, урам хугарах, сандарч тавгүйтэх гээд тэр бүхний аясаар хүүхдэд өөрчлөлт гардаг байна. Түүнийг нь аав ээжүүд яг л өөрт тохиолдсон мэтээр хүлээн авч, сонсч, санаа бодлоо хуваалцах нь үр дүнтэй шийдэл юм. Тодруулбал, хэн чамайг ийм байдалд оруулав гэж шалгаахын оронд байгаагаар хүлээн авч тэр бүхнээс яаж гарах гаргалгааг хамтдаа ярилцах нь хаана хаанаа үр дүнтэй. Аливаа зүйлийн гарц гаргалгааг нарийн ухаарч, хөгжүүлэх арга ухаанд хүүхдээ сургахыг аав ээж бүр хичээх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ойр байж, чөлөөтэй ярилцаж чадвал хүүхэд, нас биед хүрснийхээ дараа ч хүнлэг, хүн чанартай зөв иргэн болон хүмүүжинэ. Түүгээр ч зогсохгүй хүүхэд хүмүүжлэх талаар гарч байгаа ном, гарын авлага зөвлөмжийг цаг алдалгүй унших нь өнөөгийн аав ээжүүдийн бас нэгэн зорилго гэлтэй. Дахин хэлэхэд, үгүй, чадахгүй, болохгүй, муу муухай гэсэн үгийг хүүхэддээ хэлэхээс зайлсхийж урмын сайхан үгийг амнаасаа урсгаж үрсээ сайн хүн болгож өсгөөрэй, аав ээжүүд минь. Хүүхэд хүмүүжлийн аргад суралцахад хэн ч хэзээ ч хожимдохгүй шүү.
 
 
Б.Даариймаа /Сэтгүүлч, хүүхэд гэр бүл судлаач/