sonin.mn
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярт зориулав 
 
Мянга мянган жилийн тэртээгээс төв Азид Алтай, Хянганы завсар өргөн уудам нутагтай  монгол хүн, морь хоёр хамтдаа энэ дэлхийн дээр тэнгэрийн хаяа, газрын эцэст хатуу ширүүн бүхнийг туулж оршин тогтносон бөлгөө. Иймээс морь бол монголчуудыг үүсэн бий болоход ямагт хамт явж хөлийг нь дөрөөнд хүргэсэн эрдэнийн шандаст хүлэг юм. Монгол морины үүх түүх монголчуудынхтай салшгүй холбоотой тул морьдоо бид монгол төрийн эрдэнэ хэмээн шүтэж төрийн сүлдийнхээ голд нь залсаар иржээ. Морь бол монголчуудын хувьд аз хийморын билэгдэл болох агаад ямарч айлд цай идээ бэлэн болж байх үед ч юмуу, ямар нэг сайн үйлийн үед ирсэн хэнийг ч болов “Морь сайтай явж байна” хэмээн урмын үгээр мялаадаг заншилтай. Энэ бол азтай байна гэсэнтэй утга нэг юм. Тэр хүн морьгүй, машингүй бүр явган ч ирсэн байж болно. Иймээс “морьтой байна” гэдэг үг бол тэр хүний аз хийморийг морьтой зүйрлүүлэн дээдэлж буй уран сэтгэмж юм. Унах морьгүй, унтах оргүй хэмээн ярьдаг монголчуудын хувьд бол монгол хүн морьгүй байх нь хэний ч санаанд үл багтах ядуу, дорой байдлыг илтгэх агаад хувь заяа, аз хиймор нь лойсон муу совин агуулдаг хэмээн үздэг ажгуу. Хаан төрийнхөө эв, хүчитг баатруудынхаа чадал, хурдан хүлгийнхээ хурдаар дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан монголчууд дайн дажинд нэрвэгдсэн хөршдөө хурдан хүлгүүдээ илгээж байсан түүхтэй юм.
Монгол морио гэж...  Энэ молор эрдэнэ зөвхөн монголчуудад ч бус дайнд нэрвэгдсэн хөрш Зөвлөлтийн ард түмэнд  ч жинхэнэ хүлэг  гэдгээ баталж чадсан юм шүү. Дэлхийн  хоёрдугаар дайны ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ-ын төр, ард түмний үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоноор энэ 2020 оны энэ өдөр 75 жилийнх нь ой тохиож байна.
Энэ ой бол монголчууд бидний хувьд болон фашист германий эсрэг дайнд ямар нэг хэмжээгээр дэмжин оролцсон дэлхийн олон орны агуу их ялалтын баяр, оршин тогтнолынх нь түүхэн баталгаа болсон юм. Дэлхийн хоёр дахь социалист орон болсон БНМАУ дөчөөд оны эхэн тэр үед эр хүнгүй шахам болсон байлаа. Ихэнх эрчүүд нь лам, хар, шар феодал эсвэл хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хилс хэрэгт  орж  гадны шахалтаар хороогдсон, залуус нь бүгд цэрэгт байсан ч бид өмнөх явдлыг дурсалгүй энэ дайны эхнээс нь аваад дуустал нь хөрш ЗХУ-д эрвийх дэрвийхээрээ тусалж өөрсдөө дайны байдалтай байж бүхнээ фронтод зориулж байсан юм.
 
 
 
Зовох цагт нөхрийн чанар аа гэж... Их хэлмэгдлийн үеийн ЗХУ-ын тухай бид муу санаа агуулаагүй. Германы фашистуудын эсрэг дэлхийн дайны холбоотон Америк, Англи улс зэр зэвсэг,онгоц, танк, их буу  хэдэн арван мянгаар, хоол хүнсээр тусалсан юм гэнэ лээ. Гэхдээ тэд цаагуураа бас дайсны талтай ч гэрээтэй байсан тухай оросын эх сурвалжууд мэдээлдэг.
 
 
Монголчуудын хувьд чадах бүхнээрээ л тусалсан. Харин энд төдийлөн дурсагдаагүй нэг сэдэв байдаг. Тэр нь юу вэ, гэж үү? Тэр бол бидний бэлэглэж  байсан монгол морьд энэ үхэх сэхэхийн дэнсэн дээрх энэ  дайн тулаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай юм. Эх орноо хамгаалах үйлст иргэн бүр нь чин сэтгэлээсээ оролцон, ялалт эсвэл үхэл хэмээн тангараг тавьсан ЗХУ-ын улаан арми, баатар хотуудынхаа хамт Гитлерийн германы эсрэг энэ аймшигт дайнд ялсан гол хүч бол эх оронч, эрс шийдэмгий, хатан зоригт Зөвлөлтийн баатарлаг ард түмэн байв. Эхлэсэн өдрөөс нь хойш 1414 хоног үргэлжилсэн энэ дайнд ЗХУ |фронтод 20 сая цэрэг| нийт 30 орчим сая иргэнээ алдсан бөгөөд ард үлдэгсэд нь өнчрөл зовлонд учраагүй нэг ч хот суурин нэг ч гэр бүл үлдээгүй гэдэг. Ийм их хохирлоор оросын баатарлаг ард түмэн эх орноо хамгаалж чаддагаа дэлхий дахинаа харуулж Берлин хүртэл явах замдаа европын олон орныг чөлөөлсөн түүхтэй юм. Энэ ширүүн дайн тулаанд монгол морьд хамт явж, дэлхийд хамгийн том газар нутагтай орос орны өндөр уулс, өргөн талд цомбон туурайныхаа мөрийг үлдээсэн нь оросын ард түмний ой санамжид орших түүхэн үнэн юм. Монголчууд бид энэ гавъяаг нь үнэлж монгол мориныхоо тухай олон сайхан дуу бүтээсний нэг нь авъяаслаг зохиолчид Д.Тарваа, Лха. Дорж нар үг, аяыг нь хийж, алдарт дуучин Цогзолмаа гуай дуулсан  “Монгол морь” хэмээх дуу юм. Энэ дууны нэг бадгийг, дахилтын хамт сийрүүлвээс
 
Яруу алдарт эх орноо
Ялалтаас ялалтад дэвшүүлж
Ялгуулсан тугаа мандуулахдаа
Ямагт бид морьтойгоо явсан.
Монгол морины чадал
Хэмжээлэшгүй ихийн адил
Монгол хүний зориг
 
Хязгаарлашгүй их байдаг.... гэдэг бадгууд нь өнөө үеийн зохиолын дуунуудаас өөр, эрмэлзлэл, аймшиггүй зориг дүүрэн, шулуун төгс  үгтэй тул хэн бүхний боловчиг сэтгэл зүрхэнд амилан шингэдэг увидастай дуу байж дээ. Эх оронч, оновч, хурц үгтэй энэ шүлэгт Лха Доржийн цэх шулуун, эрэлхэг давшингүй агаад явдал сайт морины гүйм хатираар яваа мэт хэмнэл, Цогзолмаа гуайн  яруу агаад тунгалаг хоолойн цар хүчээр  түргэн урсгалт голууд нийлж мөрөн болохуй эрч хүчээ авч даргилан тэлэх лугаа адил цуурайтах нь бүх монгол даяар тэр үеийн хүн бүхний сэтгэл зүрхний угт гүнээ хүрч, эх оронч үзлийг бадраан, фашизмын эсрэг үйлсэд уриалж байлаа. “Монгол морь”  дууны амин чанар нь энэ. Дайны дараа ч энэ дуу хүн бүхний сэтгэлд үлдэж бидний үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн юм даа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гарсан энэ дуугаар монгол түмэн бахархаж, тэр үеийн хүүхдүүд бид дуулж, монголжуу ёсоор хүмүүжин, хүн төрхөө олж байсиймаа. Энэ дууны үг бүхэн эзэн Чингисийн үеэс эхтэй , монгол цэргийн сүр, морины хүчийг илэрхийлж буй юм. Мянгат түмд нь л дивиз гэдэг үгээр солигдсон ч хүлэг морьд нь хэвээрээ л байсан. Богд эзэн Чингис хаан өсөх наснаас эхлээд амьдралынхаа турш олон сайхан хүлэг морьтой байжээ. Орог шинхул мориороо гурван хоног явж найман шаргаа дээрэмчдээс авч, ам цагаан хул морио унан аймшиггүй зоригт дайчдаа дагуулан хоногийн газрыг цагаар товчлон газар дороос ургасан мэт гэнэт дайсныхаа өмнө гарч ирэн ялж байсан нь түүхэнд бий. Дэлхийн дайн эхэлсэн дөчөөд оны эхээр монголчууд аж үйлдвэрийн комбинатын |АҮК| тэргүүний ажилчин хүмүүсдээ улсын ударник цол олгож эхлэсэн гэдэг. Тэр үеийн ударник цол бол өнөөгийн МУ-ын хөдөлмөрийн баатартай дүйж байсан хэрэг л дээ. Налайхын уурхайчин Товуу гэдэг эмэгтэй өөрийн хүрэн мориороо олон жил уурхайн гүнээс нүүрс зөөн төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлж мориныхоо хамтаар улсын ударник цол шагнуулж байсан нь түүхэнд үлджээ. Ингэж монгол морь ударник болж олны хайрыг хүлээснээр “Омголон хүрэн” гэдэг дуу гарсан юм билээ.
 
Уурхайн ажилчин ударник би
Омголон хүрэн морьтой доо
Мянган хувийнхаа нормыг
 
 
 
Мориныхоо хамтаар биелүүлдэг .. гээд л дуулж байлаа шүү дээ. 1941 оны дундуур Дэлхийн дайн эхлэчихсэн Гитлерийн арми Зөвлөлт улсын олон хотод нэвтэрч үхэх сэхэхийн дэнсэнд байсан хүнд, хэцүү үед монголчууд бид Зөвлөлт нөхөддөө агт морьдоо, арьс ноосоо, агнасан ангаа ер нь байгаа бүхнээ хоёргүй сэтгэлээс тусалж, ард иргэд юу л байна, түүнийгээ өгч Монголын төр “Хувьсгалт Монгол” |Революционная Монголия| сөнөөөгч онгоцны эскадриль хоёр удаа, “Монгол ард” |Монгольский арат| хэмээх танкийн цувааг хөрөнгө мөнгө гарган “Бүхнийг фронтод” уриан дор  илгээж байжээ.
 
 
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын|миний төрсөн нутаг| харъяат улсын ударник эмэгтэй Жаргалын Наранцогт гуай тэр үед ид залуу, АҮК-д  ажиллаж байхдаа хонины элдсэн үзүүрсэг нэхийгээр дулаан, оготор дээл |полушубка|, бээлий, малгай, ноосон цэмбээр цэргийн шинель оёж тэр үед өдөр шөнөгүй ээлжээр ажиллан, үйлдвэр дээрээ хонодог, ажилчид нь АҮК-ын яндангийн|дуут дохио| дуугаар цаг баримжаалдаг байсан тухай Наранцогт гуайн дүү Рэнцэнгийн Намхайдорж агсан  |Халх голын дайнд оролцож байсан| хуучилдаг байв.
Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир гэвээс монгол морьд бол эзэн Чингисийн үед ч тэр, энхийн цагт ч, эх орны дайны үед ч ямагт бидэнтэй хамт байж  хаана ч, хэзээ ч өөрт ноогдсон үүргээ хангалттай биелүүлж ирсэн тухай юм.
Орос оронд эх орны дайны хүнд үед унааны морьд нийлүүлдэг гол орон нь Монгол улс, хойд хилээр агт нийлүүлэхэд хамгийн дөт хялбар нь манай нутгийнхны хувьд бол Сэлэнгэ аймгийн хилийн боомтууд байлаа. Монгол орон даяар газар сайгүй, жирийн ард иргэд сайн дураараа эмэгтэйчүүд нь зүүсэн ээмэг бөгжөө, эрчүүд нь унааныхаа ганц морийг ч гэсэн өөрөө хөтлөөд авчирч өгч байсан юм билээ. “Өгвөл ганцаасаа, уйлвал сохроосоо” гэж. Ингэж
 “Санаа сайтай монголчууд
Сайн мориороо тусалсан удаатай” гэдэг “Монгол морь” дууны бадгууд нь бодит амьдралаас урган гарч байсан юм. Монголчууд ийм л хүмүүс, үнэ хөлс гэж юу ч нэхээгүй.Тэд морьдоо Улаан армид бэлэглэхдээ толгой, хондлойг нь нудраганыхаа омгоор илэн, ногтоо мултлан авахдаа
 
Магнай халзан морь минь
Малин даагаад гараарай.
Монгол хүний өмнөөс
Дайснаа дараад ирээрэй... гэдэг байв.
Мөн монгол эрчүүд өөрсдөө сайн дураараа фронтод явж байсан гэдэг. Монгол эсгий гутал, хурган малгай, хонины ноосон шинель, нэхий дээл, бээлий хийгээд дулаан хувцастай орос цэргүүд, хөхүй өвлийн хүйтэнд хөр цасны ширүүнд савхин гуталтай, саравчтай малгайтайгаа бээрсэн герман цэргийг ялахад бидний бэлгэнд шингэсэн сэтгэлийн илч, тус дэм болсон хэмээн бодном. Монголын төр  ноос бол алт гэж  уриатай  бүр ЗХУ-д ноос тушаах хатуу гэрээтэй тул малчид ноос тушаах албан журамтай, ноймор нэг асуудал бол ноос байв. Ноосоо тушаачихсан хүн, мах ноосоо тушаачихлаа...одоо л нэг ажил жигдэрч байна даа хэмээн  тэр жилдээ додигор явдаг байж.
Бургалтайн |Сэлэнгэ, Баруунбүрэн сум| малины агтыг миний аав шатан хөлт хэмээх Лувсанцэрэнгийн Найдансүрэн, мөн энэ нутгийн малчин ногоон хэмээх Дашийн Сэрээнэн гуай нар тууж Сэлэнгийн Цагаан арал, Ламын хийдийн мал бэлтгэл баазад малинд хүргэж байсан тухай аав минь амьд сэрүүн байхдаа дурсан ярьдаг байлаа.  Аав маань хэдэн ч удаа адуу малин хүргэж байсан юи бүү мэд, хөөрхийдөө  энэ тухайгаа их л бахархан ярьдаг байж дээ. Миний аав бол харахад нүдэнд тусахаар гойдгүй юмгүй, хөдөөгийн эгэл жирийн малчин хүн, харин түүний яриа бол маш сонин байдагсан. Шинэ хуучин засгийн үеийн амьдрал үзсэн тэрээр аливаа  үүх түүхийг тогтуухан сайхан ярина. Бид ч түүнийг нь сонсох дуртай байж. Миний төрж байсан тэр үед чинь дайн дэгдэж бас ес эхлээд өвөл болчихсон байсан юм гэнэ билээ. Манай залгаа Сэлэнгэбүрэн суманд Манхтайн мал баазаар баруун аймгуудын мал гаргаж байсан гэдэг. Хойд талд Цагаан эрэг, Сүхбаатар,  Хиагтаар бүх ачаа, мал гарч байлаа. Ээж маань аавыг малинд морьд хүргэхээр явахад нь чонон дах дэгтийг нь эвэхээд эмээлийнх нь араар ганзагаар нь тогтоож  өгч байсан гэж ярьдаг  юм. Эх орны дайны үед Монголоос фронтод бэлгэнд өгөх морьдыг халдварт ям өвчинд өртсөн эсэхийг үзэхдээ маллейн хэмээх эмийг|вакцин байх| нүдэнд нь дусааж шалгадаг байснаар монголчуудын дунд “малин” гэдэг шинэ үг гарсан юм гэнэлээ. Маллейн |ям| хэмээх латин үгээс гаралтай энэ эмийг ямын савханцраас гарган авдаг тухай ном сударт бий. Ям гэдэг бүтүү туурайтны энэ аюулт өвчин туссан адуу өөрөө турж үхэн, халдвар нь маш түргэн тархдаг аж. Эх орны дайны үед бид олон зуун хүлэг морьдоо адуун сүргээсээ харамгүй барьж Зөвлөлтийн улаан армид ийнхүү бэлэглэсэн юм даа. Ямар морьд байсан гээч. Гайхамшигт монгол морьд!
 
Увс аймгийн малчин Бадам гэдэг эмэгтэй адуун сүргийн манлай Эрх зээрд морио бусад 90 гаруй морьд, 1600 хонины  хамт  бэлэглэн” Фронт Бадам” нэртэй болж ЗХУ-ын төрөөс Алтан үсгийн үнэмлэхээр шагнуулж байсан гэдэг. Энэ хүнийдээд  өвөг Бөөрийн Ирүүл гэдэг хүн 1957 онд 13 мянган толгой мал тоолуулж Улсын сайн малчин болж байжээ. Завхан аймгийн Жаргалант сумын малчин Жигжиджав аймгийнхаа наадамд дараалан түрүүлсэн хурдан морио улаан армид бэлэглэж байсан нь түүхэнд үлджээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана аа... гэж энэ.
 
Монгол адуунд дулаан зүчээ, бэлэн зэлэн эрдэс тэжээл бэлдэн, биеийг нь угааж, хөлийг нь тахлана гэж байдаггүй. Бүр сайндаа л өвөл өвөлжөөндөө тохом татаад  хөх өвс тавьж өгнө. Монгол адуу бол  байгалийн эрс, тэс уур амьсгалд зохицон, аяндаа өсөж үржин, өвс ус хоёр л байвал өөрөө олоод идчихдэг, арчилгаа маллагаа шаарддаггүй, нүүдлийн нөхцөлд уналга эдэлгээнд тэсвэртэй, өл даадаг хоногт гурван цагийн идэштэй байхад л үлдсэн 21 цагт нь ажиллах чадавхтай байдаг юм. Энэ чинь өргөн уужим тал дүүрэн адуу малтай хүүдэлчин монголчуудын аж ахуйн онцлог юм. Тэр дундаас гөлгөн нохой гаслам халуун, гунан үхрийн эвэр хугарам хүйтэн эрс, тэс байгалийн нөхцөлд  аль хүч, чадалтай  нь үлддэг юм. Энэ дунд л нүүдлийн мал аж ахуй гэдэг үгийн утга багтана. Монгол малчид ямар арав тавхан толгойг маллах биш.
 Ийм монгол үүлдрийн адуу дайны талбарт тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн гэдэг юм билээ. Угаас шөрмөслөг, байгалийн шалгарлаар заяасан түүний араг яс бат бөх, чац сайтай тул нуруу ачаа 100-130 кг өлхөн даадаг, байгалийн хатуу ширүүн уур амьсгалд өл даадаг, нүүдлийн билчээрт өөрөө билчиж аяндаа өсч үржих чадвартай арчилгаа маллагаа аардахгүй, уналга эдэлгээнд тэсвэртэй, энэ гайхамшигт амьтан дайны хатуу ширүүн цагт тэсвэр хатуужлын гайхамшгийг  үзүүлсэн гэдэг юм. Түүний уушгины багтаамж их |40-50 л| тул унаанд бол нэг өртөө газарт |25-30 км | зогсолт үгүй давхих шандастай, жирийн явдлаар |маршаар| бол хоногт 90-100 км өлхөн туулдаг, мах нь илчлэг чанартай тул бээрдэггүйн дээр гэрийн тэжээмэл амьтдын дотроос хамгийн тэсвэртэй, хамгийн хурдан, хөнгөн шаламгай, хамгийн ухаалаг амьтан бол адуу юм. Түүний өвчин согогийн малчид өөрсдөө хатгаж муу цусыг гаргаад эмчилчихдэг юм. Энэ тухай МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн  нэрт сэтгүүлч  Сумъяагийн Жамбалдорж өөрийн бүтээлдээ дурссан байдаг.  
Сайн уургач морь сүрэг дундаас эзнийхээ барих гэж буй адууг жолоо дарах төдийд олж танин, хий алдалгүй даган, үйл явдлын өрнөлийг эзнийхээ оролцоогүйгээр өөрөө олж, хурдлах цагт нь хурдлаж, уургалах үед нь хэзээ сууж өгөхийг мэдэрч дөрвөн хөл нь шаантаг мэт шигдэн,  сүүлээ газар шүргэтэл сууж өгдөг юм. Барих адууг хөөх үед тойруу газрыг гишигдэл алдалгүй товчлон шууд дайрдаг элдэвтэй байдаг. Чоно хөөж сурсан морь эзнийхээ ташуур барьсан талд нь налж өгдөг юм шүү дээ. Энэ бол монгол морины гайхамшиг, өөрөө  сурсан эрдэм нь юм даа. Монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Тэдний хувьд морь бол бусад малаас нь ямагт өндөр байр суурьтай тул монгол хүн, морь хоёрын дотно харьцаа мөнхөд оршиж байдаг ажгуу. Дайны үед өмнөө тохиосон уул хад, намаг шалбааг гээд л ямарч машин техник гарахааргүй  шавар намагтай боло бусад бартаат газраар монгол морь ажрал үгүй туучин гардаг байжээ. Машин техник хэдий сайн ч чухал үед монгол морь унасан эзнээ авардаг юм даа.
Ийм морьд ч гэсэн их буун дуу нүргээн, дарийн утаа үнэртсэн дайны талбарт анх орж ирээд айж чичирч шээс алддаг байсан ч сүүлдээ адгуус хүртэл дасчихдаг юм гэнэ лээ. Дараа нь бүр тоохоо больдог, тэр ч байтугай эзнээ сэлмээ сугалан уухайлан давших үед улам ч хүч зоригтой болж урдаа яваа дайсныг араас өөрөө шууд чиглэн очдог хэмээн унасан эзэд нь хуучилдаг хэмээн аав маань дурсдаг байлаа. Иймээс дайн тулааны тэр хүнд, хэцүү үед монгол морьд бусад ямарч сайн үйлдрийн морьдыг дагуулдаггүй байсан нь ойлгомжтой. Ийм чанар, тэсвэртэй адуу дэлхийд монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол морь, түүний үнэлэмж, бидэнд заяасан хувь тавилан, эзэндээ мөнхийн нөхөр болсны учир энэ юм. Монгол адуу бол ямагт эх нутаг руугаа гүйдэг юм.  Дайны дараа нутагтаа амьд ирсэн монгол морь байгаагүй л гэдэг. Ихэнх нь дайны талбарт үрэгдсэн байх.  Цөөн тоогоор ирснийг нь хэрэг болгож анзаараагүй ч байж болох л доо. Дашрамд 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумаас Вьетнам улсад  ачуулсан агт дотор нэг хар зүсмийн азарга орсон байжээ. Тэр азарга хоёр жилийн дараа 1963 онд нутагтаа гүйж ирсэн тул Улаанбаатар хотын захиргаа авч Богд ууланд гүү хураалган тавьсан юм билээ.
Дайны дөрвөн жилд бид хагас сая шахам хүлэг морьдоо Зөвлөлтийн улаан армид илгээсэн тухай тоо байдаг юм. |заримыг нь  худалдсан байх|. Бид энэ дайнд оролцсон монгол цэрэг эрсийнхээ тоог ч нягтлан гаргаж чадаагүй болохоор морьд чухам хэд гэдгийг нарийвчлан тоолсон гэдэг нь юу л бол. Зарим эх сурвалжид мэдээлснээр бол хоригдлууд болон монгол үндэстнүүд голдуу л энэ дайны торгуулийн суманд  |эхний эгнээнд| байлдаж явсан гэдэг. Үүний дараа Монголын морьт отряд 80 гаруй мянган мориор 1945 оны чөлөөлөх дайнд оролцон тавдугаар морин дивиз хятадын Цагаан хэрмийн цаана Жэхэ, Губайху хот хүрч нийт 3 мянга гаруй км зам туулсан нь түүхэнд үлдсэн билээ. 1957 оны Солонгосын дайнд монголчууд 40 гаруй мянган агт морио бэлэглэж байлаа.  Энэ  бүх үйлсэд ямагт бид морьтойгоо л явсан. Өнөөдөр бид дээрх дайнуудад оролцсон монгол морьд амь хайргүй тулалдсан олон баатруудаас амьд үлдсэн цөөн ахмад буурлуудаасаа үгийг нь сонсож буй хамгийн сүүлчийн үеийнхэн нь бид байж ч болох юм. Дэлхийн нэгдүгээр дайнд 80 гаруй сая морь үхэж үрэгдсэн гэдэг юм билээ.
 
 Хоёрдугаар дайнд хэдэн монгол морь үхсэн нь тодорхойгүй. Харин энэ  дайны ялалтад монгол морьдын эр зориг тэсвэр хүч онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг бол үнэн юм шүү. Үүнийг хэзээ ч мартаж үл болно.
 
Гэхдээ ядарч зүдэрч, өлсөж цангаж бас хүн шиг зовлон туулж, үхэж үрэгдэж байсан даа.  Дайны дараа ганц нь ч нутагтаа буцаж ирээгүй тэгээд л өнгөрсөн гэдэг юм билээ.  Дайнд ингэж оролцсон монгол морьдод хөшөө босгосон ч буруудахгүй дээ... гэж  аав маань амьд сэрүүн байхдаа дурсан ярьдаг байлаа. Тэртээ дээр аавын маань ярьж байсан хүсэл биелэхэд тэр үед Москва дахь МУ-ын Элчин сайдын яамныхан дэлхийн дайнд оролцсон монгол морьдын хөшөөг босгох талаар ОХУ-ын төрөөс зөвшөөрөл хүсч тэд ч нааштай шийдвэрлэсэн юм. Сайхан хөшөө боссон. Хоёр монгол морь фронтын галын шугамд дайсны эсрэг тулаанд орж буй улаан армийн цэргүүдэд яаралтай хүргэхээр  намаг шалбааг дундуур чирч яваа хүрэл хөшөөг авъяаслаг монгол залуу уран барималч А.Очирбал үнэхээр гайхамшигтайгаар урлан  бүтээж 2017 онд онд Москва хотын төв хэсэгт түүхийн дурсгалт Поклонный өндөрлөгт босгосон байна лээ. Сайхан бүтээл харахад бахархал төрдөг. Энэ сэргэлэн дэнж дэх хүрэл хөшөөнд дайсны эсрэг их гарын хүнд их буу чирэн, бүтэн биеэр нь нэвчсэн хөлс, шавар шалбааг дундуур самсаагаа сарталзуулан, хоёр чихээ хулмайлган, ууц нуруугаа хотойтол, урд хоёр хөлийнхөө туурайг газар шигдтэл, сүвээний гурван хавиргаа зурайтал хамаг чадлаараа ургаш зүтгэж буй хоёр монгол морийг хөдөлгөөн дунд нь амьд мэт дүрсэлжээ  Сайн ажиглаваас холбоо  морьд өмнөх дайсныг  мэдэрч тэр зүг цоо ширтэн ачаагаа хурдан хүргэхээр, өөд газар хүч алдалгүй зүтгэж буй нь энэ бүтээлийн амин чанар, уран барималчийн авъяас билгийг илтгэж буй. Ийнхүү монгол морьдын хүч чадал, эрэлхэг агаад уран дүрийг агуу их орос орны түүхэнд мөнхрүүлэн үлдээжээ. 
 
 
Найдансүрэнгийн  Бадарч