sonin.mn
Энэ өдрүүдэд УИХ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын төслийг хэлэлцэж буй билээ. Үүнтэй холбогдуулан бид 2014 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын төсөлд тухайн үед судлаач Р.Эрхэмбаярын бичиж, Байгаль орчин,ногоон хөгжлийн яамны удирдлагад  өгсөн санал дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Энэ материал өнөөгийн хэлэлцүүлэгт ч онол,арга зүй,агуулгын хувьд ач холбогдолтой байгаа ажээ.  
 
“НОГООН СОЁЛ ИРГЭНШИЛ”  хэмээх стратегийн баримт бичгийн төсөлд өгөх зарчмын үнэлгээ, дүгнэлт
 
Энэхүү баримт бичгийн төсөлтэй (2013 оны 5дугаар сарын 9-ний өдрийн хувилбартай) танилцаад дараах товч санал,дүгнэлтийг гаргаж байна. Үүнд: 
I.0. Энэ баримт бичиг ямар статустай байхыг юуны өмнө тодорхой болгох шаардлагатай байна. 
1.1.“Ногоон соёл иргэншил” гэх нэр, мөн “Монгол Улсын 2030 он хүртэлх хөгжлийн үндэсний стратеги” гэх дэд гарчгаас нь харвал эрэмбэ зэрэглэл,онол,арга зүйн төвшний хувьд улс,үндэсний хөгжлийн асуудлыг бүхэлд нь зангидсан, стратегийн хамгийн том (“малгай”) баримт бичиг болох ёстой мэт. Гэтэл агуулга,чанар чансаа нь энэ том зорилго,эрмэлзэлд нийцэхгүй хэт жулдаж байна. 
“Ногоон хөгжлийн тэргүүлэх салбарт эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй /мал аж ахуй/, ой, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, усан хангамж, ариун цэврийн байгууламж,  дэд бүтэц, барилга хот байгуулалтыг “ногоон болгож” хөгжүүлэхэд тулгуурласан хөгжлийн ... чиглэлийг хамруулахаар энэхүү стратегид тусгалаа” гэсэн нь (2-р хуудсанд)  том гарчиг,зорилгодоо дүйцэхээргүй нэлээд явцуу хүрээг сонгон авсныг илэрхийлнэ. (Үүний улмаас ялангуяа дээд эрэмбийн бодлогод зайлшгүй шаардлагатай байдаг иж бүрэн,цогц шинж чанар “мордохын хазгай” гэгчээр анхнаасаа алдагдаж эхлэхэд хүрчээ.)
1998 онд батлагдсан “Монгол Улсын ХХI зууны тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн “зорилтыг өнөө үед дэлхий нийтийн хэмжээнд дэвшигдэн гарч байгаа “ногоон хөгжлийн бодлого”-той уялдуулан шинэчлэн сайжруулах шаардлагатай байна” гэснээс (2-р хуудсанд) ургуулан бодвол өмнөх хөтөлбөрийг орлох зиндааны бичиг гаргах зорилготой мэт.
 
“Улс орны хөгжлийн нэгдсэн бодлого тодорхой бус...” гэсэн  (4-р хуудсанд) зөв дүгнэлт хийснээс нь үзвэл энэ байдлыг гэтлэн давах зорилго тавьж байгаа юм болов уу гэмээр.
2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой хэрхэн уялдаж буй, түүний үргэлжлэл,нэмэлт байх эсэх, эсвэл өмнө нь боловсруулагдсан стратегийн олон баримт бичгийг үзэл баримтлалын хувьд нэгтгэж холбосон, тэр ч байтугай нөхөн орлохуйц хэмжээний бичиг болох учиртай юм уу гэдэг асуулт ч хариултгүй үлдэж байна.
 
Иймэрхүү бүрхэг,ойлгомжгүй байдлыг арилгаагүй цагт шинэ баримт бичиг маань одоо байгаа стратегийн хөтөлбөрүүд,бодлоготой ямар харьцаа,хамааралтай байхыг зөв  тогтоох аргагүй бөгөөд баримт бичгийн бүтэц,агуулга, хамрах хүрээ,хэрэгжүүлэх арга механизм зэргийг ч оновчтой тодорхойлоход хүндрэлтэй.
Зорилго,агуулгын энэ зөрчлийг анхнаас нь зөв шийдвэрлэхгүй бол энэ баримт бичиг ногоон хүсэл мөрөөдлийн жагсаалт,гоё үгсийн цуглуулга болж хувиран, хэрэгждэггүй ба хэрэгжих боломж угаасаа муутай салбарын хийгээд үндэсний хэмжээний олон арван баримт бичгийн хувь заяаг хуваалцаж мэдэх юм.
1.2. “Ногоон соёл иргэншил”,”ногоон хөрөнгө оруулалт”,”ногоон өсөлт”,”ногоон зээл”, ”ногоон татвар”, “ногоон бүтээмж”,”ногоон технологи”,”ногоон худалдан авалт”,”ногоон бүтээгдэхүүн” гэх мэт ухагдахуун,нэр томъёоны дор яг юуг ойлговол зохилтойг тайлбарлах хэрэгтэй санагдана. Эс бөгөөс цаашид ихэнх юм ногоон нэр,шошго зүүдэг болж, улмаар холион бантан үүснэ. 
(”Ногоон эдийн засаг”-ийн тодорхойлолтыг НҮБ-ын БОХ-ээс өгсөн томъёоллоор 1-р хуудсанд, “ногоон хөгжил”-ийн тайлбарыг  5–р хуудсанд дурджээ. Гэхдээ эдгээрийг  илүү нарийвчилвал зүйтэйсэн. “Тогтвортой хөгжил”-ийн тухайд бол Брундтландын комиссоос оноосон тодорхойлолт бүрхэгдүү байсан нь хожим энэ нэр томъёог бүхий л юманд хамаатуулан хэрэглэх нэг угтвар нөхцөл болж, улмаар энэ чухал үзэл санааны нэр хүндийг бууруулахад нэрмээс болсныг мартах ёсгүй.)
2.0. Үндэсний хөгжлийн цогц бодлого,Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөртэй эн зэрэгцэх, тэр ч бүү хэл тэдгээрийг орлож давах ач холбогдолтой баримт бичиг болох ёстой гэж төсөөлж буй бол одоо байгаа төсөл нь агуулга,арга зүйн талаасаа дээд эрэмбэ, зэрэглэлийн төрийн бодлогын баримт бичигт тавигддаг хатуу шаардлага,шалгуурыг хангаж чадахгүй байна. Үүнд дараах хүчин зүйлс голчлон нөлөөлжээ:
2.1. Дэлхийн ба Монголын хөгжлийн өнөөгийн бодит нөхцөл байдал, хүрсэн төвшин, тулгамдсан асуудлуудад хийсэн цомхон атлаа нухацтай дүн шинжилгээ (хийсвэрлэлийн өндөр төвшинд боловсруулагдсан 30-50 хуудас хавсралт материал) үгүйлэгдэж байна.
Үүний улмаас хөгжлийн стратегид хамаарах ерөнхий ба онцлог (зөвхөн Монголтой холбоотой) үндэслэл,гаргалгаанууд хэт товч ба дутуу дулимаг тусгагдсаны зэрэгцээ өөр хоорондоо зөрчилдсөн,эсвэл авцалдаа,оновч муутай дүгнэлт,баримтууд ч бичигджээ.
Жишээ нь, “Монгол Улс 1995-1998 онд “ Монгол Улсын ХХI зууны тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр”, аймгуудын тогтвортой хөгжлийн хөтөлбөр зэргээ боловсруулж 1998 онд батлан гаргаж, өнгөрсөн 10 гаруй  жилд Засгийн газруудынхаа мөрийн хөтөлбөрт шингээн амжилттай хэрэгжүүлж ирсэн болно” гэсэн хуудуутай дүгнэлт хийжээ (2-р хуудсанд). Гэтэл үнэхээр л “амжилттай хэрэгжүүлж” ирсэнсэн бол Монгол Улс,үндэстэн өнөөгийн байдалд яавч орохгүй байх байсан нь хэнд ч тодорхой. Монголын нийгэм,түүний эдийн засаг ямар байдалд байгааг дутуу ойлгож байгаа нь эндээс харагдана.
 
 
 
“Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орсноор ...2011 онд 10,8 их наяд байсан ДНБ нь 2016 онд 3,5 дахин өсч 1 хүнд ноогдох ДНБ 10,000 ам.доллар болно. Ийнхүү ...эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж буй манай орны хувьд ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрэн байна” гэж (2-р хуудсанд) дүгнэсэн нь дэндүү болчимгүй төдийгүй Оюу Толгойн эргэн тойронд үүсээд буй ноцтой нөхцөл байдлын талаар төсөөлөл ч үгүй байгааг гэрчилнэ.  
 
 
 
Бодит байдалд хийсэн нэн шүүмжлэлтэй дүн шинжилгээг орхигдуулсан онол-арга зүйн алдаа нь хөнгөн хийсвэр ба буруу дүгнэлтэд хүргэж байгаагаас гадна хамгийн гол нь шийдвэрлэх асуудлуудыг зөв тодорхойлох,оновчтой гарц шийдлийг эрэлхийлэхэд сөргөөр нөлөөлжээ. Энэ нь төслийн бусад бүлэг,хэсгээс ч анзаарагдаж байна.
2.2.  Асуудлыг Монгол Улсын өвөрмөц нөхцөл байдалд тохирсон хөгжлийн загварын төвшинд сэтгэн бодож томъёолж чадсангүй.(Энэ бол манай бүх бодлого,хөтөлбөрийн хамгийн том дутагдал байдаг юм.)
2.3. Нийгэм,эдийн засаг,эрх зүйн чиглэлийн дорвитой үндэслэл,санаа,гаргалгаанууд хомс буюу зарим талаар байхгүйтэй адил байна. 
Тухайлбал, дэлхийн капиталист системийн,түүний дотор эдийн засгийнх нь төлөв байдал, зөрчил, хямрал, хандлагын талаар (“эрчим хүч,хүнс,санхүүгийн хямрал”,”дэлхийн нийгэм-экологийн тогтолцоо томоохон эрсдэлийг давж гарах чадавхи мөхөс болж байгаа” гэснийг эс тооцвол) юу ч алга. 
Монголын нийгэм, эдийн засгийн онцлогууд хангалтгүй бичигджээ. Эдийн засгийн даяаршилд хэрхэн үр ашигтай оролцох вэ? улс үндэстнээ сөрөг нөлөөнөөс нь хэрхэн хамгаалж аврах вэ? гэх зэрэг том том асуудлууд ер хөндөгдөөгүй байна.  
Ногоон хөгжлийн түлхүүр хүчин зүйл,нөхцөл болох Монгол Улсын шинжлэх ухаан,техник,технологийн чадавхийн асуудал (“боловсрол, шинжлэх ухаан,технологид хөрөнгө оруулах замаар ...мэдлэгт суурилсан олон тулгуурт эдийн засагтай болгох” гэж 5-р хуудсанд ерөнхийлөн заасан, мөн зорилт 6.3.-д “Шинжлэх ухаан,технологийн судалгааны санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2%, 2030 онд 3%-д хүргэнэ”,мэдлэг,боловсрол,чадварыг дээшлүүлнэ гэх мэт заалтуудыг эс тооцвол) үндсэндээ орхигдсон байна. 
Нийгмийн хөгжлийн формацийн онол, соёл иргэншлийн онол, тэдгээрийн харьцаа,уялдаа хамаарлаас ургуулан Монголын нөхцөлдөө зориулан хийсэн дүгнэлт,санаанууд ч алга.
2.4. Эдийн засгийн шинжлэх ухаанд тулгуурласан үнэлгээ,дүгнэлт,гаргалгаа тун чамлалттай тусгагдсан байна. Энд ялангуяа эдийн засгийн ямар (чанарын ба тооны) өсөлтийг хэрхэн хангах вэ? дэвшүүлж буй зорилтууддаа хүрэх санхүү-эдийн засгийн эх үүсвэр,чадавхийг хэрхэн үүсгэж бүрдүүлэх вэ? гэх макро төвшний амин чухал асуултуудад хариулт болчихоор зүйл алга. 
Ногоон хөрөнгө оруулалт, ногоон зээл,ногоон татвартай болно,бэлчээрийн даац ашиглалтын ялгавартай татвартай болно,байгалийн нөөцийн өртгийн үнэлгээг тогтооно гэх мэт санаанууд мэдээж сайшаалтай зүйл боловч хангалтгүй юм. Энэ чиглэлээр төслийг ихээхэн сайжруулахгүйгээр ”ногоон эдийн засаг”-т  шилжинэ гэж бичих нь утга, үндэслэл багатай болохоор байна.
 
 
 
Ерөөс “хөгжил” гэх үзэгдэл,үйл явцыг нөхцөлдүүлж тодорхойлдог гол гогцоо асуудлуудын талаар даацтай судалгаа, дүгнэлт,санаа,онолгүйгээр Монгол дахь ногоон хөгжил, соёл иргэншлийн талаар зөв бодлого боловсруулах боломжгүй юм.
 
 
 
2.5. Монгол орон дахь эдийн засаг,экологийн зөрчлийн үндсэн талбар болтлоо хурцдаж даамжраад буй уул уурхайн үйлдвэрлэлийг зохицуулан залуурдахад үндсэн чиг үүрэг бүхий БОНХЯ-ны бодлого,байр суурь онцгой ач холбогдолтой билээ. 
Тиймээс төсөлд энэ чиглэлээр бичигдсэн зүйлсийг улам нарийвчлан чанаржуулж, зарим заалтын хоёрдмол санаа,давхардал,илүүдлийг арилгаж засч залруулахын зэрэгцээ дорвитой шинэ агуулгаар нэмж баяжуулах зайлшгүй шаардлагатай байна.
“Эрдэс баялгийн нөөцийг ...ногоон уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэн бүс нутгийн байгалийн нөөцийн чадавхид тохируулан хязгаарлана” (Зорилго 4.), “4.3.8. Эрдэс,түүхий эдийн олборлолтын зохистой хэмжээг тогтоож мөрдө(нө)” гэх заалтуудыг хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгомоор байна.
“Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг бүх талаар дэмжих” санаа (зорилт 4.1.) байгаль орчныг хамгаалах гэх мэт зорилго,зорилтуудтай хэр авцалдаж буйг сайтар тунгаан бодох хэрэгтэй санагдана.
Замбараагаа алдаж өргөжсөн уул уурхайн үйлдвэрлэл, тусгай зөвшөөрлийг үр нөлөөтэй хязгаарлаж, хумиж, хянаж чадвал ногоон хөгжилд үнэхээр бодитой түлхэц өгнө.   
“(У)урхайн олзворлолтоос хөрс,газрын хэвлийн хүчтэй элэгдэл,эвдрэлд орж орхигдсон газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээх ажилд төр,хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг чиглүүлнэ” (2.2.1.-д) гэсэн нь 30 хүртэл хувийг нь нөхөн сэргээхгүй үлдээж болно гэж ойлгож болохоор байна.
Одоо боловсруулагдаж буй Ашигт малтмалын салбар дахь төрийн бодлого, Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт хүчтэй чиглэл,зохицуулалт болж чадахуйц тийм заалтуудыг ногоон хөгжлийн баримт бичигт суулгаж өгөх нь зүйтэй.
2.6. Монгол орны өвөрмөц нөхцөлд газрын харилцааг зохицуулахдаа хөнгөн гоомой хандаж байна гэж үзэх янз бүрийн үндэслэлүүд байдаг билээ. 
Төсөлд “2.2.2. Хадлан,тариалангийн талбай,бэлчээрийн газрыг иргэдэд /иргэдийн нөхөрлөл,хоршоо/  урт хугацаагаар эзэмшүүлэх,өмчлөх эрх зүйн үндсийг боловсронгуй” болгоно гэж заасан нь үндсээрээ буруу ба осолтой “тоглоом” гэж дүгнэж байна.
Өмнөх шийдвэрүүдийнхээ (жишээ нь, Иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны хуулийн) гай балгыг арилгаж чадахгүй зовж зүдэрч байж одоо юун шинэ, урьдынхаасаа илүү үр дагавартай газрын хувьчлал, эзэмшлийн тухай ийнхүү сараачинэ вэ гэх сэтгэгдэл энд өөрийн эрхгүй төрж байна. Бичиж байгаа юмныхаа учрыг ойлгохгүй бантагнан тэнэгтэж  байна уу, аль  эсвэл газрын менежментийг шинэчлэх гоёмсог нэр,хаягийн дор Монгол Улсын хөгжлийг “хорлох” гэж байна уу? гэх асуулт ч гарч ирж байна.  
 
Одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газар нэмж өмчлүүлэх,бэлчээр эзэмшүүлэх чиглэлээр орсон заалтуудаас ногоон соёл иргэншлийн асуудлыг түүчээлэн дэвшүүлж буй БОНХЯ-ны удирдлага ам,ажлынхаа нэгдлийг ханган нэн даруй татгалзаж, хориг тавих ёстой хэмээн үзэж байна.
 
 
“2.2.4.Иргэн,өмчийн болон эзэмшлийн аж ахуйн нэгж,байгууллагад эзэмшлийн газар дээрээ өөрийн өмч хөрөнгөөр тарьж ургуулсан ой,..хурын усыг хуримтлуулж байгуулсан усан сан,нуур цөөрмийг эзэмшүүлэх,өмчлүүлэх замаар иргэдийн хөрөнгө оруулалтыг татна” гэж оруулж буй нь ч бодлогын алдаа болох гэж байна.
Хадлан,тариалангийн талбай,бэлчээрийн газар,ой,ус,усан сан,нуур цөөрмийг хувийн өмчид шилжүүлэх аливаа санаа,санаархал одоогийн Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд түүний 6.1.,6.2.,6.3. дэх заалтуудтай шууд зөрчилдөж буйг анхаарвал зохилтой.
2.7. Дэвшүүлсэн зорилго,зорилтуудаа хэрэгжүүлэх арга механизмыг оновчтой тодорхойлон томъёолж чаддаггүй онол-арга зүйн түгээмэл дутагдал энэ баримт бичгийг тойрон өнгөрөөгүй ажээ.
Эдийн засгийн арга зам, хөшүүрэг хэрэгслийн тогтолцоо, хэлбэрийн талаар систэмтэй санаа оноо чамлалттай тусгагдсаныг нэгэнт дурдсан.
Тэгш нийгэм ба сайн засаглалыг бий болгоход төсөлд дурдсан арга зам,хэрэгслүүд хангалттай бус гэдэг нь ч бас илэрхий байна.
Эрх зүйт төрийн тогтолцоотой байтал хууль гууль болдог өнөөгийн эмх замбараагүй, хариуцлагагүй байдлыг жинхэнэ ёсоор гэтлэн давахын тулд Монголын нийгэмд, түүний дотор Үндсэн хуульд гүн гүнзгий өөрчлөлт хийх шаардлага байгааг бодлого бичигчид мэдэх учиртайсан.  
2.8. Байгаль орчин, дэлхийн дулааралтай холбоотой асуудал,санаанууд түлхүү (эдийн засаг,нийгмийн асуудлууд харьцангуй бага) тусгагдсанаас үүдээд төслийн зохистой бүтэц,тэнцвэр алдагдсан өнгө төрх харагдаж байна. Оршил хэсгээс бусад зай талбайн 32-оос доошгүй хувь нь байгаль орчны асуудлуудад (1-р бүлэгт), 22 хувь нь ногоон эдийн засагт (2-р бүлэгт), 9 хүрэхгүй хувь нь тэгш нийгэмд (3-р бүлэгт), 23 хувь нь соёл ба өвд (4-р бүлэгт),14 хувь нь засаглалын асуудалд (5-бүлэгт) зориулагджээ.
 
Нөгөөтэйгүүр хүлэмжийн хийн ялгаралт, нүүрстөрөгчийн бүтээмж, тогтвортой хөгжлийн индекс зэрэгт  Монголын өвөрмөц нөхцөлд тийм их ач холбогдол өгч бичих нь хэр зүйтэй вэ? гэх асуулт шинжлэх ухааны үндэслэлтэй хариултаа нэхэж байна.     
 
2.9. Сэтгэн бодох суурь арга,ухаан талаас нь яривал, энэхүү баримт бичиг нь үзэгдэл, юмсыг бүх гол чухал хүчин зүйлс, шижим, өнцгөөс нь цогцоор нь шүүмжлэлтэй нягтлан үзэж, дотоод зүй тогтлыг нь танин мэдэж, дүгнэж цэгнэдэг диалектик арга,сэтгэлгээний бүтээл гэхээсээ илүүтэйгээр гол чухал зүйлсийг учир холбогдол багатайгаас нь ялгаж салгаж чаддаггүй, өрөөсгөл, логик эмх цэгц муутай, эрээвэр хураавар (Монголд  төдийгүй дэлхийд түгээмэл тархан ноёрхож буй) эклектик сэтгэлгээний үр дүн болжээ гэж хэлж болохоор байна. 
Тиймээс ч  энэ төсөл бүхэлдээ дээд зиндааны бодлогод тавигддаг шаардлагыг хангахгүй байгаа нь тохиолдлын шинж чанартай зүйл биш болой. (Ийм хатуу хүтүү дүгнэлт хийх шаардлагатай болсонд харамсч байна.)
3. Төсөлд бичигдсэн зорилтуудыг хэрэгжүүлснээр ногоон эдийн засагт шилжчих мэт, 2022-2030 онд “ногоон соёл иргэншлийг бий болгон” хэрэгжүүлчих мэт ойлгоц,сэтгэгдэл төрүүлэх нь буруу гэж үзнэ.Энэ том зорилгод зарим талаар ойртоно гэвэл үнэнд нийцнэ.
 
 
 
“ХАА,барилга,эрчим хүч,ойн аж ахуй,боловсруулах үйлдвэрлэл,аялал жуулчлал,усны менежмент зэрэг салбарт ДНБ-ний 2%-ийг 2050 он хүртэл зарцуулж чадвал дэлхий даяар ногоон эдийн засагт шилжих зорилт нь мөрөөдөл биш юм гэж үзсэн болно” гэсэн нь (1-р хуудсанд) бодитой бус дүгнэлт юм. НҮБ-ын БОХ-ийн судлаачид бичсэн учраас л энэ гаргалгаа үнэн зөв болчихгүй.
 
 
 
4.Баримт бичгийн төсөлд тусгагдсан зарим оновчтой санааг илүү товойлгон гаргах хэрэгтэй санагдана. Энд ялангуяа нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн соёл уламжлалыг хамгаалах, хадгалж  үлдэх, хөхиүлэн дэмжих санааг илүү гүнзгийрүүлж үндэслэвэл  зохилтой.
“(Н)үүдлийн соёл иргэншил нь ногоон соёл иргэншлийн суурь болно” гэж (5-р хуудсанд) зөв тэмдэглэсэн атлаа “2022-2030 онд ... (н)огоон соёл иргэншлийн үндэс тавигдана” гэж бичсэн нь авцалдаа муутай уншигдаж байна.
5. “Ногоон хөгжил” гэдгийг хэмжиж үнэлэх чанарын болон тоон үзүүлэлт,шалгуурын (ДНБ-нээс давсан) цоо шинэ иж бүрдэлийг бий болгож нэвтрүүлэх санааг нэмж тусгаж болох юм. Зарим оронд энэ ажлыг эхлүүлээд байна.
6. Төсөлд тусгагдсан бүлэг,зорилтуудыг нэгбүрчлэн задлан шинжилж, дэвшилттэй болон сул талуудыг нь үнэлэн цэгнэх ажил энэ товч дүгнэлтийн хүрээнээс халих тул хөндөлгүй орхив. 
Энд нэг ерөнхий санааг  хэлэхэд, элдэв жижиг үзүүлэлтийг олон жилийн дараа тийм ийм хэмжээнд хүргэнэ гэж хатуу зааж өгөх нь зохистой бус байдгийг бодолцмоор байна.  
7. Илүүц, давхардсан ба ажил хэргийн явцад аяндаа шийдэгдээд явчих жижиг сажиг санаа,асуудлыг хасч танахын зэрэгцээ үг хэллэг,найруулгыг ихээхэн сайжруулах шаардлагатай байна.
 
Гарц, шийдэл, авах арга хэмжээний талаар:
1.Баримт бичгийн агуулгыг ийнхүү цухас дурдсан шаардлагуудад дөхүүлж ихээхэн чанаржуулж чадахааргүй бол данхайсан том нэр,гарчгуудыг байгаа агуулгад нь тохируулан багасгаж даруухан нэр хаяг оноовол зохилтой. 
Ийм нөхцөлд одоогийн төслийг тодорхой салбар,чиглэлээр ойрын үед хэрэгжүүлэх зарим зорилтыг тусгасан (салбар дундын) бодлогын баримт бичиг байдлаар гаргаж болох талтай. Гэхдээ ингэхийн тулд бас ч гэж багагүй чамбайруулах шаардлагатай ажээ.  
2. Дунд ба алс хэтийн (5-15 жилийн) хугацаанд дагаж мөрдөх өндөр зэрэглэлийн төрийн бодлогыг гаргана гэвэл:
2.1. хоосон яарч сандран “түүхий” баримт бичиг батлахгүй байх,
2.2. төслийг чанаржуулах ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх,
2.3. цаашид “Ногоон хөгжлийн Үндэсний зөвлөл”-ийг эрдэмтэн,судлаачдыг түлхүү оролцуулан дээд хэмжээнд (Ерөнхий сайд,эсвэл Ерөнхийлөгчийн дэргэд) байгуулах, 
2.4. бодлогын баримт бичгийн хувилбарыг хэлэлцэх, батлагдсаны дараа гүйцэтгэлд нь ерөнхий хяналт тавих эрх,үүргийг Үндэсний зөвлөлд давхар хариуцуулах гэх мэт зохион байгуулалтын алхмыг хийх хэрэгтэй санагдана. (Өмнө нь батлагдсан  бодлогын баримт бичгүүд олигтой хэрэгжихгүй байгаа, мөн өмнөх Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөл ажлаа үндсэндээ хийгээгүй учир шалтгааныг тогтоож сургамж авах асуудал үүнд багтана.) 
2.5. төслийг боловсруулахад гадаадын зөвлөхүүдийн (тусгайлан мөнгө зарцуулсан) оролцоо шаардлагагүй гэж үзнэ. Гаднынхны үг,сэтгэлгээнд  хэт хөтлөгдсөн өнгө аяс, байдал одоогийн төслөөс илт мэдрэгдэж байна.
3. Ногоон хөгжлийн үзлийг ухаан бодол,зүрх сэтгэлээрээ хуваалцдаг хүмүүс бодит дэвшил авч ирэх чадамжгүй ба хэрэгжих боломж муутай бодлогын баримт бичгийг гаргахаас зайлсхийх /татгалзах ёстой. Энд “бага ч гэсэн чанартай нь дээр”, ”долоо хэмжиж нэг огтол” гэх зарчмыг баримтлах нь зүйтэй. Хэлбэрдэх,нүд хуурах, оромцоглох зэрэг ёс зүйгүй арга барил байж таарахгүй. 
Эс бөгөөс улс,үндэстнээ хөгжүүлэх эрхэм дээд эрмэлзэл,зорилгоос няцаж ухарснаас өөрцгүй төдийгүй “тогтвортой хөгжил” гэх ухагдахуун,хэм хэмжээг Монголын амьдрал,хөрсөнд  бодитойгоор буулгаж чадалгүй 10 орчим жилийг хий дэмий шахуу өнгөрөөж, үнэ цэнийг нь бууруулсан гашуун туршлагаа “ногоон хөгжил” дээр дахин давтах аюултай гэж үзнэ.
              
2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр.               
 
Нийгэм,эдийн засаг судлаач  Р.Эрхэмбаяр