sonin.mn
Ялалтын баяр тойрсон омогшил, бахархал басхүү эргэцүүлэл дүүрэн өдрүүдэд “Зууны мэдээ” сонин тун “хачин” зочинтой уншигчдаа уулзуулж байна. Гавьяа байгууллаа гэж олонд зарлаж яваагүй ч исгэрэх сумыг сөрж бүхэл бүтэн аймгийн төвийг арав гаруй мянган хүн амтай нь аварсан Д.Цогтбаатарын амьдралын тойрогт саатлаа.
 
Энэ гавьяагаараа нэгэн үе “Монгол Улсын баатар” цолонд тодорхойлогдож явсан ч цэргийн нууц  нэрийн дор 30 жил нууц үлдсэн. Ийм л энгийн эрхэм хүн бидний дунд чимээгүйхэн оршин байна. Хүний орчлонд нэртэй, мөртэй явснаа зөвхөн өөртөө хадгалаад мартчихсан түүний чин сэтгэлийн үгийг хачиргүйгээр сийрүүллээ.  
 
“ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН ГАЛЧ ХИЙХГҮЙ ГЭЖ ГАЙХУУЛЖ ЯВСАНГҮЙ”
 
 
Гэргий Г.Гэрэлийн хамт.
 
Монгол Улсын аюулаас хамгаалах сургуулийн нэр дээр Дундад Азийг зорьж Киргизийн нийслэл Бишкект суралцаж, цахилгаан гагнуурын Оросын дөрөвдүгээр зэрэг хамгаалаад ирсэн Д.Цогтбаатар тухайн үедээ улсын урдаа барьдаг мэргэжилтэн байв. Гагнуурчин, угсрагч мэргэжлээр хоёр жил хагас сурахдаа улаан диплом өвөртлөөд ирсэн 18 нас ч хүрээгүй залууг газар газар л булаацалдаж. Эцэст нь Хөдөө аж ахуйн барилга трестэд орж Дорноговийн тэжээлийн фондыг барих ажлыг хариуцан төрж өссөн нутгаасаа ажлын гараагаа эхэлсэн нь 1968 он байлаа. Говийн атар газарт үнэлгээ хийж зураг төсөл, цахилгаан гээд бүхнийг төлөвлөж явжээ. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт аав, ээж нь хоёулаа инженер хийдэг учраас Д.Цогтбаатар багаасаа л дэргэд нь өсчээ. Тиймдээ ч хожим  нефтийн үйлдвэрт ажилд орохдоо сургалтад нь ч суухгүй ажлын үзүүлэлтийг нь авч уншчихаад шууд тэнцэж нефть нэрэх ажилд шамдаж явсан үе ч бий. Дараахан нь 1969 онд цэргийн албанд татагдсан ч Батлан хамгаалах яамны гаднах хайс, пуужингаас эсэргүүцэх ангийн халаалтын шугам гээд хаа сайгүй гагнуур хийсээр байгаад л халагдсан тухайгаа “Яамны хайсыг ганцаараа гагнасан. Хажуугаар нь яамны жолооч нар машинаа аваад ирнэ. Тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Дорж генералын орон сууцны дулаалгыг ч гагнаж явлаа. Гурван жил төмөртэй ноцолдсоор байгаад бараг л цэргийн алба хаагаагүй дээ” гэлээ. Цэргээс халагдахдаа мөн л Зүүнбаянгийн уурын зуухнаас цэргийн анги руу татсан дулааны шугам гагнах томилолт өвөртөлсөн байна.
 
Д.Цогтбаатар олон ч ажил сэлгэжээ. Ихэвчлэн тушаал дагаж хэрэгтэй цаг үед нь хувь, хувьсгалын аль алинд нь хэзээд бэлхэн зүтгэж явсан байдаг. Дорноговь аймгийн усны аж ахуйн өрмийн мастер, бригадын дарга, гагнуурчин, жолоочийн ажлыг нэгэн зэрэг хийж, Хар айргийн жоншны үйлдвэр нээгдэхэд мэргэжлийн гэдэг утгаараа цахилгаанчин гагнуурчнаар очжээ. Жоншны үйлдвэрт аавтайгаа хамт гурван жил ажиллаад аавыгаа өөд болсны дараа ажлаасаа гарч ижийгээ аваад нутагтаа буцахдаа Зүүнбаян руу түр цэрэгт ч явж үзсэн байна. Дараа нь 1978 онд улсын хэрэгцээ гэдэг нэрээр дахин цэрэгт татагдсанаар амьдралдаа гурван удаа армийн зарлан өвөртөлсөн гэдэг. Харин тэр болгонд мэргэжил нь түүнийг мулталчихдаг байж. Тухайн үед хийн, цахилгаан гагнуурыг хамтад нь хийдэг хүн тун ховор байсан учраас байгууллага бүр л урвуулж авах гэж үзнэ.
 
 
 
Гэхдээ тэр өндөр боловсрол, ур чадвартай гээд ажил голж явсангүй. Гагнуурчин, цахилгаанчин, жолооч, дуудлагын слесарь, уурын зуухны галч, усны тэрэг барих, суманд цагдаагийн төлөөлөгч гээд нөөц дутмаг бүхий л ажлыг хийж байсан тухайгаа Д.Цогтбаатар “Тэр үед өнөөгийн хүүхдүүдтэй адил би гадаадад сургууль төгссөн, хэл устай галч хийхгүй гэж гайхуулж явсангүй.
 
 
 
Ажил л байвал хийнэ. Аюулаас хамгаалахын сургууль төгссөн цэргийн хүн учраас үүрэг өгвөл дуугүй  дагадаг байлаа” гэв. Тэрээр 1980 онд Гал командын жолооч, 1981 оны хавар Говь-Сүмбэрт цагдаагийн групп байгуулж орос хариуцсан аюулаас хамгаалахын төлөөлөгч хийх болов. Ажил үүргээ гүйцэтгэж яваад айхавтар осолд орж хагас жил эмнэлгийн орноос салаагүй үе ч түүнд байлаа. Ёстой л туг ч барьж тугал ч хариулж явсан түүний амьдралын зам мөр ээдрээ нугачаан дунд өнгөрсөн. 
 
БИ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭД Л ИРСЭН
 
Д.Цогтбаатар 1983 онд Гал командад ажиллаж байв. Энэ үед Сайншандаас 4-5 км зайд Орос цэргийн зэвсгийн агуулах дэлбэрч, аймаг бүхэлдээ сүйрч ч мэдэхээр аюул тулжээ. Тэр үед өөрөө мэдээгүй ч аймгийн 13 мянган хүний амийг авч, байшин барилга сүйтгэлгүйгээр авч үлдэхийн тулд гурвуулахнаа 14-15 цаг ухаан сөхөөгүй ус, хөөс зөөж дөрвөн км урт, хоёр метр өргөнтэй зэвсгийн агуулахыг аюулгүй болгож галыг дэлбэрэх бодист нь хүргэлгүй унтрааж чадсан гэдэг. Энэ тухай өдгөө 30 жилийн тэртээхийг Д.Цогтбаатар ингэж ярилаа. “Тэр үед бид зуны хувцсандаа орчихсон байсан. Хавар тавдугаар сар санагдаж байна. Өглөөхөн нь ажлаасаа бууж ирчихээд унтаж байтал эхнэр “Их дуу чимээ гарч, янз бүрийн зүйл үнэртээд байна. Одоо чамайг дуудах байлгүй. Босч хоолоо ид” гээд сэрээсэн.Тэгж байтал нэг шинэ цэрэг гүйгээд ирлээ. Яваад очтол албаны хэдэн хүн ирчихсэн хүлээж байна. Шалавхан хуучирч муудсан тэргээ засч янзлаад хоёр шинэ цэргээ аваад тавуулаа Сайншандын баруун хойд руу давхилаа. Тэнд “Офицерууд” нэртэй Оросын цэргийн ангийн зэвсгийн агуулах байсан юм. Яваад очихнээ тэжээлийн фонд руу гал авалцаж, Орос цэргүүдийн амьдардаг байшин шатаж байна. Энд тэндгүй л бууны сум шунгинаж оногдсон болгоноо сүйтгэж, галдаж байсан. Цэнэгтэй сум халаад тэсрэхээрээ хаашаа ч хамаагүй нисдэг юм байна лээ. Эгнүүлээд тавьсан “ЗИЛ 31” машинуудыг оноход дээш нь харуулаад л хаяна. Тэнд байсан хүмүүсийн ярьснаар зэвсгийн агуулахыг хамгаалж байсан цэрэг хураасан сумны хооронд туулай гүйхээр нь сургуулийн сумаар буудаад гал алдчихаж. Гэтэл олон жил өнжсөн өвс асаад сум руу орчихсон гэдэг юм. Бид ч машинтайгаа давхиж очоод ус, хөөс цацлаа. Дуусахаар нь буцаж гал команд руу очиж хөөс дүүргээд, худгаас ус аваад хөдөлтөл энд тэндгүй айлын хашаа шатлаа гээд дарга нар буугаад алга болсон. Хоёр шинэ цэрэг бид гурвуулаа буцсан. Орос цэргүүдийн эхнэр хүүхэд цөм вокзал дээр очсон байв.
 
Буцаад иртэл орос хошууч давхиж ирээд “Яасан аминдаа хайргүй хүн бэ. Бушуухан буцаад яв. Наад гал чинь удахгүй толл-д хүрч тэсрэх бодисууд дэлбэрвэл тэр үед Сайншанд байхгүй болно шүү” гэж хэлчихээд давхиад явсан. Тэгэхэд нь “Би эх орондоо тангараг өргөж, үүрэг хүлээсэн жагсаалын цэрэг” гэж хэлсэн. Гэтэл дахиад Оросын  дэд хурандаа ирээд бушуухан холдохыг сануулсан. Би хэлдгээ л хэллээ. Гэтэл “За би чамд нэг зүйл хэлье. Метр 50 см-ийн зайд хөөс, ус хийж чадвал аврагдаж том дэлбэрэлт болохгүй. Үгүй бол бүгд дуусна” гэж хэлчихээд давхичихлаа. Гал авалцаж, бууны сум хуурсан будаа шиг үсчиж байхад юугаа ч мэдэхгүй тушаал авсан цэрэг хүн л байлаа. Гол командын цэргүүд хоёр хуваагдаад дэлбэрсэн агуулахаас нэлээн зайтай тэжээлийн фонд, оросуудын сууцанд гарсан түймрийг унтраахаар хуваарилагдан ажиллаж байсан. Нэг харсан чинь биднээс өөр хүн байтугай машин ч байхгүй болчихсон.
 
Бид гурав зэвсгийн агуулахаас км гаруй зайтай галын депогоос ус, хөөс тасралтгүй зөөсөн. Сум ирэх байсныг ч мэдэхгүй. Анзаараагүй. Тасралтгүй хөөс, ус зөөж хайрцагтай сумнууд руу шаланкаар цацаад байсан. Хоёр цэргээрээ шаланкны ам бариулж байгаад л даралт өгнө. Хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Ямар ч байсан чимээ анир гарахаа больж, утаа униаргүй болохоор нь болчихлоо гэж бодсон. Одоо бодоход цамцны ханцуй, өмдний шуумаг тасарч, малгайны орой цоорч энд тэндгүй уранхай, шалбархай. Бөөрөнхий улаан юм байхаар нь аваад шидсэн чинь цог байсан юм байлгүй гарын алга юу ч үгүй түлэгдсэн байсан. Урт нь дөрөв, өргөн нь хоёр км хураалттай зэвсгийн агуулахыг баруун захаас нь зүүн зах хүртэл нь ус хөөс цацсан юм даг. Машинтай, явганаар хэд ч тойрсон юм бүү мэд. Үдийн 14:00 цагт очоод шөнө дунд болж байхад гал намжсан. Шөнийн 03:00 цаг болж байсан санагдаж байна. Анх 200 литр ус, дөрвөн тонн хөөстэй очсон. Оросын депогоос хэдэн удаа ч зөөсөн бүү мэд. Тонн гаруй хөөс лав цацсан. Ус ч их орсон байх.
 
 
 
Орос цэргүүдийн хэлснээр сумнаас метр гаруйн дор байсан тэсрэх бодист гал хүрсэн бол аюултай юм болох байсан биз. Дээд талд хураасан сум бүгд дэлбэрээд толл, тэсрэх бодист хүргэлгүй унтрааж чадсан юм болов уу. Тэгэхэд Дорноговийн арваннэгдүгээр баазынхан онц ажилласан байна лээ. Бүх хүмүүсийг ачиж аваачаад Сайншандаас арваад км-т жалгын хойд талын нуувчинд аваачсан байсан. Зэвсгийн агуулах дэлбэрсэн газраас лав 3-4 машин хонгио цуглуулсан. Сумыг Зээгийн хөтлийн овоо руу цацчихсан байдаг. Сумны ихэнхийг тийш нь чиглүүлж хураасан болохоор уул руу “буудсан” хэрэг.
 
 
 
Чимээ аниргүй болж нэг ч машин тэрэг явахгүй болохоор нь гурвуулаа буцаад давхиж явтал тэрэг унтарчихлаа. Буугаад хартал мотороос нь утаа саагаж байна. Машин энд тэндгүй цуурч онгойчихож. Тэгээд ажил дээрээ яваад очтол нэг ч хүн алга. Заал руу шагайвал ажлын жолооч намайг харангуутаа гүйж ирээд уйлаад, барьж үнсээд сүйд. Гэтэл манайхан “Амьд хүрээд ирлээ. Юу болов” гэцгээж байна. Тэгэхээр нь “Үүргээ биелүүлчихээд ирлээ” гэж хэлсэн. Бид гурвыг эмнэлэгт хэвтүүлж, боолт тавиад сүйд боллоо. Сүүлд сонсохнээ манайхан зааландаа цуглачихаад бид гурвыг бурхны оронд явчихлаа гэж бодоод эмгэнэл илэрхийлэх гэж байсан юм билээ. Маргааш нь амраад гэртээ байж байтал гал команд дээр очиж урд шөнө юу болсныг ярьж өг гэлээ. Дайнд ороод шархтсан аятай амьтан л явлаа. Манайхан надад “Оросын баатар” гэж нэр өгчихсөн. Манай аж ахуйн дарга намайг дуудаад “Чамайг баатарт тодорхойлж байгаа юм байна” гэлээ. Тухайн үед Сайншандын Гал командын даргаар Чойжоо ажиллаж байсан юм. Би ахлагч цолтой, нөгөө хоёр маань шинэ цэрэг байсан болохоор намайг тодорхойлсон юм байлгүй гэж бодоод өнгөрсөн.Одоо надтай хамт ус, хөөс зөөж явсан Дэлгэрцогт, Баасандорж хоёр маань хаана явдгийг бүү мэд” гэж даруухан өгүүлэх. Гэхдээ л хоолой нь үл мэдэг чичрээд байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэд бусадтай адил зугтсан бол гал тэсрэх бодист хүрч Сайншанд дэлбэрэх байсан биз. Бид гагнуур хийж явсан, сахилгагүй цэрэг байсан тухай нь эргэн дурсч яриагаа бараг өндөрлөх дөхөхөд түүнээс “Баатар” цолны тодорхойлолт юу болсон бол гэхэд “Зэвсгийн агуулахыг цэргийн нууц гэж үздэг. Дэлбэрэлт болсны дараа Оросууд бүгд гараад явчихсан. Намайг баатарт тодорхойлоод очиход нь хоёр улсын харилцаа муудна. Түр хүлээж бай гэсэн яриа дуулдаж байсан. 
 
 
2002 онд Говьсүмбэр аймгийн цагдаагийн 40 жилийн ойгоор ахмадуудаа хүлээж авч уулзах үеэр.
 
Дорноговийн Онцгой байдлын алба өнгөрсөн жил 50 жилийн ойгоо хийсэн. Гэтэл манай зээгийн нөхөр тэнд ажиллаж таараад таны нэр байна лээ гэж байна. Дараахан нь надад урилга ирсэн. Би чинь Говь-Сүмбэрийн онцгой, цагдаагийн ууган ажилчдын нэг шүү дээ. Яваад очтол надтай хамт ажилласан хоёрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан гэсэн. Би тухайн үед Сүмбэр сум руу шилжсэн байсан учраас өөр хүнд өгсөн юм болов уу. Би дараахан нь ажлаасаа гарч Говь-Сүмбэрийн гэрээт пост, Цагдаагийн газрын даргын жолооч хийсэн. Намайг олоход ч уг нь амархан л даа” гэж байна. Онцгой гавьяа байгуулсан байхад хэн ч дурсдаггүй. Та эргээд бодоход гомддог уу гэхэд “Нас ахисан хойно. Одоо л бодож байна. Тэр үед  25 дайсан алсан хүнд баатар өгдөг байхад 13 мянган хүнтэй аймгийн төвийг байшин барилгатай нь аюулгүй авч үлдсэн юм болов уу гэж бодогдсон. Гомдоод байх ч юу байх вэ. Одоо бараг 90 нас хүрлээ дээ. Энэ ч яахав болоод өнгөрсөн хэрэг. Би чинь уг нь Говь мэргэ вангийн хошууны сүүлчийн ноёны зээ шүү дээ. Эмээ Дуламсүрэн маань ноёны хатан байсан. Удам угсаагаар яривал ван гүн залгамжилсан том хүн байх нь. Аав бас том ламын хүүхэд. Өвөө Монголд анх удаа хавирганы ясаар мэс засал хийж байсан Наваан лхаарамба гэж байсан” хэмээн инээмсэглэсээр яриагаа өндөрлөв. Тэдний зургаан хүүхэд тус бүртээ амьдралаа хөөж, Д.Цогтбаатар өсч төрсөн нутагтаа энх тунх амьдарч байна. Энэ яриа болсноос хойш “хэнд”  баатар цол олгодог нь сонирхол татаад болдоггүй. Википедиагаас хайж үзвэл ““БНМАУ-ын баатар цол”-ыг эх орноо батлах хамгаалах үйл хэрэгт амь бие хайргүй зүтгэж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавъяа байгуулсан хүнд олгоно” гэжээ. 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин