sonin.mn
Миний аав хурандаа Ж.Рэнцэн нь 1914 онд одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт төрсөн. 1932 онд бүрэн дунд сургууль төгссөн. 1937-1955 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад улс төрийн ажилтны курс, Цэрэг-улс төрийн академи, Монгол Улсын их сургуульд тус тус суралцаж төгссөн. Тэрээр 1932 оноос сумын бичиг үсгийн багш, “Битүү эрэг” багийн дарга, Цагааннуурын дамжлага баазад дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1935 онд цэргийн албанд татагдан Ховдын дөрөвдүгээр морьт хорооны хөгжим ангид цэрэг-номын багш, 1939-1943 онд Цэргийн ерөнхий сургуульд багш, Дорноговь аймаг дахь 10 дугаар морьт дивиз, Дорнод аймаг дахь 5 дугаар морьт дивизийн комиссар, 1943-1951 онд Хязгаарын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, отрядын дарга, төв сургуулийн захирал, 1955-1962 онд Ховд аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын намын хорооны нарийн бичгийн дарга, 1962-1975 онд Улаанбаатар хотын комендантын улс төрийн орлогч, Батлан хамгаалах, хөдөлмөр нийгэмлэгийн төв зөвлөлд хэлтсийн дарга, Иргэний хамгаалалтын газарт хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан юм.
 
 
Аав маань 1939 оны Халхын голын байлдааны үед 10 дугаар морьт дивизийн комиссараар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн нутагт Өлгийн хийдээс Сулинхээрийн чиглэлд байрлах улсын хилийг сахин хамгаалах үйл хэрэгт зүтгэсэн бөгөөд 1943 онд баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцон Шинжаан, Шар сүмийн чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгэжээ. Мөн 1945 оны Чөлөөлөх дайны үед Дорнодын чиглэлээр Барга хошуудын төв Алтан эмээлийг чөлөөлөхөд оролцож, Манжуур, Хайлаар хотын чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгэн идэр залуу насаа эх орноо батлан хамгаалах их үйлст зориулсан тухайгаа бидэнд байнга дурсдаг байлаа.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одон болон ЗХУ-ын Улаан таван хошуу одонг хоёр удаа хүртээсэн бөгөөд бусад медалиудаар шагнасан юм. Түүнд БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар дивизийн комиссар цол хүртээсэн ба 1943 оны 11 дүгээр сард хурандаа цол мөн 1983 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цолыг олгосон.
 
 
 
Миний аав улс, армид 43 жил тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж, хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ нарынхаа хамт амар амгалан амьдарч байгаад 2002 онд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурхны орноо заларч бидэндээ сэтгэлийн зул болж мөнхөрсөн юм.
 
 
 
Ингээд би бээр аавынхаа бичиж үлдээсэн дурсамжийн хэсгээс эрхэм уншигч танд толилуулахыг хүссэн юм. Аавын дурсамжид өгүүлснээр “Би Дорнод аймаг дахь Баянтүмэний 5 дугаар дивизийн комиссараар ажиллаж байхад 1941 оны зун ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академид явж суралцах албан тушаалтнуудын тоонд багтаан Улс төрийн газраас дуудсан учир Улаанбаатар хотноо ирэв. Би өмнө нь Улс төрийн ажилтны курст суралцсан бөгөөд энэ удаа дахин ЗХУ-ын Москва хотод суралцах болов. Монголын Ардын Армийн улс төрийн ажилтан болох бидний хэдэн нөхөд 1941 оны 6 дугаар сарын 29-ний өдөр улсын хилээр гарч, Москва хот дахь Цэрэг-улс төрийн академид суралцахаар сургуульдаа хүрэлцэн очсон юм. Биднийг Хуурай замын цэргийн факультетад бүртгэн авч Зөвлөлтийн армийн цэргийн дүрэмт хувцсаар хувцасласан бөгөөд бидэнд орос нэр өглөө. Энэ үед С. Равдан (хожим Улсын Иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа генерал)-г Семен Рабданов, Л.Тойв (ГЯЯ-ны сайдаар ажиллаж байсан, хурандаа)-ыг Владимиров, Л.Цэрэндорж (Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын Улс төрийн хэлтсийн орлогчоор ажиллаж байсан, хурандаа) Очиров хэмээн нэрлэсэн ба намайг Эристов Сергей Эрнастович хэмээх өмнө нь 1937 онд өгсөн нэрээрээ нэрлэх болов. Энэ үед дайны үеийн шаардлагаас академид суралцах программ, хугацаа шахуу байж, түүгээр бэлтгэгдсэн улс төрийн ажилтныг фронтод явуулж байв.
Бид, тэдний хамт тасаг, салааны зохион байгуулалтад орж зэвсэглэснээр байлдааны үүрэг гүйцэтгэж эхлэв. Би тасгийн хөнгөн пулемётын наводчик болов. Цэргийн дэг журам, сахилга улам чангарч тасаг, салааны захирагчийн команд болон жагсаалгүйгээр гадагш үл гарна. Тус академийн зуслан Москва хотоос баруун тийш 60 гаруй километр зайтай Можайскийн дардан замын ойролцоох Кубинка тосгонд байсан юм. Бид дайсны бөмбөгдөлт, их бууны галын дор академийн зуслангийн байрны хамгаалалтыг хийж окоп, шуудуу ухах, нуувч бэхлэлт барин, жижүүр манаа, харуулын албыг гүйцэтгэдэг байв. Дайны байдал хүндэрсэн Смоленскийн тулалдааны дараа манай академийг Москва хот руу шилжүүлэн Москваг хамгаалах цэргийн бүрэлдэхүүнд оруулсан болно. Шаардлагатай үед Москва дахь засмал замыг хамгаалах үүрэг тус академид ноогдов. Бид засмал замын дагуух барилга байгууламж, гудамж талбай, байшингийн дээвэр, хонгил зэрэгт эргүүл, харуул манааны үүрэг гүйцэтгэж байлаа. Дайсан Москвад ойрхон ирсэн тул командлалын тушаалаар өөр байрлалд нүүлгэн шилжүүлэх болсныг бидэнд мэдэгдлээ.
 
 
Москвагаас гарах үед рот, курсийн дарга нар байлдааны бүрэн бэлэн байдалтай явахыг тушааж, явах замд энгийн иргэд, гаднын хүмүүстэй ярьж харилцахыг хориглон дайсны хорлон сүйтгэх бүлэг болон дайсны эргүүл, хамгаалалттай таарвал хэрхэн няцаахыг тайлбарлаж явав. Бид 1941 оны 11 дүгээр сард Башкирийн Автономит Бүгд Найрамдах Улсын Белебей хотод ирж байрлав. Тэнд бидний хичээл өдөртөө 12-14 цаг үргэлжлэх ба өдөр нь буудлага, тактикийн хичээл, орой нь онолын хичээлүүд орж байлаа. Тухайн өдрүүдэд бид байлдааны нөхцөлд хүндрүүлсэн сургуулийг хийж, түгшүүрийн дохиогоор 60, 70 километрийн маршийг шөнийн цагаар үйлдэхдээ пулемёт үүрч тэсгим хүйтэн, гүн зузаан цасанд цанаар явж, заримдаа хөл дээрээ тэнцэн зогсож чадахгүй туйлдан ядарснаар байрандаа мөлхөж орох явдал ч тохиолдож байв. Дайны үед картын систем хатуу тогтож, зөвхөн хоолны газарт нормын хэрчим талх, ногооны таваг шөлнөөс илүү юм үл олдоно. Бид тийнхүү дайны үед Зөвлөлтийн анд нөхөдтэй мөр зэрэгцэн зовлон, жаргалаа хуваалцаж явсан билээ. Тэр тухайгаа одоо эргэцүүлэн бодоход бахархал төрдөг юм” хэмээн хуучилсан юм.
Мөн аав маань “Академийн бүрэн курс төгсгөх шалгалтыг марксист, ленинист онолын үндэс, цэргийн урлаг, түүх, газрын зураг, байлдааны болон буудлагын бэлтгэл, улаан армийн нам, улс төрийн ажил зэрэг арав гаруй сэдвээр өгч билээ. 
 
 
 
Академийн шалгалтын комисс бидэнд цэргийн улс төрийн мэргэжлийн ажилтан гэсэн диплом олгов. Академийн эрдэм шинжилгээ, сургалтын ажил эрхэлсэн орлогч дарга А.Шербаков бидэнд та нар зориг чадалтай, сайхан залуус юм. Та нар байлдааны талбар дээр болж байгаа өөрчлөлт, шинэ арга, тактик, зэвсэг, техникийн хүч чадлыг судалж эзэмшсэн тул байлдааны үед болон сургалт бэлтгэлийн үеийн буудлагын хороо, дивизийг удирдаж чадах бэлтгэлтэй гэж үзэж байна.
 
 
 
Фашист германы холбоотон японы милитаристууд Дорно зүгээс довтолж болзошгүй. Та бүхэн даруйхан буцах шаардлагатай байна гэж ярьж билээ. Ийнхүү бид академиа нэг жилийн хугацаанд төгсөж ирсэн ба би бээр 1942 оны наймдугаар сарын эхээр 5 дугаар морьт дивизийн комиссараар дахин томилогдсон юм” гэсэн аавынхаа дурсамжийг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын өдөр дэлгэж байгаадаа туйлын баяртай байна.
 
 
Бэлтгэл хошууч Р.ОЮУНЧИМЭГ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин