sonin.mn
Тэртээ 1941-1945 онд дэлхий нийтийн хүн ардын сэтгэл зүрхийг түгшээн зовоосон эх орны аугаа их дайны жилүүдэд Монголын ард түмэн ах дүүгийн найрамдалт Зөвлөлтийн улаан армийн дайчдад туслах хөдөлгөөнийг бараг л дайны эхний үеэс өрнүүлэн зохион байгуулж хөрөнгө мөнгө, дулаан хувцас, хоол хүнсний зүйл, агт морь гээд сэтгэл харамгүй тусалж, түүнийгээ дайны жилүүдэд найман удаагийн “бэлгийн цуваа”-гаар фронтод хүргэж байсан удаатай.
 
 
 
Тэдний дотор Эзэн Чингис хааны үеэс эр цэргийн унаа болж ган дөрвөн туурайгаараа газрын хөрсийг тамгалан довтолж, дэлхийн талыг туулж явсан монгол морьдын удам болсон 32000 шилдэг агтаа бэлэглэн, хагас сая шахмыг худалдан 1939 онд хамтын ялалт байгуулж явсан Зөвлөлтийн улаан армийн дайчдад илгээж байсан юм. Мөн Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр “Хувьсгалт монгол” танкийн цуваа. “МОНГОЛ АРД” нисэх онгоцны эскадрилийг байгуулан илгээж “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх ухаант дээдсийнхээ мэргэн үгсийн учгийг тайлан харуулж байсан билээ.
 
 
 
Монголын төлөөлөгчид Смоленск мужийн Безовая хавьд байрлаж байсан Зөвлөлтийн сөнөөгч онгоцны хоёрдугаар корпусын 322 дугаар дивизийн гвардын хоёрдугаар хорооны нисгэгчдэд 1943 оны есдүгээр сарын сүүлчээр хүлээлгэн өгсөн “Монгол ард" нисэх онгоцны эскадрилд тэр үеийн байлдааны шилдэг техникийн нэг “Ла-5” загварын 12 бөмбөгдөгч онгоц байжээ. Эскадрилийн нисэгч дайчид хажуу тал дээрээ “Монгол ард” гэсэн нэртэй шинэ онгоц хүлээж аваад байлдаанд бэлтгэл ханган Витебек Оршийн тулалдаанд Балтийн нэгдүгээр фронтын бүрэлдэхүүнд шилжин агаарт хөөрч, атаат дайсны толгой дээр бөмбөг мултлан тэнгэрт тэдний “Хас” тэмдэгтэй онгоцуудтай халз тулалдаж эхэлжээ. 1943 оны аравдугаар сарын 17-ны өдрийн агаарын тулалдаанд “Монгол ард” эскадрилийн орлогч гвардын ахлах дэслэгч Н.Е.Зенькович, нисэгч А.Я.Дмитриевский нар Германы “Хейнхель-111” онгоцыг сөнөөснөөр эскадрилийн ялалтын түүхийг нээж байжээ. Балти хавийн I, II фронтын дайчид Витебийн чиглэлээр байлдаж, Беларусст хориглон хамгаалж, армиудын “Төв” бүлгийг умраас нь тойрон бүсэлжээ...” хэмээн дэлхийн хоёрдугаар дайны товч түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр “Төв” бүлэг гэдэгт нь дайсны 70 гаруй дивиз байсан гэдэг.
Энэ тулаан 5300 нисэх онгоц бүхий Балти орчмын нэгдүгээр Беларусын гурван фронтыг татан оролцуулсан болохоор тэдний бүрэлдэхүүнд байсан орны ард түмний нэрийн өмнөөс “Монгол ард" нисэх онгоцны эскадрилийн нисгэгчид тулалдаж явсан хэрэг. Тэгээд ч Орловын орчимд болсон агаарын тулалдаанууудад алдраа дуурсган дайсны 21 онгоцыг сөнөөсөн тухай мэдээг сэтгүүлч Ц.Түдэв бичсэн байдаг билээ. 1943 онд Эскадрилийн дарга Н.П.Пушкин нисэх хорооны орлогчоор дэвшин явахад түүний орлогч байсан Н.Е.Зенькович эскадрилийг командлах болжээ. Тулалдааны тэнгэрт дайсны зургаан онгоц сөнөөж бараг зуугаад удаа байлдааны нислэг хийсэн ахлах дэслэгч Н.Е.Зенькович туршлагатай, зоригтой шилдэг дарга байжээ.
1943 оны сүүлчээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид фронтын галын шугам дээр хүрэлцэн очиж Монголын ард түмнээс улаан армийн дайчдад илгээсэн бэлэг сэлтийг гардуулан эскадрилийн анхны дарга ЗХУ-ын баатар Н.П.Пушкин, эскадрилийн дарга Н.Е.Зенькович, нисэгч Н.М.Резников, нисэх хорооны комиссар Г.Ф.Семикин нарт БНМАУ-ын төрийн дээд шагнал “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” гардуулж, “Хажуу бөөрөн дээрээ “Монгол ард” нэртэй Хан тэнгэрийн хөлөг “Ла-5" онгоцоор дайсны толгой дээр бөмбөг тэсэлж, амжилттай тулалдаж яваа баатрууддаа монгол түмнийхээ халуун мэндийг хүргэж мохошгүй зоригийг тань бишрэн хүндэлье. Яргачдыг хурдан сөнөөн дарж ялалтын дуугаа дуурсгах болтугай" гэсэн утгатай талархлын үг хэлж байжээ. “Монгол ард" нисэх онгоцны эскадрилийн дайчид 1944 оны зургадугаар сарын 23-наас наймдугаар сарын 29 хүртэл үргэлжилсэн Беларусыг чөлөөлөх байлдаанд 23 удаа орж фашистын Германы 24 онгоцыг сөнөөж, дайсны амьд хүч болон зэвсэг техник ачаа бараатай 30 автомашин, их бууны тоот галт тэрэгний цуваа зэргийг устгасан байна. Бага дэслэгч Дюльдин өөрийн онгоцыг татаж эхлэхэд тэртээ 1939 онд Халхын голын нэгэн тулалдааны хорооны дарга хошууч Михайл Бурмистраас байлдааны тушаал авсан, 10 бөмбөгдөгч онгоц агаарт дүүлэн нисэж дайны байрлалыг бөмбөгдөв. Нисэгч Ю.Юкины онгоц бүхээгт Н.Гастело, буудагч холбоочин Н.Разбойников нар дайсны дээр бөмбөг хаяж, яргачдыг буудаж явжээ. Тэд үүргээ гүйцэтгээд буцах гэтэл зай завсаргүй буудах дайсны зенитын суманд онгоц нь оногдож шатаж эхлэхэд Ю.Юкин өөрөө дайсны бөөн хүчин дээр “галт бөмбөг” болгон онгоцоо буулгаж байсан эрэлхэг гавъяаг хожим эх орны дайны эхэн үе 1941 оны зургаадугаар сарын 24-нд агаарын тулалдаанд мөнөөх Николой Гастелло давтан “халз мөргөлт” хийж дайсны танкийн цувааг сөнөөж мөнхийн гавьяа байгуулжээ. 1945 оны хоёрдугаар сард л гэхэд ахмад Н.Е.Зеньковичийн удирдан агаарт хөөрсөн таван бөмбөгдөгч онгоц дайсны “ФВ-190” загварын найман онгоцтой агаарт тулалдан 4-ийг нь сөнөөж байв. Мөн 1945 оны 4-р сарын 16-нд Берлиний операци эхэлсэн өдөр “Монгол ард” эскадрилийн ахмад А.И.Майровын удирдлагад ниссэн 18 нисэгч Германы Нойвельцийн нисэх онгоцны буудал руу хоёр удаа дайралт хийн бөмбөгдөж дайсны олон тооны онгоц зэр зэвсгийгагаарт хөөрөхөөс нь өмнө устгасан байна.
 
 
 
“МОНГОЛ АРД” эскадрилийн дайчид Берлиний тэнгэрт 14 удаа хөөрч “МЕ 109”, “ФВ-190" онгоц 20-ыг сөнөөж алдар гавьяаныхаа түүхийг арвижуулж байсан удаатай. “Монгол ард” эскадрилийн дайчид Польш, Дорнод Пруссийг чөлөөлөх Чехословакийн нутаг болон нийслэл Праг хотыг дайснаас авах зэрэг олон тулаанд амжилттай байлдаж, гавьяа байгуулжээ. Тэгээд ч “Монгол ард” эскадрилийн хорооны дайчдаас Н.П.Пушкин, М.Е.Рябцев, Е.П.Кондрат, А.И.Майров, Ф.М.Косопалов нарын нисэгч ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж байжээ.
 
 
 
Иймээс ч Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан Зөвлөлтийн улаан армийн нисэх хүчний нэгээхэн хэсэг болох “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийнхны алдар гавьяа аугаа их эх орны дайны түүхэнд нэгэн хуудас болон дуурсагдах нь лавтай.
 
Ю.САНЖААГОНЧИГ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин